Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголбанкийг “хулхидсан” Жорж Чайлмерс оргожээ

Монголбанк болон тус банкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг залилсан хэрэгт холбогдоод байгаа АНУ-ын иргэн Жорж Чайлмерсийг улсын хэмжээнд эрэн сурвалжлах тогтоолыг өчигдөр холбогдох байгууллагуудаас гаргалаа.

Учир нь түүнд холбогдох хэргийг өчигдөр Чингэлтэй дүүр гийн шүүхэд хэлэлцэх байв. Гэвч шүүх хурлыг ирэх сарын 9-нийг хүртэл хойшлуулсан юм. Хурал хойшилсон шалтгааныг тус шүүхийн шүүгч Ш.Цогт “Шүүгдэгч Ж.Чайлмерс хуралд ирээгүйгээс болсон” хэмээлээ. Харин бидэнд олдсон мэдээллээр шүүгдэгч Ж.Чайлмерс 2-3 хоногийн өмнө оргосон бололтой. Уг нь өмнөх хурлыг хойшлуулах үеэр шүүх хурал болох өдрийн товыг шүүгдэгчид тодорхой хэлж өгсөн аж. Гэтэл Ж.Чайлмерс шүүхэд ямар нэг тайлбар өгөлгүй, сураггүй болжээ.

Тэгэхээр шүүгдэгч шүүх хуралд санаатайгаар ирээгүй гэдэг нь тодорхой болж буй юм. Тэрбээр гадуур батлан даалтад байсан бөгөөд оршин суух тодорхой хаяггүй энд тэндхийн зочид буудалд амьдарч байсан гэнэ. Оршин суух тодорхой хаяггүй нэгнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авдаг ч энэ удаа шүүх түүнд таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөдүүлсэн бололтой. Бидний авсан мэдээллээр Чин – гэл тэй дүүргийн шүүх Ж.Чайл мерсийг олсон даруйд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих захирамж гаргасан гэнэ.

Шүүгдэгч Ж.Чайлмерстэй холбоотой энэ мэдээллийг тодруулахаар Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалжид хандахад “Шүүгдэгч ямар ч байсан өчигдрийн шүүх хуралд ирээгүй. Түүнийг хилээр гаргахгүй байх хориг тавьсан” гэсэн юм. Хэдийгээр хилээр гаргахгүй байх хориг тавьсан ч гадаадын мөнгө бэлтэй хүмүүс гараад явчихсан тохиолдол цөөнгүй.

“Алтан дорнод Монгол” компанийн захирал С.В.Паушок, БНСУ-ын иргэн Сон Ян Жу, хууль бусаар галт зэвсэг хадгалж, охидын биеийг үнэлүүлэх ажлыг зохион байгуулж байсан Италийн иргэн Б.Франческо зэрэг гэмт хэрэг үйлдсэн гадаадын иргэн хилээр нэвтрүүлэхийг хориглочихоод байхад гараад явчихсан тохиолдол бий.

Үүнд хилийн цэргийнхэн холбоотой байж, хил дээр тавьсан хоригийг түр цуцалж, компьютерийн сангаас арилгаад гараад явсных нь дараа буцаагаад оруулсан тохиолдол ч бий. Тэдний нэгэн адил хилээр гараад явсан байж ч болох юм гэж зарим эх сурвалж өгүүлж байна. Ж.Чайлмерс өөрийнхөө эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгч Ц.Монгол, Ц.Цэрэн жээ нарыг хөлсөлсөн аж. Өмгөө лөгч Ц.Цэрэнжээтэй холбогдоход үйлчлүүлэгчийнхээ талаар ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Харин өмгөөлөгч Ц.Монгол “Түүнийг эрэн сурвалжлах тогтоол шүүхээс гаргаж байх шиг байна. Ж.Чайлмерстэй ойрд уулзаагүй. Шүүх хурал өчигдөр болох байсан ч тэрбээр ирсэнгүй” гэсэн юм. Хил хамгаалах байгууллагаас түүнийг хилээр гарсан эсэхийг тодруулахад “Хуулийн байгууллагаас Жорж Чайлмерс гэдэг нэртэй хүнийг хилээр гаргахыг хориглосон тогтоол ирүүлсний дагуу бүх боомтод мэдэгдэл тараасан. Хилээр гараагүй” гэсэн юм.

Зарим хүн Ж.Чайлмерсийг зүсээ хувиргаад өөр хүний паспортаар хил нэвтэрсэн байж болзошгүй. Цагдаагийнхан шалгаад хилээр гарсан эсэхийг тогтоох байх гэсэн юм. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр тэрбээр “Контенинтал” зочид буудалд амьдардаг байжээ. Харин ойрын өдрүүдэд тус буудалдаа ирээгүй гэнэ. Тус зочид буудлынхантай холбогдож тодруулахад “Манайд Жорж Чайлмерс нэртэй хүн бууж байгаагүй” хэмээсэн юм.

“40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат 2006 оны гуравдугаар сарын 9-нд Жорж Чайлмерс гэх АНУ-ын иргэний “Стоунлей интернэшнл” компанитай 200 сая долларын аккредитив нээх хууль бус гэрээ байгуулаад улмаар түүнд залилуулсан аж. Малайзын “Лабуан офшор” бүсэд хамаарах энэ компани нь манай улсын Төвбанктай байгуулсан гэрээндээ 200 сая долларын аккредитивийг ашиглан олон улсын санхүүгийн зах зээлээс нэг тэрбум доллар татаж, уг эх үүсвэрээ ашиглан орон сууцны дээрх хөтөлбөрийн барилгын 30 мянгыг нь барихад зориулахаар тусгасан байж.

Ингээд Монголбанкны ерөнхийлөгч асныг залилан мэхэлсэн хэргээр анх АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж байгаад улмаар УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн юм. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад НПГ-ын хяналтын прокурор Х.Базаррагчаа түүнд Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлд заасны дагуу бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Өмнө нь нэг удаа түүнд холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч яллах дүгнэлтийн орчуулга алдаатай гэсэн шалтгаанаар өчигдрийг хүртэл хойшлуулсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.