Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ УЛСААС БНМАУ, МАН-ААС МАХН РУУ

Улс төрийн нам шинээр байгуулах, өрх тусгаарлан нам үүсгэх нь Монголын улс төрд жирийн үйл явц байлаа. АН гэхэд л улс төрийн таван намыг нэгтгэн нийлүүлж, улс төрийн хоёр дахь гол хүчнийг бий болгоод таван хаврыг угтаж буй. Энэ хугацаанд АН-аас ИЗН, ҮШН өрх тусгаарлан бие даасан. Цаашид ч салах, нийлэх үйл явц энэ намд төдийгүй, улс төрийн бусад хүчнүүдэд ч үргэлжлэх нь тодорхой болсон.

Харин энэ удаад МАН-д үүссэн “нэр” тойрсон талцал нь хууль эрх зүйн хувьд олон эргэлзээг дагуулахын зэрэгцээ Монголын улс төр дэх сонирхолтой хэд хэдэн өргийн эхлэлийг тавьж байна. МАН-аас салан тусгаарлаж буй МАХН-ын Онц их хурал өнгөрсөн долоо хоногт болсон.

Энэ хурлаар намын даргаа сонгон, бүтэц зохион байгуулалтаа цэгцэлж, Монголын улс төрд нэг нам албан ёсоор бий болсноо зарлав. Гэхдээ энэ субъектэд нэрнээс нь үүдэлтэй нэлээд зүйл тодорхой бус байгаагаас хууль ёсны нам хэмээн хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь эргэлзээтэй байгаа юм.

Монгол ардын хувьсгалт нам уу, Монголын алдарт хувьсгалт нам уу

Тэд “Монголын алдарт хувьсгалт нам” нэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт өнгөрсөн оны сүүлчээр бүртг үүлэн баталгаажуулж авсан. Хууль дүрмээрээ бол тэд энэ нэрээрээ Их хурлаа хийж, намаа үүсгэн байгуулж, Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Гэтэл сая болж өнгөрсөн Онц их хурлын бүх баримт бичигт МАХН буюу Монгол ардын хувьсгалт нам гэсэн нэрийг тусгав.

Үүнээс үзвэл энэ их хурал болон түүнээс сонгогдсон намын дарга, бүтэц зохион байгуулалтыг хууль ёсных биш гэж үзэж болохоор байгаа юм. Учир нь хууль эрх зүйн үүднээс МАХН гэж нам байхгүй, цаашид ч бий болох боломжгүй. Улс төрийн намуудын тухай хуулийн зургадугаар зүйлийн 2-т “ Намын бүтэн болон товчилсон нэр нь байгууллага, аж ахуйн нэгж болон бусад намын нэртэй адил байхыг, түүнчлэн намыг хүний нэрээр нэрлэхийг хориглоно” гэсэн заалт бий. Хүчин төгөлдөр мөрдөж буй энэ заалтаас үзвэл МАХН буюу “Монгол ардын хувьсгалт нам” гэсэн нэрээр улс төрийн нам дахин байгуулах боломжгүй. Үүнийг тэд мэдэж буй нь лавтай.

Мэдсээр байж ийм тоглолт хийсэн нь гурав дахь хүчнийг үүсгэхээр нэгдэн нийлэх гэж буй улс төрийн хүчнүүдийн шоуны нэг хэсэг гэж үзэх хүмүүс байна. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ, ашиг сонирхолдоо нийцүүлэн хуулиа өөрчилчихдөг манай улстөрчид ийм боломжийг бий болгохыг үгүйсгэх аргагүй. Онц их хуралд төлөөлөгчөөр оролцсон, энэ намыг дэмжиж буй хүмүүсийн олонх нь өөрсдийг өө МАХН буюу Монгол ардын хувьсгалт намын гишүүн хэвээр хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан.

Тэд МАХН гэх хуучин нэрээрээ намаа байгуулж, намын даргаа сонголоо гэсэн итгэл үнэмшилтэйгээр гэрийн зүг одоцгоосон. Тийм ч ойлголтыг зохион байгуулагчид бүрдүүлсэн байсан. Тэгэхлээр энэ их хурал Монгол ардын хувьсгалт намынх уу, Монголын алдарт хувьсгалт намынх байв уу. 68 жилийн тэртээ БНМАУ гэж байлаа. 19 жилийн өмнөөс Монгол Улс хэмээн нэрээ өөрчилсөн.

Тэр үед ард түмний төлөөллөөр сонгогдсон депутатууд хэлэлцэж ярилцаад ийм шийдвэр гаргасан. БНМАУ-ыг нь Ж.Батмөнх, Монгол Улсыг нь П.Очирбат удирдана хэмээн “амбицлаагүй”. Бүх ард түмэн даган зөвшөөрсөн. МАХН гэж байлаа. МАН болоод нэг өвлийг үдэх гэж байна.

