Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН-ЫН ШИНЭ ФРОНТ БУЮУ С.БАЯРААС С.БАТБОЛДОД ШИЛЖСЭН ЭРХ МЭДЭЛ

С.Баяр ”стандартын бус” шийдвэрээрээ улстөрчдийг дахиад л шоконд оруулав. Эрүүл мэндийн шалтгаанаар Ерөнхий сайдаас сайн дураараа чөлөөлөгдөж байсан энэ хүн МАХН-ын тамгыг ч мөн өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөв.

МАХН-ын Бага хурлын гишүүдийн хувьд гэнэтийн гэж хэлж болох энэ үйл явдлыг тухайн үед Ерөнхий сайд С.Батболдоос өөр хүн мэдээгүй байсан. Өмнөх өдөр нь хуралдсан Удирдах зөвлөлийн хурал дээрээ С.Баяр энэ талаар түүнд хэлжээ. Ганцхан шөнийн дотор шийдэгдсэн гэж ойлгож болохоор энэ шийдвэрээрээ С.Баяр МАХН-ын удирдлагыг 60-70 оныхонд шилжүүлсэн хэрэг.

Өөрөөр хэлбэл бүхэн бүтэн нэгэн шинэ үеийнхэнд 80 жилийн түүхтэй намаа удирдах эрхийг нь албан ёсоор олголоо. МАХН-ын өнгөрсөн 20 жилийн түүхээс харахад шинэчлэгдсэн, цус сэлбэгдсэн үйл явц нь намын даргаар дамжин явагдаж иржээ. С.Батболд энэ хугацаан дахь МАХН-ын найм дахь дарга. Ж.Батмөнхөөс Г.Очирбат, Г.ОчирбатаасБ. Даш-Ёндон, Б.Даш-Ёндонгоос Н.Багабанди, Н.Багабандиас Н.Энхбаяр, Н.Энхбаяраас М.Энхболд, М.Энхболдоос С.Баяр, С.Баяраас С.Батболд.

Харин шинэчлэлтийн үеэр тооцвол түүнийг МАХН-ын шинэчлэлийн хоёр дахь үеийн удирдагч болно гэсэн их итгэл дагалдаж байгаа.

Н.Энхбаяр 1997 онд намын дарга болсноор МАХН-ыг коммунист, хөгшчүүлийн нам гэх ойлголтоос салгаж чадсан. Түүний үед МАХН цус сэлбэгдэж, одоогийн залгамж халаа болсон шинэ үеийн залуучуудаар эгнээгээ тэлсэн. Харин одоо тэр цагийн шинэ үеийнхний өд сөд нь ургаж гүйцээд намаа удирдах хэмжээнд хүрсэн нь 13 жилийн дараа Сү.Батболдыг намын даргаар сонгосноор илэрч байна.

Тэр 2000 оны буюу намыг шинэ үеийнхнээр сэлбэж эхлэх үеийн МАХН-ын гишүүн. Харин одоо тэр намдаа дийлэнх олонх болсон 60-80 оныхныг командалж, удирдан чиглүүлэх болсон нь МАХН-д шинэ фронт нээгдэнэ гэсэн үг гэж улс төрийн хүрээнд ч, намынх нь ойр хавьд ч үзэж байна. Харин энэ хүлээлтэд С.Батболд ямар хариулт өгөх бол? МАХН-ын дарга Сү.Батболд 1963 оных, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх 1969 оных.

Намын удирдах аппаратын залуу дарга нар харин 70 оныхон. УИХ, Засгийн газрын гишүүдийн дотор түүний эхлүүлэх шинэчлэлийг дэмжиж, найдвартай ар тал нь болж чадах шинэ үеийн олон залуу аль хэдийнэ өөрийн байр сууриа эзэлсэн. УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригтоос эхлээд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын байнгын хорооны дарга Б.БатЭрдэнэ, гишүүн С.Бямбацогт, Сүхбаатар, Ж.Энхбаяр гээд “том” улс төрд түшиж тулах шинэ улстөрчид бий.

Мөн намынх нь Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга асан М.Энхболд гээд туршлагатай улстөрчидтэй улс төр, Засгийн газрын хэмжээнд нэгэн баг болж буй нь түүнд өөрийнхөөрөө сэтгэх, тэдэнд түшиглэж ажиллах том боломжийг нээж буй юм. Тиймээс МАХНын шинэ даргад улс төрийн тогоонд ч, нийгмийн хэмжээнд ч том шинэчлэл хийх боломж бий. Харин энэ шинэчлэлээр нийгмийн захиалга, ард түмний шаарллага болсон төрийг, улс төрийг олигархиудаас цэвэрлэх их хүлээлтийг эхлүүлж чадах, эсэх нь анхаарал татаж байгаа юм.

