Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголын балетийн залуу үеийн ханхүү ба гүнж

 О.Ганцоож, Б.Саруул хэмээх залуу бүжигчид Монголын сонгодог урлагийн нэгэн үеийн гялалзсан төлөөлөлч. ДБЭТ-ын тайзыг өнөөдөр тэдэнгүйгээр төсөөлөх аргагүй. “Хунт нуур”, “Нойрссон гүнж”, “Щелкунчик”, “Жизель”, “Дон Кихот”, “Пахита”, “Шопениана”, “Франческа да Римини”, “Эрдэнэсийн охид”, “Уран хас”… Тус театрын тайзнаа тавьсан ихэнх бүтээлийн гол дүрд бүжиглэсэн тэдэнтэй уулзлаа. Байнгын бэлтгэл, сургуулилалттай байдаг балетчдын үнэтэй хормоос “хумсалж суухдаа” ямар их эрч хүчийг мэдэрсэн гээч. Залуу насны оргилсон эрч хүч, гэнэн цайлган тэгээд бас хөгжилтэй зан.

-Та хоёр ХБК-ийн нэг онд төгссөн гэл үү?

-Тийм, 2007 онд төгссөн. Ганцоожийн эхнэр Мөнхтуяа ч хамт төгссөн.

-Ганцоож Лондонд сурч байсан шиг санагдах юм. Тэнд байхдаа театрт бүжиглэж байсан гэж сонссон.

-Би 2009 онд Лондонд нэг жил сураад ирсэн. Тэнд байхдаа “Нойрссон гүнж”-ийн ханхүүд бүжиглэж байсан.

-Уран бүтээлчийн гэр бүлийн хүн мэргэжлийнх нь онцлогийг ойлгодог байхгүй бол асуудал үүсдэг шиг санагддаг. Ахмад уран бүтээлчид ч тэгж ярьдаг. Гэр бүлийнхнээ танилцуулаач?

Б.С: -Би хараахан гэрлээгүй. Үерхдэг залуутай. Урлагт дуртай, энэ ертөнцийг ойлгодог хүн бий. Ганцоожийн эхнэр Мөнхтуяа манай театрын сайн бүжигчдийн нэг шүү дээ. Бид хоёр “Hongor’s” балетийн сургуульд багшилдаг, дотнын найзууд. Ганцоож, Мөнхтуяа хоёр маань хөөрхөн охинтой болсон.

-Эмэгтэй балетчдыг хүүхэд гаргаж болохгүй гэх мэтчилэн хатуу гэрээтэй гэж сонсогддог?

-Сургууль төгсөж ирээд эхний таван жилдээ хүүхэд гаргахгүй байх гэрээтэй л дээ. Гэхдээ дээр үеийнх шиг айхтар хатуу тулгадаггүй.

-Уран бүтээлчийн хувьд, залуу хүний хувьд юу мөрөөддөг вэ?

О.Г: -Миний хувьд мөрөөдөл гэхээсээ илүүтэйгээр эмнэлгийн байгууллагад анхаарал хандуулмаар санагддаг. Эгчийн маань хүүхэд саяхан өвдөөд манай гэр бүлийнхэн, ах дүүс эмнэлгээр баахан явлаа. Тэгэхдээ Монголын эмнэлгийн салбарт шинэчлэлт, өөрчлөлт хийхгүй бол болохоо байсныг голдоо ортол мэдэрч, их эмзэглэсэн. Нэг л биш ээ, үйлчилгээ нь ч тэр, хүнтэй харилцаж байгаа нь ч тэр. Техник төхөөрөмж, байгаа орчин гээд бүх талаараа тун хангалтгүй санагдсан. Хувьсгалт намын байрыг хэдэн тэрбум төгрөг өөр босгосон гэл үү? Тэрний оронд нэг эмнэлэг барьчихсан бол хэрэгтэй байж дээ гэж бодсон. Энэ бол одоогийн тулгамдаад байгаа асуудал мөн биз дээ.

