Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ ХҮН ХАНАА ШИЙРЛЭХ ГАЗАРГҮЙ БОЛЛОО

Гадаадын хөрөнгийн биржүүд дэх Монголын баялаг ба ЛИЦЕНЗИЙН НАЙМАА
Миний нутгийн газраас бурхан гуйсан ч бүү өг. Чингис хааны сүр хүч, цэрэг эрсийн эр зориг, эх оронч сэтгэл, монгол эхийн өглөө бүхэн өргөдөг цайны дээжээс илүү Монгол Улс оршин тогтнон ирсэн гол философи нь энэ хэдхэн үгэнд оршиж буйтай маргах хүн үгүй биз ээ. Алга дарам газраа гэрийнхээ буйраар тамгалж ирсэн Монголын газар шороо хамгаас эрхэм, хамгаас үнэтэй байсан цаг саяхан. Харин одоо бурхан байтугай хэн бүхэнд Монголын газар нутаг, говийн бяцхан толгод, онги сарьдаг уулс, цэвэр, тунгалаг гол, мөрөн нээлттэй болов. Өнөөдөр бүтэн, бүрэн байсан онгон дагшин газар нутаг маргааш хэн нэгний өмч хэмээгдэн хашаа хатгаж, тор татан, хөрс шороог нь эргүүлээд хаячихсан байхад эмзэглээд, эмтрээд байх сэтгэл малчин ардаас маань бусдад үлдсэнгүй. Монгол х ү н эх орондоо, газар нутагтаа гэрийнхээ ханыг шийрлэх газаргүй болж байна. Монгол Улсын газрын зураг дээр зай завсаргүй битүү чигжиж, алга дарам газар ч үлдээлгүй олгосон ашигт малтмалын лицензүүдийн тэмдэглэгээг өрөөнийхөө хойморт залчихсан “гайхуулж” суудаг төрийн түшээтэй нэг биш удаа таарсан. Энэ бол өнөөдрийн Монголын нүүр царай Албан ёсны мэдээллээр Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар хайгуулын болон ашиглалтын 5202 тусгай зөвшөөрөл олгогджээ.

Талбайн хэмжээ, хамарсан газар нутгийнхаа байрлалаар говь цөл, хангай, хээр, уул нуруудыг үл хамааран Монгол Улсын газар нутагт зүү ч орох зайгүй битүү олгогдсоныг АМГ-ын энэ тэмдэглэгээ, газрын зурагнаас харж болохоор байна. Дээрх лицензийг эзэмшдэг 2000 гаруй компанийн тал хүрэхгүй нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Харин үлдсэн нь үнэ хүрэх цагийг хүлээн буй лицензийн наймаачид. Хамгийн сэтгэл эмзэглэмээр нь лиценз гэх энэ алга дарам цаасны дийлэнхийг буюу 1224-ийг гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай 26 аж ахуйн нэгж эзэмшдэг гэсэн судалгааг төрийн бус байгууллагууд гаргажээ. Өөрөөр хэлбэл 1224 ширхэг лицензийн цаана Монголын газар нутгийн 4/1 хэсэг нь бий. Тэд бурхан гуйсан ч өгөхгүй Монголын газар нутгийг ашигт малтмалын лиценз гэх алга дарам цаасаар ийнхүү худалдан авч, арвин баялаг, арилжаа наймааны хэрэгсэл болгож байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд үнэлэгддэг уул уурхайн акул гэгдсэн 20 гаруй компани Монголд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй. Тэд өөрсдөө болон охин компаниудаараа дамжуулан Монголын алт, зэс, нүүрс, уран, молибдений хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшиж, олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс хөрөнгө босгож, үйл ажиллагаагаа явуулж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан албан бус судалгаагаар дэлхийд данстай гаднын нэр бүхий 21 компани Монголд эзэмшдэг уул уурхайн лицензээ ашиглан Лондон, Торонто, Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа гарган хөрөнгө босгож байна. Үүнээс гадна Япон, Францын гээд олон орны хөрөнгийн биржид уул уурхайн компаниуд хувьцаагаа арилждаг. Тэдэн дунд Монголын лиценз байж л таарна. Тэр бүгдийг шүүж нягтлахад цаг хугацаа, хүн хүч хэрэгтэй. Тиймээс зөвхөн акул гэгдэх том компаниудыг шүүж энэ жагсаалтыг гаргасан. Харин үүнээс гадна нэрийг нь мэдэхгүй “жараахай” гэж хэлж болохоор “Carrison international”, “Voyager resourses” зэрэг зөндөө олон компани “Түвшир алт”, “Цагаан алт” гэсэн төслүүдийг дэлхийн зах зээлд санал болгон үнэ хаялцуулж эхэлжээ. Үүнийг буруутгах аргагүй. Тэд чадаж байна. Харин монголчууд бид лиценз нэрээр ийм боломжийг нь олгочихоод, босгосон хөрөнгөнөөс нь хадаг, яндар барин гуйлгачилж, хөнгөлттэй гэрээгээр найр тавин царайчлах нь зөв гэж үү. Ерөнхий сайд С.Батболд үндэсний аж ахуйн нэгжүүдээ олон улсын хөрөнгийн биржид хувьцаа гарган, хөрөнгө босгохыг уриалсан. Одоогийн байдлаар Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан “Петро матад” гэх газрын тосны ганц компанийг л үндэснийх гэж өөриймсөж болно. Энэ компанийн 39.1 хувийг Монголын “Петровис” ХХК эзэмшдэг гэсэн мэдээлэл байна. Монголын уул уурхайн лицензээр хөрөнгө босгож буй гаднын компаниудыг хувьцаа арилжихыг хориглох, хориг саад тавих эрх АМГ байтугай ЭБЭХЯ, Монголын төрд байхгүй. Яагаад гэвэл үүнийг зохицуулах хууль эрх зүйн ямар ч зохицуулалт манай хуульд байдаггүй. Харин олон улсын хөрөнгийн биржүүдийг нэгтгэдэг байгууллага, конвенцид манай улс нэгдсэн тохиолдолд албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтран ажиллах, хяналт тавих боломжтой гэж СЗЗны дарга Д.Баярсайхан хэлж байсан. Харин тэр болтол бидэнд судалгаа, туршлага, УИХын дэмжлэг хэрэгтэй. Тэр цагт Монголын газрын баялаг олон улсын лицензийн наймааны золиос биш хамгийн үнэ цэнэтэй талбар байх боломж нээгдэх бололтой. Харин саяхнаас манайд ураны ордын лиценз эзэмшиж буй компаниуд ийм арилжаанд оролцохдоо Монголын Цөмийн энергийн газраас зөвшөөрөл авахаар хуульчилсан нь бас нэг алхам юм.

