Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улс орших, эс орших нь ХӨВСГӨЛӨӨС шалтгаална

Нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит “Эко танхим” Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг дахь Бүрэнхааны фосфоритын орд тойрсон асуудлаар уулзалт зохион байгууллаа.

-Хөвсгөлийн ай сав нэг л өдөр фосфоритын тоосонцорт дарагдаж, экосистем нь алдагдахгүй гэх баталгаа алга. Бүрэнхааны фосфоритын ордыг ашиг лах сонирхолтой хүмүүсийн харалган, далд санаа сүүлийн үед нэлээд идэвхжиж эхэллээ. Хөвс гөл нуурын эко системийг хамгаалах нь Монгол орны цэвэр усны нөөцийн асуудалтай шууд холбоотой. Тэгэхээр Хөвсгөл далайгаа хадгалж үлдэхийн тулд бид цаашид юу хийж, хамтдаа хэрхэн тэмцэх вэ гэдгээ өнөөдрийн уулзалтаар тодорхой яримаар байна. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: -Хөвсгөлийн фосфоритын асуудал олон жил яригдаж байгаа. Өнөөдөр дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цэвэр усны асуудал маш хурцаар тавигдаж байна. Ундны усны асуудал олон улс гүрний улс төр, нийгмийн байдалд хүчтэй нөлөөлж эхэллээ. Иргэний дайн ч дэгдэх боллоо. Үүнтэй холбоотойгоор ус дэлхийн зах зээл дээр стратегийн чухал бүтээгдэхүүн болох нь тодорхой болоод байна.

Фосфоритын ордыг ашиглах хууль эрх зүйн ямар ч нөхцөл бүрдээгүй
ОХУ усаа стратегийн бүтээгдэхүүн болгоно хэмээн саяхан зарлалаа. Яагаад ингэх болов. Тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрстөрөгч, нефтийн бүтээгдэхүүнийх нь нөөц тодорхой хугацааны дараа, магадгүй 20-30 жилийн дараа шавхагдана. Тэр үед усаа экспортлох бодлого барьж эхэлсэн нь энэ. БНХАУ-д ус импортлох асуудал яригдаж байна. Хятад өнөөдөр усны асар их гачаалд орчихлоо. Түүнчлэн олон орон цэвэр усаа импортоор авч байна. Өөрөөр хэлбэл, монголчууд өнөөдөр ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнээр хараат. Үүнтэй адил зарим улс гүрэн усаар хараат болж эхэллээ гэсэн үг.
Тодорхойлбол, Монгол Улсын ирээдүйн тусгаар тогтнолын баталгаа бол ус. Усгүй бол амьдрал байхгүй, ямар ч улс гүрэн оршин тогтнох үндэсгүй. Тэгэхээр монголчууд бидний усны бодлого, тэр дундаа байгаль орчноо хамгаалах бодлого дээр Хөвсгөл далайн асуудал тусгай бие даан гарч ирэх ёстой. Би хувьдаа Хөвсгөл далайг ямар ч тохиолдолд ашиглах, түүний ай савд уул уурхайн олборлолт явуулахын эсрэг байгаа. Иймд Хөвсгөл далайг тойрсон Дархадын хотгор, ойр орчмын экосистемийг бүрэн цогц байдлаар нь хадгалан үлдэх нь хамгаас чухал.
Сүүлийн үед Хөвсгөл рүү асар их бохирдсон ус орж байгаа. Учир нь алтны компаниуд жижиг гол горхийг асар их хэмжээгээр бохирдуулж байна. Голуудын эхийг эхийг нь бид сүйтгээд эхлэх л юм бол Хөвсгөл далай алсдаа ширгэх аюул нүүрлэнэ.
 -Хөвсгөлийн Бүрэнтогтох суманд олгосон лицензийг бүгдийг цуцлуулах асуудал бодитоор хэрэгжих боломж хэр байна вэ?