Б.С: -Би “Hongor’s” балетийн сургуульд ажлынхаа хажуугаар багшилдаг юм. Сонгодог бүжгийг хүүхдүүдэд ойлгуулж, дуртай болгохын төлөө ажиллаж байгаа. Нэг ёсондоо энэ театрынхаа үзэгчдийн халааг бэлтгэж байна гэж болно. Энэ урлагт хүүхдүүдийг дурлуулах талаас нь илүү ихийг хийхийг хүсдэг. Гэхдээ зүгээр л мөрөөдөх биш ажил хэрэг болгох нь чухал гэж боддог.

-ДБЭТ өөрийн гэсэн үзэгчидтэй. Сүүлийн үед үзэгчдийн дараагийн үеийг бэлтгэх ажил зохион байгуулж, театраас хүүхэд, залуучуудад хөнгөлөлт үзүүлэх зэрэг арга хэмжээ авч байгаа. Залуу үеийнхэн сонгодог урлагийг хэр хүлээн авч байна вэ?

-Манай театрт сонгодог урлагийг ойлгодог тодорхой хүрээнийхэн ирдэг. Тэднээс гадна балет, дуурийг ойлгох гэж, чухам юу байдгийг мэдрэх гэж сонирхон ирдэг үзэгчид бас байдаг. Тэд ч гэсэн сайхан хүлээж авдаг. Балетийг нэг үзээд ойлгохгүй байж болно. Хоёр, гурав дахин үзээд ойлгодог болно. Тэгж явсаар энэ театрын байнгын үзэгч болдог юм.

-Тив, дэлхийн уралдаанд манайхан хэр хамрагддаг бол. Дуурийн дуулаачид маань захаасаа танигдаж эхэллээ. Балетчид ч гэсэн цахиур хагална гэдэгт би итгэдэг.

-Дэлхийн хэмжээний томоохон уралдаанууд ихэвчлэн хоёр жил тутамд болдог юм. Чансаа өнд өртэй уралдаанууд нь дөрвөн жилд нэг болдог. Энэ онд олон уралдаан тэмцээн болно. Бид хоёр оролцох эсэхээ хараахан шийдээгүй байна. Манай бүжигчдийн ур чадвар дэлхийд гологдохгүй шүү. Хамгийн гол нь ийм арга хэмжээнүүдэд тогтмол оролцох хэрэгтэй.

-Ямар нэгэн уралдаанд явахад замын зардал гэх мэт асуудлаа хэрхэн шийддэг вэ. Хувиасаа гаргадаг уу?

-Ихэвчлэн хувиасаа гаргадаг. Харин ивээн тэтгэгч олчихвол замын зардлаас эхлээд их л дэмтэй байдаг. Өнгөрсөн оны долоодугаар сард БНСУ-д болсон “Soul international dance competition” олон улсын уралдаанд ХБК-ийн хоёр охин, манай театраас бид хоёроос гадна эрэгтэй хоёр бүжигчин оролцсон. Биднийг Б.Гэрэлчимэг багш маань авч явсан. Бид хоёрын замын зардлыг “Хас” банкнаас гаргасанд их баярласан. Тэр тэмцээнд 15 гаруй орны залуу бүжигчид оролцсноос бид хосын төрөлд тусгай байрт шалгараад тухайн уралдааны зохион байгуулагчдын захирлын нэрэмжит шагнал хүртсэн.

-Хоол идэх бас нэгэн таашаал. Сайхан хоол стресс тайлна ч гэдэг. Гэхдээ бүжигчид жин нэмэхээс айгаад энэ таашаалыг авч чаддагүй юм шиг ээ?

Б.С: -Нээрэн, тийм асуудал байдаг шүү. Гэртээ очихоор татгалзахын аргагүй сайхан хоол хийчихсэн байдаг. Идэхгүй байж чадахгүй, хэцүү л дээ. Би тэвчихгүй идчихдэг юм. “Өнөөдөр л идчихье” гээд өөрийгөө тайвшруулдаг. Гэхдээ дараа өдөр нь хоолоо багасгах зэргээр тохируулдаг. Би бүх төрлийн хоолонд дуртай. Гэхдээ ээжийнхээ чанасан борцтой, будаатай, банштай цайнд нугасгүй.

