Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Минамата”-гийн сүүдэр Монголд хүүшлэв үү

Харахаас харц далдирч, дотор зарсхиймээр сэтгэл эмзэглүүлсэн гэрэл зургуудыг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд надад үзүүллээ. Цээжний хөндийд байх ёстой хүний зүрх гадна талдаа хоолойгоор нь гараад ирсэн байх юм. Хэвлий нь задархай, бүдүүн, нарийн гэдэс нь тэр чигээрээ гоожсон, хөл гарын хуруу байхгүй, хоёр нүд нь шанаан дээрээ, эс бөгөөс уруул, тагнайгүй гээд… бичихэд ч эвгүйцэм олон гаж ургийн зургуудыг тэд баримт болгон хадгалжээ.
Өмнөговь аймагт нялхсын эндэгдэл маш их байна. Энэ үзүүлэлтээрээ улсад хамгийн эхэнд явна. Эмч нарын өгүүлж байгаагаар бол 10 төрөлтийн тав нь дутуу буюу тав, зургаан сартайдаа ураг гарчихдаг гэнэ. Гэтэл сүүлийн жилүүдэд дээр өгүүлсэн шиг гаж ураг төрөх явдал олширсон нь тус аймгийнхныг үнэхээр балмагдуулаад байна. Энэ бол гамшгаас  гадна аймшиг төдийгүй, магадгүй өмнийн говийн бүс нутагт хүн цаашид  амьдрах эсэхэд эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал үүсээд байгаа юм биш үү гэдгийг төр засаг, холбогдох газрын эрх мэдэлтнүүдэд дуулгахыг хүслээ. Энэ талаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газраас Эрүүл мэндийн яам болон Улсын мэргэжлийн хяналтын газарт хэд хэдэн удаа албан тоот илгээсэн ч ямар ч хариу өгөлгүй өдий хүргэсэн нь хачирхалтай санагдана. Тэд яагаад ямар нэгэн арга  хэмжээ авахгүй байна вэ?
 …Энэ чухам юунаас болоод байна вэ? Яагаад ийм гаж ураг тус аймагт олноор төрөх болсныг нарийн судлан шинжилж шалтгааныг нь тогтоомоор байна…” гэсэн хүсэлтийн хариуд   эрх мэдэлтнүүд яагаад таг дуугүй болчихов. Өмнөговьд үүсээд байгаа энэ ноцтой, түгшээмээр нөхцөл байдлыг тэд ард түмнээс нуугаад байна уу, эс бөгөөс үнэхээр тийм харалган арчаагүй нөхөд  улс орныг удирдан залж явна уу хэмээн өөрийн эрхгүй асуумаар санагдаж байна. Нэг л чухал царайлсан эрхмүүд улс төр, ашиг сонирхлоос өөрийг ярихаа ч, анхаарахаа ч байжээ.
Тэд өмнийн говийг алт, нүүрс, зэсээр нь төсөөлөн, олох ашиг, мөнгөө л тооцохоос тэнд хүн амьдарч буйг таг мартсан мэт ээ.
Өмнөговь Монголын ирээдүй. Тэнд жинхэнэ мөнгөний авдар буй. Удахгүй нээгээд хүн болгонд   мөнгө тараана  гэж ярихаас бус аймаг орны  хүн ардын аж амьдрал, эрүүл мэнд, аюулгүйн баталгаа, амьдрах орчин нөхцөл, байгаль орчны байдлын талаар хэн нь ч яагаад ам үл нээнэ вэ.
Тус аймгийн зон олныг төлөөлөн УИХ-д сонгогдсон эрхмүүд ч дорвитой дуугарч байгаа юм алга. Энд хүн гэхэд хэцүү ураг төрж байна. Ганц хоёрхон удаагийн тохиолдол, магадгүй эцэг, эх нь архичин, тамхичин, үгүй бол цус ойртсоны үр дагавар гэж тайлбарлаад зөнд нь орхиж байна уу гэх хар төрж байгааг нуух юм алга. Ингэж болохгүй  болохыг Өмнөговьд очиж байж л ойлгоно.
Гэтэл “…Энэ чинь эрүүл мэндийн салбарынхны хариуцдаг ажил болохоос бидэнд хамаагүй. Наадахаа орхи” гэсэн хариуг Улсын мэргэжлийн хяналтын газрын удирдлага аймгийн мэргэжлийн хяналтынханд өгсөн гэхийг Өмнөговийн ард иргэд эгдүүцэн ярихыг сонссоноо эрхэм даргад дуулгая. Арай ч үгүй баймаар.  Аймаар, үл танигдах эмгэг юунаас болоод гарах болсныг, яагаад Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд гажиг хөгжилтэй төрсөн нярай олширсныг, бусад аймагт, улсын хэмжээнд ямар байгааг нягтлан шалгах нь Мэргэжлийн хяналтынхны ажил үүрэг биш ээ гэж төрийн өмнө үүрэг хүлээсэн энэ дарга үнэхээр хэлж чадсан гэж үү!
Өмнөговь аймгаас тус газарт болон Эрүүл мэндийн яам, ЭНЭШТ-д гажиг төрсөн ургийн шинжилгээний сорьцыг явуулсан хэдий ч хаана хаанаа таг, хариуг нь өгөхгүй байгаагаас дээрх газрууд ч ялгаагүй бидэнд хамаагүй гээд сууж байдаг юм биш байгаа гэх эргэлзээ төрөв. Тэгсэн атлаа “Нярайн эндэгдэл их байгаа нь та нарын ажил муугийнх”  гэсэн дүгнэлтийг Эрүүл мэндийн яамны түшмэд удаа дараа гаргаж,  чадамж дорой нөхцөл байдалд чадлаараа зүтгэж буй орон нутгийн эмч нарыг “дарамталсан” гэх.
Үүнийг бичигч байдал ямар байгааг газар дээр нь нүдээрээ харж, чихээрээ сонссон болохоор орон нутгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, мэргэжлийн хяналтынхныг өмөөрмөөр байна. Тэднийг муу ажиллаж байна хэмээн баалах нь үнэнээс гажсан хэрэг болох юм билээ. Дутуу төрөлт тийм өндөр хувьтай байгаа аймагт ядаж ганц  ч “инкубатор” байдаггүй гэвэл итгэх үү. Үнэхээр байдал тийм л байна. С.Ламбаа гээд нэг л сайхан инээсэн сайдын “Өгнө өө” гэдэг үг өмнөговийнхныг  хэдэн жил хүлээлгэхийг бүү мэд. Энэ бүхнийг оршил болгохын учир Өмнөговьд ноцтой нөхцөл үүссэнийг эрхмүүдэд дахин сануулж, ямар нэгэн байдлаар газар дээр нь очиж үзээд, шаардлагатай бол тусгай баг томилон анхааралдаа даруй аваасай гэж хүссэнийх.
Өмнөговьд төрсөн гажиг ургийн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр анх удаа хэвлэлийнхэнд дуулгасныг хэн ч тоосонгүй нь харамсалтай. Түүний хэлснээр улс үндэстний аюулгүй байдалд нөлөөлөхүйц асуудал тэнд үнэхээр үүссэн юм биш байгаа гэх айдас төрж байна.
Монголд “Минаматагийн өвчний” нэг хэлбэр бий болсон байхыг үгүйсгэж боломгүй санагдлаа.
Сүүлийн арваад жил  монголчууд дээр доргүй “мөнгө улаан  нүд цагаан”-ы замаар хөлхөлдөж,  амь нас, эрүүл мэндээ ч гаргуунд нь хаяад алтны төлөө үнэхээр үзэж тарж, үсэрч харайцгаалаа. Ухаж сэндийчсэн газар нутаг, ширгэж тасарсан гол, горхи тоймоо алдсан. Нийгэмд “нинжа”  хэмээх бүхэл бүтэн давхарга үүслээ. Энд тэндгүй мөнгөн ус, цианитаар хордсон талбай. Ийм нөхцөлд эрүүл монгол хүний тухай ярих нь дэндүү утгагүй сонсогдоно.

