Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН НИЙГМИЙН АРДЧИЛСАН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БҮХИЙ ЗҮҮН ТӨВИЙН НАМ БАЙХ БОЛНО

МАХН-ын анхан шатны үүрүүд өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш хуралдана. Намынхаа уугуул нэрийг сэргээх эсэх, үзэл баримтлалаа тодотгох үгүйг хэлэлцэж, итгэл үнэмшлийг нь төлөөлж чадах 801 гишүүнийг сонгон XXVI Их хуралдаа илгээхийн тулд тэд хуран чуулна. МАХН өөрийгөө шинэчлэхээр эрэл хайгуулд мордоод байгаа нь олон нийтийн анхаарлыг ч мөн татаж байгаа билээ.

Монголын улс төрийн нөлөө бүхий хүчин, өдгөөгийн засгийн эрх баригчийн хувьд эх орон хөгжих, эс хөгжих, хүн зоны ахуй амьдрал өөдлөх, эс өөдлөхийн учир шалтгаан бүхэнд энэ нам хариуцлага үүрэх ёстой. МАХН үзэл баримтлал, улс орныг хөгжүүлэх бодлогоо хэрхэн тодорхойлохоос монголчуудын ойр, хэтийн ирээдүй шалтгаална гэж хэлж болох юм. “Өнөөдөр” сонины урилгаар МАХНын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, нийслэлийн хорооны дарга Б.Мөнхбаатар, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Даш-Ёндон, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор А.Цанжид, МАХН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ нар Редакцын уулзалтад хүрэлцэн ирж, манай уншигчдаас ирүүлсэн болон бидний тавьсан асуултад хариуллаа.

-Хувьсан өөрчлөгдөж буй нийгмийг уриалан дуудъя гэвэл аливаа улс төрийн намд шинэчлэл байнгын үйл явц байх нь ойлгомжтой. МАХН-ын хувьд яг одоо өөрчилж шинэчлэх шаардлагатай хамгийн тулгамдсан зүйл юу вэ?

У.Хүрэлсүх: -МАХН-ын XXVI их хурлын өмнө, намын нэр, үзэл баримтлалтай холбоотой асуудлаар хэлэлцүүлгүүд ид өрнөж байгаа энэ цаг үед “Өнөөдөр” сонины редакцын уулзалтад уригдсандаа баяртай байгаагаа илэрхийлье. Засгийн эрхийг барьж, улс орныг хөгжүүлэх хүчир ачааг үүрч зүтгэдгийнх нь хувьд МАХН-ыг анхаарч, ялангуяа сүүлийн үед манай намд болж буй улс төрийн үйл ажиллагааг нийгэм тэр аяараа ажиглан хэлэлцэж буй нь зүй ёсны хэрэг юм. Монгол Улсаа хэрхэн яаж, ямар арга замаар хөгжүүлэх бодлогоо МАХН боловсруулж байна. Бид арваннэгдүгээр сарын 4-7-нд болох МАХН-ын ээлжит XXVI их хурлаар нэгдүгээрт, Монгол Улсыг хөгжүүлэх бод логоо салбар бүрээр нь нарийвч лан томъёолно. 1990 оноос хойших 20 жилийн 16-д нь МАХН засгийн эрх барьж, дөрвөн жилд нь сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн.

Ардчилал, зах зээлд шилжсэн эхний 20 жилд бид улс төрийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн, оюун санааны том шинэчлэлийг хийжээ. Хийж чадаагүй, алдсан юм ч бий. Өнгөрсөн 20 жилийн алдаа, оноо бүхэн МАХН-тай холбоотой учраас XXVI их хурлаараа улс төрийн дүгнэлт хийнэ. Одоо бол шилжилтийн үе дууссан, ирэх 20 жил Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн он жилүүд байх ёстой гэж бид үзэж байгаа. Хоёрдугаарт, намынхаа үзэл баримтлал, нэрийн асуудлыг хэлэлцэж, тодорхой тодотгол хийхийг зорьж байна.

Өнгөрсөн жилүүдэд нийгэм, хүмүүсийн сэтгэлгээ өөрчлөгдөх хэрээр улс төрийн намуудын хувьд үзэл баримтлалын эрэл хайгуул хийсэн цаг хугацаа байлаа шүү дээ. МАХН ч ялгаагүй. Бид атар газар хагалж байгаа юм шиг цоо шинэ нийгмийн босгоор алхаж, ажиллаж, амьдарлаа. МАХН үзэл баримтлалдаа тодотгол хийх бодитой нөхцөл байдал үүссэн гэж бид үзэж байна. Асуудлын эцсийн шийдвэр XXVI их хурлаас гарна.