О.Г: -Би ч бас янз янзын хоол идэх дуртай. Гэхдээ гадаадад удаан байж байгаад ирэхээрээ бууз, чанасан мах гээд монгол хоолоо их санадаг. Би ер нь их амархан таргалчихдаг юм. Эхнэр маань төрсний дараагаар их таргалсан. Хөхөнд нь сүү оруулдаг гэхээр нь сүүтэй цай ууж, жигнэмэг идээд…

-Эхнэрийн хөхөнд сүү ороход чи ямар хамаатай юм бэ?

-Хань болоод хамтдаа идчихдэг юм. Тэгсэн чинь жин талийж өгсөн. Гэхдээ сургуулилалт, бэлтгээлээ сайн хийгээд, хоолоо зохицуулаад жингээ амархан хасдаг.

-Балетчдыг харахад их цэмцгэр, ихэмсэг, цаанаа л өөр байдаг. Юу ч өмсөж, зүүсэн зохисон харагддаг. Та хоёрын хувцасны сонголтын талаар сонирхъё. Сүүлийн үед манайхан гадаад үзэмж, хувцаслалтдаа гойд анхаарах болсон?

-Өөртөө зохисон, биед эвтэйхэн хувцас л сонгодог. Түүнээс биш ийм тийм загвар, моод, брэнд гэдэггүй. Ер нь энэ урлаг хүнийг цэгцтэй, даруулгатай, тэсвэртэй болгодог. Тэр утгаараа багаасаа л тийм элдэв зангүй, моод энэ тэр гэдэггүй болчихсон. Ер нь хүн залуу насаараа гоёх сайхан.

-Өнөөдөр Монголын сонгодог урлагийн нүүр царай болсон бүжигчдийг гадуур явж байхад хүмүүс хэр танидаг бол?

-Өө, айхтар таниад сүйд болохгүй. Манай театрын байнгын үзэгчид бол танина аа. Гэхдээ тайзан дээр гарахдаа бид будаж шунхдаад танигдахын аргагүй болчихдог шүү дээ.

-Хамгийн их баярлаж эсвэл гуниж байсан үеийн дурсамжаасаа хуваалцаач?

О.Г: -Би охиноо төрөх үед хамгийн их баярласан. Төрөх дөхөөд ирэхээр ээж нь их өвддөг юм билээ. Эхнэр маань охиноо төрүүлэх гээд гурав, дөрөв хоног дуншиж өвдсөн. Тэгж тэгж төрөнгүүт нь ёстой нэг дотор уужирсан.

Б.С: -Би олон удаа баярлаж байсан. Гэхдээ сэтгэлээс гардаггүй нэг дурсамж гэвэл, баярласан, гунигласан гэхээсээ илүүтэйгээр шантарч байсан үе мартагддаггүй юм. Тэгэхэд “Хунт нуур”-т анх бүжиглэх гээд бэлтгэл маш их хийсэн. Гэсэн ч багш маань “болохгүй байна” гээд байдаг. Тэрнээс болоод унтаж ч чадахгүй, толгойд “Хунт нуур” л эргэлдээд, бүжгийн хөдөлгөөнүүд бодогдоод хэц үү. “Яана аа, би ер нь чадах болов уу” гээд стресст орж байсан.

-Балет хүнд хэцүү урлаг шүү. Яаж яваад энэ хэцүү ертөнцтэй холбогдчихов?

О.Г: -Манай аав багадаа балетчин болохыг хүсдэг байж л дээ. Орос руу балетийн сургуульд явуулах шалгалтад хүртэл тэнцсэн гэсэн. Гэхдээ ар гэрийн шалтгаанаар сургуульдаа явж чадаагүй юм билээ. Тэгээд л хүүгээ энэ мэргэжил рүү “түлхчихсэн” хэрэг. Ер нь би багаасаа бүжиглэх дуртай байсан. Саруул ч гэсэн цэцэрлэгт байхаасаа л бүжиглэдэг байсан. Нээрэн, сониноос тэр үед бид хоёр нэг багшийн шавь байснаа сүүлд мэдсэн.

-Тэгэхээр нэг цэцэрлэгт явдаг байсан хэрэг үү?

-Үгүй, өөр өөр цэцэрлэгт байсан. Гэхдээ хоёулаа Алтанцэцэг гэдэг багшаар бүжиг заалгаж байсан юм билээ.

