Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Машбат хэрэг хариуцах чадвартай

АНАТХ-ныхны Сүхбаатарын талбайд зохион байгуулж байсан өлсгөлөнг энэ сарын 14-15-нд шилжих шөнө цагдаагийнхан албадан тарааж, тэмцэл хийж байсан хүмүүсийг эмчилгээнд оруулжээ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа С.Баатаржав болон ЦЕГын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргал нараас тодрууллаа.

-АНАТХ-ны Сүхбаатарын талбайд барьсан гэрийг дайрсан М.Машбатад холбогдох хэргийг УМБГаас хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл байна. Ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа юм бэ?

-Энэ сарын 7-ны үүрээр “Ланд круйзер-80” маркийн 01-40 УБМ улсын дугаартай автомашинаар АНАТХ-ныхны өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийн сууж байсан гэрийг дайрсан хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн М.Машбатыг УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа.

-Түүнийг хэрэг хариуцах чадваргүй учраас хэрэгсэхгүй болгосон гээд байгаа шүү дээ?

-Хэдийгээр М.Машбат сэтгэцийн хувьд өөрчлөлттэй ч хэрэг хариуцах чадвартай. Түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй.

-Уржигдар шөнө цагдаагийнхан АНАТХ-ныхны өлсгөлөнг албадан зогсоож, гэрийг нь буулгасан. Хэний, ямар шийдвэрээр ийм арга хэмжээ авсан юм бол?

-Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу цагдаагийн ажилтнууд өлсгөлөн зарлагчдыг албадан эмчилгээнд хамруулсан. Тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж буй хүмүүсийн эрүүл мэндийг үзээд архаг хууч өвчин нь хүндэрсэн тул тэдний эрүүл мэндийг хамгаалах үүднээс яаралтай албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай гэсэн албан бичгийг Засаг даргадаа өгсөн юм билээ. Үүнийг үндэслэн энэ сарын 14-нд Сүхбаатар дүүргийн Засаг дарга албадан эмчилгээнд хамруулах захирамж гаргасан.

Хурандаа С.Баатаржав: -Өлсгөлөн зарлаж буй долоон хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй байсан учраас өнгөрсөн лхагва гаригт албадан эмчилгээнд оруулах захирамжийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга гаргасан. Улмаар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэлд захирамжийг хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Цагдаагийн ажилтнууд хууль журмын дагуу тэмцэл хийж буй хүмүүсийн албадан тарааж, эмчилгээнд хамруулсан.

-Хэчнээн цагдаа тэнд ажилласан юм бэ. 2000-3000 цагдаа энэ сарын 14-ний шөнө Сүхбаатарын талбайг хааж байгаад албадан тараасан. Өлсгөлөн зарлагчдыг эсэргүүцэл үзүүлсэн ч хүчээр тараасан гээд байгаа шүү дээ?

-Нэг дүүрэгт ийм олон цагдаа байхгүй шүү дээ. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн л Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэхэд оролцсон. Цагдаагийн 200 орчим алба хаагч байсан. Албадан эмчилгээнд 27 хүнийг хамруулсан. Тэд сүрьеэ, арьсны өвчин зэрэг архаг, хууч өвчтэй байсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.