Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МУГЖ Н.Батцэцэг: Нутагтаа очоод хил рүү явна аа

 -“СУВАРГАН ЦЭНХЭР УУЛС” ЧАСХИЙСЭН НЭГ АНГИ кино БАЙСАН НЬ ДЭЭР БАЙХАА-

 “Суварган цэнхэр уулс”-ын сурвалжлагч бүсгүй Солонго гэвэл их танил, дотно санагдах “Монголжин” студийн захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэгтэй чат-аар ярилцсан юм. Одоо хэдийгээр алс холын нутагт суугаа ч тэрээр монголчуудыгаа дүүрэн жаргалтай байгаасай гэж хүсдэг нэгэн.

Түүнээс наадмаар хэрхэн баярласныг нь сонирхвол Чикагогийн монголчуудын наадмын зураг авч нэвтрүүлэг онлайнаар хүргэснээ хуучилсан юм. Бас “нутагт наадмын өглөө сайхан дуу хуур эгшиглээд л. Байгаа бүхэн баяр бялхуулаад мөн ч сайхан шүү” хэмээн шүүрс алдаад эх орноо санаж байна шүү хэмээсэн. Манай албаныхныг “Суварган цэнхэр уулс” киноны зургийг авсан заставт очиж үзсэн гэхэд “Хил дээр гоё байна уу, тэр үеэс хэр өөрчлөгдсөн болоо? Нутагтаа очоод хил рүү явнаа гэж догдлон хэлсэн юм.

-Сайхан зусч байна уу?

-Сайхаан. Сайхан зусч байна уу?

-Таны тоглосон их олон киног мэднэ. Бүгд л хүний сэтгэлд хүрсэн сайхан дүрүүд байдаг. Орчуулагч мэргэжлээр сурч байсан хүн кино жүжигчин болсон түүхээ дурсвал?

-Баярлалаа. Энэ их санамсаргүй юм болсон юмаа. Намайг дөнгөж нэгдүгээр курсийн оюутан байхад “Эх бүрдийн домог” киноны Нарангарвууд тоглуулах хүүхдийг хайгаад киноныхон сургууль дээр ирлээ. Яг хичээл тараад өлгүүр дээр ид бужигнаж байсан үе. Гэтэл тэр киноныхон бидэн рүү ойртож ирээд яриа дэлгээд хуучилахад нь хүүхдүүд бид бүчиж аваад л сониучирхаж эхэлсэн. Киноны жүжигчнийг анх удаа “амьдаар нь” харж байгаа би ч бас нүд цавчилгүй цоо ширтсэн байхаа. (инээв)

Гэтэл УГЖ М.Бадамгарав гуай над руу дөхөж ирээд шүлэг уншдаг уу, дуу дуулдаг уу, урлагийн ямар авъяастайв, кинонд дуртай юу гээд л их олон юм асуусан. Тэгж байгаад манай гэрийн утсыг тэмдэглэж аваад сорилд дуудна шүү гэж хэлээд явсан юм. Хэд хоногтоо би догдолж хүлээж байснаа тэгэсхийгээд мартчихаж. Гэтэл ээж рүү нэг хүн яриад Кино үйлдвэр дээр ир гэж надад хэлүүлсэн байсан.

Тэгээд л би гэдэг хүн автобусанд суугаад Кино үйлдвэрийг сурагласаар байгаад олж очсон. Тэр өдөр фото зураг аваад л байсан санагдаж байна. Дараа нь хэд хэдэн шатны сорилд оруулсан. Тэгээд л тоглох болсон. Бүүр хожим, киноны нээлтийн үеэр М.Бадамгарав гуай Ж.Бунтар найруулагчид, “Миний олж ирсэн хүүхэд тэнцэнэ ээ гэж би хэлээгүй юу” гээд инээж байж билээ. Тэр сайхан хүн намайг кино руу хөтөлж хувь заяаг минь өөрчилсөн юм.

