Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.ГАНБОЛД: Бэлэн хоол, бэлэн мөнгөөр угжуулсан олон үндэстэн устсан түүх Монголд ойрхон байна

-Та ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалаа өгснөөс хойш хэл чимээгүй болсон. Хариуцлагатай өндөр албан тушаалд олон жил ажиллаж ирсэн, нэг хэсэг амрахаар ший дээ юү. Одоо юу хийж байна вэ. Төрөөс танд ямар нэг ажил санал болгоогүй хэрэг үү?

-Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн зарлиг өнгөрсөн оны долдугаар сарын 10-ны үдээс хойно гарч, би ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын ажлыг хүлээлгэн өгсөн. Энэ албан тушаал уг нь улс төрийн албан тушаал биш л дээ. Цэргийн бид нар чинь төр засгийн шийдвэр, даргын тушаалыг хүндэлж, үг дуугүй захирагдаад сурчихсан, хөнгөн гоомой хөдөлдөггүй тэвчээртэй хүмүүс. Тэгж хүмүүжсэн улс. Албаа өгснөөс хойш гэртээ хүлээгээд сууж байна. Иргэний хувьд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргахад хуулиар хязгаарласан хугацаа байхгүй. Тагнуул, цагдаагийн байгууллагын шугамаар гадаад дотоодын их, дээд сургууль, академид сурч эрдэм шинжилгээний ажил хийж байгаа ганц нэг хүний ажилд тусалж, ном шагайхын зэрэгцээ хувийн ажлаа амжуулж хөдөө гадаа явж, нэг үгээр хэлэхэд амралтын маягтай амьдарч байна.

Хууль зүй, аюулгүй байдлын зөвлөгөө өгөх, шадар болон объектын хамгаалалтыг хүн ба техникийн хүчээр хийх, хувийн хамгаалалтын бай гууллагуудын удирдах болон гүйцэтгэх ажилт – нуудад сургалт явуулах, бие хамгаалах, бял даржуулах дугуйлан, секц ажиллуулах чиг үүрэг бүхий хамтарсан хувийн компани байгуулаад ажиллаж байна. Энэ компанийг хамтарч байгуулсан хурандаа Ц.Уугангэрэл бид хоёр цэргийн сургуулиас эхлэн 30 гаруй жил нөхөрлөж яваа андууд. Улсын хөрөнгөөр гадаад, дотоодын сургуульд сурч олж авсан мэдлэг боловсрол, олон жилийн хөдөлмөрөөр бий болсон дадлага туршлагаа хав дараад суугаад байлтай биш, хүмүүст тустай үйл бүтээхэд зориулж байна. Зүгээр суугаад байвал толгойд муу бодол ордог, зэвэрдэг. Нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх ёстой биз дээ. Ийм чиг үүрэг бүхий гадаадын хэд хэдэн компани, бие хамгаалах урлагийн холбоодтой хамтран ажиллаж байгаа.

-Өөрийг тань цагдаагийн туршлагатай мөр дөгчийн нэг гэдгийг хүмүүс мэднэ. Таны нас залуу байна. Цаашдаа цагдаагийн байгууллагад ажиллахгүй юм уу?

-Нэг онцлог зүйлийг хэлье. Хууль хяналт, цэрэг, цагдаа, тагнуул, хүчний байгууллагуудад ажиллахаар тангараг өргөж, сурч боловсорч, мэргэжил мэдлэг эзэмшсэн хүмүүст нэг их нутгархах, жалга довны үзэл байдаггүй юм ш дээ. Тэд чинь цэргийн сургуульд орохдоо “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж тангараг өргөдөг. Сургууль төгсөөд томилсон газар нь очиж ажилладаг. Энэ салбарт 15-аас доошгүй жил ажилласан хүмүүсээс асуугаарай. 80 гаруй хувь нь хэд хэдэн аймаг, орон нутагт томилогдоод ажилласан ажил, амьдралын багагүй туршлага хуримтлуулчихсан хал үзсэн хүмүүс байдаг. Тийм хүмүүсийн зүрх, тархинд “Эх орон” гэдэг үзэл тээгдэж явдаг.