Г.Баярсайхан: -Монголын төр лицензүүдээ хэний гарт орсныг, хаана ямар хөрөнгийн бирж дээр арилжиж байгаад хяналт тавьж чадахгүй байна. Хөвсгөлийн ойр орчимд олгосон лицензүүдийг миний хувьд шууд цуцлах хэрэгтэй гэж боддог. Ой, усны сав газарт эрэл хайгуул хийх, олборлохыг хориглох тухай хууль хэрэгжих шатандаа явж байгаа. Гэвч асар их эсэргүүцэлтэй тулгарч байна. Манай уул уурхайнхны лообий улс төрд хүчтэй шургалчихаж. Уул уурхайн олборлолтод хязгаар тавьснаар алтны олборлолт тодорхой хэмжээгээр буурах нь гарцаагүй. Гэхдээ бид асар их хэмжээний өв баялаг, онгон байгалийг авч үлдэнэ шүү дээ.
Японы Айсо мужид би саяхан зочлоод ирлээ. Тэнд 1973 онд хаагдсан зэсийн уурхайг нөхөн сэргээхэд 200 сая иен зарцуулсан гэнэ. Ингэснээр нөхөн сэргээлтийг 50 хувьд хүргэжээ. Агуу Япон гүрэн ганцхан уурхайг нөхөн сэргээхэд ямар их хөрөнгө, хугацаа зарцуулсныг эндээс харж болно.
“Хөвсгөл далайн эзэд” хөдөлг өөний тэргүүн Б.Баярмаа: -Гишүүнд тавих асуулт байна. Сонгуульд нэр дэвшихээсээ өмнө Та Хөвсгөл нуурын фосфоритын ордыг ашиглуулахгүй байхын төлөө шийдвэр гарахаас нь өмнө тэмцэнэ гэж амласан. Харин Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ ордыг эргэлтэнд оруулъя гэсэн шийдвэр гараад явж байхад таныг яагаад дуугүй байна вэ гэж гайхсан. Ашиг сонирхлын ихээхэн зөрчилтэй хүмүүс тэнд лиценз авсан байна. Үүнийг хянаж шалгаж өгөөч гэсэн асуудлыг бид Байгаль орчны байнгын хорооны гишүүдэд 2008 онд тавьсан. Танд ч албан бичиг хүргүүлсэн. Гэтэл таг чиг байсан шалтгаан нь юу байв?
 -Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дээр Хөвсгөлийн фосфоритын ордын лицензтэй холбоотой материал ирсэн гэдгийг би “Өнөөдөр” сониноос мэдсэн. Байнгын хороогоор дамжиж надад ямар нэг бичиг ирээгүй. Эрдэнэтийн үйлдвэрээс гарах дайвар бүтээгдэхүүн хүхрийн хүчлийг Хөвсгөлийн фосфориттой нийлүүлээд бордооны үйлдвэр хөгжүүлэх тухай асуудал яригдаж байгаа юм билээ. Засгийн газраас Хөвсгөлийн фосфоритыг ашиглаж эхэлье гэсэн шийдвэр гарсныг би олж үзээгүй. Эцсийн байдлаар шийдвэр гараагүй болохоор бид бас оройтоогүй байна. Хөвсгөл далай маань онгон дагшин байх ёстой. Уул уурхайн үйлдвэрлэл Монголын эдийн засгийг хөл дээр нь босгох нэг том хөшүүрэг мөн. Гэхдээ Хөвсгөлийн тайга, ногоон бүсдээ олборлолт явуулах асуудлыг бүгдээрээ хойш тавья. Урагшаа говийн бүс рүүгээ стратегийн ордуудаа ашиглая гэсэн ерөнхий нэг бодлогыг цаашид баримталмаар байна.