Сүүлийн үед МАХН-ыг ба руу ны үзэл баримтлалтай болох гэлээ гэсэн шүүмж зарим нэг хэвлэлээр гарч, манай намын зарим нөхөд хөдөлгөөн хүртэл байгуулж байна. Үзэл баримтлалаа орвонгоор нь өөрчлөх гэж байна гэж мушгин гуйвуулах оролдлого ч гарч байгаа нь харамсалтай. МАХНын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд албан ёсоор хэлэхэд, МАХН Монгол Улсын язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэн дээдэлсэн нийгмийн ардчилсан үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам байна.

МАХН анх байгуулагдсан цагаасаа зүүний нам байсан, нийгмийн баримжаатай зах зээл хөгжүүлэхийн төлөө одоо ч тууштай ажиллаж байна. Монгол тусгаар улс хэдий ч дэлхий даяаршсан энэ цаг үед манайх шиг жижиг, буурай орны эдийн засгийн тусгаар тогтнолд заналхийлсэн олон асуудал босож ирэхийг үгүйсгэх аргагүй. Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон ордыг ашиглаж эхлэхэд эдийн засгийн тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудал зайлшгүй тавигдана.

МАХН улс төрийн хариуцлагатай хүчнийхээ хувьд монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хадаатай явдаг эх орон, ард түмнээ хайрласан, үндэсний аюулгүй байдлаа хамгаалсан үзэл санааг намынхаа үзэл баримтлалд шингээх нь чухал гэж үзэж байгаа юм.

 -Нэр, үзэл баримтлалаа солих гээд байгаа нь хариуцлагаас бултах гэсэн цөөн хэдэн хүний оролдлого гэсэн шүүмжлэл нэлээд явж байгааг та бүхэн анзаарч байгаа болов уу. “Тэрэлжийн тунхаг”- ийг чиглэсэн энэ мэт шүүмжлэл бусад намаас гэхээсээ МАХН дотроос илүү чанга сонсогдож байна л даа. Ингэхэд МАХН-ын нэр солих, үзэл баримтлалыг өөрчлөх шийдвэрийг яг хэн гаргасан юм бэ?

-НҮБ есдүгээр сарын 15- ныг “Ардчиллын өдөр” болгож тунхагласан. Өнгөрсөн жилийн яг энэ өдөр “Тэрэлжийн тунхаг” гэж нэрлээд байгаа тэр би чиг баримтыг гаргасан юм. Түүнээс хойш бүтэн нэг жилийн хуга цаанд МАХН “Ард түмнээ сонсъё” аяныг улс орон даяар зохиосон. Бид жил тойрон Улаанбаатар хот, бүх аймаг, сумаар явахдаа нам уугуул нэрээ сэргээх, үзэл баримтлалдаа тодот гол хийх эсэх, улс орны хөгж лийн бодлогыг томъёолох нь чухал уу гэх мэт асуудлаар иргэд, намын олон түмний санаа бод лыг сонссон. Түүнээс биш намын дарга, ерөнхий нарийн би чиг тэйгээ яриад Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгээрээ зүтг үүлээд байгаа зүйл биш.

“Тэрэлжийн тунхаг” эцсийн баримт бичиг биш шүү дээ. Тэнд “үндэсний ардчилсан” гэсэн нэг үг орсныг “барьж аваад” мушгиад байгаа юм. “Тэрэлжийн тунхаг” бол намын гишүүд, олон нийтэд хан дан гаргасан, хэлэлцэж ярилца хад зориулсан сэдэв юм шүү дээ. МАХН-ын дүрмээр бол уугуул нэрээ сэргээх эсэх, үзэл баримтлалдаа тодотгол хийх эсэхийг Их хурал шийднэ. Үүний наана аравдугаар сарын 1-3-нд намын анхан шатны үүрүүд хуралдаж, улсын хэмжээнд хэлэлцүүлэг өрнөх ёстой.

Манай намын зарим нөхөд “Тэрэлжийн тунхаг”-ийг эсэргүүцэж байгаа нь ч тэрхүү хэлэлцүүлгийн нэг хэсэг. Хэлэлцүүлэг дууссаны дараа МАХН-ын 150 мянган гишүүний хэдэн хувь нь бидний саналыг дэмжив, хэчнээн нь эс дэмжив гэдгийг дүгнэж XXVI их хуралд танилцуулна. Нэрийн тухайд МАХН уугуул нэрээ сэргээх, эсэх талаар өмнөх их хурлуудаараа нэг бус удаа хөндөж байсан ч цаг нь болоогүй гэдгээр хойшлуулж байлаа. XXV их хурлаар намын нэрийг солих асуудлыг дараагийн Их хурлаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан.