Эх орон, төр хаана хэрэгтэй гэнэ, тэнд нь ажиллахад бэлэн. Нэг дарга солигдохоор баахан хүн ажилгүй болдог. Энэ ямар ёс юм бэ. Хууль бус юм хийж, алдаа оноо гаргасан бол яая гэх вэ. Тэр, энэний гэж хоч нэр өгнө, эсвэл улаан, цэнхрээр нь ялгаварлан гадуурхана. Судалгаагаар хошуучаас дээш цолтой, ид хийж бүтээх насан дээрээ яваа хэдэн арван хүн ажилгүй алхаж, аар саар юм хийж амиа зогоож явна. Тэдний дунд 10-аад генерал бий. Эд үр хүүхэд, ар гэртэй хүмүүс. Хэсэг хүн ирж “Мөнхийн суудалд” суучихаж байгаа юм шиг баахан хүний амьдралаар тоглодог болжээ. Төрийн ажлыг үзэл бодлоор хийдэг юм биш. Төрийн ажлыг хуульд захирагдаж, хуулийн дагуу хийдэг.

Албан тушаалдаа эрдэн, хүмүүсийн амь, амьдралыг бусниулж байгаа хүмүүс мөн л өөрсдөө гэр бүл, үр хүүхэдтэй байж таараа. Өнөөдөр Монгол Улс, Монголын ард түмэн ядуу зүдүү амьдарч, шударга ёс алдагдаж байгаагийн үндэс нь юу юм бэ. Намчирхсанаас болж талцан хуваагдаж, эв эе эвдэрч, тэр гай нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй хүмүүст бус, жирийн ард иргэд, намын харьяалалгүй төрийн албан хаагчдад тусаж байна.

-Халаагаа өгсөн Ерөнхийлөгч Н.Энхбаяр та хоёр багын найз. Тиймээс Ерөнхийлөгч таныг ҮАБЗ-д авч ажиллуулсан байх аа.

-Төрийн бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чадвар, төрийн албаны зохих мэдлэг, туршлагатай, төрд алба хаах шалгуурыг хангасан Монгол Улсын иргэнийг ҮАБЗ-ийн гишүүд зөвшилцөн тохирсноор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган нарийн бичгийн даргаар томилдог. Дэлхийн бусад орнуудад ч ийм жишигтэй, ихэвчлэн цэргийн дээд цолтой офицерууд энэ албанд зүтгэж байдаг юм билээ. Манайд ч үе үеийн дарга нар нь энэ уламжлалаар томилогдон ажиллаж ирсэн. Төрийн энэ өндөр албан тушаалд энэ л жишгээр нь сонгогдож томилогдсон юм болов уу гэж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн.

Өнөөдөр Монголын төрийг 1960-1970 оныхон удирдан авч явж байна. Төрийн өндөр албан тушаал хашиж яваа багын анд надад олон бий. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр  “Биеэ зас, Гэрээ зас, Төрөө зас” гэж уламжлан ирсэн шалгуур, зарчмыг хангасан, төрийн өндөр албан тушаалд ажиллахад жинхэнэ утгаараа бэлтгэгдсэн байсан хүн. Дэл сул, шалдир балдир яриагүй, архи тамхи, авгай хүүхэн элдэв муу зуршилгүй, оюуны өндөр чадавхитай хүн. ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар жил гаруй хугацаанд ажиллахдаа төр, улсын төлөө гэх сэтгэлийн зовлонг нь ойлгож мэдэрч, аль болох дэмжихийг хичээж ажилласан. Хэн ч бай тэгж л ажиллах байсан, тийм ч үүрэгт эй.

-Нэг хэсэг таныг Америк, ОХУ-ын аль нэгэнд дипломат алба хаших гэж байгаа дуулдаж байсан. Тийм томилгоо хүлээгээд байгаа юм уу?

-Танд ажил өгнө, дуудна л гэсэн. Одоогоор таг л байна.

-Цагдаагийнхантайгаа холбоо той байдаг уу. Цагдаагийн байгуул лагыг удирдаж байсан хүний хувьд одоо иргэний байр сууринаас ха рахад юун дээр алдаа, оноотой ажиллаж байна гэж боддог вэ?