Гэтэл МАХН гэх нэг үзэл бодол, итгэл үнэмшил дор нэгдэн нийлж асан гишүүд нь МАН-ыг С.Батболдод, МАХНыг Н.Энхбаярт хэмээн хуваан хуваарилж буй нь ардчилсан Монгол Улсаас социалист БНМАУ, шинэчлэгдсэн МАНаас татан буугдсан МАХН руу ухарч буйгаас өөрцгүй мэт.

Гишүүдийнх нь төдийгүй улс төр судлаач, ажиглагчдын хувьд ч эргэлзээтэй, үл ойлгогдохоор болсон МАХН-ын онц их хурлаас үүдсэн асуудлууд цагаан сарын дараа өлсгөлөн, жагсаал, цуглаан гээд хаврын синдромыг жинхэнэ утгаар нь дэгдээх бололтой. Сонгуулийн угтал жилийн улс төрийн тулаан одоо л эхлэх гэж байна.

Н.ЭНХБАЯРЫН ТЭРГҮҮЛСЭН “НАМ” УИХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ АМЖИХ УУ

Улс төрийн намуудын тухай хуульд зааснаар нам үүсгэн байгуулсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтан Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой. Энэ дагуу Онц их хурал хийсэн МАХН (Монгол ардын хувьсгалт нам, Монголын алдарт хувьсгалт намын аль нь тодорхойгүй) энэ сарын 11-ний дотор Дээд шүүхэд хандана. Албан ёсны эх сурвалжийн хэлснээр “Н.Энхбаяр”- ын нам ямар ч байсан Монгол Ардын Хувьсгалт Нам нэрээр Дээд шүүхэд хүсэлт гаргана.

Харин бүртгэх эсэх, хэрэв бүртгэвэл хуулийн ямар зүйл заалтыг баримтлах нь улс төр сонирхогчдын хувьд анхаарал татаж байна. Улс төрийн намуудын тухай хуулиа баримталбал Дээд шүүхэд тэдний хүсэлтийг ёсоор болгох боломж байхгүй. “Х” гэдэг үсгийг хаалт, хашилтанд оруулаад ч МАХН гэх товчлолыг батлах боломжгүй.

Учир нь 2-3 жилийн өмнө Монголын ардчилсан хөдөлгөөний нам МАХН-ын товчлолын “Х” үсгийг хаалтанд оруулан МА(Х) Н гэсэн нэртэйгээр бүртг үүлсэн. Тиймээс товчлолын хувьд Н.Энхбаярын намд өгөх боломжгүй. Харин МА(Х)Н гэсэн товчлол бүхий Л.Эрдэнэтуул нарын “өөрсдийн” талынхныг намдаа нийлүүлэн МА(Х)Н гэсэн товчлолыг эзэмших эрх Н.Энхбаярт бий. Монголын ардчилсан хөдөлгөөний нам буюу МА(Х)Н-ын хувьд олонд танигдах нь байтугай ийм нам байдаг эсэхийг ч хүмүүс мэддэггүй. Тиймээс Н.Энхбаяр гэх Монгол даяар танигдсан туг дарцагтай, бас нэр булаацалдсанаар пиараа хангалттай хийж чадсан Монголын алдарт хувьсгалт намынхны хувьд МА(Х)Н гэсэн товчлолыг авах нь МАХН-ыг авсантай бараг ялгаагүй. Намын нэрийн хувьд ийм боломж Н.Энхбаярынханд байна.

Харин нам байгуулсан хамгийн гол зорилго болох 2012 оны УИХ-ын сонгуульд оролцож чадах эсэх нь тун эргэлзээтэй юм. Улс төрийн намуудын тухай хуулийн 8.6-д “Нам үүсэн байгуулагдаж Улсын дээд шүүхэд бүртгүүлснээсээ хойш 18 сарын дараа Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөл өгчдийн Хурлын сонгуульд оролцож болох бөгөөд энэ заалт өөрчлөн байгуулагдаж шинээр бүртгүүлсэн намуудад хамаарахгүй” гэж заажээ.

Энэ заалтаар бол Н.Энхбаярын намд цаг хугацааны хувьд ийм боломж бараг үлдсэнгүй. Тэмцсээр, жагссаар Дээд шүүхэд ирэх сардаа буюу гуравдугаар сард бүртгүүлж амжлаа гэж тооцвол 2012 оны IX сараас сонгуульд оролцох эрх нь нээгдэнэ.

УИХ тэднийг харж үзэн, 2012 оны наймдугаар сард УИХ-ын сонгуулийг зарладаггүй юм бол тэд сонгуульд оролцох эрхгүй болж байна. Н.Энхбаяр болон түүний нөхөд, тэднийг дэмжиж буй бусад улс төрийн хүчин, иргэний хөдөлгөөнийхний хувьд УИХын сонгуульд оролцох нь гол зорилго.

Харин яаж оролцох бол? Хэрэв оролцох боломжгүйгээ мэдсээр байж ийм шоу хийж байгаа бол хэний төлөө, юуны тулд юм бол?!

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.