-Айж, бэрхшээх зүйл зөндөө байсан биз…

-Зөндөө айж сүрдэж байсан. Дандаа киноноос харсан мундаг хүмүүс… Тэднийг зураг авахуулахаар нь яаж тоглодгийг нь сэм их ажиглаж хардаг байсан. Тэгээд л өөрийгөө харьцуулаад бодохлоор дотор палхийгээд л явчихна. Мэдэхгүй чадахгүй, танихгүйгээр дүүрэн анхны кино мөн ч хэцүү шүү. (инээв) Морь унаж чадахгүй, юм оёж мэдэхгүй, үгээ золбоотойхон хэлчихэж чадахгүй гээд энгийн зүйлээс авахуулаад зөндөө бэрхшээл гарна. Арван наймтай бага ч байж дээ. Харин найруулагч, ахмад жүжигчид надад их тусалдаг байсны хүчинд киноныхоо ард гарч байсан.

Би нэг хөгтэй юм ярья. “Эх бүрдийн домог” кино нээлтээ хийх болоод УГЗ Ж.Бунтар найруулагчтай телевизийн бичлэгт орох болов оо… Яанаа надаас юм битгий асуугаасай л гээд л залбираад байлаа. Анх удаа телевизийн тулсан бичлэгт орж байгаа нь тэр. Гэтэл гавъяат Г.Чулуунбат нэвтрүүлэгч “Энэ киноны гол дүрд тоглосон оюутан Батцэцэгээс сэтгэгдлийг нь сонсоё” гээд л хэлсэн чинь дотор харанхуйлаад л явчихсан. Тэгээд дуугарах гэсэн чинь дуу гарахаа байчихсан шүү. Үг хэлэх гэж хэд хэд үзээд болсонгүй. Тэд ч бичлэгээ зогсоолоо.

Ж.Бунтар найруулагч маань намайг дагуулаад телевизийн гуанзанд ороод үзэмний шүүс уулгаж юм ярьж тайвшруулаад буцаж ирж бичүүлж байсан. Бунтар гуай бусдыг ойлгож харьцдаг гайхалтай хүн байсан юм. Түүнээс хойш айхаар дуу гардаггүй гэдэг үнэн юм байна даа гэж бодсон шүү. Цаашдаа кинонд тоглох тусам шинэ боломж нээгдэж, зугуухан би энэ их урлагт суралцаж эхэлсэн. Мөн киноны уран бүтээлчдийн дунд би төлөвшиж байгаагаа мэдэрсээр байлаа. Үүнтэй зэрэгцээд айдас минь алгуур буурсан.

Аливаа бэрхшээлийн ард гарчихаар амжилт мишээдэг болохоор дэлгэцэнд киногоо гарсны дараа бусдын урмын үгэнд дотор уужирч, дараагийн кинонд тоглох их итгэлийг олж авдаг байлаа. Алдартай жүжигчидтэй хамтран ажиллаж байхдаа тэднээс байнга суралцаж, зургийн талбай дээр өөрөөсөө шалтгаалах саатал гаргахгүй байхыг ойлгосон.

-“Суварган цэнхэр уулс” киног би хилчдийн амьдралыг өгүүлсэн хамгийн сайн кино гэж боддог…

Би тантай санал нэг байна. СГЗ зохиолч Санжийн Пүрэв, Ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн, ТШ-т хөгжмийн зохиолч З.Хангал гээд манай алдартнуудын бүтээл болохоор арга ч үгүй биз дээ. Тэд зүрх сэтгэлээрээ хилчдийн амьдралыг мэдэрч хийсэн болохоор энэ кино урт настай болсон байх.

-“Суварган цэнхэр уулс” кинонд таныг тоглуулахаар товлоод зохиолоо өгсөн гэсэн?

-Тиймээ. Энэ бол Жийгээ найруулагчийн зүгээс надад үзүүлсэн их итгэл бас жүжигчин хүнд тохиох ховорхон аз байсан. Найруулагч маань зохиолынхоо хавтсан дээр гарын үсгээ зураад уг дүрийг бүтээхэд юуг анхаарч тоглохыг бичсэн байсан. Одоо ч тэр зохиол надад бий.

-Өмнө нь хоёр гурван кинонд тоглосон болохоор энэ кинонд тоглоход арай туршлагажсан байв уу?

-Тийм гэх үү дээ. (инээв) Өмнө нь хамт ажилласан найруулагчтайгаа эргээд ажиллаж байгаа болохоор Г.Жигжидсүрэн найруулагчийн нөмөр нөөлөг, түшиг их байсан. Бас кино группийнхэнтэйгээ жаахан танилцаад авсан болохоор арай амар байсан. Тэд маань ч их зүйл хэлж өгч байсан. Эхэндээ надад хилийн тухай ямар ч ойлголт, төсөөлөл байгаагүй шүү.

