Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголыг басаж болохгүй цаг иржээ

Монгол-Гадаад орон

Саяхан болтол Зөвлөлт орны хамгийн үнэнч боол байсан Монгол орон Путиний Орост амар идэгдэхгүй хатуухан самар болж хувирчээ. Москва сүүлийн найман жилд гурван ч удаа алтан уул амлаад Улаанбаатарыг уярааж, байгалийн баялагт нь хүрч чадсангүй. Яагаад оросууд Монголд амжилт олохгүй байна вэ гэсэн асуулт тавьж, хариулт өгөхөөр “The New Times” сонин дорх нийтлэлийг бичсэн байна.

Энэ оны нэгдүгээр сард Монголын ардчилсан ерөнхийлөгч, 46 настай Цахиагийн Элбэгдоржийн санаачилгаар Монголд цаазаар авах ялыг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ. “Бид дэлхийн дэвшилт орнуудтай хамт алхах хэрэгтэй” гэж тэрбээр Их хуралд хэлсэн ч сөрөг нам болох Хувьсгалт нам эсэргүүцэн хүлээн авсан юм. Сөрөг нам битгий хэл Монголын Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ хоригийг “улс төрийн осолтой алхам” хэмээн нэрлэсэн. Харин Ц.Элбэгдоржийн хувьд энэ нь цаазаар авах ялыг бүрмөсөн хориглох хууль батлуулах анхны алхам бөгөөд хэрэв тэрбээр дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал энэ хориг хүчингүй болно гэж айж байгаа юм. Энэ бүхэн юу хэлээд байна вэ гэвэл Монгол эрүүл саруул улс төрийн амьдралтай, ардчилал хөгжсөн орон гэдгийг л үзүүлээд байгаа юм. Монголд шударга үнэн сонгууль явагддаг, сонгуулийн тойргоо “өв залгамжлуулж” үлдээдэг явдал байхгүй. Энэ бүхнийг нь харин урьд өмнө Монголын бүх асуудлыг шийдэж, захирч байсан хуучны “Том ах” нь ойлгож байгаа юу гэдэг эргэлзээтэй.
“Тахиа шувуу биш, Монгол гадаад биш” гэж Зөвлөлт засгийн үед ярьдаг байлаа. Үнэхээр Улаан-Үд, Эрхүүгээс Улаанбаатар орох онгоцыг дотоодын нислэг гэж үздэг байсан. Хоёр орны хилийн харуул хамгаалалтын талаар онигоо яриа зөндөө байсан гээд бод. Тухайлбал, Зөвлөлтийн уулчид Тувад аялж яваад дэлгүүрт оржээ. Үнэ нь дөрөв дахин нэмэгдсэн байсанд гайхсан уулчид учрыг лавлахад худалдагч цэвэрхэн орос хэлээр “Яагаад гэвэл манай нэг төгрөг танай 22 копейктэй тэнцдэг юм. Та нар Монголд ирснээ мэдээгүй юм уу?” гэж хэлсэн гэдэг.
2009 он Монголыг Буриадтай адилхан “манай муж” гэдэг Оросын ойлголтод цэг тавьсан юм. 2009 оны тавдугаар сарын 24-нд Монголд болсон ерөнхийлөгчийн сонгууль энэ бүхнийг тодотгож өгсөн гэхэд болно. Сонгуулиас арав хоногийн өмнө Владимир Путин Японоос харих замдаа Монголд буусан. Оросын хэвлэл мэдээлэл энэ үеэр “Росатом” Монголын тал нутагт атомын цахил гаан станц барина, алт зэсийн Оюутолгой, нүүрсний Тавантолгойн орд газар эзэмшихэд ОХУ оролцохоор тохиролцлоо хэмээн бичиж эхэлсэн. Харин Монголын сөрөг хэвлэлүүд Путинийг МАХН-аас ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Энхбаярыг дэмжихээр ирлээ гэж бичиж байсан ба Москва ч энэ зорилгоо нууж байсангүй. ОХУын Засгийн газрын төлөөлөгч Юрий Ушаков ч “Бид Монголд Н.Энхбаярыг дэмжихээр явж байна” хэмээн хэлсэн байдаг.
Орос хэчнээн дэмжсэн ч сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж ялж орхилоо. Түүнийг ялж болзошгүй гэдгийг хэн ч урьдчилж мэдээгүй нь гайхалтай. Ингээд л Орос-Монголын бизнесийн агуу төлөвлөгөө будаа болох нь тэр. Монголчууд Оюутолгойг ашиглах эрхийг олон улсын хамтарсан Rio Tinto , Ivanhoe Mines-д өгсөн нь Оросуудын хувьд гэнэтийн явдал байлаа. Үлдсэн Тавантолгой руу “Оросын төмөр зам” дайрч, шинэ орд газарт тавих төмөр замын эрхийг өмчлөх гэж оролдсон. Тэд Тавантолгойг эзэмших лицензээ төмөр зам барих эрхээр солих гэж санаархсан хэрэг. Монголын өмнөх Ерөнхий сайд С.Баяр Оросын төмөр замын тэргүүн Владимир Якунинд гэрээ байгуулахад нь тусална гэж амласан гэх яриа байдаг. С.Баяр бол Москвагийн их сургуулийн хуулийн анги төгссөн хүн. Гэвч 2009 оны аравдугаар сард тэрбээр эрүүл мэндийн байдлаар албан тушаалаа өгсөн нь Орос гүрний бизнес сонирхолд том цохилт болсон юм. С.Баяр Монголын удирдагчдаас Орост хамгийн талтай нь байлаа.
Ингэхэд оросууд яагаад Монголд нэвтэрч чадсангүй вэ? Энэ талаар Монголын улс төр судлаач С.Бямбасүрэн “The New Times”-д ярилцлага өгөхдөө “Оросын баян тарган аварга загаснууд Монголын эдийн засгийн алтан өндгийг халааслах гэж дэндүү эрээ цээргүй оролдсон. Тийм болохоор ямар ч амьтан өөрийгөө хамгаалах нь байгалийн зөн” гэж ярьсан. Түүний хэлснээр шинэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний талынханд С.Баярын Москватай хийсэн яриа хэлэлцээр таалагдаагүй гэнэ. С.Баярын оронд түүний намын нөхөр С.Батболд сонгогдсон ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар түүнийг Орост нааштай хандахыг хүлээгээд хэрэггүй бололтой. Шинэ Ерөнхий сайд нээлттэй эдийн засгийн бодлого явуулахаа амласан бөгөөд далд нууц юм хийхгүйгээ зарласан. Тийм болохоор Москвад Тавантолгойг авах ямар ч боломж үлдээгүй гэж шинжээчид үзэж байна.


