Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛЧУУД ДЭЛХИЙН ШОУ БИЗНЕСИЙН ЕРТӨНЦӨД ХӨЛ ТАВИНА

Хоосон мөрөөдөл гэж эндүүрүүзэй. Монгол төдийгүй гаднын хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж, хэдийнэ 18000 хувь борлогдсон цомог, сонсогчдын сэтгэлийн утсыг хөндөх чадалтай аялгуунуудаас нь энэ дүгнэлтийг хийсэн юм. “i1” продакшны уран бүтээлчдийн эрхлэн гаргасан “Introduction to Nomads” цомгийг сонссон бол та надтай санал нэгдэх нь гарцаагүй. “Nomads”- ын сүлжээ зоогийн газруудад эгшиглэн, худалдаалагдаж байгаа уг цомог чамлахааргүй үнэтэй ч борлуулалтаараа Монголдоо толгой цохиж байгаа. Түүгээр барахгүй цахим хуудсуудад ч энэ цомгийн хуулбар нь хүндтэй байр суурь эзэлж, интернэт хэрэглэгчдийн магтаалд даруулж байх юм. Хөгжим хэмээх увидаст урлагийг мөнгө олох хэрэгсэл бус сэтгэлийн эгшгийг хөглөх гайхамшигт хэрэгсэл болгож, түүгээрээ дамжуулан Монголын урлагийг дэлхий дахинд таниулах зорилгоор уран бүтээл туурвиж байгаа “i1” продакшнд “A sound”, “Бөртэ” хамтлагийн уран бүтээлчид хамаардаг. Үндэсний хэв маягийг өнөө цагийн бөмбөрийн хэмнэл, гитарын аялгуутай хослуулдаг тэд дараагийн ажилдаа ханцуй шамласан бөгөөд “Алтайн магтаал”-ыг өөрсдийн хэв маяг, стилиэр амилуулснаа сонсогчдын хүртээл болгох гэж байна. Түүнчлэн шинэ уран бүтээл болон “Introduction to Nomads” цомогт багтсан аялгуунуудаараа тоглолт зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Энэ талаар тодруулахаар тус продакшны продюсер М.Болдтой уулзлаа.

-Танай продакшны уран бүтээл монголчууд төдийгүй гаднынхны анхаарлыг татдаг гэж сонслоо. Тэгэхээр монголчуудад дэлхийн хөгжмийн зах зээлд хөл тавих боломж олдож байна гэж ойлгож болох уу?

-Манай уран бүтээлчид үүний төлөө л хөдөлмөрлөж байна. Мэдээж сайн продюсер, менежментийн баггүй бол хэчнээн сайн уран бүтээл хийсэн ч дэлхийн зах зээлд өрсөлдөнө гэдэг бараг бүтэшгүй зүйл. Тиймээс юун түрүүнд чанартай уран бүтээлүүдээрээ гаднын продюсер, продакшнуудын анхаарлыг татах шаардлагатай байдаг юм билээ. Бид ажлаа дөнгөж эхэлж байгаа болохоор энэ тухай дэлгэрэнгүй мэдээллээд хэрэггүй болов уу. Ихийг амлахаасаа илүү “Бид ийм л зүйл хийж, бүтээлээ” гээд нүүр бардам уншигчидтайгаа уулзсан нь дээр байх.

-Тоглолтынхоо талаар сонирхуулаач.

-Үзэгчид нь өөрийн эрхгүй аялгуунд нь автаж, сэтгэл догдлуулах нь тоглолтын жинхэнэ мөн чанар. Энэ чанарыг хадгалсан тоглолт зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэлээ базааж байна. Бэлтгэл хийнэ гэхээр хүмүүс арав гаруй хоног хамтран сургуулилалт хийнэ гэж ойлгодог шиг байгаа юм. Үнэндээ хөгжим, аялгуугаа өөрөө ч мэдрэхгүйгээр бусдад хүргэх боломжгүй зүйл. Тиймээс бид удаан хугацааны турш бэлтгэл хийж байгаа. Бусад тоглолтуудаас хэт сунжирсан урт биш, бас хөтлөгчгүй гэдгээрээ ялгарна. Хоёр гурван цаг үргэлжилсэн тоглолт үзэгчдийг залхаадаг. Энэ нь хүний анхаарал төвлөрөх чадвартай холбоотой. Тиймээс бид тасралтгүй үргэлжлэх nonstop тоглолтоо цаг арван минут хийнэ.

-Тоглолт хэзээ болох вэ?

-Хөрөнгө, санхүүжилтийн байдлаас болоод хугацаагаа товлож чадаагүй л байна. Бидэнд ашиг хонжоо хайсан биш, урлагийн төлөө гэсэн сэтгэлтэй ивээн тэтгэгч хэрэгтэй байгаа юм. Бидний тоглолтод акустик сайтай орчин шаардлагатай байгаа учир Соёлын төв өргөөнд тоглохоор төлөвлөж байгаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.