Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Морин хуурчид сонгодог аязаар өрсөлдөж байна

Соёл урлагийн их сургуулийн оюутны театрын хаалганы гадна талд “хамгаалалт” зогсчихож. Учрыг лавлавал мэргэжлийн морин хуурчдын олон улсын уралдаан болж байгаа учраас, уран бүтээлчдийн олон жилийн нөр их хөдөлмөрөө шүүгчдэд шалгуулж өрсөлдөж байгаа үйл явцад гар утасны хонх, хүний хөлийн чимээ саад болохоос сэрэмжилсэн гэнэ. Тоглолтын танхимд орохоос өмнө гар утасны хонхыг унтраалгаж, уран бүтээлчийг тоглолтоо завсарласан үед л үзэгчдийг танхим руу оруулж байв. Бах-Марчелогийн “Концерт”, ардын уламжлалт татлага, алдарт хуурч Г.Жамъянгийн “Аяз” бүтээлээр өрсөлдөх тэдний хуурын эгшгэнд умбахаар үзэгчид танхим дүүрэн суух аж.
Хоёрхон чавхдастай морин хууранд хорвоо бүхэлдээ багтдагийг эндээс харж болохоор байлаа. Өнгө бүрийн аялгуу ундраах морин хуураар оролцогчид дэлхийн сонгодгуудыг чадмаг тоглож байлаа.
Өөрийн бэлтгэсэн тоглолтоо үзэгчдэд сонсгоод тайзнаас бууж байсан СУИС-ийн оюутан Г.Мягмардоржоос сэтгэгдлийг нь сонслоо.
-Энэ уралдаанд анх удаа орж байна уу?
-Анх удаа оролцож байна. Эхний шатанд баяд татлага, болон заагдсан бүтээлүүдийг тоглолоо.
-Хэдий хэрийн хугацаанд бэлтгэсэн бэ?

-Морин хуурч болохоор суралцаж байгаа учраам байнга бэлтгэл хийж байсан гэж хэлж болно. Уралдаанд оролцохын тулд гурван сар бэлтгэсэн.
-Хамгийн хэцүү даваа нь хэддүгээр шат вэ?
-Эхний шалгаруулалт. Тайзандаа дасаж, анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө ялах анхны даваа байлаа.
-Заагдсан бүтээлээс аль нь хүнд санагдав?
-Бах-марчелогийн “Концерт” бол хийлийн олон улсын уралдаанд тоглуулдаг бүтээл. Морин хуураар тоглоход их хүнд. Учир нь морин хуурын чавхдас их биеэсээ нэлээд хөндий байдаг тул, хийл шиг түргэн хэмнэлтэй аялгууг гаргахад түвэгтэй.
-Ямар хуураар тоглосон бэ?
– “Эгшиглэн”-гийн Б.Байгалжав ахын урласан мастер хуураар тоглолоо. Өмнө нь өсвөрийн хуурчдын наадамд оролцоод, энэ хуураар шагнуулсан юм. Ойролцоогоор 200 мянган төгрөгийн өртөгтэй.
СУИС-ийн профессор Л.Замбага ахлуулан ардын жүжигчин Ч.Батсайхан, ӨМӨЗО-ны алдарт хуурч Чи Булаг, БНСУ-ын Юнгнамын их сургуулийн профессор Пак Со Хьюн, ХБК-ийн профессор Ж.Баярсайхан, төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж нарын шүүгчид тайзнаа уянгалах ая, эгшигт үнэлэлт дүгнэлт өгөхөөр танхимын голд  суужээ.
Мэргэжлийн морин хуурчдын олон улсын гуравдугаар уралдаанд 30 гаруй уран бүтээлч өрсөлдөж байгаагийн тав нь ӨМӨЗО-оос ирсэн аж. Уралдаан гшурван үе шаттай болох ба тэргүүн байрын эзнийг 1,5 сая төгрөгөөр урамшуулах юм байна.
Мэргэжлийн морин хуурчдын уралдаантай зэрэгцэн морин хуур сонирхогчдын уралдаан МҮЭСТО-д болж байгаа. Сонирхогчдын уралдаанд Монгол Улс болон БНХАУ, Япон, БНСУ, Франц, АНУ, Герман, АНУ-ын хуурчид хүрэлцэн ирж оролцож буй юм байна. Уралдааны дүн маргааш гарч, шилдэг хуурчдын тоглолт ирэх сарын 2-нд Соёлын төв өргөөнд болно.

Ж.Солонго

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.