-Цагдаагийн байгууллага гэмт хэрэг тэй тэмцэх, нийгэмд дэг журам сахиулах үндсэн чиг, үүрэгтэй байгууллага. Олон талын мэдлэг, мэргэжил, боловсрол шаардсан өргөн хүрээтэй ажил. Цагдаагийн ажилтан эрхэлж буй ажилдаа үнэнч, шударга хандаж иргэд, олон түмэнтэй зөв харилцаж байвал ажил нь урагштай, бүтэлтэй явна. Алдаж эндэж гэмт хэрэг, зөрчил үйлдэж буй хүмүүс аль болох бултаж зайлж, ял зэмгүй өнгөрөхийг хичээж явдаг ч шударга үнэний өмнө буулт хийдэг. Цагдаа хүн үнэний хэмжүүр байх ёстой. Иргэд ч тэгж үздэг, тийм байхыг ч шаарддаг.

Мөнгөтэй, эрх мэдэлтэй, тэр тусмаа төрийн албыг ашиглаж мөнгө хийдэг хүмүүст хууль үйлчлэхээ болиод удаж байгааг хүмүүс надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Нийгмийг бухимдуулж буй эрүүл бус энэ үзэгдэл газар авах хандлагатай болж байна. Хууль нь хэрэгждэггүй газарт төр нь сул дорой байдаг. Төр сул дорой газар авлига, шан харамж, ашиг хонжоо цэцэглэж, хүн чанар алдагддаг. Цагдаа, хуулийн ажилтан хүн шударга байх, үнэнч байх ёс суртахууныг эзэмшсэн байх ёстой. Цагдаагийн байгууллага үүн рүү чиглэсэн олон талт сургалтын ажлыг дэс дараатай явуулж алба хаагчиддаа эзэмшүүлэх ёстой. Шударга байвал иргэд, олон нийт дэмжин хүрээлнэ. Тэр цагт ажил урагштай байна. Энэ асуудал ганц цагдаагийн ажил биш хамтран ажилладаг хууль хяналтын бүх байгууллагад хамаатай юм. Ёс зүйн сайн үйлүүдийн дунд шударга ёс нэгдүгээр байранд суудаг гэж Аристотель хэлсэн байдаг. Цагдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ зарим нэг үйл ажиллагаагаа стандартжуулах ёстой гэж би үздэг. Стандартжуулалтын эхлэл нь Хөдөлгөөнт эргүүлийн алба байгуулсан явдал юм.

Гэмт хэрэг, хэв журмын зөрчлийн дуудлагаар цагдаагийн байгууллага 2-3 минутын дотор очиж гэмт явдлыг таслан зогсоох, халуун мөрөөр нь мөрдөж, гэмт этгээдийг баривчлах, нийгэмд аюулгүй болгох ёстой. Энэ алба өнөөдөр иргэдийн талархлыг хүлээж, шаардлагад нийцэн ажиллаж байна. Цагдаагийн төрөл, мэргэжлийн албадын сургалтын ажлыг шинэ шатанд гаргах ёстой. Манай сургалт нийгмийн хөгжлөөсөө хоцорч байгаа. Дэлхий даяарчлагдаж байгаа шиг гэмт хэрэг даяарчлагдаж, олон улсын шинж чанартай болж байна. Тэр тусмаа үүцээ нээж газрын баялгаа эргэлтэд оруулж, ашиглахаар гадаадын хөрөнгө оруулагчид, мөнгөтэй хүмүүст дулдуйдаж байгаа энэ цаг үед цагдаад сонор сэрэмж, мэдлэг юунаас ч чухал. Мэдлэгтэй хүн итгэлтэй, итгэлтэй хүн зоригтой гэж үг байдаг, хүнээ хөгжүүлэх боловсруулах асар их боломж байна. Аар саар юмаар хөөцөлдөж цаг алдаж болохгүй гэж боддог.

-Ерөнхийлөгч цаазаар авах ялыг түдгэлз үүлээд байгаа нь нийгэмд анхаарал татсан асуудлын нэг болоод байгаа. Та хуульч хүний хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Өнөөдөр Монгол Улсад цаазаар авах ялыг халах цаг нь болоогүй. Энэ бол миний хувийн бодол. Нийгмийн, хүмүүсийн ухамсар, ёс зүй нь үүнийг хүлээн авах түвшинд хүрээгүй, төлөвшөөгүй байна. Цаазаар авах ялыг халснаар ямар хортой үр дагаварт хүрэхийг тооцох хэрэгтэй. Аравхан мянган төгрөгний төлөө хүний амь хөнөөж байна. Насанд хүрээгүй цэцэг шиг охиныг хүчиндээд сийчин алж байна. Энэ бүхний цаад шалтгаан, угшил нь юу юм бэ. Ядууралтай холбоотой. Бүх юм ахуйгаас эхэлдэг. Идэх, уух, өмсөх, зүүхэд мөнгө хэрэгтэй. Мөнгө олохын тулд ажил хийх ёстой.