-Фосфоритын ордыг ашиглах асуудлаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдсэн, эсэх нь өнөөдрийг хүртэл олон нийтэд тодорхойгүй байна. Үнэлгээ ер нь хийгдсэн үү. Яам энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
БОАЖЯ-ны Тогтвортой хөгжил, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, доктор Ц.Банзрагч: -Энэ асуултад хариулахын өмнө оршил хийхгүй бол болохгүй нь. 1987 онд Байгаль орчны яам байгуулагдаж, Хөвсгөлийн эрэг дээр байсан ноос угаах үйлдвэрийг хаахаас манай үйл ажиллагаа эхэлж байсан. Агуу нийтлэлч Ц.Балдорж агсны “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлийн дагуу Байгаль орчны яам байгуулагдахаасаа эхлээд л Хөвсгөл далайг хамгаалахын төлөө ажиллаж эхэлсэн. Энэ нуур Монголын төдийгүй олон улсад ач холбогдолтой гэдгийг хэлэх ёстой. Ер нь усны бодлогын нэг хэсэг нь Хөвсгөл далай яах аргагүй мөн. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд усны бодлогыг үндсээр нь шинэчилж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт болоод Монгол орон үйлдвэржилтийнхээ гараан дээр ирсэн зэрэг хүчин зүйлээс болж усны болдлогыг шинэчлэх асуудлыг яам анхааралдаа авч ажиллаж байгаа. Үүний нэг тод баримт нь “Ус” хөтөлбөрийг боловсруулж, бусад яамдаас санал авч, Засгийн газраар хэлэлцээд УИХ-д өргөн барьсан.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан нарын санаачилсан “Голын урсац бүрэлдэх эх, усны сан, ойн сан бүхий газар ашигт малтмал олборлохыг хориглох тухай” хууль бий. Үүнд иргэний нийгмийн хөдөлгөөнийхний дэмжлэг бас бий. Цаашлаад Засгийн газрын хөтөлбөрт энэ асуудал орсон нь БОАЖЯ ойн болон усны сангаа хамгаалах бодлого барьж байгаагийн томоохон нотолгоо. Нөгөө талаас фосфоритын ордыг эргэлтэнд оруулъя гэдэг нь өөрөө хөгжлийн буюу Эрдэс баялаг, эрчим хүчний яамны бодлого.
Хөвсгөл бүхэлдээ ойн, усны сан бүхий газар. Фосфоритын олборлолтыг далайн бүстэй холбож үзэж байгаа учраас эрх зүйн хувьд бид хоригоо бүрэн тавьж чадсан. Монгол Улс байгаль орчны үнэлгээний системийг 1990 оноос нэвтрүүлсэн. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хоёр шаттай хийгддэг. Тийм учраас үнэлгээгээр дамжиж фосфоритын орд ашиглагдах, эсэх нь шийдэгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, үнэлгээ хийж байгаа компани өндөр ур чадвартай эрдэмтдээс бүрдсэн эрх бүхий байгууллага байдаг. Энэ үнэлгээг баталгаажуулснаар яам тухайн төслийг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгээ шийддэг. Одоогоор Хөвсгөлийн фосфоритын орд газарт үнэлгээ хийх хүсэлт ирээгүй. Ер нь бол үнэлгээ ороогүй шалтгааныг эрх зүйн хувьд ашиглах боломжгүй учраас орж ирээгүй гэж ойлгож болно. Хууль хэрэгжих явцад цаашдаа ч орж ирэхгүй байх. Ирсэн тохиолдолд бид эрх өгсөн компаниар үнэлүүлээд эрдэмтдийнхээ санал бодлыг тусгаад шийднэ.


ХӨВСГӨЛИЙН АСУУДАЛД эрдэмтэд бусдад худалдагдахгүй гэж найдъя

Г.Баярсайхан: -Ойн болон усны сав газарт ашиглалт явуулах, олборлохыг хориглох хууль маань хэрэгжих шатандаа явж байгаа. Ер нь бол Хөвсгөлийн их ой тайга, Дархадын хотгор бүхэлдээ үүнд хамрагдахаар байгаа гэсэн санааг Банзрагч дарга сая хэллээ. Хөвсгөлийн тайга, Дархадын хотгор чинь тэр аяараа усны сав газар, ойн сав газар гэж ойлгох хэрэгтэй.
Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн гүйцэтгэх захирал Г.Чагнаадорж: -2009 оны аравдугаар сарын 12-нд авсан мэдээгээр Бүрэнтогтох суманд нийт 43 лиценз олгогджээ. Уг нь саяын урт нэртэй хуулинд 1200 гаруй лицензийг чөлөөлнө гэж заасан. Иргэний хөдөлгөөний төлөөллийн хувьд Хөвсгөлд алт олборлох нь бүү хэл хүрз шороо ч хутгах ёсгүй гэж
би боддог. Гэтэл энэ 43 лицензнээс дөрөвхөн нь л чөлөөлөгдөж байгаа юм. Энэ нь Бүрэнтогтох суманд хайгуул хийгдэх нь гэсэн үг. Банзрагч даргын ярьж байгаагаар үнэлгээ хийгдээгүй юм байна. Манай иргэний хөдөлгөөнд 10 гаруй аймгийн төлөөлөл орсон. Бид фосфоритын ордын хайгуулыг Бүрэнтогтох суманд хийлгэхгүйн төлөө бүх аргаар тэмцэнэ. Гэхдээ буу шийдэм барьж байлдана гэсэн үг биш. Төр барьж байгаа эрхмүүдтэй эв зүйгээ ололцож, эрдэмтэн докторуудын зөвлөгөөг авна. Ерөөсөө фосфоритын орд ч гэлтгүй усны сав газар уул уурхайн үйл ажиллагаа явуулмааргүй байна. Гишүүн сая тодорхой ярилаа. Үнэхээр усгүй бол надад кг алт байгаад яах юм бэ. 100 гр-ыг нь залгичихвал 24 цагийн дараа үхэх байлгүй. Тэгэхээр бид ийм сайхан цэвэр устай Архангайн Тэрхийн цагаан нуур, Хөвсгөл нуур, том том голуудаа хамгаалахаас өөр аргагүй. Эднийгээ стратегийн ач холбогдолтой орд гэдэг шиг улс хамгаалалтад авах хэрэгтэй.
-Тухайн газар нутагт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз олгох асуудал орон нутгийн удирдлагаас шалтгаалдаг. Нутгийн удирдлагуудтай та нар хэр холбоотой ажилладаг вэ?
Б.Баярмаа: -Бид Хөвсгөлийн фосфоритын ордыг олны анхааралд орсон цагаас нь л мониторинг хийсэн. Хуулийн дагуу явж байна уу, үгүй юу гэдэг дээр манай хөдөлгөөн илүү анхааралтай ажиллаж байгаа. Аймгийн хувьд саяхан 50 дугаар өргөргөөс хойшх газар нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахгүй гээд орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарсан. Гэтэл яг Бүрэнхааны фосфоритын орд 50 дугаар өргөрөгт багтаагүй. Орон нутгийнхан Бүрэнхааны фосфоритын ордыг Хөвсгөлийн хөгжлийн гарц гэдэг. Үүнд Засаг дарга маш хатуу байр суурьтай байдаг.
Бид энэ хуультай холбоотойгоор цуцлагдах лицензүүдийн бүртгэлийг харахад Бүрэнтогтох сумаас зөвхөн дөрвөн лиценз л цуцлагдаж. Үлдсэн хайгуулын лицензүүд нь тэр чигээрээ Дэлгэрмөрөний хөвөөн дээр олгогдсон байгаа юм. Энэ хэсэг тэр чигээрээ ойн сан бүхий газар шүү дээ. Ийм зөрчилтэй асуудал дээр манай эвсэл энэ сард хүч тавьж ажиллая гэсэн бодолтой байгаа.
Өнөөдөр Дархадын хотгорын сав газарт уул уурхайн үйл ажиллагаа идэвхжиж байна. Нөгөө нинжа нар тэндхийг сүйтгэж эхэллээ. Үүн дээр арга хэмжээ аваач ээ гэж хүсэж байна. Нинжа нарын тоо 4000–д хүрсэн. УлаанУул сумыг сүйтгээд одоо Цагааннуур сум руу яваад орчихлоо. Энд хяналт тавих ёстой төрийн байгууллагууд юу хийж байна вэ.
