Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 85 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

 
        Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан иргэний нисэхийн салбарын нийт хамт олон, үе үеийн ажилтнууд, зорчигч, үйлчлүүлэгчид та бүхэндээ баярын мэндийг хүргэе. 
        Монголын Нисэх хүчин өнгөрсөн 85 жилийн хугацаанд улс орноо хамгаалах хариуцлагатай үүргээс гадна тайван цагийн бүтээн байгуулалтад оролцож иргэний агаарын тээврийг хөгжүүлж, улсын болон иргэний нисэхийн салбар болон тусгаарлаж өөрийн үүргийг амжилттай гүйцэтгэж ирлээ.  

Нисэх хүчин нь эх орноо батлан хамгаалах, гадаад харилцааг өргөжүүлэх, улс хоорондын болон орон нутгийн зорчигч, ачаа тээврийн хэрэгцээ шаардлагыг хангаж, орчин үеийн навигацийн тоног төхөөрөмж бүхий олон улсын стандартад нийцсэн нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний тогтолцоог бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг томоохон салбар болон хөгжиж буйг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

        Сүүлийн жилүүдэд төр, засгийн зүгээс улсын нисэхийн болон иргэний нисэхийн салбарт техник технологийн шинэчлэл хийхэд ихээхэн дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, улсын нисэхийн техникийн шинэчлэлтийн хүрээнд орчин үеийн тоноглол бүхий хоёр нисдэг тэрэг, иргэний нисэхийн агаарын навигацийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, сансрын навигацийн технологийг нэвтрүүлэх ажлыг Засгийн газраас санхүүжүүлэн хэрэгжүүллээ.
 
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотын олон улсын нисэх буудал барих төслийг эхлүүлж, орчин үеийн навигацийн тоног төхөөрөмж,  технологийн шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна. Мөн орон нутгийн нисэх буудлуудыг өргөтгөх, нисэх буудлын зурвасыг сайжруулах ажлууд шат дараатайгаар хийгдэнэ.

        Говийн бүсэд уул уурхайн үйлдвэрлэлийг дагасан аж ахуйн нислэг гүйцэтгэх дэд бүтэц бий болж, өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт Даланзадгад хотын нисэх буудлаас гадна Оюутолгой, Овоот, Тавантолгойн аэродромууд тогтмол үйл ажиллагаа явуулж эхэллээ. Монгол Улсын Засгийн газраас орон нутгийн зарим нисэх буудлыг олон улсын хилийн боомт болгох ажлыг хэрэгжүүлнэ.  
Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Иргэний нисэхийн салбарт шинэчлэл хийж өөрийн орны агаарын орон зайг улам олон орнуудад нээх, олон улсын тээвэрлэлтэд оролцох журамаа улам бүр нээлтэй болгохоор зорьж ажиллах ёстой. 
Сүүлийн жилүүдэд иргэний нисэхийн салбарт аюулгүй байдлын асуудал чухалаар тавигдах боллоо. Тиймээс нисэхийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг салбарын удирдлагууд, нийт ажилтнуудад анхааруулж байна.
Иргэний болон улсын нисэхийн салбарын өмнө тулгамдсан асуудлууд, цаашдын урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэхэд Засгийн газар дэмжиж ажиллана. Монгол Улсын хөгжилд нисэхийн салбарын ололт амжилт том дэмжлэг болох учиртай.
Эх орынхоо хөгжил, аюулгүй байдлын нэг хэсэг болсон улсын болон иргэний нисэхийн салбарын хамт олон та бүхэндээ ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.  

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД                                                                  С.БАТБОЛД
     

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.