Минаматад юу болсон бэ
Японы Кумамото мужийн Минамата хотын иргэд баяр хөөрд умбасан байлаа. Энэ бол 1932 он. Учир нь тус хотод “Chisso” хэмээх химийн үйлдвэр ашиглалтад орсон нь Япондоо хамгийн томд тооцогдож, тус хотын бараг өрх бүрээс нэг хүн уг үйлдвэрт ажиллах болж, хотын төсөвт орох мөнгөний дүн ч нэмэгдсэн явдал баярлах  шалтгаан байжээ. Оюутолгой, Тавантолгой хэмээн эдүгээ хөөрцөглөж буй бидний нэгэн адил л япончууд, тэр тусмаа Минаматагийн оршин суугчдын яриа, алхаа гишгээ нь хүртэл “пээдгэр” болсон байсан юмсанж. Гэтэл хэдхэн жилийн дараа  тус хотын оршин суугчдыг гамшиг дайрсан юм. Муур, нохой гэнэт л татвалзан үхэж,  шинээр төрж буй нярай нүдгүй, гаргүй, дотор эрхтэнгүй гарах тохиолдол олширсон юм. Тухайн үед хотын эрх баригчдын өгч байсан тайлбар яг манайхантай төстэй.
Тэд “Минаматагийн иргэдийн дунд цус ойртсон гэрлэлт олширсонтой холбоотой” хэмээн хэвлэлээр мэдэгдэж байлаа. Гэвч эмгэг улам газар авсаар 1950 он гэхэд л шалтгааныг нь олж тогтоосон хэдий ч маш их хохирол амссан байв. Нөгөө бахархал болсон “Chisso” үйлдвэр нь мөнгөн усаар  хордсон 27 тонн хог, хаягдлыг далайд хийснээс болж ийм аюул япончуудыг нөмөрсөн байжээ. Ийнхүү олон зуун хүний амь насыг авч одсон “Минаматагийн өвчин” хэмээх нэр томъёо анх гарч ирсэн байдаг. Хордсон хүмүүсийн үхэл гуч гаруй жил үргэлжилсэн юм. Эдүгээ ч 3000 гаруй хохирогч Японы Засгийн газар, Эрүүл мэнд, Байгалийн яамны хяналтад   эмчлүүлсээр буй гашуун туршлагыг дэлхий нийт мартаагүй, сэрэмжилсээр буй цаг.
Эдүгээ Японд дампууръя гээд ч дампуурч болдоггүй ганц компани гэвэл “Chisso”. Учир нь Засгийн газраас нь байдал хүндрээд ирмэгц л уг компанид зээл олгодог агаад үйл ажиллагаанаас нь олсон орлогыг “Минаматагийн өвчин”-д нэрвэгдэгсдийн хохирлыг барагдуулахад зориулдаг. Байгаль орчинтой зүй бусаар харьцаж, орчноо химийн болон хүнд хортой металлаар хордуулж, хэт мөнгө хөөж улайрах нь ямар байдалд  хүргэдгийг хүн төрөлхтөнд Минаматагийн синдром сургамжилсан авай.

