Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монгол толгой ба бутархай мөнгөний гарз

Монгол толгой Монголыг хөгжүүлэх талаар хэлсэн Ерөнхий сайд С.Батболдын үг нэг хэсэгтээ моодонд оров. Олон талт маргаан, шүүмжлэл, эсэргүүцэл, мөн дэмжлэг дагуулсан түүний энэ бодлогын шинэчлэл хэрхэн ажил хэрэг болох нь эдүгээ боловсролын салбарынхны чадлыг сорьсон босго болж хувираад байна. Хөгжил авчрах монгол толгойн эрэлд нийгмээрээ мордсонтой энэхүү “шилжих хөдөлгөөнийг” адилтгаж болно. Дэлхийтэй өрсөлдөн улсаа урагшлуулах монгол толгойг төлөвшүүлж хүмүүжүүлэх “газрын” хайгуул эдүгээ ид үргэлжилж, ямартай ч Оюутны хотхон барихад шаардлагатай 360 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгох чимээ чих дэлсэв.

Борлодоггүй барааны “алдагдал”
 2008-2010 онд нийт 17 хувийн их, дээд сургууль дампуурлаа зарласан тухай албан бус мэдээлэл бий. Зарим нь эвлэн нэгдэж, өрх бүлээ нэгтгэн, өнгө зүсээрээ ижилссэн. Үүний үр дүнд 2000 оны үед 189 хэмээн тоологдож байсан их, дээд сургуулийн тоо цөөрч, өнөөдрийн байдлаар 90 орчим хувийн хэвшлийн сургууль үлджээ. Улсаар овоглодог 42 их, дээд сургуулийг Засгийн газраас тогтоол гарган нэгтгэж 15 болгон цөөлсөн. Энэ бүхнээс харахад нэгэн цагт 200 шахаж байсан их, дээд сургуулиуд бүтэн арваны эцэст зах зээлийн шахалт, Засгийн газрын хавсарсан арга хэмжээний дүнд 50 хувь цөөрсөн аж. Гэхдээ, боловсролын салбар зах зээлд хөл тавьснаас хойш хэдэн мянган борлодоггүй бараа буюу ажилгүй дээд мэргэжилтэн үйлдвэрлэсэнтэй харьцуулахад энэ бол хэтэрхий ужиг, урт хугацааны өөрчлөлт билээ. Тэгвэл одоо борлодоггүйг нь мэдсээр атал бараа үйлдвэрлэсээр байсан оюун санааны “алдагдлын” үе хүссэн ч, хүсээгүй ч эцэслэх нь. Инженер, багш, эдийн засагч мэргэжилтэй таксины жолооч, сэтгүүлч, хуульчийн дипломтой хамгаалагч, баарны зохицуулагчдыг олноор нь үйлдвэрлэж байсан Монголын боловсролын салбар салхивчаа нээж, салхи оруулахаар шамдаж байна.

42 захирал 15 суудлын төлөө…
Эхний ээлжинд улсын гэх тодотголтой сургуулиудыг нэгтгэсэн. Энэ нэгдэл араасаа дараагийн нэгдлийг дагуулах нь тодорхой боллоо. Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооноос Засгийн газарт хаягласан захидалд хувийн хэвшлийн 90 гаруй сургуулийг нэгтгэн 40 болгох боломжийн талаар дурдсан нь үүний жишээ юм. Улсын сургуулиудыг нэгтгэх Ерөнхий сайдын шийдвэр одоо ч маргаан тэмцэл дагуулсаар байна. Ялангуяа улсаар овоглодог томхон сургуулиудын хөдөө орон нутаг дахь салбарууд учраа олохгүй төөрөлдөж буй нь үнэн. Тэр ч байтугай нэгдэж буй сургуулиудын удирдлага, захирлын суудалд хэн суух нь зөрчил, маргааны үндсэн шалтгаан болж буй тухай мэдээ чих дэлсэв. 42 захирал 15 суудлын төлөө хөнжилдөө хөлөө жийлцэж байна гэсэн үг. Энэ мэтээр албан тушаал, эрх мэдлийн хуваарилалт тойрсон явган хэрүүл газар авч, боловсролын салбарт эхлүүлсэн реформыг бүдгэрүүлж байгаа нь эмгэнэл юм.
Гэвч энэ мэт “бутархай мөнгөний гарзыг” үл тоон БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Нийслэлийн газрын албаныхныг шахаанд оруулж, ХанУул, Баянгол, Баянзүрх дүүрэгт Оюутны хотхон барьж болох “дэл сул” газрын эрэлд гарлаа. Хотын хөл хөдөлгөөн, баар цэнгээний газраас 20-30 км хол хотхон байгуулж, гол их, дээд сургуулиудаа нүүлгэн байршуулахаар төлөвлөсөн Засгийн газрын чармайлт энэ хурдаараа ирэх намар гэхэд барилга байшингийн шав тавих хэмжээнд хүрэх нь.