 Ц.Банзрагч: -Манай яам төрийн бус байгууллага, иргэдээ дэмжиж, хамтарч ажиллах тал дээр нэлээд анхаарч байгаа. Төрийн албан хаагч гэдэг мөн адил Монгол Улсын иргэн. Бид хуулийн дагуу аль нэг намаас түтгэлзэж байгаа болохоос Монгол Улсаас нүүр буруулаагүй. Гэтэл төрд алба хашдаг хүмүүсээ дайсан мэтээр ойлгож, байгалийнхаа төлөө зөвхөн төрийн бус байгууллагууд нь тэмцдэг мэт ойлголтыг ард түмэнд төрүүлж болохгүй шүү дээ. Дашрамд хэлэхэд би Хөвсгөл нутгийн хүн. Энэ утгаараа Хөвсгөл далайг хамгаалах, харамлах сэтгэл надад хувийн, улсын аль аль талаараа хамаатай.
ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн чөлөөт судлаач, экологич, доктор профессор Г.Эрдэнэжав: -Уул уурхайд ашиглах усны бодлогод өөрчлөлт хийх хэрэгтэй. Ганц жишээ хэлье. “Эрдэнэт” УБҮ хоногт 60 сая шоометр ус хэрэглэдэг. Тодруулбал, Сэлэнгэ мөрний хоногийн урсацаас илүү гарах гэж байна. Гэтэл өнөөдөр яамд хоорондоо ямар ч уялдаагүй ажиллаж, өөр өөрийн бодлогоо барьж ажилладаг. Хөвсгөл, Сэлэнгийн сав нутгийн экологийн аюулгүй байдал Монгол Улс оршин тогтох үндэс гэдэг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх хэрэгтэй. Баярсайхан гишүүн та энэ асуудлыг эрхийнхээ хүрээнд ажил хэрэг болгож тавиач гэж хүсмээр байна.
-Уг нь Хөвсгөл нуурын ай савыг онцгой бүс болгох асуудал урьд нь яригдаж байсан байх аа.
Г.Эрдэнэжав: -Хөвсгөл нуурыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг би урьд нь дэвшүүлж байсан. Харамсалтай нь, Байгаль орчны хоёр, гурван ч сайд нэг чихээрээ оруулаад нөгөөхөөрөө гаргачихсан. Үндэслэлийг нь би товч тайлбарлъя. 1995 оноос хойш би Орхон Сэлэнгийн сав нутагт судалгаа хийсэн. Орхон Сэлэнгэ, Хөвсгөл нуурын ай сав хоорондоо холбоотой гэдгийг шинжлэх ухааны үндэслэлээр батлах олон баримт бий. Судалгааны явцад усны хэмжээ нь багасч, бохирдол нь хязгааргүй нэмэгдсээр байна. ОХУ-ын эрдэмтэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос Наушики хүртэлх голын уснаас дээж авч шинжилгээ хийсэн. Шинжилгээний дүнгээр мөнгөн усны зөвшөөрөгдөх хэмжээ 8-12 дахин их байгаа нь тогтоогдсон. Энэ бол ноцтой баримт юм. Гэтэл Монголын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны усны харуулын алба “Манай ус цэвэр” гээд биччихсэн сууж байна шүү дээ. Сэлэнгэ мөрний бохирдлын асуудал Хөвсгөл далайтай ч холбоотой. Иймд Хөвсгөл нуурыг онцгой хамгаалалтын бүс болгож, хамгаалалтад авах асуудлыг цаг алдалгүй тавимаар байна.