Өмнөговьд юу болоод байна вэ

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Буяннэмэхтэй уулзаж гажиг төрөлтийн шалтгааны талаар асуухад “Аймгийн хэмжээнд гажиг хөгжилтэй төрсөн нярайн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаад санаа зовниж байна.
Чухам юунаас болоод байна вэ гэдгийг л тодорхой тогтоох ёстой. Гэтэл төв рүү явуулсан хариу ирэхгүй байна. Өмнөговь аймагт гар аргаар буюу хууль бусаар  химийн хориотой, хортой бодис ашиглан алт олборлодог үйл ажиллагаа газар авч, дэндүү замбараагүй байдал үүссэн. Хүн бүр л алтанд явдаг болж. Мөнгөн ус, цианит  натриг тэд хэрэглэдэг. Гэхдээ гаж төрсөн нярайг мөнгөн ус, цианитын хордлогоос болсон гэж шууд дүгнэх боломжгүй” гэж байлаа. Гэвч хардаж байгаагаа нуусангүй. Хамгийн гол нь энэ бүхэн юунаас болоод байгааг судлан тогтоох нь энэ төрлийн судалгаа шинжилгээ хийдэг байгууллага болох ЭНЭШТ, түүнчлэн Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын газрынхны зайлшгүй үүрэг байх ёстой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч энэ асуудалд анхаарлаа хандуулах биз ээ.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн нэгдсэн эмнэлэгт 2006-2009 онд төрсөн эх, нярайн түүх, нярайн нас баралтын бүртгэлийг аймгийн хүүхдийн ерөнхий эмчийн судалгаа, хүүхэд, нярайн мэргэжилтний мэдээлэлд тулгуурлан  төрөлхийн гажиг хөгжлийн судалгааг сүүлийн дөрвөн жилээр гаргажээ .Энэ судалгаанаас харахад 2005 он хүртэл Өмнөговь аймагт нярайн нас баралтыг төдийлэн бүртгэж байгаагүй бөгөөд 2006 оноос  дэлгэрэнгүй бүртгэж эхэлсэн юм байна.
 2006 онд гурав, 2007 онд тав, 2008 онд долоон нярай гаж хөгжилтэй төрсөн бол  2009 он гарсаар эхний дөрвөн сард гэхэд л найман  нярай гаж төрсний дотор хүйсээр гэдэс нь цувсан, төрөлхийн цөсгүй, зүрхний таславчгүй, зүрх нь ил гарсан, чихний нүхгүй битүү, нүд нь зайтай гэх мэт эмгэг зонхилжээ.
Судалгаанаас сүүлийн хоёр жилд нярайн гаж төрөлт тус аймагт огцом өсөж байгаа нь тодорхой харагдаж байна. Аймгийн эмч нар энэ талаар ямар бодолтой яваа бол.