Ажилгүй хүн ядуу, ойр тойрныхондоо хоосон, хоолны сав гэж адлагдан, цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл нь хоосорч ёс зүйгээ алдаж, өөрийгөө өмгөөлөх инстикт нь давамгайлан, бусдыг буруутгаж, юу ч хийхээс буцахгүй болж эхэлдэг биз ээ. Ард түмний сэтгэл, итгэлээр тоглож цаг алдаж суухаар эдийн засгаа яавал хурдан босгох вэ? Хоёр сая гаруй иргэнээ яавал бусдын гар харуулахгүй хоолтой, ундтай, мөр бүтэн нүүр бардам болгох вэ гэдгээ бодож хөдөлмөрлөх ёстой. Иргэн бүр ажил хөдөлмөртэй, орлоготой, эх орон маань чинээлэг болсон тэр цагт цаазаар авах ял хэрэггүй болж Монгол төрийн ялын бодлогоос арчигдах нь лавтай.

-ҮАБЗ-д та багагүй хугацаанд ажилласан хүний хувьд энэ байгууллагын бүтэц, үйл ажиллагааг боломжийн түвшинд байна гэж үздэг үү. Энэ зөвлөлөөс гарсан зөвлөмж, хэлэлцсэн асуудлын биелэлт нь тийм ч хангалттай байдаггүй юм шиг санагддаг. Нууц гэх бамбайн дор хэт тодорхой бус байдаг юм биш үү?

-Төр төмбөгөр, ёс ёмбогор байх ёстой. Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Хүннү, Сяньби, Жужан,Кидан, Түрэг, Их Монгол улсын үеэс уламжлан ирсэн төрийн бодлого байдаг биз. Бид цөөн мөртлөө тэнгэрийн гаралтай ард түмэн. Би дээр хэлсэн. ҮАБЗ-ийн бүхий л үйл ажиллагаа хуулийн зохицуулалт дор явагддаг. Сүүлийн хэдэн жилд Монголд урьд өмнө нь дуулдаж байгаагүй шинэ төрлийн гэмт хэрэг гарах боллоо. Цагдаагийн ажилтны хувьд та энэ бүхэнд ямар дүгнэлт хийдэг вэ? -Шинэ төрлийн гэмт хэрэг гэж нийгмийн хөгжил, техник, технологийн дэвшлээ даган гарч болзошгүй, хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдлүүдийг хэлэх болов уу. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн тусгай ангид 220 гаруй үйлдэл, эс үйлдлийг гэмт хэрэг гэж зүйлчилж өгсөн байгаа.

Түүнд компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэдэг бүлэг бий. Мөнгө угаах, хориглосон арга хэрэгслээр дайн хийх, хөлсний цэрэг ашиглах, байгалийн тэнцэл алдагдуулах гэх мэт. Тэдгээрийг л шинэ төрлийн гэмт хэрэг гэж бодож байна. Хууль хатуу хэрэгждэг байсан социализмын үед үйлдэгддэггүй байсан, үйлдэгдэх хөрс ч байгаагүй тийм хэргүүд нийгмийн шилжилтийн үед нэлээд харгис хэрцгий, ёс зүйгүй, ёс суртахуунгүй байдлаар гарах болсон. Энэ явдлыг шинэ төрлийн гэмт хэрэг гэдэг ойлголттой хутгаж болохгүй. Түүнээс биш хүний наймаа, биеэ үнэлэх, хар тамхи, мансууруулах бодис боловсруулах, бэлтгэх, наймаалах хэрэг гарч л байсан. 1932 онд ДЯЯ-ны Цагдан сэргийлэх байгууллагад мөрийтэй тоглоом, хар тамхи, садар самуун явдалтай тэмцэх бие даасан алба ажиллаж байсан. Тэр үеийн ажилтнуудын хийж байсан ажлын тайланд ийм төрлийн гэмт хэргүүдийг хэдэн зуугаар нь илрүүлэн шийдэж байсан тухай илтгэлүүд архивт байж л байна.

