Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголд гэмт хэргийн бүлэглэл байгуулсан хятадуудын хэргийг прокурорт буцаалаа

Монголд гэмт бүлэглэл байгуулж, манай улсын иргэдийг залилахаар төлөвлөгөө боловсруулаад байсан БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан, Хуан Яао Шэнг, Еэ Чин Хуй, Нарсу, Хуан Шин Бин, Лиан Жү Фэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд даваа гаргаас эхлэн гурван өдрийн турш хэлэлцсэн боловч, шүүх бүрэлдэхүүн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн, нэмэлт материал бүрдүүлэх шаардлагатай гэж үзлээ. Улмаар хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаалаа. БНХАУ-ын Шу Хуй Хуан, Хуан Яао Шэнг, Еэ Чин Хуй нар бүлэглэн 2019 оны аравдугаар сарын 6-29-н хүртэлх хугацаанд “Ви Чат”, “Дун Фан Цай Фү”, “Тунхуа шүнь Цайжин”, “Вэйтуо Жяо И”, “Тунда Шинь Жинрун Жундуань”, “Телеграм”, “Кюү Кюү”, “Скайп” зэрэг цахим хэрэгсэл ашиглан, хуурамч хаяг үүсгэж, улмаар хувьцаа худалдах, худалдан авах үйл ажиллагаанаас ашиг олж байгаа мэтээр бусдыг хуурах зорилготой зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэдэг. Улмаар эл бүлэгтээ нутаг нэгт Нарсу, Хуан Шин Бин, Лиан Жи Фөнг нарыг элсүүлэн гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөж, бэлтгэсэн. Эдгээр нэр бүхий зургаан хүн бүлэглэн дээрх хугацаанд 180 хүнийг  Монголд байрлуулж, өндөр үзүүлэлт бүхий олон тооны суурин компьютер, зөөврийн компьютер, гар утас зэргээр ханган бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авахад чиглэсэн залилах гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдэхийг завдсан. НПГ-аас Шу Хуй Хуан, Хуан Яао Шэнг, Еэ Чин Хуй  нарыг Эрүүгийн хуулийн 20.3-1, мөн хуулийн 17.3-3.3 дахь заалтад зааснаар, гэмт хэргийн гүйцэтгэгч болох Нарсу, Хуан Шин Бин, Лиан Жи Фөнг нарыг Эрүүгийн хуулийн 20.3-2, 17.3 – 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдсэн билээ.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл. Залилах

3.3.Зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйл.Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх

1.Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээр хангасан, гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.