Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛЫН ЗАСАГ ХЯТАДЫН ХӨДӨЛМӨРИЙН ЯАМАНД ТУСАЛЖ БАЙНА

ХҮН БА ЦАХИЛГААН ЗУУХ

Гал түлэхгүйгээр мах чанаж, шарж, хүсвэл хагас түүхий болгон амталж болно. Энэ бол цахилгаан зуухны реклам мэдээж биш, уул уурхай бидний амьдралд хэчнээн ойртсоны нэг л жишээ. Цахилгаан зуух чухамдаа уул уурхайн бүтээл. Түүний үнэд төмөр, зэсийн ханшаас гадна олон хүчин зүйл шингэдгийн дотор үйлдвэрийн зардал, ажлын хөлс орно.

Уул уурхай хүн төрөлхтнийг шинжлэх ухаан, дайн хоёр руу зэрэг дууддаг шигээ дэлхийн аж үйлдвэр, ажиллах хүчний бодлогыг цэгцэлж ирсэн. Харин Монгол Улсад тогтмол орлоготой болохыг мөрөөссөн ажилгүйчүүдийн эгнээ улам бүр залуужиж, ажиллах хүчээ Хятадаас захиалсан томоохон төслүүдийн тоо өссөөр байна. Монгол хүн цахилгаан зуухныхаа галыг тохируулахаас гадна эх орны баялгийг олборлон ашиглах бизнесээс ажлын байр эрэх бүрэн эрхтэй. Гэвч танд “хүрд эргүүлэх” боломж олдоогүй л байна.

ХОЁР ТОЛГОЙНХОО ХЭРГИЙГ ГАРГАСАНГҮЙ

Монгол Улс эдүгээ нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ дэлхийн марафонд сүүл мушгин, 165 дугаар байранд мөлхөж явна. Ажилгүй иргэдийн тоо сүүлийн жилүүдэд 30000-35000- д тогтмол хэлбэлзэж байна. Монголчуудыг уул уурхайн салбарт тогтмол ажлын байраар хангах нь уул уурхайн салбарт төсөл хэрэгжүүлэгч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд хариуцлагатай этгээд болохоо харуулах чухал үзүүлэлт байх учиртай.

Гэвч одоогийн байдлаар уул уурхайн компанид энэ онд шинээр ажилд орсон монгол ажилтан, ажилчдын тоо бүрхэг байна. Гайхуулах хэмжээнд хүрээгүй гэсэн үг. Хэдэн монгол хүнийг ажилд дадлагажуулав, тогтмол ажлын байраар хангав гэдэг нь уул уурхайн салбарынхнаас бидний хүлээх гол дүн байлтай. Монгол Улс уул уурхайн салбараасаа зөвхөн доллар хүлээж хэвтэх нь хангалттай юм бол хэдэн үеэрээ хайрлаж аригласан энэ олон Толгойн хэрэг гэж юу байх билээ.

Ажилгүйдэл, ядуурлын өмнө хүлээх хариуцлагатай Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордын ашиглалт монгол хүний хөгжлийг цоо шинээр эргэлтэд оруулж гэмээнэ газар усаа сэндийчүүлсний утга учир орших болно. Хөрсөн дороо эрдэнэстэй бүхэн баяждагг үйг мөнөөх Замби тэргүүтэн хорвоогоор нэг тунхаглачихаад байгаа. Дэлхийн уул уурхайн туршлага ухуулснаасаа ухсан нь, ухсанаасаа үйлчилсэн нь илүү хөлждөгийг өгүүлнэ. “Оюутолгой” ХХК-ийн техник, эдийн засгийн үндэслэл батлагдсанаар ажилгүй монголчуудын анхаарлыг татсан ордын барилгын шатны ажил эхэллээ.

Оюутолгойн ордын зам, барилгын ажилд монгол хүмүүст итгэж даалгах орон тоо гарахгүй гэсэн. “10000 ажлын байр” гэсэн гэрэлт уриа өнгөө алджээ. Харин 2600 хятад ажилчин монголчуудын хүсэн хүлээсэн тэр ажлыг хийж, цалин орлоготойгоо залгахыг нь Монгол Улсын Засгийн газар зөвшөөрч байна. Монголчуудыг ажилд ав гэсэн шаардлагыг “Оюутолгой” ХХК-д тавихаас манай Засгийн газар ичдэг байж магадгүй.