Төр гэж байдаг юм бол төмөр нүүрээ харуулах цаг болсон. Тэр олон лицензийг хураагаад, ашиглалт явуулж байгааг нь хаах хэрэгтэй. 1988 онд хуралдаж байгаад Ц.Балдоржийн нийтлэлийн дагуу бид хуралдаад шууд хориглох шийдвэр гаргаж байсан. Хөвсгөлөөс монголчуудын амьдрал шалтгаална шүү. Шинжлэх ухааны байгууллагуудаар үндэслэлийг нь гаргуулж, эрдэмтэн судлаачид, ард түмний санал дэмжлэгийг ч авъя. Энэ удаагийн уулзалтыг би жижиг чулуугаар том чулуу цохих эхлэлийг тавилаа гэж “Эко танхим”-д хэлмээр байна.
Дулааны текник, үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор профессор М.Бэхтөр: -Хэсэгхэн ашиг олохын төлөө Хөвсгөл далайг бохирдуулбал яана гэж бодохоор үнэхээр харамсалтай санагдаж байна. Үүнээс сэргийлж төр, төрийн бус байгууллагын төлөөлөгчид цуглан ярилцаж, цаашид хийх ажлаа төлөвлөн тодорхойлох уулзалт болж байгаа нь цаг үеэ олжээ. Үр дүнг нь харуулж, эцсийг нь хүртэл тэмцэж, Хөвсгөл далайгаа хайрладаг олон нийтийн дуу хоолой болж байгаа та бүхэнд ажлын амжилт хүсье.
-Эдийн засгийнх талаас харсан ч фосфорын бордооны үйлдвэрлэл монголчуудад ашиг өгөхгүй нь тодорхой. Боловсруулах арга нь байгальд асар их сөрөг нөлөөтэй гэдгийг дэлхийн олон орны эрдэмтэн хэдийнэ тогтоочихсон биз дээ.
Б.Баярмаа: -Уг нь тийм. Улсын төсвийн хөрөнгөөр нөөц нь тогтоогдчихсон орд газарт олгосон лицензүүдийг хууль бус гэж үзэж байна. Энэ асуудлыг УИХ-д тавьсан. Гэвч хянаж шалгах ёстой, цуцлах эрхтэй хүмүүс нь өөрсдөө энэ асуудалд холбоотой болохоор дийлдэхгүй байна.
Монголчууд фосфор олборлож, бордоо үйлдвэрлэж байсан туршлага байхгүй. Амгалан доктор 1990-ээд оны үед Хятад руу бордоо гаргах гэж оролдсон юм билээ. Энэ нь бүтэлгүйтээд хураагдсан шороо одоо хүртэл Бүрэнтогтох суманд хадгалаастай байж байгаа. Дэлхий нийтийн жишгээс харахад өнөөдрийг хүртэл фосфоритын ордыг байгальд халгүй аргаар олборлох технолог байхгүй. Учир нь фосфорын орд байгаль орчны хувьд маш эмзэг тогтоцтой газар байдаг юм байна. Кадми, хром, тугалга, уран зэрэг цацраг идэвхт бодис их хэмжээгээр агуулдаг орд. Энэ ордоо ашигласан дэлхийн цөөнгүй орон илүүдэл химийн бодисоо хэрхэн аюулгүй болгох, хаана булах вэ гэдгээ шийдэж чадаагүй байна. Тухайлбал, АНУ-ын Флорида мужид фосфоритын ордын ашиглалтаас үүссэн нуураа яах вэ гэдэг толгойн өвчин болоод байна шүү дээ.
Өнөөдөр фосфорын бордоог ашигладаг орон ганцхан БНХАУ. Би “Талст маргад” компанийн техник, эдийн засгийн үндэслэлүүдийг харсан. Тэдний тодорхойлсноор Хятадын зах зээлд нийлүүлэх гэнэ. Урд хөршийн хэрэгцээг бодож байгаль экологид халтай ийм эрсдэлтэй алхам хийх хэрэгтэй гэж үү.