-Очоод үзэхэд хил, хилийн амьдрал ямар санагдаж байв?

-Жирийн иргэн минийхээс их л өөр санагдсан. Бүх юм нь дэгтэй, бас командаар явагдана. Хоол идэж дуусаад хүртэл командаар босох нь бүүр сонин санагдаж байсан. Юмаа даргадаа зүгээр хэлэхгүй… -нөхөр даргад илтгэх нь … гэж байгаад л хэлнэ. Бас цэргүүд нь заставын хашаанд бараг ганц нэгээрээ явахгүй. Тэгснээ бөөнөөрөө жагсаад л гэнэт гараад ирдэг. Үдэшлэг болохоор цэргүүд бие биенээ уриад бүжиглэх нь их содон харагдаж байсан.

Цэмцгэр чив чимээгүй заставын цагаан байрны хажуугаар гарахаар цонхоор хааяа нэг толь гялбуулаад л…. (инээв) Тэр үеийн цэргийн анги салбарууд хангамж сайтай, заставын дарга орлогч нар цэрэгтээ хайртай тийм л байсан даа. Залуу байхад юмыг хэцүү өнцгөөс нь хардаггүй болохоор бүх юм нь сайхан санагдсан. Одоо эргээд бодоход дэндүү сайхан байсан л гэж хэлнэ дээ. Би тэнд их зүйл үзэж, сурч, мэдэж авсан. Бас цэрэг хүнийг хүндэлдэг болсон. Кино дуусахад хамт тоглосон хилчдээрээ бахархсаар харьж байлаа.

Тэдний тухай ангийхандаа, аав, ээждээ зөндөө ярьж байсан. Тэр л сэтгэгдэл насан туршид минь үлдсэн. Өөртэй чинь ярьж байгаа энэ мөчид хил дээр дахиад л очмоор санагдчихлаа шүү. Нутагтаа очоод хил рүү явна аа. Очиж байсан застав руугаа очвол салхи нь хүртэл зөөлөн байх болов уу… Гэхдээ Монголынхоо хилийг бүтэн тойрвол бүр л сайхан байна.

-Энэ киноны дараа таньд хилчдээс захидал их ирдэг байсан уу?

-Ирдэг байсан. Би амьдралдаа анх удаа тийм олон захиа авч үзсэн. Манай сургуулийн хэвлэл түгээгч “Ангийн чинь хайрцагт захиа багтахгүй байна ирж ав” гэдэг байсан. Киноны зураг авалтад хамт орж байсан танил цэргүүд маань их бичнэ л дээ. Олон ч хилчин найзууд байсан. Тэд аажимдаа халагдаад нутаг орондоо очоод сураг алдардаг. Би, тэдэнтэй хамт хил дээр байж ар гэр, аав, ээжээ санахыг биеэрээ үзсэн болохоор захиандаа аль болох сонин сайхнаа хуучилж, сэтгэлийн дэм болохыг хичээдэг байлаа.

-Хэрвээ таныг хил дээр хилчний гэргий болоод үлдээч гэсэн бол үлдэх байсан болов уу?

-Үлдэх байсан байхаа. Гэхдээ ээжийнхээ захиснаар сургуулиа төгсөөд очих байсан болов уу.

-Энэ кинод тоглоход бусад киноноос ямар ялгаатай байсан бэ?

-Сэтгүүлч хэмээх хүндтэй албыг хашиж байгаа олон зуун хүмүүсийн төлөөлөл – дүр учраас их бахархалтай байлаа. Киноны маань үйл явдал цэргийн тухай өгүүлж тэдний ажил амьдралыг үзүүлдэг ч өмнө нь хийгдэж байсан цэрэг эх орны сэдэвтэй киноноос арай өөр. Энэ кино уянгын тал руугаа хийгдсэн кино. Бас цэрэг дайчдыг хүн гэдэг талаас нь үзүүлж тэдний хайр сэтгэл үерхэл нөхөрлөлийг илүүтэй харуулснаараа хүмүүсийн сэтгэлийг татаж чадсан. Бас сайхан дуутай шүү дээ. “Хунгийн дуу”-ны шүлгийг Жигжидсүрэн найруулагч өөрөө бичсэн юм. Угаасаа хун шувуунд их хайртай хүн. Кинон дээр хос хун нисээд л гардгийг санаж байгаа биз дээ.