Тэнэг бодлого

 Өнгөрсөн жил Оросын бодлого Монголд бүрэн сүйрснийг харахад “аргагүй шүү дээ” гэдэг бодол өөрийн эрхгүй төрнө. Үүнээс өмнө Оросууд хоёр ч удаа Монголд “буцаж очих” гээд чадаагүй юм. Гурван жилийн өмнө тэр үеийн Ерөнхий сайд Михаил Фрадков Улаанбаатарт очоод Монголын хамгийн том “Эрдэнэт” үйлдвэрийг Оросын мэдэлд өгөхийг “эелдгээр” санал болгосон. Түүнтэй хамт Оросын “Северсталь”, “Русал” зэрэг акулууд өнгөт металл болон нүүрсний орд газруудаа хямд үнээр өгчих хэмээн монголчуудыг панаалдаж байлаа. Яагаад гэхээр Монголд дэд бүтэц хөгжөөгүй, мэргэжилтэн, боловсон хүчингүй, ажилчин ч олдохгүй, ер нь та нар юу ч хийгээд бүтэлтэй юм болохгүй гэж хэлсэн байгаа юм. Мэдээж Фрадков гэрээ байгуулж чадаагүй, гуяа ганзагалаад харьсан.
Түүнээс өмнө 2002 онд Ерөнхий сайд Михайл Касьянов Монголд очоод ЗХУ-д төлөх ёстой 10 тэрбум долларын өрөө өгчихвөл бид хөрөнгө оруулалт хийе гэж ярьсан. Монголчууд юу ч хэлээгүй. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Нэгдүгээрт тэдэнд тийм их мөнгө байгаагүй, хоёрдугаарт тэд 1921-1991 онд газар нутгаа цэргийн баазад ашиглуулсан болон эрх тэгш бус худалдааны төлбөр нэхэж чадах байлаа. Дээр нь 1941-1945 онд ЗХУд нэхий хүрэм, адуу мал, мах, эсгий гутал нийлүүлж байсныхаа хариуг ч нэхэж болох байв.