 -МАХН нэрээ соливол олон нийт хэрхэн хүлээж авахыг тандаж үзэв үү?

-МАХН бол ард түмний нам. Намын гишүүдээс гадна гишүүн биш хэдий ч улс төрийн сонгууль болоход дэмжиж, саналаа өгсөөр ирсэн олон нийтийн хүрээлэл бий. Тэгэхээр нэрийн асуудал зөвхөн манай намын дотоод хэрэг гэвэл өрөөсгөл хандлага болох юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт иргэдийн дунд социологийн судалгаа явуулахад нийт оролцогчдын 70 орчим хувь нь “МАХН уугуул нэрээ сэргээх нь зүйтэй” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. МАХН нэрээ хэрхэх тухай олон дахин ярихаа больж, улс төрийн үзэл баримтлалаа маш тодорхой болгож цэгцэлнэ гэдэг бол Монгол Улсын хөгжил дэвшилд ч, бусад намын төлөвшилд ч хэрэгтэй.

 -Монгол Ардын Нам гэсэн нэрийг сэргээсэн тохиолдолд энэ нэрийн эсрэг байгаа гишүүд бууриа сахиж, МАХНын нэрээр нам байгуулах магадлал байж болох уу?

-Улс төрийн намуудын тухай хуулийн 15.6-д нам өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч хөрөнгө, гишүүнчлэл, тамга тэмдэг, нэр, бэлгэдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориг лодог. Тиймээс манай нам МАХН гэсэн нэрийг хэрэглэхээ больсон тохиолдолд энэ нэрээр нам байгуулах боломжгүй. Бид түүнчлэн Монгол Ардын Нам нэрийн асуудлаар Улсын дээд шүүхээс лавлагаа авсан.

Өдгөө Монгол Улсад албан ёсны бүртгэлтэй улс төрийн 17 нам үйл ажиллагаа явуулж байгаагийн дотор Монгол Ардын Нам гэсэн нэртэй нам байхгүй учраас МАХН уугуул нэрээ сэргээх тохиолдолд эрх зүйн ямар нэг зөрчил үүсэхгүй гэсэн хариу өгсөн.

 -Саяхан МАХН-ын дарга асан Н.Энхбаяр “МАХНын шинэчлэл урагшлах уу, ухрах уу” сэдвээр хэлэлцүүлэг зохиолоо. Тэнд яригдсан байр суурь МАХН зүүн төвийн нам байх ёстой гэдэг рүү чиглэж байгаагаас харвал чиг баримжааны хувьд санал нэгдээд ч байх шиг. Гэхдээ тэд үндэсний ардчилсан үзэл санааг “барууны” гэж оношлоод байгаа шүү дээ?

А.Цанжид: -Би “МАХН-ын шинэчлэл урагшлах уу, ухрах уу” сэдвээр зохиогдсон хурлуудад оролцож илтгэл тавьсан. МАХН социал демократ үзэл баримтлалтай зүүн төвийн нам байна гэдэгт бидний санал нэгдэж байгаа. Энэ хэлэлцүүлэгт оролцогчид гол төлөв намын дотоодод болон нийгэмд болж байгаа тулгамдсан асуудлууд, тухайлбал авлига, баян хоосны ялгаа газар авч байгааг илүү их ярьж, зарим нь ч нэлээд бухимдаж байх шиг байна лээ.

 -МАХН-ын санал болгоод байгаа үндэсний ардчилсан үзэл дэлхийн улс төрийн практикт “гуравдагчийн онол” хэмээн нэршсэн замналтай хэрхэн холбогдох, хэрхэн нэг үзэл баримтлал болох голдирлыг тодорхойлохгүй юү?

Б.Даш-Ёндон: -Логик сэтгэл гээнд үнэн, худал гэсэн хоёрхон л туйл байдаг.

 Энэ хоёрын дундуур гуравдагч зөв зам гэж байхгүй. Хүчирхэг гүрнүүдийн зарим удирдагчийн томъёолон гаргаж ирсэн гурав дахь замнал гээч нь миний бодож байгаагаар үндэсний ардчилсан үзэл санаа мөн. Тухайн улс үндэстний өөрийгөө авч явах ухаан гэж би ойлгоод байгаа юм. Хэрэг дээрээ улс төрд баруун, зүүний гэж ялгарах байдал аль дээр цагт алга болсон гэдгийг дэлхийн сэтгэгчид хэдийнэ хүлээн зөвшөөрсөн.