Сая хүн амтай нийслэлд оюутнуудын нэмсэн өнгө
Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг орнууд боловсрол эзэмшихээр чармайж буй оюутнуудаа их хотын нүсэр амьдралаас салган, хотхон байдлаар зохион байгуулж, их, дээд сургуулиудаа өрх тусгаарласан байдаг. Гэтэл Монголд үүнээс балмад гэмээр дүр зургийг олж харж болно. Дээд сургууль, оюутны байр бараадсан баар цэнгээний газрууд тоогоо алдаж, нийслэлчүүдийн амьдралыг оюутан залуусын архидалт, танхайн хэрэг, автобусны тасалбарын синдром “чимэх” болсон билээ. Энэ нь хоёр талын сөрөг нөлөөг бий болгодог. Оюутнууд сая хүн амтай Улаанбаатарын ачаалалд ачаа нэмэхээсээ илүүтэй өөрсдийн сурч боловсрох боломжийг их хотын хөл хөдөлгөөн дунд гээсээр, хохирсоор ирсэн нь үнэн юм. Адаглаад л улс төрийн зорилготой суулт, жагсаалд хүртэл “үнэ төлбөртэйгээр” хамрагдан, элдэв холбоо хөдөлгөөний гол хүч болон “биеэ үнэлсээр” удлаа.
Хотын төвийн шөнийн клубийн гол ажиллах хүч нь мөн л оюутнууд. Тэнд оюутан охид нүцгэлэн, биеэ үнэлж, эрчүүд нь хамгаалагч нэртэй “үүдний мануухай” болж, сурах ажиллахын завсар, мэдэх мэдэхгүйн дунд төөрөлдсөөр сургуулиа хаясан нь ч олон. Сурч боловсрох зорилгыг өөр олон олон хүсэл сонирхлоор жолоодох нь ямар үр дүнд хүрч болохыг эндээс харж болно. Хэрэв Засгийн газрын санаачилга ажил хэрэг болж, их, дээд сургуулиудыг хотоос гадагш төвхнүүлж чадвал нийслэлчүүдийн ажил амьдралын хэмнэл зөв гольдролдоо орох магадлалтай. Оюутнуудын сурах эрмэлзэл ч бас эрээн мяраан, өнгө мөнгөнд төөрөлдөхөө больж, зорилго тодорхой, хүрэх оргил илэрхий болох учиртай.

Ажлын байр ба мөнгө
Боловсролын салбарт өрнөж буй энэхүү ажил хэрэгч өөрчлөлтийг эрх мэдэл, өмч хөрөнгө, албан тушаал, нэр хүндийн өнцгөөс олж харан, шүүмжлэн гоочлох амархан. Бодлогын дорвитой шинэчлэл үүний ард хүчээ авч байгааг анзаарахгүй байх аргагүй. Чанаргүй, зах зээлээ мэдрээгүй бараа борлодоггүй. Үүнтэй адил борлодоггүй оюутан олноор үйлдвэрлэн, эцэг эхчүүдийг сургалтын төлбөрөөр шатаадаг явдлыг эцэслэх бодит оролдлого хийгдэж эхэллээ.
Тухайн сургуулийг төгссөн оюутнууд найдвартай ажлын байртай болсон, үгүйгээр нь үнэлэн төрөөс санхүүжилт олгох чиглэл баримтлахаа зарлалаа. Эл шийдвэр зарим замбараагүй төлөвлөлттэй, зөвхөн ашгийн хойноос зөв буруугүй гуяддаг сургуулийн захирлуудын даралтыг ихэсгэсэн нь нууц биш. Ингэснээр боловсролын салбарын тайзнаа хэн дуртай нь дуулж, хуурдаж байдаг явдалд цэг хатгаж болох талтай.


Сайхан үг, саваагүй санаа байв уу, эсвэл…

Боловсролын салбарынхан ч бужигнаж байна. 20 жил агаар мандалд хөвсөн “их аянаа” дуусгаж, газардах нь. Бутархай мөнгөний гарзыг эс тооцвол Монголын боловсролын салбарт магадгүй 10 жилийн дараа үр ашиг өгөх холыг харсан шинэчлэл эхлэх нь эхэллээ. Гэхдээ энэ нь Ерөнхий сайдын гоё үг, БСШУЯныхны хоосон сүржигнэл төдий болж үлдвэл нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болох юм. Хэлсэн л бол хийж, хийсэн л бол дуусгах хариуцлагатай цаг иржээ.
Боловсролын салбар бодлого тодорхойлогчдын тоглоом биш. Тийм ч учраас олон нийт С.Батболдын Засгийн газрын боловсролын салбар буюу үр хүүхдийнх нь “толгойд” хийж буй алхам бүрийг анхааран ширтэж байна. Монголыг хөгжүүлэх монгол толгой сайхан үг, саваагүй санаа, салхинд хийссэн цаас байсан, үгүйг ирэх өдрүүд харуулах биз ээ.
Уг нь Тавантолгой, Оюутолгойгоос илүү монгол толгой Монголыг хөгжүүлнэ гэдэг яах аргагүй үнэн.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.