 С.Туяацэцэг (Аймгийн нийгмийн эрүүл мэндийн албаны дарга)

 -Тус аймагт 2005 он хүртэл жилд 2-3 гаж ураг төрдөг байсан ч тагнайн цоорхой, уруул сэтэрхий, зүрхний төрөлхийн гажиг гэх мэт нийтлэг тохиолддог эмгэг байдаг байлаа. Гэтэл 2007-2008 онд урьд тохиолдож байгаагүй эмгэг гаж бүхий нярай төрөх нь эрс нэмэгдсэн. Энэ талаар Эрүүл мэндийн сайдад, яаманд асуудал тавиад байхад хариу алга. 2009 он гараад бүр найман нярай бүртгэгдлээ. Бөөргүй, тархигүй, хөл гарын хуруугүй, нүд нь хол зайтай тус бүр нэг, хэвлийн хана хөгжөөгүй гэдэс нь ил гарсан, тагнайгүй тус бүр хоёр  нярай төрлөө. Алтны хууль бус олборлолт ихэссэнтэй холбоотой байж магадгүй гэж бодож байгаа. Аймгийн мэргэжлийн хяналтынхан ажиллаж, гар аргаар алт олборлодог явдлыг таслан зогсоосон ч  нууцаар олборлодог явдал мэр сэр гарсаар байгаа.
Манай аймгийн газар нутгийн 70 хувь нь мөнгөн ус, цианитаар хордсон. Өнгөрсөн жил хордсон хөрс шороо, шламыг булшлах ажлыг аймгийн хэмжээнд хийсэн. Ер нь гаж төрөлттэй нярайн эцэг эхийг судлаад үзэхэд ихэнх нь гар аргаар алт олборлодог, эс бөгөөс мөнгөн ус, цианитаар угаасан шламын ойролцоо амьдардаг хүмүүс байгаа нь анхаарал татаж байгаа. Мөн шатахуун түгээх станц болон химийн будагтай харьцдаг ажил эрхэлдэг эцэг эхээс гаж нярай төрснийг бүртгэсэн гэж ярьж байна.
 Энэ талаар Эрүүл мэндийн  яаманд болон орон нутгаас сонгогдсон гишүүддээ (УИХ-ын) хэлж ярих хэрэгтэй биз дээ. Дахин дахин шаардаад байх ёстой баймаар гэж асуухад,

 Д.Энхмандах: (Аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга)

