Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монгол Мал” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3.7 тэрбумыг гаргана

     Ерөнхий сайд С.Батболд өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан нэм­элт хөрөнгө гаргах асуудлыг хэлэлцүүлснийг  гишүүд дэмжлээ.
Манай орны нийт нутгаар өвөлжилт хүндэрч, энэ бэрхшээлийг даван туулахад Засгийн газрын нөөцөөс хөрөнгө гаргахаас гадна хандив тусламж ч цуглан  тодорхой арга хэмжээнүүдийг авч байгаа ч нэмэлт хөрөнгө шаардагдаж байгаа юм. Иймээс  “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолын төслийг УИХ-д оруулжээ.
Энэ сарын 18-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мал өвөлжилтийн нөхцөл байдлын талаар Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга М.Энхболдын мэдээллийг сонсоод цаашид авах арга хэмжээний талаар нэмж шаардагдах 5.6 тэрбум төгрөгийг 2010 оны улсын төсөвт суулгасан  “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргах нь зүйтэй гэж үзсэн байна.
“Зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр өвөлжилт хүндэрсэн аймгуудад олгох санхүүжилтийг 2010 оны улсын төсвийн “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас 3.7 тэрбум төгрөг гаргах саналыг Улсын Их Хуралд оруулж байгаа юм. Үүнийг өвөлжилт хүндэрсэн 12 аймаг тус бүрт 230.0 сая төгрөг олгож өвс, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч малчдад олгох, эмнэлгийн үйлчилгээг малчиддаа хүргэх арга хэмжээг шуурхай зохион байгуулахад зарцуулах юм. Харин цаашдаа цаг агаарын байдлын улмаас бусад аймагт өвөлжилт хүндэрч болзошгүйг харгалзан үзэж энэ хөрөнгөнөөс 1 тэрбум төгрөгийг Засгийн газрын мэдэлд үлдээж зарцуулах эрхийг олгуулах санал тавьжээ.
“Монгол мал” хөтөлбөрт зарцуулах хөрөнгийг гаргах зөв­шөөрөл авч зарцуулаад, дараа нь Засгийн газар уг хөрөнгийг 2010 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх замаар шийдвэрлэх аж. 
 Дээрх асуудлыг шйидсэнээр мал өвөлжүүлэх, цаашдаа хаваржуулах ажлын зохион байгуулалтыг сайжруулж, малчдад чиглэсэн бүх төрлийн үйлчилгээг эрс сайжруулах үүрэг, хариуцлага аймаг, сумын бүх шатны удирдлага, ажил хариуцсан ажилтнуудад ногдож байна. Ингэснээр мал өвөлжилтийн талаар авч буй удирдлага, зохицуулалт, үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж, одоогийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх болно гэж Ерөнхий сайд  “Зөвшөөрөл олгох тухай” тогтоолын төслийг танилцуулахдаа хэллээ.Мөн Ерөнхий сайд мал өвөлжилтийн талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдлын талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Ерөнхий сайдын мэдээлж байгаагаар 12 аймгийн 155 суманд өвөлжилт хүндэвтэр байгаа мэдээ аймгуудаас иржээ. Ажлын хэсгийн очиж ажилласан дүгнэлтээр энэ сарын 25-ны байдлаар мал өвөлжилтийн нөхцөл байдлыг улсын хэмжээгээр авч үзвэл 7 аймгийн 29 сум зудын гамшгийн хэмжээнд хүрсэн, 6 аймгийн 35 суманд өвөлжилтийн нөхцөл зудын хэмжээнд, 14 аймгийн 74 сум зудархуу байдалтай гэсэн дүгнэлт гарсан байна. Цаана нь өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй 12 аймгийн 75 сум байгаа ажээ.  27-ны байдлаар улсын хэмжээгээр 1.5 сая орчим толгой мал хорогдсон гэсэн мэдээ гараад байна.  Үүний дотор 109.0-299.0 мянга хүртэл малын хорогдолтой байгаа Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Дундговь, Архангай, Өвөрхангай зэрэг аймагт онцгой анхаарал хандуулах шаардлагатай болсныг мэдээллээ.
 Мөн өвөлжилт хүндэрсэн аймгуудад дэмжлэг үзүүлэх, нөхцөл байдлыг судлах зорилгоор холбогдох яам, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгийг ажиллуулж шуурхай арга хэмжээ авч, тэдний саналыг Засгийн газрын шийдвэрт тусгах арга хэмжээ авсныг Ерөнхий сайд хэллээ.   Тэрбээр, Улсын нөөцийн өвс, тэжээлийн гуравны хоёрыг малчдад үндсэн болон 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож, малын эм, биобэлдмэлийг тусламжаар өгч, цаг хүндэрсэн сумдад эмнэлгийн түргэн тусламжийн машин, цахилгаан станц улсын нөөцөөс гаргаж, зам давааны цас арилгах, отрын малчдад эрүүл мэндийн тусламж, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд зориулж зарим аймгийн Засаг даргын Тамгын газарт нийт 2,207.9 мянган төгрөг олголоо. Хилээр мах гаргах боомтын тоог нэмэгдүүлж, өвс нэвтрүүлэх зорилгоор шинээр түр боомт нээсэн гэлээ.
Мал өвөлжилтийн ажлыг шуурхай зохицуулах үүргийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд ахалсан Улсын онцгой комисс хариуцан өвөлжилтийг даван туулах олон талт арга хэмжээ авч байгаа юм байна. Энэ хүрээнд Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, малын тэжээл үйлдвэрлэх хэмжээг нэмэгдүүлэх, нийслэлд мах борлуулах ажлыг зохион байгуулах, өвс, тэжээл хүргэх, цаг үеийн байдлыг судлах, малчдад туслах хөдөлгөөн өрнүүлэх ажлыг шуурхай зохицуулан ажиллаж байна.
Малчдад туслах хандивын хөдөлгөөн өрнүүлж, мал өвөлжилтийн нөхцөл байдлыг гадаад орон, хандивлагч байгууллагуудад мэдээлж тусламж дэмжлэг хүсэх зэрэг арга хэмжээ авч байгаа юм.
Ерөнхий сайд, Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад нь тэвнээр тусал гэсэн ардынхаа мэргэн үгийг санаж малчдад туслах энэ хөдөлгөөн, санаачилгыг цаашид улам идэвхжүүлж, байгууллага, иргэн бүр энэ хөдөлгөөнд идэвхтэй оролцож манай улсын эдийн засгийн гол салбар мал аж ахуйг зудаас хохирол багатай гаргахад туслахыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний бие нийт иргэддээ хандан уриалсан гээд Засгийн газар мал өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээгээ цаашид үргэлжлүүлэхийн хамт Төрөөс малчдад болон хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр анхааран ажиллах болно. Мөн “Монгол мал” хөтөлбөрийг дэмжиж батлан хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэлээ.

Монцамэ мэдээлж байна

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.