Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын газар нутгийн 14.6 хувь нь лицензтэй

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэн дэмжлээ. Замбараагүй лицензийг цэгцлэхийн тулд шинээр олгохыг тодорхой хугацаагаар хориглоод байсан. Уг хуулийн хэрэгжилт шинэ он гарснаар дууссан учир Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөн баталтал дахин сунгахаар төсөлд заажээ.

Төслийг хэлэлцэх үеэр гишүүд одоо олгочихоод буй лицензэд тавих хяналтыг чангатгахад анхаарах ёстой гэж байлаа. Ийм саналтай гишүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг энэхүү хуулийн хүрээнд зохицуулна. Харин нэгэнт олгосон лицензийн тухайд Монгол Улсын нутаг дэвсгэрийн 10 хувийг эзэлдэг болгон бууруулах боломж бүрдэнэ” гэсэн хариулт өгөв.

Я.Батсуурь:-Хуулийн хэрэгжих хугацаа арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болжээ. Хугацааг сунгах хуулийг хэзээ батлах вэ. Тэр хооронд шинээр лиценз олгочих юм биш үү. Ашигт малтмалын тухай шинэ хуулийн төслийг хэзээ өргөн барих вэ?

Б.Эрдэнэбилэг (Ашигт малтмалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч): -Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт газар нутгийн 14.6 хувь нь ямар нэгэн лицензтэй байна. Хайгуулын 2572, ашиглалтын 1898, нийт 4470 лиценз байгаа. Энэ нь 22.9 сая га газрыг хамарч байгааг манай газар өчигдөр бүртгэж архивлаж авлаа. Энэ тоо нэмэгдэхгүй.

Д.Баттулга: -Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж дууссан. Ерөнхийлөгчид өнгөрсөн арваннэгдүгээр сард танилцуулсан. Төрийн тэргүүн зөвшөөрвөл УИХ-д энэ сард багтаан өргөн барина.

Яаж баяжсанаа нотолж чадахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэв. Үүгээр хууль, шүүхийнхэн нийтийн албанд ажиллаж буй хүмүүсийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг асууж тодруулах эрх олгохоор зохицуулжээ. Тухайн албан хаагчийн зургаан сарын үндсэн цалингаас илүү гарсан хөрөнгийг “их хэмжээний орлого” гэж үзэх юм байна. Ингээд албан тушаалтан их хэмжээний орлого яаж олсноо тайлбарлаж, нотолж чадахгүй бол эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл арга хэмжээ авах гэнэ. Төслийг хэлэлцэхийг гишүүд дэмжив.

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.