 -Хэлж ярилгүй яах вэ. Хамгийн сүүлд Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Долгорыг ирэхэд нь байдлыг танилцуулсан. ЭМЯ-наас судалгаагаа явуул гэснээр нь явуулсан. Яаманд аймгийн эмнэлгийн нөхцөл байдлын талаар удаа дараа асуудал тавьж байгаа ч шийдэж  байгаа юм алга. Аймгийн  хэмжээнд дутуу төрөлт маш их байна. “Инкубатор” гуйгаад л байж байгаа. Тоног төхөөрөмж үнэхээр хоцрогдсон, шинэчлэх, сайжруулах хэрэгтэй байна. Төвөөс ямар ч хүн ирсэн энэ асуудлаа тавьдаг. Шийдвэр гаргах түвшний нөхөд  таг л байх юм байна шүү дээ.
Эмчийн орон тоо хаанаа ч  хүрэлцэхгүй, аймгийн хэмжээнд (тус аймаг 50 мянган хүнтэй. Сур.) мэс заслын нэг, наркозын нэг эмч байдаг гээд бод доо. Нярайн эмч огт  байхгүй. Сонин хэвлэлээр дамжуулан хөдөө орон нутагт бодлогоо чиглүүлээч ээ гэж яамны нөхдөд дуулгамаар байна. Гаж төрөлт ганц манай аймагт бус улсын хэмжээнд нэмэгдсэн. Цус ойртолт, гар аргаар алт олборлогчид ихэссэнтэй холбоотой байж болно. Гэхдээ албан ёсны хариуг л хүлээж байна. Эртхэн шалтгааныг нь тогтоогоод өгвөл хаана хаанаа амар.

М.Буманцэцэг: (Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга)
 -2009 он гарсаар гажгийн нэр төрөл олширлоо. Алттай газруудад буюу Цогт-Овоо, Гурвантэс, Ханбогд, Мандал гэх мэт сумаас ийм нярай олон төрж байгаа нь анзаарагддаг. Нярайн эндэгдэл үнэхээр ихэслээ. Яаж ч тэмцээд амьдрах чадваргүй хүүхэд төрж байна. Үүнийг би “эрүүл эхээс эрүүл хүүхэд” гэсэн төрийн бодлого алдагдсантай холбоотой гэж боддог. Ураг долоо, найман сартайдаа л төрчихдөг боллоо. Эхийнх нь даралт өндөр, суурь өвчинтэй учраас эрхтэн тогтолцооны эмгэгтэй нярай их төрж байна. Дандаа дутуу төрж байна шүү дээ.