-Энэ киноны хоёрдугаар ангийг хийгээсэй гэж хүмүүс их хүсдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Часхийсэн нэг анги байсан нь дээр байхаа.

-Хэрвээ 2 дугаар ангид нь тоглооч гэвэл тоглох уу?

-Жийгээ найруулагч урьвал тоглож л таарах байх даа.

-ХХЕГ-аас энэ киноны хоёрдугаар ангийг хийх бодолтой байгаа юм байна лээ?

-Аан тийм үү?

-Хамтран тоглосон жүжигчдийнхээ тухай дурсвал?

-“Суварган цэнхэр уулс” кинонд СТА Д.Элбэгсайхан, МУГЖ Лха.Долгор, Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Т.Эрдэнэ-Очир гээд олон сайхан жүжигчид тоглосон юм. Тэд бүгд дор дороо өөрийн гэсэн өнгө төрхтэй өвөрмөц дүр гаргасан даа. Төмрөө маань шүлэг уншдаг цэргийн дүрийг хүний сэтгэлд хоногштол бүтээсэн нь энэ кинонд шигтгээ болон үлдсэн. УГЗ Т.Эрдэнэ-Очирын бүтээсэн Цэнд офицер тухайн үеийн олон офицерийн сэтгэлд жигүүр ургуулсан сайхан дүр. Олон ч охид Цэнд офицерт сэтгэл алдарч байсан шүү.

Бас хоол бариад ороод ирдэг цэрэгт тоглосон Г.Бадамхатан байна. Бадамхатан тэр үед шатар тоглодог үг дуу цөөнтэй залуу байж билээ. Манай энэ киноны ар талд олон сайхан уран бүтээлчид ажилласан юм шүү. Дэлгэцэнд гардгаар нь хүмүүс биднийг л яриад байгаагаас биш…(инээв) Киноны ерөнхий оператор Н.Зундуй, ерөнхий зураач Б.Болд, дууны оператор Б.Самбуу, хөгжмийн удирдаач УГЗ Ч.Жамсранжав, цэргийн зөвлөх П.Чогдон баатар гээд хүмүүс байна. Бас хоёрдугаар найруулагчаар та бүхний танил сэлэм Тогмид буюу Ц.Цэрэндорж гуай ажилласан юм.

Зургийн дарга Ц.Лхамсүрэн, Ц.Жамбал гээд манай нэр хүндтэй ахмадууд бас байна. За, тэгээд хугацаат алба хааж байсан олон цэргүүд тоглосон доо. Отрядын тогооч цэрэг Д.Гэрэлбаатар байна. Бас кинон дээр сурвалжлагч Солонгыг үнсээд захиа авдаг жижиг цэрэг Б.Баясгалан байна. Баясгалан маань зураг авалт дуусахад, “Сайхан найзууд боллоо” гээд чемоданаасаа нэг шоколад гаргаад өгч байж билээ. Түүнийг бурхан болсныг сонсоод дүүдээ ч юм уу хадгалж байсан нандин зүйлээ надад өгсөн байх даа гэж харамсан дурсч байлаа.

Б.Нармандах гээд офицер Уламбаяр гээд жолооч цэрэг бас тоглож байсан. Зөндөө зөндөө… Энэ завшааныг ашиглаад кинонд хамт тоглосон цэрэг офицеруудаа алс холын америкаас мэндчилж байгааг минь хүлээн авна уу.

-Энэ кинонд тоглоход хөгжилтэй явдлууд олон тохиолдож байсан байх энэ талаараа дурсвал?

-Тиймээ, голдуу хорь орчим насныхан тоглосон болохоор зургийн талбайд болон дэлгэцийн ард хөгжилтэй явдал их гарна. Хил хязгаар хэдий ч бидний буусан застав халуун устай шаггүй тохижилттой байсан. Бид зургийн чөлөө заваараа усанд орж хувцас хунараа угаах ажлаа амжуулна. Нэг удаа усанд орох гээд очсон чинь халуун усны газрын паниаран хана нь энд тэндгүй нүхтэй юм. Тэхээр нь би Эрдэнэ-Очир, Төмөрбаатар хоёрыг ээлжилж үүдэн дээр сууж байгаач гэж гуйдаг болсон. Эрдэнэ-Очир их тэвчээртэй.