Г.Эрдэнэжав: -Монгол Улс фосфоритын ордыг яг юунд, хэдий хэмжээтэй ашиглах вэ гэдгийг нарийн тооцоолох хэрэгтэй. Өнөөдөр фосфорын бордоог газар тариаланд хэрэглэхээ больсон. Орос бол авахгүй. Хятадын хэрэгцээг хангаж хэдэн зоос олохын тулд Хөвсгөл нуурт аюул даллаж байгаа бол тэдэнтэй санал нэгдэн тэмцэх хэрэгтэй.
Б.Баярмаа: -Гэхдээ томоохон төслүүдийг хараад байхад эрдэмтэд хоёр хуваагдчихдаг юм билээ. Төслүүдийнхээ техник, эдийн засгийн үндэслэлийг зөвшөөрүүлэхийн тулд эрдэмтдийг худалдаад авчихдаг нь нууц биш болоод байна. Байгаль орчинд ямар хор хохирол учруулах вэ гэдгийг харах байтал эдийн засгийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж дүгнэлт хийгээд олон нийтийн тархийг угаах явдал гардаг. Гэхдээ Хөвсгөлийн асуудал дээр эрдэмтэд ингэж хандахгүй байх гэдэгт найдаж байна.
-Хөвсгөлийн ай савыг ЮНЕСКОгийн сүлжээнд бүртгүүлэх асуудалд яам ямар байр суурьтай байна вэ?
Ц.Банзрагч: -Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн сүлжээнд оруулах талаар яаманд хийсэн ажил бий. Судалгаа хийж, экспертүүд урьж ажиллуулсан. Ганцхан Эрдэнэжав гуай ийм санал дэвшүүлээд яам нэг чихээрээ гаргачихсан юм биш. Энэ ажил угаасаа үргэлжилж байгаа. Хамгийн гол нь дэлхийн соёлын өв байгуулахын тулд Хөсвгөлийн ай савыг аж ахуйн дарамтаас, уул уурхайн олборлолтоос чөлөөлөх хэрэгтэй.
Үүнээс гадна усыг бохирдуулж, хомсдуулж байгаа хүчин зүйлийг ганцхан уул уурхайтай холбон ойлгож байна. Сэлэнгэ Орхоны сав газрын усны бохирдол, хомсдуулж байгаа нэг том салбар бол яах аргагүй газар тариалан. “Атрын аян” нэрийн дор голыг маш олон талаас нь, дуртай газраараа салаалуулан урсгаж байна. Цас, борооны усгыг хуримтлуулж ашиглахгүй атлаа хаа сайгүй худаг ухаж гүний усны нөөцийг хомсдуулж байгааг хөндөх цаг болсон.
Г.Баярсайхан: -Хөвсгөл далайгаа стратегийн нөөцөд авъя, стратегийн ордод бүртгэе гэсэн санал дэвшүүлж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлье. Энд цугласан эрдэмтэн мэргэд энэ асуудлыг дэмжинэ байх гэж найдаж байна. Энэ саналыг БОАЖЯ дэмжих байх. Иргэний хөдөлгөөнийхөн ч энд ирсэн байна. Монгол Улс цаашид оршин тогтноё гэж байгаа бол Хөвсгөл далайгаа авч үлдэх зайлшгүй шаардлагатай. ОХУ Байгаль нуураа стратегийн нөөцдөө авчихсан. Энд нэг баримт дурдъя. Дэлхийн зах зээл дээр цэвэр ус нэг шоометр нь 1.25 доллар. Европын зарим улс оронд нэг шоометр ус гурван доллар хүрдэг юм байна. Гэтэл манайд ус ямар үнэтэй байгаа билээ. Тэгэхээр бид усны үнэлгээний асуудлаа эргэж харах зайлшгүй шаардлагатай.
-УИХ-ын гишүүн Г.Баярсайхан энэ асуудлаар эрдэмтэдтэй, иргэний нийгмийн хөдөлгөөнийхөнтэй хамтарч товч тодорхой асуудал боловсруулж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өргөн барихаа амлалаа. Энэ удаагийн “Эко танхим”- ын уулзалтын үр дүн ямар байгаа талаар бүгдээрээ дахин уулзаж ярьцгаая. Та бүхэнд баярлалаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.