 Д.Даваасамбуу: (Нэгдсэн эмнэлгийн аж ахуй эрхэлсэн орлогч дарга)
 -Он гарсаар найман гажиг төрөлт бүртгэгдлээ. Учир шалтгааныг нэрлэвэл олон байх. Мөнгөн усны архаг хордлого бол дор хаяж 10-20 жилийн дараа илэрдэг гэдэг. Хамгийн гол нь бидний хоол хүнсний аюулгүй байдал ямар байгаа билээ. Хятадаас орж ирсэн юм болгоныг л баталгаатай эсэхийг үл мэдэн идэцгээж байна шүү дээ. Өмнөговь аймаг өвчлөлөөрөө улсын түвшинд маш өндөр. Хятадууд олон жилийн өмнө гар аргаар алт олборлож байсан газар аймгийн хэмжээнд олон бий.
Тэд газар орныг юугаар ч хордуулсан   байдаг юм билээ, мэдэхгүй шүү дээ. Эрүүл мэндийн яам Өмнөговь аймаг руу онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Орос цэргийн анги энд  олон жил байрлаж байсан. Тэд ямар химийн бодис хадгалж, юу хийж байсныг бид мэдэхгүй шүү дээ. Эцсийн эцэст эрүүл хүүхэд төрүүлье гэвэл оношлогооны нарийн багаж, тоног төхөөрөмж хэрэгтэй. Эхийн хэвлийд байхад нь ургийг оношилдог болъё л доо. Үнэхээр гаж байх аваас төрөхөөс нь өмнө таслан зогсооё.
Төсөв санхүү алга. Одоо гэхэд л засвар үйлчилгээний ажил зогссон, дээш нь санал хүсэлт тавиад байж байна. Аргаа бараад энэ хавийн хэдэн компаниас тусламж хүссээр  босгыг нь элээлээ. Аймгийн  хэмжээнд хоёр “инкубатор” яагаад өгч болдоггүй юм бэ. ЭНЭШТ-ийнхөн нялхсын эндэгдлийн шалтгааныг яагаад олж тогтоохгүй байна вэ?
Яамны түшмэд яагаад энд ирэхгүй байна вэ? Удам зүйн өвчний шалтгааныг олж тогтоох мэргэжлийн багийн үндсэн  үүрэг дутагдаад байна. Гэтэл биднийгээ л бангадаад байдаг. Ийм юмнаас болжээ гэсэн эцсийн дүгнэлтийг хийж өгмөөр байна.
Тэд ийн ярьж байна. “Минаматагийн өвчин”-ий гол шинж тэмдгийг тодорхойлсон  тодорхойлолтод хүний гар, хөл мэдрэлгүй болох, бүх булчин сулрах, ярих, харах, сонсох чадвар алдагдах, улмаар гаж ураг төрөх  хэмээн бичжээ.
Хонгорын дуулиан одоо ч намжаагүй байна. Эцсийн эцэст хонгорынхон хордсон, хордоогүйг эцэслэн хэн тогтоосон юм бэ. Улстөржүүллээ гэдэг үгээр халхавчлаад өнгөрөөхийг эрмэлзсээр.
Ганц Өмнөговьд ч биш, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ гээд уул уурхайн хууль, хууль бус үйлдвэрлэл цэцэглэсэн бүс нутгуудад тусгай баг гаргаж судалгаа, шинжилгээ яаралтай хийх цаг   болсон юм шиг санагдаж байна. Одоо эс анхаарваас нэгэнт оройтсон хойно нь хэчнээн харамсаад ч яах билээ. Мөнгөн усны хордлого буюу “Минамата өвчин” Монголд үүсчихээд байгаа юм биш биз дээ. Мөнгөн ус, цианит хэрэглээгүй  газар нутаг гэж манай улсад байгаа бил үү. Хаа сайгүй л хортой шлам бий. Бидэн шиг хараа хяналт, хариуцлага сул ард түмэнд  “минаматагаас” ч илүү ноцтой өвчинд нэрвэгдэх аюулын  нөхцөл бол аль эрт бүрэлдсэн гэдэгтэй маргах хүн олдохгүй буй за.
Өмнөговьд цус ойртсон гэрлэлтийн түүх өнө эртнийх. Ийм гэр бүлээс ихэвчлэн оюун ухааны хомсдолтой хүүхэд л төрдөг болохоос  гар хөлгүй, дотор эрхтэн нь   ил гарсан ийм гаж ураг төрж байсан тохиолдол үгүй гэдгийг эмч мэргэжилтнүүд, нутгийн ахмадууд хуучилж байсан.
Өнөөдөр олох хэдэн төгрөгний төлөө бид улс үндэстэн, удам судраа устгах аюулаар дэнчин тавьж болох гэж үү. Гар аргаар алт олборлодог энэ хүмүүсийг төр засаг яагаад өөгшүүлдгийг үнэндээ би сайн ойлгодоггүй. Тэд монгол үндэстний аюулгүй байдалд бодитой заналхийлэл, аюул учруулж байгаа нь үнэн биш гэж үү.  Тэднийг  нөхөрлөл, хоршооллын зохион байгуулалтад  оруулах тухай хууль хүртэл санаачилсан нь зөв үү? Арчаагүй, залхуу, амар хялбар аргаар хөлжихийг эрхэмлэгчдийн өөрийгөө, бусдыг хордуулан, газар нутгийг сүйтгэж байгаа энэ балагтай үйл ажиллагааг  төр хүчээр зогсооход юуных нь буруу байх юм. Энэхүү  2000-3000 нинжа нарын эрх ашиг, сонирхол хүсэл, хоёр сая гаруй монголчуудынхаас эрхэм юм гэж үү. 
Бидний энэ сул задгай, замбараагүй, дураараа байдал эцсийн эцэст ямар сүйрэл авчрахыг ядаж таамаглах учиртай баймаар. Бразилд Амазонк мөрнийг дагасан алт олборлогчдын үйл ажиллагаанаас болж, мөн Чилид, Парагвайд, Минаматагийн  синдром дэгдсэн гашуун түүх бий. Монголд яг ийм нөхцөл байдал үүсээд байна. Тэгвэл энэ нүд далдчим, эмгэг төрх бүхий нярай олноор төрж байгаа баримт  тэрхүү аймшигт өвчин Монголд бий болсныг нотолж байгаа юм биш биз.
Өмнөговьд чухам юу болоод байгааг хэн тайлбарлаж, хэн хариуцах ёстой юм бэ. Байгаль орчин хүртэл үнэхээр сүйрч байна. Тэнд нэг ёсны гамшиг болж байна. Энэ тухай дараагийн цувралд хөндөх болно.

(2009-06-12)
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.