-Өнөөдөр нийгмийн дийлэнх хэсгийг залуучууд эзэлж байна. Тэднийг хараад бахархдаг ч зарим нь болж бүтэхгүй харагдах юм. Залуу хүний хувьд энэ нийгмийн талаар ямар бодолтой явдаг вэ?

Б.С: -Их, дээд сургууль төгссөн хэрнээ ажилгүй зүгээр сууж байгаа залуучуудыг хараад гайхдаг. Бидний хувьд багаасаа байнгын сургуулилалт, бэлтгэл гээд ямар ч завгүй байсаар төгсөөд 18, 19 насандаа ажил хийгээд биеэ даасан болохоор зүгээр суугаад хүнээр тэжээлгээд байгаа залуучуудыг ойлгодоггүй. Гэтэл ажилд авна гэсэн зар энд тэндгүй байна шүү дээ.

О.Г: -Би ч гэсэн санал нийлж байна. Энэ байдлаас болоод залуучууд архи их ууж байна. Арван хэдхэн настай хүүхэд, залуучууд согтуу явж байгаа харагдах юм. Залуучууд чөлөөт цагаа өнгөр үүлчих газар байхгүй байна. Цагийг зөв өнгөрүүлэх, мэдлэг мэдээлэл авчих газар алга. Дан баар, цэнгээний газар байхаар тэд хаачих юм бэ? Гадаадын улс орны жишээг харахад залуучуудад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ төвлөрүүлсэн газар олон байдаг. Жишээ нь, Лондонд нэг парк гэхэд л дотроо өч төчнөөн үйлчилгээ, театр, хүрээлэнтэй байдаг. Тийм газар манайд үгүйлэгдэж байна.

-Та нар цаг зав гаргаад хаана очиж, яаж амардаг бол?

Б.С: -Цаг зав гэдэг бидний хувьд маш ховор зүйл. Ажил гэрийн хооронд л явдаг.

О.Г: -Үнэхээр цаг зав бараг гардаггүй юм. Би аав болчихсон болохоор зав л гарвал гэр рүүгээ гүйдэг. Эхнэр, хүүхэд рүүгээ яардаг. Сүүлийн үед гэрийн ажилд их хообийтой болоод байгаа. Хоол хийх дуртай болсон.

-Бахархмаар ч залуу насанд программчлагдсан машин шиг байх нь дэндүү уйтгартай биш гэж үү?

-Хүмүүс тэгж хэлдэг л юм. Гэхдээ зориод дурлаад энэ мэргэжлийг сонгосон болохоор хэцүү санагддагүй ээ. Сонголтдоо бид үнэнч. Балетчдын хувьд онцлогтой. Цанын баазад очиж, гулгая гэсэн ч хөл гараа бэртээчихнэ гээд хамаагүй явж болохгүй гэх мэтчилэн асуудал бий. Хааяа гадагшаа гарахаараа зоогийн газарт ороод сайхан хооллоод ярьж, сууна.

-Бухимдсан үедээ яаж тайвширдаг вэ?

О.Г: -Хааяа энэ ажлыг хийхээ больчихмоор санагддаг үе байдаг шүү. Гэхдээ чадахгүй л дээ. Энэ урлаггүйгээр амьдралаа төсөөлөхгүй. Хар багаасаа дурлаж, зорьсон ажлыг тийм амархан орхихгүй. Балетийн урлаг маш хэцүү. Хүссэн хүн бүр хийх ажил биш. Спортынхонтой адилхан. Бид хэд бухимдахаараа караоке орж, сайхан орилж өгнө дөө. Сүүлийн үед би хоол хийж, тайвширч, таашаал авдаг болоод байгаа. Үхрийн махыг цагаан гаагаар амтлаад төрөл бүрийн ногоогоор хачирлаад өгөхөд эхнэр маань их дуртай.

Б.С: -Үнэхээр энэ тайзгүй, балетгүй бол амьдралаа төсөөлж чадахгүй. Манай бүжигчид хүүхэд төрүүлээд хэсэг хугацаанд ажлаасаа хөндийрчих өөд ирэхдээ тайзаа ямар их үгүйлснээ ярьдаг.

-Одоо ДБЭТ-т эрэгтэй гоцлол бүжигчин хэд байна вэ. Нэгэн үе театрт эрэгтэй гоцлооч ганц, хоёрхон байсан шиг санагдана.