Хааяа нэг, “Батцэцэг ээ, яасан уддаг юм бэ дээ?” гээд л сууж байна. Төмрөө хар багын найзууд юм болохоороо намайг айлгана аа… явлаа шүү, хурдал гээд л (инээв). Гэхдээ тэр зураг авах гээд нүүх тоолонд пүүгээ баглаж, ачиж өгч их тусалдаг байсан шүү ангийн минь хөвгүүн… Бас нэг удаа бид группээрээ Буйр нуурын эрэгт нүүж очлоо. Урд өмнө нуур үзээгүй хүүхдүүдэд их сонин сайхан байхгүй юу.

Нэг өдөр мотортой завьтай хүн ирэхээр нь нүүр хувиргагч Дагирмаатай хамт хясаа түүнэ гээд мотортой завинаас зүүгдээд нууранд өдөржин тоглов оо… Тэгээд байж байтал зураг авалтад явсан найруулагч, зургийн дарга нар ирлээ. Төдөлгүй бид хоёрыг дуудуулж байна аа. Жаахан хулмаганаад очтол гал тогоонд очиж төмс арилга гэв. Тэгээд оройжин шуудай төмс арилгаад гайхаад сууж байтал “Та хоёр зөвшөөрөлгүй усанд орж сахилгагүйтсэн. Элдэв осол гарвал хэн хариуцах юм бэ?” гэж хэлсэн. Тэгээд л шийтгүүлснээ ойлгож байлаа. (инээв) Харин зураг авалтын үед гэвэл үдэшлэг дээр дуу дуулдаг хэсгийг авахуулах гэж тэнд байсан тэр олон цэргүүдийг болон кино группийхнийгээ шөнөжин зовоосон доо. Сүүлдээ уйлаад… (инээв). Нэг бол дагаж дуулсан бичлэгээсээ зөрүүлээд нэг бол үгээ буруу хэлээд л..

-Та кино руу “урваагүй” бол гэж өөрийгөө бодож байсан уу?

-Бодож байсаан. Гэхдээ ”урвасан”-даа баярладаг. Манай хуурай аав надад “Эмэгтэй хүн амьдралд хөтөлгөө морьтой байх хэрэгтэй, хэлээ битгий хаяарай” гэж захидаг байсан.

-Хэл гэснээс та ямар ямар хэл мэдэх вэ?

-Орос, польш, англи хэлийг гадарлана шүү. (инээв) -Амжилт гэж таныхаар юу вэ? -Нэгэн ухаантан “Амжилт бол чулуунд боодолтой эрдэнэ” гэж хэлсэн байдаг. Энэ яг үнэн. Надад тохиолдсон бэрхшээл болгоныг давж гарсны дараа би үнэхээр үр шимийг нь хүртэж байсан. Бага залуу байхад шантрамхай байдаг ч энэ амтыг нэг л мэдэрчихвэл бэрхшээл давах сэтгэлийн хаттай болдог. Үүний зэрэгцээ одтой яваа сайхан хүмүүсээс бид их суралцдаг шүү дээ.

-Таны төрхөнд хамгийн ойр, сэтгэлд дотно дүр тань?

-Надад оноож зохиолоо өгсөн болохоор “Сувраган цэнхэр уулс”-ын сурвалжлагч Солонго, “Гэрлэж амжаагүй явна” киноны оюутан Сүрэн миний төрхөнд ойр болов уу…

-Өөрөөрөө бахархаж байсан удаа бий биз дээ. Энэ дүрийг би сайн бүтээлээ дээ гэж өөрийгөө тоож, үнэлж байсан уу?

-Киногоо үзэх тоолонд зөндөө өө гараад байдаг юмаа. (инээв) Туршлагагүй үедээ тоглосон дүрүүдээ чамлаж, дахиад тоглодог ч болоосой гэж бодовч, туршлага нь суухаар залуу нас нь цахилаад одчихсон байх юм. Ёстой л аваатай өгөөтэй алаг хорвоо болохоор яалтай билээ.

-Та Г.Жигжидсүрэн найруулагчийн нэлээд олон кинонд тоглосон байх шүү?

