Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛЫН УТААТ МАНАН ЛОНДОНЫ ЭМГЭНЭЛИЙГ САНУУЛАВ

Нэгэн үе цэнхэр тэнгэр, цэнгэг агаараараа гоёдог байсан Монгол нутаг хорт утааны орон гэсэн тодотгол зүүж, түүнээсээ бид ичиж амьдрах болов. 2011 оны байдлаар хамгийн бохир агаартай улс орнуудын жагсаалтыг Монгол Улс тэргүүлсэн тухай Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээлэв. Энэ мэдээг сонсоод удаагүй байтал энэ сарын эхээр Улаанбаатар хотод урьд үзэгдээгүй өтгөн манан хоёр хоногийн турш бууж, нийслэлчүүдийг хотынх нь гудамжинд төөрүүлэх шахав. Энэ үзэгдлийг зарим нь хотын утаатай холбон зовниж, нөгөө хэсэг нь энгийн, байдаг л үзэгдэл мэт үл тоомсорлосон. Мэргэжилтнүүд ч олигтой тайлбар өгсөнгүй. Нисэхийн цаг уурын албаныхан Улаанбаатар хотын урд хэсэг, Төв аймгийн Лүн, Бүрэн, Угтаал сумын орчимд хүйтэн агаар тогтчихсон байсан үед гэнэт дулаан агаар орж ирснээс халуун, хүйтэн харшилж үүссэн гэж тайлбарлажээ.

Тэдний хэлж байгаа шиг үнэхээр жирийн нэг үзэгдэл байж болох ч миний хувьд нэн хачирхалтай санагдсаны учир нь хэдэн жилийн өмнө сонирхон уншиж байсан зүйлээс минь шалтгаалсан байж болох юм. 1952 оны арванхоёрдугаар сарын 5-нд Английн Лондон хотод урьд үзэгдээгүй их манан бууж, бүтэн дөрөв хоногийн турш үргэлжилжээ. Эх орон нь угаасаа “Будант Альбион” хэмээх нэртэй, бас агаарын бохирдол ихтэй, түүндээ ч дасчихсан англичуудад манан тийм ч содон санагдсангүй. Харамсалтай нь уг манангийн улмаас 12.000 гаруй хүүхэд, хөгшид нас барж, 100.000 орчим хүн өвчилсөн нь агаарын бохирдол хамгийн их хохирол учруулсан гайт үйл явдал болж, Их Британийн түүхэнд үлджээ.

Энэ хар өдрүүд англичуудад айхтар цочроо өгсний улмаас улс даяараа агаар цэвэршүүлэх хөдөлгөөнд нэгдсэн гэдэг. Хэдийгээр “Лондоны их утаат манан” хэмээн тэмдэглэгдсэн энэ явдал дэлхийн нөгөө тивд, 50 жилийн өмнө тохиосон ч Монголын өнөөгийн байдалтай ижил төстэй зүйл олон ажиглагддаг юм. Тухайлбал манайх агаарын бохирдлоороо 2011 онд дэлхийг тэргүүлж байгаа бол энэ хар жагсаалтыг 1950-иад онд магнайлагчдын нэг нь Лондон байжээ. Бохирдлын гол эх үүсвэр нь яг адилхан дутуу шатсан нүүрс. Нүүрс, тэр дундаа муу чанарын, дутуу шатсан нүүрс шатах явцдаа хүхэр, хөө, тортог гэх мэт хүний эрүүл мэндэд хортой хэдэн зуун бодис ялгаруулдаг гэдгийг аливаа утаат хотын оршин суугчид сайн ойлгодог, гамшгийг нь биеэрээ мэдэрдэг биз ээ.

Уг нь дээрх хорт бодисууд салхинд туугдаж, эсвэл агаарт дэгдэж багасах ёстой. Гэтэл холын Лондон хот, дөрвөн уулын дундах Улаанбаатар хоёр нам дор, салхи багатай, адил орчинд оршдог. Тиймээс тэдгээр бодис шингэрч алга бололгүй маш удаан хугацаанд байсаар байдаг нь утаат манан үүсэхэд гол нөлөө үзүүлдэг гэнэ. Өдөр бүр шахам бороо шивэрч, манан буудаг атлаа яагаад зөвхөн тэр л манан олон мянган хүний аминд хүрч, Их Британийн түүхэнд эмгэнэлт толбо үлдээв гэдгийг олон жилийн дараа судлаачид иинхүү тайлбарлажээ. Арванхоёрдугаар сар бол Лондоны хамгийн хүйтэн үе учир оршин суугчид нүүрс түлэх нь ихэсдэг. Мөн хотоор нэг байсан, нүүрс шатаадаг олон арван цахилгаан станцуудын ачаалал дээд зэрэгтээ хүрсэн нь утаа, хортой бодис маш ихээр ялгарах бас нэг хөшүүрэг болдог. Гэтэл яг тэр үед цаг агаар гэнэт дулаарснаар агаар урвуу солилцоонд орж, дулаан агаарын бүрхүүл үүс сэн байна.

Агаарын гэнэтийн дулаан урсгалын бүрх үүл нь үүсээд байсан хөө, тортог, утаа зэргийг өвлийн хүйтэн агаарын хамт бүчин авснаас Лондоны дээгүүр бохир агаарын бөөгнөрөл бий болгожээ. Улмаар дулаан, хүйтэн агаарын харшлын нөлөөгөөр манан буусан нь ердийн бус, утаат манан үүсэх шалтгаан болсон гэжээ. Уг нь утаат манан үхэлд хүргэлгүй арилах боломжтой ч нам дор, салхигүй Лондонд “их утаат манан” дөрөв хоногийн турш хүмүүсийг утсан нь харамсалтай. Энэ жишээнээс үзвэл хэд хоногийн өмнөх Улаанбаа тарын манан манайхны тайл барласан шиг жирийн нэг үзэгдэл биш байсан бололтой. Хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлснийг ч судалж тооцсонгүй. Агаарын бохирдол энэ хэвээрээ байвал цаашид ч утаат манан үүсэхгүй гэх баталгаа алга. Байгалийн баялгаараа дэлхийн анхааралд өртөж, удаан хүлээсэн хөгжлийнхөө гараан дээр ирсэн Монгол Улс хүн амынхаа бараг тэн хагасыг нэг хонхорт чигжчихсэн, нүүрс шатааж дулааныхаа хэрэгцээг хангадаг нь Их Британийн эмгэнэлийг давтах магадлалтай биш байна гэж үү. Муу амлах нь монгол хүний ёсонд нийцэхгүй ч бусдын алдаанаас суралцаж “утаат манан”-гаас зайлсхийх, “Ашиг хонжоо харж бус, алс ирээдүйгээ бодож” амьдрах цаг ирсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.