Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол Улсын Засгийн газрын 21 дүгээр хуралдаан 2010 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр болов.

•    Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан “Өрсөлдөөний тухай” /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж Засгийн газрын гишүүдээс гаргасан саналыг тусган хууль санаачлагчдад уламжлахаар тогтов.

•    Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр барьж байгуулах стратеги, чиглэл тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив.

•    Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско, Япон Улсын Осака, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонгконг хотод Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах нь зүйтэй гэж үзэн, асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов.

•    2010 оны 2 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод болсон Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын Комиссын 4 дүгээр хуралдааны дүнг сайшааж, хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, комиссын Монголын хэсгийн дарга Т.Бадамжунайд даалгав.

•    “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. 

•    УИХ-аас олгосон бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор орж ирж байгаа дизелийн түлшинд 30 000 /гучин мянга/ төгрөгийн онцгой албан татвар ноогдуулж байсныг 115 000 /нэг зуун арван тав/ төгрөг болгож, бусад автобензинд ногдуулж байгаа онцгой албан татваруудыг хэвээр үлдээн 2010 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр, бусад алслагдсан боомтоор орж ирж байгаа автобензин, дизель түлшинд ногдуулж буй онцгой албан татварын хэмжээг хэвээр байлгахаар шийдвэрлэв.

•    Засгийн газрын 2009 оны үйл ажиллагааны тайлангийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

•    “ЭКСПО-2010. Шанхай” дэлхийн үзэсгэлэн дэх Монгол Улсын павилоны сэдэв, агуулгын талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар танилцуулав. 2010 оны 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 31 хүртэл зохион байгуулагдах үзэсгэлэнд манай улс “Говь ба хот” сэдэвт павилон байгуулахаар төлөвлөн бэлтгэлээ хангаж байна.

•    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад 2010 оны 3 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын дүнг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгав.

•    Төрийн бус байгууллагаас Засгийн газарт ирүүлсэн шаардлагуудын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар танилцуулав. Үүнтэй холбогдуулан шаардлагад тусгагдсан, эрхлэх ажлын хүрээтэй холбоотой асуудлыг судалж, холбогдох арга хэмжээ авч, тодорхой хариу өгөх ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгав. Цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлаар 3 талт хэлэлцээр хийх бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.