-Батболд ах нэг хэсэг ганцаараар байсан юм билээ. Одоо харьцангуй өөр болсон. Манай Өлзий, Од хоёр Японоос ирчихсэн байгаа. Тэгээд Мөнг өнхүлэг бид хэдүүлээ байна. Шинэ гарч ирж байгаа залуус байгаа ч тэр бүр гол дүрд бүжиглэхгүй.

-ДБЭТ долоо хоног бүр тоглолттой байдаг. Цалин хөлсний хувьд ямар байдаг бол. Дэлхийн жишгээр бол балетийн театрын гоцлоочдын цалин “тасарчихсан” байдаг гэсэн?

-Биднийг аймаар өндөр цалинтай гэж боддог шиг байгаа юм. Гэхдээ яг тэд эд гээд хэлэхээс санаа зовоод байна аа.

-Цалингийн тухай ярихаар ичмээр байдаг юм гэж манай театрын урлагийнхан ярьдаг л даа. Зарим нь өдий зэрэгтэй болгосон театраа муу хэлж байгаа мэт санагдаад, сэтгэлд нэг юм зулгаагаад энэ тухай ярихыг хүсдэггүй гэдэг. Гэхдээ энэ бол тухайн театрын тогтоосон жишиг цалин биш шүү дээ. Энэ бол төр, засгаас тогтоосон цалингийн хэмжээ. Тиймээс л сая урлагийн байгууллагынхан багш нартай нэгдэж, ажил хаялтад оролцсон.

-Үнэхээр энэ асуудалд төрийн бодлого, зохицуулалт хэрэгтэй байна. Бидний цалинг бусад орны уран бүтээлчдийнхтэй харьцуулахын аргаг үй бага. Сардаа гар дээрээ 360 орчим мянган төгрөг авдаг. Англи, Япон, Америкт жирийн иргэд нь зөвхөн долоо хоногт манайхаар сая гаргаад авч байна. Тэгэхээр уран бүтээлчид нь тасарчихна л даа. Урлагийнхны цалин хөлсийг төр, засаг харж үзээсэй.

-“Спартак”-ыг тайзнаа тавих гэж байна. Та хоёр гол дүрд бүжиглэнэ гэсэн үү?

-Зохиолоо авчихаад танилцаж байгаа. Ирэх хоёрдугаар сард тоглоно.

-Бие даасан тоглолт хийх мөрөөдөл бий юү?

-Ирээдүйд бодож болох л юм. Бидний хувьд гараанаас гараад удаагүй байна. Тийм тоглолтын хэмжээнд хүртэл дадлага туршлага хэрэгтэй. -Алтанхуягийн зохион байгуулсан балетийн наадамд та хоёр бүжиглэсэн. Манайхны чадвар ер нь дутахгүй байсныг онцолмоор байна.

О.Г: -Тийм шүү, манайхан хаана ч гологдохгүй, мундаг. Тэр үед ирсэн хоёр балетчинтай би Америкийн Жексон хотод болсон олон улсын уралдааны үеэр танилцсан юм. Тэд манайхны ур чадварыг үнэхээр биширсэн.

-Жексонд болдог уралдааныг балетчдын олимп гэдэг юм билээ. Энэ уралдаанд орно гэдэг нэр төрийн хэрэг шүү.

-Тийм ээ. Маш том уралдаан. Би 2010 онд тэр уралдаанд оролцсон.

Хорин хэдхэн насандаа гарамгай амжилтад хүрсэн ийм залуустай ярилцахад таатай байлаа. 2012 оны босгон дээр соёлын тэргүүний ажилтан болсон тэд “Биднийг уран бүтээлч болоход сэтгэлээ зориулж, өдий зэрэгт хүргэсэн Б.Гэрэлчимэг, Энхтуяа, Дашлхагва багшдаа маш их баярлалаа. Мөн ардын жшжигчин Ганбаатар, соёлын тэргүүний ажилтан Оюунтуяа эгч гээд талархах хүн олон байгаа. Биднийг үргэлж ойлгож, дэмждэг гэр бүлийнхэндээ, аав, ээждээ баярлалаа” хэмээснийг уламжлъя.

Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.