-Тийм. Ж.Бунтар найруулагчтай хамт хийсэн “Эх бүрдийн домог” кино байна. Дараа нь “Хүний амь”, “Фронтод явах өргөдөл”, “Цагаан сүүний домог” гээд кинонд тоглосон. Жийгээ найруулагч өөрийн гэсэн тогтсон багтай, жүжигчдийн ансамбльтай хүн байгаа юм. Тэрийгээ барагтай бол өөрчлөөд байдаггүй.

-Таны гар нийлдэг багийнхан гэвэл ямар хүмүүсийг нэрлэх вэ?

-“Монголжин” студиэ байгуулснаас хойшихыг асууж байх шиг байна. Ихэнх кинондоо Г.Маш операторыг урьж ажиллуулсан. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, ТШ, АЖ Н.Жанцанноров, ТШ, АЖ Н.Сувд,ТШ-т МУГЖ Ц. Төмөрбаатар, АЖ П.Цэрэндагва, АЖ Л.Мэндбаяр, УГЗ Л.Балхжав, УГЖ Г.Равдан, УГЖ Б.Жаргалсайхан, СТА Б. Нармандах, СТА Б.Эрдэнэцэцэг, СТА Ч.Хүрэл, СТА Л.Гүрсэд, СТА П.Ганцэцэг, СТА У.Батбаатар, СТА С.Өлзийхүү, СТА С.Жавзан, Өөдөө, Г.Пүрэвдорж, Б.Гүндэгмаа гээд олон хүмүүс бий. Дуучдаас МУГЖ Б.Сарантуяа МУГЖ Т.Ариунаа, дуучин C.Наран, С.Сэрчмаа нар байна.

-“Монголжин” студи маань олон кино, уран бүтээл хийсэн. Студийнхээ талаар…?

-Нөхөр бид хоёр Польш, Германаар явж байгаад иртэл нутагт бүх юм өөрчлөгдсөн байлаа. Тэгээд 90-ээд оны сүүлээр хувийн компаниа нээсэн юм. Нэг орой хоёулаа студитэй болох талаар ярилцаж сууснаа “Монголжин” гэж өгөхөөр тогтсон юм. Тэгээд үйл ажиллагааг нь эхлүүлж 2000 онд “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” анхны киногоо хийсэн. Манай студи Ц.Одончимэг, П.Дэлгэрбаяр, Л.Батбилэг, У.Буянболор, Н.Лхагвасүрэн, Б.Хэрлэнчимэг гээд олон чадварлаг ажилтантай. Тэдний хүчээр студийн ажил бүтэмжтэй байдаг юм.

-Сүүлийн үед хийж байгаа уран бүтээлийнхээ талаар?

-Миний хань О.Машбат энд ирээд хэд хэдэн баримтат болон уран сайхны кинонд найруулагчаар ажилласан. Захиалгаар ганц хоёр кино зохиол бичсэн. Харьд суугаа монголчууддаа зориулж бид хоёр “Үгүйлэн санана” цуврал нэвтрүүлэг хийж байгаа. Тив дэлхийн өнцөг булан бүрт аж төрж , сурч боловсорч байгаа чадварлаг монголчуудаа хожмын өдөр нутаг орноо зориод монголынхоо хөгжилд хүчээ өгөөсэй гэсэн хүслээс улбаалж хийх болсон юм. Харьд байгаа хүн бүр эх орон элгэн саднаа үгүйлэн санадаг. Манай нэвтрүүлэг: “Эрдэнийн зургаан үсэгнээс бүтсэн монгол хэмээх энэ нэр элэг зүрхнээс уяатай байдааг” гэж эхэлдэг. Энэ л элэг зүрхнээс уяатай энхрий монгол орныг минь хилчин дайчид манадаг болохоор та нар бидний бахархал шүү дээ.

-Таны хамгийн их баярласан үе?

-Олон доо, олон. Уран бүтээлч бидэнд баяр баяслыг бурхан түлхүү хуваарилсан юм шиг байгаа юм. (инээв) Киноны сорилд тэнцэх, хөдөө зурганд явах, дэлгэцэнд кино шилжих, кино наадамд оролцох, тэр ч байтугай кинонд дуу оруулаад жүжигчдийнхээ дунд зогсож байх ч их баяр баясал шүү дээ. Анх дэлгэцнээс өөрийнхөө дүрийг хараад “Элдэв-Очир” кино театрын харанхуй зааланд зүрх цохилж догдолж суусан минь хамгийн их баярласан үе ч байж магад. Ерөөсөө мартагддаггүй юм.