Алд алд, бас дахин алд

 Яагаад оросууд монголчуудтай харилцахдаа нэг гаргасан алдаагаа давтдаг юм бол? Учир нь тэд одоо болтол Монголыг ЗХУ-ын 16 дахь Бүгд найрамдах улс гэдэг ойлголтоосоо салаагүй байгаа. Нэг муу зэрлэг орон, эдэнтэй яаж ч харьцсан яахав гэсэн бодолтой байдаг. Тэгвэл Монгол социалист систем нурснаас хойших хорин жилийн дотор улс төр, нийгмийн хөгжил, гайхалтай нь эдийн засгаараа ч ЗХУ-ын хуучин бүгд найрамдах улсуудыг холоо гэгч нь орхисон байгаа юм. Барууны болон Япон, Хятадын компаниуд Монголын газрын баялагт нэвтрэх боломж олох гээд дараалаад зогсож байна. Оросын бас нэг алдаа бол өөрсдийнхөө зохиосон Оросын талын Хувьсгалт нам, Барууныг дагагч Ардчилсан нам гэдэг үхширсэн ойлголтоосоо салаагүй л байна. Үнэндээ бол Монголын бүх улс төрийн хүчин Москва, Бээжингийн хооронд тэнцвэрээ алдахгүй явж байхыг боддог. Ардчилсан намынхан нь тэдний энэ тэнцвэрийг хадгалах гэж Америк, Европ, Япон, БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг арай илүүд үздэгээрээ бага зэрэг ялгаатай байж магад. Гэхдээ Монголын хамгийн том эдийн засгийн түнш, ивээн тэтгэгч Хятад гэдгийг ойлгох ёстой. Хятадууд одоо Монголд хот тосгон, хороолол барьж байгаа. Монголын зах зээлд хятад бараа дийлэн ноёлж байгаа бол Орос энэ бүгдийг өгч чадахгүй. Зах зээл дээр ноёлно гэдэг улс төрийн нөлөө, хүч л гэсэн үг. Энэ нь Москвагаас хэдэн том дарга нар ирж, томрохоос илүү нөлөөтэй нь гарцаагүй.

“Хөх” аюул
Нөгөө талаас нь харвал Орос хэрэв байгаагүй бол аварга том Хятад гурав хүрэхгүй сая хүнтэй Монголыг хөнгөхөн залгина. Монгол, Хятадын харилцаа ээдрээтэй хэцүү, хэдэн зуун жилийн дайн байлдаан, өс хонзон одоо ч мартагдаагүй. Хятадууд хэт их олширвол тал нутгийн хөвгүүд эх орондоо үндэсний цөөнх болон хувирна гэдгээ ухамсарлаж байгаагаас Хятадаас эмээдэг. Энэ айдас нь Монголын улс төрийн байдалд тод харагдана. “Улаантнууд” буюу хувьсгалт нам, “цагаантны” Ардчилсан намаас гадна “хөх” хэмээх гуравдагч хүчин нөлөөгөө нэмэгдүүлсээр байна. “Хөхүүд” гэж монголчууд “Даяар Монгол”, “Хөх Монгол” болон Гитлерийг шүтэн биширдэг хэмээх “Монголын Үндэсний холбоо”–г нэрлэдэг. Улаанбаатарын гудамжаар Германы Эс Эс-ийн хувцастай залуучууд харагдах нь цөөнгүй. Гэхдээ Монголын үндэсний үзэл нь өрөөсгөл талтай. Тэд хятадуудтай тэмцэхээс биш оросуудын эсрэг юу ч хийдэггүй. Одоо Монголын Засгийн газар Хятадын хөрөнгө оруулагчдын санааг тайвшруулж, барууныхыг үргээхгүй байх талаар хүч тавьж байгаа аж.
Ямар ч байсан энэ улс 1911 онд Хятадын дарлалаас чөлөөлөгдсөнөөсөө хойших 100 жилд бараг боломжгүй гэмээр үсрэнгүй хөгжиж чадсан. Цөөхөн хүнтэй, хоцрогдсон ард түмэн эмнэлэг, арми, цагдаа, их сургууль, үйлдвэртэй орчин үеийн, өрсөлдөх чадвартай орон байгуулж чадсан. 1923 онд хүн амын дөрөвхөн хувь нь бичиг үсэгтэй орон байлаа шүү дээ. Монголыг хамтын ажиллагааны найдвартай түнш хэмээн хүндлэх цаг болжээ.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.