“Мэргэжилтэй, чадвартай монгол ажилчид чинь байна уу” гэсэн асуултад нь бүдрэх биз. Гадаадын хөрөнгө оруулалттай бүү хэл, дотоодын компаниуд монгол хүмүүсээс нүүр буруулдаг арчаагүй үзэгдэл хавтгайрч байна. Уул уурхайн дотоодын компаниудыг өнгөлдөг “Энержи ресурс” ХХК үндэснийхээ ажиллах хүчнийг дэмжих бодлого баримтлах болов уу хэмээн найдаж байснаа нуух юун. Тус компани энэ онд БНХАУ-аас 900 ажилчин авахаар тохирчээ. Монгол хүнийг хөгжүүлэх Монгол Улсын амин чухал бодлого хаана байна. Байдал иймээр эхэлбэл Монголын уул уурхай гээч нь дов толгодоо ухах хэнээрхэл болж хувирах вий.

МОНГОЛ ХҮНИЙГ ЭХ ОРОНД НЬ БҮҮ БАСАМЖИЛ

Засгийн газар 2003 оноос гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байр ны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоол гаргаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоон жилийн хугацаанд монголчуудыг сургах замаар Эрээнээс авч байгаа хятадуудын тоог цөөлөх талаар дорвитой ахиц огт гарсангүй. Ажилгүйдэл, ядуурал хэвээр байгаад Засгийн газар санаа зовох завгүй байгаа бололтой. Оюутолгойн ордод гэхэд л энэ онд 2000 хятад ажилчин авах төлөв байв. Гэтэл нэмж 600 хятад оруулж ирэх болсон байх юм. Сүүлд нэмэгдсэн 600 ажилчны оронд монголчуудыг авч, хятадуудыг дагалдуулан ажлын байран дээр сургах аргыг эрэлхийлээгүй нь хачирхалтай.

Энэ янзаараа Монголын Засгийн газар Хятадын Хөдөлмөрийн яамны үүрэг гүйцэтгэгч болох вий гэсэн болгоомжлол бодитой оршиж байна. Олон монгол хүн ажлын байран дээр дадлагажих замаар БНСУ-д ажиллаж буй. Тэд тэнд чаддаг, энд чадахгүй гэж хэн хэлсэн юм. Монгол хүн ажил хийж чадна. Монголчуудыг эх оронд нь үл тоон басамжлах үзлийг Монгол Улсын төр засаг өөгшүүлж болохгүй. Эзэн Чингисийн удамтай ч гэх шиг, босоо заяатай ч гэх шиг монголчуудыг омойтуулан хөөргөх элдэв сурталд автуузай. Ажилгүй залхуу хэвээр нь үлдээх гэсэн алив санаархалд “Ажил хийвэл ам тосдоно” гэсэн ардынхаа мэргэн ухаанаар хандацгаая.

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай тогтоолыг өнгөрсөн сарын 21-нд Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. 2010 онд БНХАУ-аас манай уул уурхай, зам барилгын салбарт 10 мянга гаруй хятад ажиллах тооцоо гарчээ. 10.000 монгол хүн ажлын байртай болно гээд рекламдаад байсан нь хятадуудад зэхсэн орон тоо байсан юм уу. Эдгээрээс уул уурхайг орхиод зөвхөн зам, барилгын томоохон төсөлд ажиллуулахаар хэчнээн хятад ирэхийг сонирхъё.

Азийн хөгжлийн банк, БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Ч о й р – С а й н ш а н д – З а м ы н – Үүдийн чиглэлийн 432 км хатуу хучилттай зам барилгын ажлын гүйцэтгэгч БНХАУын “Чайна Гео-Инжиниринг Корпорац”-ийн 500, ”Шингли инжиниринг энд констракшн“ компанийн 537, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа ЭрдэнэтБулган- Уньтын чиглэлийн 146 км хатуу хучилттай замын төслийн гүйцэтгэгч “Насны зам” ХХК-ийн 275, Булган- Үенч-Ховдын чиглэлийн 60 км хатуу хучилттай авто за мын гүйцэтгэгч “Читай” ХХК-ийн 100, ХанбүргэдэйСолонготын даваа чиглэлийн 100 км хатуу хучилттай замын гүйцэтгэгч “Алтанзам гүүр” ХХК-ийн 174, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан, “Абу даби” хөгжлийн сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Тайширын усан цахилгаан станцын тоног төхөөрөмж нийлүүлэгч “Камко интернэйшнл” компанийн 60, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лаборатори барих “Хунан констракшн инжиниринг групп корпорац”-ийн 280, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн 350, “Хилчин өргөө” цогцолбор хотхон барих “Гун-да” ХХК-ийн 120, “Чайна Гео-инжиниринг Корпорац”-ийн 500, ”Шингли инжиниринг энд констракшн“ компанийн 537, “Насны зам” ХХК-ийн 275, “Камко интернейшнл” компанийн 60, “Хунан констракшн инжиниринг групп корпорац”-ийн 280 гээд 4200 гаруй инженер техникийн болон мэргэжлийн ажилтан ирэхээр Монголын Засгийн газраас зөвшөөрлөө авлаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.