МАХН-ын дарга асан С.Баяр энэ намд төдийгүй Монголын улс төрд “стандарт бус” хэмээн нэрлэгдсэн шинэчлэлийн салхи, эрүүл ёс суртахуун, зарчмыг бий болгон үлдээлээ. Тэрбээр Ерөнхий сайд С.Батболдыг МАХН-ын даргад нэр дэвшүүлэхээр санал болгохдоо “Хариуцлагыг нь үүрүүлж байгаа учраас хэрэгжүүлэх эрх мэдлийг нь ч өгөх ёстой” хэмээн өмнө нь мөрдөж байсан зарчмаа баримталж буйгаа хэлж байсан. Магадгүй энэ нь цаашдаа МАХН-ын үе үеийн удирдагчдын мөрдөх зарчим болохыг үгүйсгэх аргагүй. Монголын эрх баригч гол хүчний хувьд МАХН-ын шинэ дарга С.Батболдын нам дотроо эхлүүлэх шинэчлэл анхаарал татаж байгаа тухай дээр хэлсэн.

Магадгүй эхнийх нь Удирдах зөвлөлөө шинэчлэх эсэх асуудал байж магадгүй. Ийм шаардлагыг жигүүрийнхэн нь ч тавьж байгаа. Удирдах зөвлөлийн 23 гишүүний дийлэнх нь парламентын гаднах төлөөлөл. Улс төрийн шийдэл гаргадаг энэ Зөвлөлд УИХ-ын гишүүд цөөнх болдог. Энэ нь С.Батболдын тэргүүлдэг Засгийн газрын бодлогод парламент дахь намын бүлгээсээ дэмжлэг авахад сөргөөр нөлөөлж магадгүй гэж зарим гишүүн үзэж буй.

Тиймээс С.Батболдыг улс төрийн гол баг болох Удирдах зөвлөлөө хэрхэн бүрдүүлж, ямар өөрчлөлт хийхийг тэсч ядан хүлээж буй. Удирдах зөвлөлийн 23 гишүүн намын Их хурлаас сонгогддог тул МАХНын XXVI их хурлыг энэ хагас жилд багтаан хуралдуулна гэсэн мэдээлэл байна. Уг нь намынхаа дүрэм ёсоор бол дөрвөн жилд 1-2 удаа хуралдана гэсэн заалт бий. Үүнийгээ баримталбал МАХНын Их хурал хуралдах ёстой сүүлийн хугацаа 2011 он. Гэвч намын дарга шинэчлэгдсэн, улс төрийн нөхцөл байдлаас үүдээд яаравчлан хуралдуулж магадгүйг эх сурвалж үгүйсгэсэнгүй. Энэ тохиолдолд Удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчилж, гуравны нэг хувийг парламент дахь гишүүдээс бүрдүүлэхээс гадна Бага хурлын гишүүдийн эрх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох бололтой.

Намын нэрээр улс төрийн албан тушаалд сонгогдож, томилогдсон гишүүдийнхээ ажлыг дүгнэж, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан тохиолдолд хариуцлага тооцон, цаашид тодорхой хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, шат шатны сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байх зэрэг нэлээд хатуухан зарчмаар гишүүдийнхээ хариуцлагыг сайжруулах юм байна. Мөн намынхаа гишүүдийн ёс зүйн хариуцлагыг өндөржүүлэх, жигүүр хөдөлгөөний нэрээр албан тушаалд хүрэхийг оролддог улс төрийн шантааж, гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцүүлэхийг үгүйсгэхгүй байна. Уг нь сая болж өнгөрсөн Бага хурлаар 20 гаруй гишүүний саналаар жигүүрийн асуудлыг хэлэлцэж, татан буулгах асуудлаар “хаалттай” маргалдсан.

Гэвч МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Улс орны өмнө тулгамдаад байгаа чухал олон асуудлыг хэлэлцэх нь жигүүрийн жижиг асуудлаас илүү чухал байна. Олон мянган гишүүнтэй манай намд олон ургальч үзэл байх ёстой” хэмээн өмөөрснөөр энэ асуудлыг дараагийн их хурал хүртэл хойшлуулаад байгаа юм. Ямартай ч МАХН-ын шинэ дарга юуны түрүүнд намынхаа гишүүдийн сахилга хариуцлагыг өндөржүүлэхийг МАХН-ын үйл ажиллагааны шинэчлэлийн нэг гол чиглэл гэж тодорхойлж байна.

Тэр Ерөнхий сайдын хувьд ч төрийн албан хаагчдад ийм шаардлага тавьж байгаа. Төрийн албыг улстөржилтөөс салгасан ч төрийн өндөр алба хашиж буй улс төрийн албан хаагчдад Ерөнхий сайдын хариуцлагын зарчим тэр бүр үйлчилдэггүй. Харин одоо С.Батболдод улс төрийн эрх нь нэгэнт ирсэн болохоор МАХНын нэрээр алба хашиж буй албан тушаалтнуудын хөл нь хөнгөн, гар нь шуурхай хөдөлнө гэж итгэж болохоор боллоо. МАХН шинэ даргатай болон нь хоёр дахь гэж хэлж болох нийгэм, улс төрийн хэмжээний шинэчлэлийг С.Батболдоос хүлээх хүлээлтийг үүсгэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.