Их Монгол Улсын үеийн хууль цааз, Манжийн үеийн, Богд хааны үеийн, Социализмын үеийн хууль цаазын бичгүүдэд мөрийтэй тоглохыг гэмт явдал гэж үзэж хориглодог байж. Өнөө цагийн шилжилтийн үед мөрийтэй тоглоомыг гэмт явдал биш гээд Эрүүгийн хуулиас хассан. Одоо юу болж байна! Дээр, доргүй мөрийтэй тоглож, олон хүн амь, амьдралаа алдаж байна. Ихэнх хохирогсод нь жирийн ард иргэд. Төрийн албыг худалдаж сул олж авсан ашгаараа баруун солгойгүй мөрийтэй тоглож байна. Өнөөдөр энэ үзэгдэл төрийн дунд шатны албан хаагчдад нөлөөлж, хавтгайрч эхэлсэн. Энэ бол гамшиг! Покер гээч юм тоглож блафдуулж авлига өгдөг. Тэгээд албан тушаалд дэвшдэг моод бий болсон. Хэд хэдэн банк дампуурлаа, хэдэн арван сая доллараар үнэлэгдэх алт Солонгосын казинод тушаагдлаа. Энэ чинь Монголын ард түмний хөрөнгө шүү дээ. Алт ухлаа, ашиг оллоо түүнийгээ энэ ард түмэн, энэ улсынхаа хөгжилд, энэ нутагт нь шингээх ёстой.

– “Це н т р п о й н т ” -ын гэх дуулиант хэргийн үед та Эрүүгийн цагдаагийн газрыг толгойлж байсан. Энэ хэргийг хүмүүс янз бүрээр тайлбарладаг. Зарим нь цагдаагийнхны зориуд зохион байгуулсан “жүжиг” гэх нь бий. Ямар ч гэсэн энэ хэргийг цагдаагийнхан шалгаж, дураараа дургиж байсан эрүүгийн гэмт хэрэгтнүүдэд төрийн төмөр нүүрийг үзүүл сэн. Гэтэл сүүлийн үед ма най болдоггүйчүүд томоохон пүүс, компанийн хамгаалалтын албыг толгойлох нэрээр бизнесийн бүлэглэлүүдтэй хорших болсон гэх юм. Ийм тохиолдолд эрүүгийн нөхцөл байдалд муугаар нөлөөлөх юм биш байгаа.

-Цагдаа төрөл мэргэжлийн олон албадтай. Албад болгон өөрийн онцлогтой байдаг. Эрүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах албанд ажиллаж. амьдралдаа алдаж эндсэн олон хүний үйлдсэн хэрэг дээр ажиллаж байлаа. Муу хүн гэж байдаггүй. 1950,60,70 оны үед алдаршиж, шоронгоор 30,40 гаруй жил амьдарчихсан, архагшсан гэмт хэрэгтнүүдтэй хэрэг шалгах явцад бараг толгой дараалан уулзаж явлаа. Ихэнх нь алдаж эндсэн, гэмшсэн, ухаалаг, хэрсүү яриатай байдаг юм билээ.

Хулгай дээрмийг амьдрал болгочихсон, ашиг хонжоо олохын тулд хэний ч амийг бүрэлгэхэд бэлэн, бүрэлгэчихсэн, нийгмийн хог шаар болсон хүмүүстэй ч учирч байлаа. Тийм хүн харин азаар цөөхөн байдаг юм билээ. Залуу насны ааг омгоор энд тэнд эрэмшин танхайрч алдаж, онож явсан олон хүн байдаг. Хуулийн зохих санамж, цээрлэл амсаж алдаа оноогоо дүгнэн, сайн сайхан амьдарч, үр хүүхдээ өсгөн, хүмүүжүүлж, гэр бүлээ авч яваа аав, ээжийн хүүхдүүд олон бий. Алдаж онож яваа хүмүүсийн дийлэнх нь шударга, зоримог, хүчтэй хүмүүс байдаг.

-Ний нуугүй хэлэхэд эрүүгийн элементүүдийн цаана цагдаагийнхан байдаг гэж ярьдаг байсан. Тэр, энэний хүн гэх зэргээр. Ийм байдлаас салах гэж таныг нэлээд идэвхтэй ажилласан гэж ярьдаг юм билээ.

