Монгол Улсын Засгийн газрын 10 дугаар хуралдаан 2010 оны 2 дугаар сарын 10-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийд гаргав
• УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр, З.Энхболд нарын санаачлан боловсруулсан “Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Зэвсэгт хүчний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж нэмж оруулах саналуудыг төсөл санаачлагчдад хүргүүлэхээр болов.
• “Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэх зарим арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, улсын нөөцөөс хөрөнгө гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгав.
• “Шинжлэх ухаан, технологийн төсөл сэдэв ажил хэрэгжүүлэх журам”-ыг шинэчлэн батлав.
• 2010 онд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд цэргийн баг оролцуулах, олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг батлав.
• УИХ-ын ордны барилгын эх загвар, зургийн хувилбаруудтай танилцаад сонгосон хувилбарын дагуу ажлын зураг, төслийг боловсруулж, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хуваарьт хугацаанд зарлах ажлыг зохион байгуулахыг Шадар сайдад даалгав.
• Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамлейн 64 дүгээр чуулганд оролцсон дүнг сайшааж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Гадаад харилцааны сайдад даалгалаа.
• БСШУ-ны сайд Ё.Отгонбаярыг 2010 оны 2 дугаар сарын 11-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улс, ХБНГУ, ИБУИНВУ-д айлчлуулах нь зүйтэй гэж үзэж айлчлалын удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.
• 2010 оны 2 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болох Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын IY дүгээр хуралдаанд оролцох ХХААХҮ-ийн сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Т.Бадамжунай тэргүүтэй төлөөлөгчдийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд С.Баярцогтод зөвшөөрөв.
• Монгол Улсын Засгийн газар, Монакогийн Хант Улсын Засгийн газар хооронд байгуулах Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг зарчмын хувьд дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов
• “Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хууль”-ийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн барихаар тогтов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.







0 Сэтгэгдэл