Монголын хөгжмийн зохиолчдын хорооноос зохион байгуулсан оны шилдэг дуу, шилдэг хөгжмийн зохиолч шалгаруулах “Морин хуур-2009” наадмыг 23 дахь жилдээ зохион байгууллаа. Шалгаруулалт мэргэжлийн, нийтийн, эстрадын шилдэг дуу гэсэн гурван номанициар болов. Наадмын салхийг хагалж, өнгөрсөн жилийн “Морин хуур” наадмын тэргүүн байрыг хүртсэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаагийн шүлэг “Даяар амгалан” дуугаар хурсан олны сонорыг мялаав. Мэргэжлийн дууны номинацад тэргүүн байрыг хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын “Бөхөн шарын нуруу”, дэд байрт Ш.Өлзийбаярын “Нүүдэлчдийн нутаг”, гуравдугаар байрт Б.Чойбаатарын “Хан буурал ээж”, нийтийн дууны төрөлд Д.Түвшинсайханы “Энгэн туульс”, Г.Түвшинтөрийн “Нүүдэлчин”, Ц.Пүрэвхүүгийн “Нөмрөг хаан уулс”, харин эстрад дууны төрөлд хөгжмийн зохиолч Ц.Баттөрийн “Миний монгол”, хоёрдугаар байрт Ц.Гантөрийн “Буруу эргэлт” киноны дуу, гуравдугаар байрт МУСГЗ Л.Балхжавын “Нарнаар ирсэн хүү минь” дуунууд шалгарлаа. Жил ирэх тусам “Морин хуур” наадамд оролцогчдын чанар чансаа дээрдэж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа. Түүнчлэн МХЗХ-ны тэргүүн дээд шагналаар МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа, Ц.Түвшинтөгс нарыг шагнав. Мөн Нийтийн дуучдын нэгдсэн холбооны саналаар шилдэг дуучны шагналыг МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөнд олгосон нь нүдээ олсон шагнал болсон гэж болно. Дараа жил энэ шагнал маань цомтой болно гэдгийг холбооны тэргүүн МУГЖ Ч.Бат-Эрдэнэ хэлэв.







0 Сэтгэгдэл