-“Эрүүгийн элемент” гэдэг тодорхойлолт хоцрогдсон, өнөө үед нийцэхгүй ойлголт юм. Хувийн ч бай төрийн ч бай, алба болгон өөрийн онцлог ёс зүйтэй. Цагдаагийн алба, түүнд ажиллаж буй иргэн тэр ёс зүйг нь сахиж ажиллана гэж тангараг өргөсөн байдаг. 1990-ээд оны эхээр НАХЯ задарч Цагдаагийн байгууллага бие даан өрх тусгаарласан үед төрийн удирдах албанд жинхэнэ утгаараа бэлтгэгдсэн, өндөр ёс зүйтэй хүн ирж, энэ албыг тэр хүнд цаг үед хааш нь ч гуйвуулалгүй зөвхөн төр, ард түмний эрх ашгийн төлөө чиглүүлэн удирдан авч явсан нь цагдаагийн байгууллагын нэр хүндийг өсгөсөн. Энэ хүн бол генерал Б.Пүрэв. Цагдаа хүчтэй байгууллага юм байна, эрх мэдэлтэй юм байна! гэж түүнд өөрийн хүнтэй болох зорилгоор дээр доргүй тал тохой татаж хүмүүсийг нь эвдэж эхэлсэн.

Нэг дээвэр дор харилцан ажиллаж байх ёстой албадыг нь ч салгаж, тал тал тийш нь тарааж эхэлсэн. Цаг үеийн энэ шалгуурыг даалгүй албаа худалдан, ашиг хонжоо хайгчид гарч ирсэн, одоо ч байгаа! Эгнээгээ цэвэр ариун байлгах гэж цагдаа тэмцэж ирсэн, одоо ч тэмцэж байгаа.

-Цагдаагийн байгууллага улс төрөөс хараат явж ирсэн гэдэгтэй та санал нийлэх үү. Энэ байдлаас гарах гарцыг та хэрхэн харж байна вэ?

-Төрийн алба хуулийн дагуу явах ёстой. Би дээр хэлсэн. Цагдааг улс төрөөс хараат бус байлгах гэж байнга оролдож ирсэн. Оролдож ч байгаа. Цагдаа хуулийн дагуу, хуулинд захирагдаж ажиллах ёстой. Ингэж ажилласныхаа төлөө хохирсон хүмүүс ч бий. 2008 онд Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулж Төрийн тодорхой алба, албан тушаалыг улс төрөөс ангид болгосон. Энэ хуулиа чанд сахих ёстой. Энэ л гарц. Мөн улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгох ёстой. Сая хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч ингэж хэлж байна лээ. Энэ бол хамгийн чухал зүйл. Ард түмнийг намын харьяаллаар талцуулж, хэрэлдүүлэн хагалан бутаргаж дундаас нь завшигчид төрийн албыг нурааж байна.

 -Мөрдөн байцаах газрыг Цагдаагийн байгууллагаас салгаж, прокурорын байгууллагын харьяанд өгөх сурагтай. Энэ хэр зөв шийдэл вэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 56 дугаар зүйлд прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно гэж заасан байдаг. Одоо УЕПГ-ын дэргэд мөрдөн байцаах алба ажилладаг. Хууль хяналтын байгууллагуудын ажилтнуудаас үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах үүрэгтэй. Прокурорын дэргэд ийм алба байгааг Үндсэн хууль зөрчсөн ажил гэж би хувьдаа үздэг. Манай томчууд хуулийн заалтыг өөрийн эрх ашигт нийцүүлэн тайлбарлаж ажилладаг нь гэм биш зан болсон. Өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа ЭБШХиар Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах байгууллага эрүүгийн гэмт хэргийн мөрдөн, шалгах ажиллагааг прокурорын шууд удирдлага дор явуулж байгаа гэж хэлж болно. Цагдаагийн байгууллага өнгөрсөн үйл явдал, фактыг бүртгэж, нотлох баримтыг цуглуулж өгөх үүрэгтэй, зарим нэг санал гаргах эрхтэй болохоос биш хорих цагдах, барих тавих, үнэлэх дүгнэх, яллах гэх мэт бүх эрх нь прокурорт бий. Шалгаж байгаа хэргийнхээ хувь заяаны төлөө чин сэтгэлээсээ нойр хоолгүй зүтгэж хараал зүхэл, хардлага сэрдлэг бүгдийг өөр дээрээ хүлээж яваа тэр хэдэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар чинь яг хуулиараа бол маш хязгаарлагдмал эрхтэй. Мэдээж эдгээр албадад хүн л ажиллаж байгаа юм болохоороо нэг их том, эрхтэй дархтай хүн болж харагдан албаа худалдаж ашиг хонжоо олдог ёс зүйгүй хүмүүс байж л байгаа.