-Танай удамд жүжигчин ч юм уу ер нь урлагийн хүн байдаг уу?

-Ээж маань залуудаа драмын театрт жүжигчин байсан юм билээ. Монголын анхны уран сайхны киноны нэг “Шинэ жил”-д дараа нь “Мандах нарны туяа “ кинонд тоглосон. Манай авга ах УГЗ Ш.Эрдэнэбат, Далай орон минь дархан хилтэй Дархан хил нь дайчин харуултай… гэж эхэлдэг дууг зохиосон. Та бүхэн мэдэх байхаа. Шүлгийг нь ардын уран зохиолч П.Бадарч гуай бичсэн шүү дээ. Авга ахынхаа “Арав дахь хавраа үдье” дууг дуулсаар би арван жилээ төгсч байлаа. Бас нөгөө авгын маань охин одоо СУИС-ийн багш дуучин Г.Мягмарсүрэн гэж бий.

-Та дуулдаг уу. Ямар дуунд дуртай вэ. Киноныхоо дууг өөрөө дуулсан бол гэж боддог уу?

-Үгүй ээ хэзээ ч тэгж бодож байгаагүй. Би сайхан хоолойтой хүн биш. Гэхдээ дуунд дуртай. Гэртээ юмаа хийж байхдаа үргэлж дуу аялдаг. Тэгэхээр манай нөхөр: “Одоо болно доо, ямар урт концерт тоглодог юм бэ дээ чи минь?” гэж цаашлуулдаг. (инээв)

-Та үргэлж залуу сайхнаараа байх юм. Юунд нууц нь байна вэ?

-Баярлалаа. Урлагийн буян биз дээ. Бас сэтгэл тайван амар байвал наснаасаа эрт өтлөхгүй гэж би итгэдэг.

-Таны хамгийн дуртай өнгө?

-Цагаан, усан ягаан, номин цэнхэр өнгөнд дуртай.

-Эх орон гэдэг үгийг хил, хилчингүйгээр төсөөлөхийн аргагүй. Таныхаар эх орон гэж юу вэ?

-Эх орон та зүрхэнд минь багтаж, харцанд минь харагдаж, тэгээд сэтгэлээс минь эгшиглэж буй бүхэн минь юм гэж яруу найрагч Б.Сарантуяа бичсэн байсан. Миний бие судсаар лугшиж буй их бахархлыг эх орон гэнэ дээ. Харьд суухдаа үүнийг л илүүтэй мэдэрдэг.

-“Гэрлэж амжаагүй явна” киноны тухай…?

Энэ киног монголын киноны хоёр том оргил 1981 онд бүтээсэн юм. УГЗ Ж.Бунтар найруулагчаар нь, ТШ, УГЗ Б.Балжинням опертороор нь ажилласан. Зохиолыг нь УГЗ Ч.Гомбо гуай, хөгжмийг ТШ хөгжмийн зохиолч З. Хангал бичсэн. Энэ кинонд Ч.Хүрэл жүжигчинтэй тоглосноороо бахархдаг. Энэ хүн бол үнэхээр хүчирхэг жүжигчин л дээ. “Анхны алхам” киног нь санаж байгаа биз дээ? За тэгээд Л.Гүрсэд,Ч.Долгорсүрэн,Д.Алтангэрэл, Ц.Оюунцэцэг гээд сайхан жүжигчид байна. Киноны маань зураг авалт Шарын голд явагдаж байлаа. Энэ дашрамд миний анхны кинонуудад дуу оруулсан “Тунгалаг Тамир”-ын Дулмаа буюу Ш.Дэлгэржаргал эгчдээ талархаж явдгаа хэлье. Дуу оруулалтаас тухайн дүрийн хувь заяаны тавин хувь шийдэгддэг гэж манай киноныхон ярьдаг юм.

-Хилчин бүсгүйчүүддээ зориулаад юу хэлэх вэ?

-Эх орны хил дээр алба хаана гэдэг их гавъяа хожим дурсагдах гэгээн сайхан дурсамж. Тэр тусмаа бүсгүй хүнд. Тэгэхээр “Хилийн заставын хар нүдэн” бүсгүйчүүд та нарын харц хайраар гийж амьдрал нь жаргалаар халгиж байхыг ерөөе!

 

Эх орны манаа сонин. Сурв: Номингэрэл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.