Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Зоригт: НН-ын саналд хариу өгөхөд хугацаа хэрэгтэй

     ИЗН, НН нэгдэх асуудлаар хоёр талаас ажлын хэсэг байгуулаад буй. НН-ын Бага хурал нэгдэхийг дэмжиж, энэ тухай шийдвэрээ ИЗН-д хүргүүлжээ. НН нэгдсэн тохиолдолд нам тус бүрийг төлөөлсөн дарга, орлогчтой бололтой. Одоо НН-аас шалтгаалах зүйл байхгүй. ИЗН-аас өгөх хариуг хүлээж байна гэж НН-ын нэг дарга Э.Зоригт ярив. Энэ талаар ИЗН-ын ерөнхий нарийн бичгийн дарга М.Зоригтоос тодрууллаа.

    -ИЗН-тай НН нэгдэх тухай эртнээс ярьж, хоёр намын түвшинд яриа хэлэлцээ эхэлсэн тухай дуулдаж байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-НН-ын зүгээс тавьсан дээрх саналыг судлах ажлын хэсгийг хоёр талаас байгуулсан. Асуудал, яриа хэлэлцээний шатанд байгаа. Энэ асуудлаар ИЗН-ын Улс төрийн зөвлөлөөр хэлэлцсэн ч эцсийн шийдвэр гараагүй. Манай намын дүрмээр бусад намтай нийлэх, нэгдэх асуудлыг Их хурлаараа шийдвэрлэх ёстой юм. НН Монголын анхдагч улс төрийн хүчний нэг боловч ИЗН илүү тууштай, тасралтгүй ажиллаж ирсэн. Сүүлийн хоёр ч сонгуулиар бид хамтран ажилласан. Бас дэлхий нийтэд улам хурцаар яригдаж буй ногоон үзэл санааг ИЗН дэмждэг. Монголын улс төрд гуравдагч хүчнийг хүчгүйдүүлж, хоёр намын тогтолцоог улам бүр бэхжүүлдэг сонгуулийн өнөөгийн тогтолцооны орчинд намууд нэгдэх нь улс төрийн эерэг үр дагавар авчрахыг үгүйсгэхгүй. Гэхдээ намууд механикаар нэгдэж болохгүй, үзэл баримтлал, итгэл үнэмшил, байр сууриа эхлээд нэгтгэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тийм учраас НН-ын саналд яаран хариу өгөх нь түвэгтэй юм. Магадгүй, ИЗН, НН энэ хэвээрээ үлдэх нь илүү хэрэгтэй ч байж болох шүү дээ.

-Хоёр намын дунд үл ойлголцол байгаа юм уу?

-Яриа хэлэлцээ үргэлжилж байгаа. Үл ойлголцлоос болж хэлэлцээр зогссон гэж хэлэхэд эртэднэ. Харин улс төрийн үр дагавар бүхий эл асуудалд цэг тавихад хугацаа хэрэгтэй.


Э.ТӨР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.