Ийм байдлыг нь ашиглан дөвийлгөж нэгтгэж аваад эзэн суух гэсэн улс төрийн далд санаа гол нь явж байгаа л даа. Мөрдөн байцаах хороо ч юм уу, юу гэх нь хамаагүй агентлагийн хэмжээний статустай байгууллага байна гэж хуульчлаад л тагнуул, авлига, цагдаагийн мөрдөн байцаах албадыг нэгтгэж эзэн сууж авна. Ийм ажлыг хүмүүсийн амбицан дээр хийдэг. Тэгээд л үгэнд ордоггүй шударга албан хаагчийг нугалж авдаг байхгүй юу. Тусгай албад тухайлбал, цагдаа, тагнуул, хил, шинжилгээний төв, гадаадын иргэн, харьяатын алба, ял эдлүүлэх, иргэний бүртгэл гэх мэт байгууллагыг нэгтгэж, нэг яамны дээвэр дор төвлөрүүлэх цаг нь болсон гэж би боддог. Дэндүү сул дорой болчихоод байна. Байнгын харилцан ажиллагаатай, хүчтэй байх ёстой албадыг тарааж дэндүү жижиглэлээ. Бид чинь олон эрх ашгаараа нэгдчихсэн том, том гүрнүүдтэй эн зэрэгцсэн, эрх тэгш бодлого барьж амьдрахаар тэмцэж яваа цөөхөн хүнтэй улс шүү дээ. Гадаад улс орнуудын түүхий эдийн төлөөх ашиг сонирхлын бүлэглэлүүдийн нөлөө орж ирж байна. Тэдний ашиг сонирхол нэгдчихсэн байгаа. Мэдээж тэд төмөр ч гэдэг юм уу, нүүрс ч гэдэг юм уу тодорхой чиглэл дээр монополь эрхтэй байж бодлогоо бүгдэд тулгахын төлөө тэмцэж байгаа. Ийм сонирхолтой бүлэглэлүүдтэй мэдлэгтэй, мэдэлтэй, хүчтэй хүмүүс зэрэгцэн сууж эрх ашгаа хамгаалах ёстой. Улс орны эрх ашиг ч үүнийг шаардаж байна. Сайны хажуугаар саар зүйл зайлшгүй байдаг. Бид чинь мөн ч харанхуй, мөн ч бүдүүлэг байна шүү дээ. Тийм учраас хүчтэй, харилцан ажиллагаатай, нэгдсэн алба энэ улсад хэрэгтэй байна.

-Өнөөдөр Монгол Улс хаашаа яваад байна вэ. Төр засаг нь гэж олон сахилгагүй хүүхэдтэй уймраа авгай шиг л юм байна. Уул уурхайн салбар тэргүүлэх чиглэл болсонтой холбогдуулан төмөр зам, стратегийн ач холбогдолтой орд газруудын асуудал ҮАБЗ-ийн хэмжээнд яригдаж байна. Гэвч тэдгээр асуудал ажил хэрэг болдоггүй гэсэн яриа байдаг. Тухайлбал, Тавантолгойд тавих төмөр замын асуудал байна.

-Монгол Улс тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан орон. 1992 онд баталсан Үндсэн хуулийнхаа дагуу хэлбэрэлтгүй урагшлан хөгжиж байна. Шүүмжлэлтэй хандаж, засах залруулах зүйл олон бий. Өөрөө алдаж байж, алдаан дээрээ суралцах нь нэг их ухаалаг хүний ажил биш. Бусдын алдаан дээрээс суралцаж алдаанаас зайлсхийх, гол нь бүгдээрээ зөвлөлдөж, эв түнжин сайтай, нягт нямбай байх нь чухал. Тэгвэл завсар зай байхгүй, гаднын нөлөө орохгүй, улс төр нь тогтвортой байна. Төмөр замын асуудал намайг томилогдохоос өмнө яригдаж байсан. Аливаа зүйлийг бүтээхэд цаг хугацаа ордог.