“ЛИЦЕНЗИЙН НАЙМААЧИН “ КОМПАНИУДААС БАЯЛГАА ЯАЖ ХАМГААЛАХ ВЭ?
Манайд эзэмшиж байгаа уул уурхайн лицензээр олон улсын хөрөнгийн биржид мөнгө босгож буй гадны компаниудад хяналт тавих ямар боломж байна. Ялангуяа гаднын хөрөнгө оруулалттай гэгддэг лицензийн наймаагаар ашиг орлого олдог “эх орон”- гүй компаниудад. 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай гэгдэх эдгээр компаниудын дотор Багам, Кеймений арлууд, Их Британийн Виржиний арлууд, Антигуа-Барбуда зэрэг хэний ч үл мэдэх дундын бүсийн улс орнуудын нэрийг барьсан компаниуд байгаа нь анхаарал татахгүй байхын аргагүй юм. Их Британийн Виржинийн арлуудын гэх нутаггүй шахам, дэлхийн газрын зураг дээр цэг төдий орон 349 лиценз буюу Монголд хэдэн сая га газар эзэмшдэг. Гэтэл дэлхийн уул уурхайн салбарыг залгихаар асар их хүч хөрөнгө хаяж буй манай хамгийн том хөрөнгө оруулагч байх магадлалтай БНХАУ-ын компани 588 лиценз эзэмшдэг нь анхаарал татахгүй байна гэж үү. Цаашлаад Багам 118, Австрали 49, ОХУ 241, Кеймений арлууд 65, Канад 65, Солонгос 74, Франц 30, , Бермудын арал 37 лиценз гэх мэтээр гадны компаниуд Монголд өөрийн гэсэн “газар”- тай болцгоожээ. Эдгээр компаниуд бүгд манайд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулан хөрөнгө оруулж, монголчууд бид үр өгөөжийг нь хүртэх нь юу л бол. Их Британийн Виржинийн арлууд, Багам, Кеймений арлуудын компани өөрсдөдөө л хөрөнгө оруулахаас биш Монголыг тэтгэх чадал тэнхээтэй гэж үү. Энэ мэт компаниудаас гадна байгалийн баялгаараа бизнес хийж мөнгө олж байгаа монголчууд бидэнд ч бас бодох юм их байна. Хууль ёсны дагуу лиценз эзэмшин, үйл ажиллагаа явуулж, улсын төсөвт хувь нэмрээ оруулж буй үндэсний компаниуд олон бий. Харин тэдний хажуугаар эрх мэдэл, албан тушаалаа ашиглан лиценз эзэмшээд, үнэ хүрэх цагт гаднынханд худалдахаар хүлээж буй эдийн засгийн “урвагчдаа” яах вэ. Хайгуулын нөөц ихтэй, сайн үзүүлэлттэй орд газрууд хэдэн зуун мянган доллараас дээш үнэ хүрдэг гэсэн яриа бий. Унасан газар угаасан усныхаа нэгээхэн хэсгийг 100 мянга ч бай, 100 сая доллараар ч бай худалдаж буй тэд эх орныхоо өмнө хүлээх үүрэг, үүрэх хариуцлагагүй гэж үү.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.