Бүтээж байж үр дүнг нь хүртдэг жамтай. Үр дүнг нь урьдчилж хүртэх гэдэг бол үлгэрлэж хэлбэл түүхий хоол идэж байгаатай агаар нэг биз ээ. Бэлэн мөнгө амлаж ард иргэдээ хуурч бэлэнчлэх сэтгэлгээнд оруулж байгаа нь туйлын буруу. Ажил хийгээгүй байж бэлэн мөнгө авах гээд зүтгээд байдаг нь ч буруу. Бэлэн хоол, бэлэн мөнгөөр угжуулсан олон үндэстэн устсан гашуун түүх бий. Индианчууд, Австралийн уугуул иргэд болох аборигенууд, ОХУ-ын хойд хэсгээр амьдардаг ард түмнүүд мөхөх аюулд орж цөөрч байна. Гол нь дэмжлэг, тусламж, халамжид хэт дулдуйдан дассанаас болсон хэрэг. Улсаас нь хоол унд хувцас хунарыг нь үнэгүй өгдөг, өндөр халамжид байлгадаг учраас ажил хийх шаардлагагүй. Архи ууна, зугаа цэнгэл хөөцөлдөнө. Өөрсдөө үзмэр болно.

-Олигархиуд төрийн өндөр албан тушаалд улам бүр мацаж, хууль тогтоох, шийдвэр гаргах түвшинд хэдийнэ очсон. Олигархжсан төрийн үед авлига, хээл хахууль дээд цэгтээ хүрч, үндэсний аюулгүй байдал алдагдахад хүргэдэг гэдэг. Та одоогийн УИХ болон Засгийн газрын гишүүдийн үйл ажиллагаанд нь ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ. Тэдний дотор олигарх гэдэг тодорхойлолтод багтах олон хүн байгаа шүү дээ.

-Мэдээж хүн юм чинь үнэлэлт дүгнэлт өгдөг. Миний хувийн бодол дотроо үлдэг. Цаг хугацаа үнэний шалгуур гэж үг байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид үргэлжилсэн гэмт хэрэг, хөөн хэлэлцэх хугацаа, хөнгөн, хүнд, онц хүнд гэмт хэрэг гэх мэт ойлголтууд байдаг.

-Сүүлийн үед эрх мэдлийг дахин хуваарилах гэсэн санаархал илт цухалзах боллоо. Энэ байдал яваандаа үндэсний хэмжээний хагаралд хүргэх юм биш байгаа.

-Бид их азтай ард түмэн. Монголчууд нэг цул үндэстэн. Олон үндэстэн энэ нутагт оршдог байсан бол балрахгүй юу. Найман зууны тэртээ Их Богд, Эзэн Чингис маань биднийг дахин нэгтгэсэн юм. Энэ ертөнцөд түүхий эдийн дахин хуваарилалтын төлөө тэмцэл өрнөчихсөн байгаа. Энэ үнэн. Тиймээс бид ухаантай, эвтэй байх ёстой. Дэлхийн I, II дайн түүхий эдийн төлөө,түүнийг дахин хуваахын төлөө үүссэн. Энэ цаг үед дэлхийн дайн гарахгүй байх. Эвлэлдэн нэгдсэн, ашиг сонирхлын бүлэглэлүүд, улс орнууд нийлж, яриа хэлэлцээр, шахалт хавчилтаар тусгаар тогтнолыг минь үгүй хийж болох цаг үе ирсэн. Тийм учир эвтэй, хүчтэй, сэрэмжтэй байх ёстой гэж яриад байгаа юм. -Өнөөдөр Монгол Улс өндөр хөгжилтэй орнуудын түүхий эд нийлүүлэх хавсарга болсоор байна. Энэ чигээрээ яваад байх юм бол улс маань ч хөгжихгүй, ард түмэн ч ядуу хэвээрээ байх бололтой. -Тодорхой хугацаанд хуримтлал үүстэл түүхий эд гаргаж болох байх. Ер нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах, үйлдвэржүүлэх бодлого барих нь зөв. Манай урдаа барьдаг сэхээтнүүд эрдэмтдийн боловсруулсан 2021 он хүртэл хөгжих тухай Үндэсний хөгжлийн цогц бодлогод бүгдийг нь бичсэн байна лээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.