Орчин цагт баруун гэдэг чинь “Чи амиа бод, довоо шарлуул” гээд хаях, зүүн нь “Иргэн чамайг улсыг удирдаж байгаа төр, төрийг удирдаж байгаа нам авч явна” гэсэн туйлшрал бус уу. Бидний хэлэх дуртай нэг жишээ байдаг даа. Хятадын удирдагч Дэн Сяопин “Муур ямар өнгөтэй байх нь хамаагүй, хулганаа л баривал барав” гэсэн гэж. Энд баруун, зүүн гээгүй байна. Хятад өөрийгөө л ярьсан байна шүү дээ. МАХН XXII их хурлаараа үзэл баримтлалаа зарласнаас хойш улс орон, дэлхий дахин ихээ хэн өөрчлөгдлөө.

Одоо бидний өмнө цаашид яах вэ гэдэг асуудал тулгараад байна. Хэрэв улс төрийн хүчин гэж байгаа бол удирдлага байдаг. Манай нам ч удирдлагатай. Удирдлага бол намын оюун санааны тархи нь. Эндээс бодлогоо гаргана шүү дээ. Тэгэхгүй жишээ нь, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын МАХН-ын үүр хуралдаад “Хөөш, тэр гурав дахь гэгчийг авъя” гэвэл хэн хүлээж авах юм. Өнөөгийн дэлхий ертөнцөд даяарчлал, даяаршил, дангааршлын ойлголтуудыг багтаасан даяаршихуйн үйл явц өрнөж байгаа нөхцөлд улс үндэстэн, ард түмний язгуур эрх ашгаа, улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолоо өндөрт өргөх үзэл санааг төрийн бодлогод суулгах уу, эрх барьж байгаа намын баримтлал болгох уу гэх мэтийг зайлшгүй хэлэлцэж шийдэх ёстой.

XXI зуун биднээс өөрийгөө өөрөө сөө хамгаалахыг шаардаж байгааг ухаарах хэрэгтэй. Манай улс уудам нутагтай, хүн ам цөөтэй, асар их баялагтай, хүчирхэг гүрнүүдийн арааны шүлсийг гоожуулсан газар нутаг шүү дээ. Нэг жишээ татахад, Монголд олон шашин дэлгэрч байна, зөв л гээд байдаг. Энэ бол ардчилал, угаасаа Чингис хааны үед ч олон шашинтай байсан гэх юм.

Дэлхийн эзэнт гүрнийг байгуулсан Чингисийн үетэй харьцуулбал одоогийн Монгол юу юм? Тэр үед дэлхийг эзэгнэсэн гүрэн байсан болохоор олон шашин байхаас өөр аргагүй байж. Гэхдээ Чингис хааны үед жинхэнэ монгол цустай иргэд эзэнт гүрэнд орж ирсэн гаднын шашнуудыг шүтэж байсангүй. Одоо шашны олон урсгалыг хүлээн зөвшөөрч бай гаа ч монгол үндэстний өөрийн оюун санааны тусгаар тогтнол гэж чухал зүйл байна шүү дээ. Эрх чөлөө, шударга ёс гэдгийг философчид янз янзаар тайлбарлаж, хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгож байна. Зүй нь соёмбо шиг тогтсон тайл бартай, хүмүүс түүн рүү тархиараа зүтгэж байх учиртай.

-Та “МАХН-ын шинэчлэл урагшлах уу, ухрах уу” гэсэн хэлэлцүүлгээр дэвшүүлсэн асуудалд юу гэж хариулах бол?

-Ухардаг шинэчлэл гэж энэ ертөнцөд байдаггүй юм. Шинэчлэл урагшилдаг. МАХН уугуул нэрээ сэргээлээ гэхэд ухрахгүй. Одоогийн нөхцөл байдлыг 1921 оныхтой зүйрлэшгүй гэдэг нь хэнд ч тодорхой. Гадуур нэг ийм ухуулга яваад байгаа юм. МАХН-ын шинэ залуу дарга нар намын эрхэнд гарчихаад нэр ус солих гэж дөвчигнөөд байна гэж. Уг нь намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нар, Удирдах зөвлөлөөс ямар нэг зүй бус амбийц надад огт харагдахгүй байгаа юм. Улс оронд нэгэнт бий болсон бодит нөхцөл байдалд нам сүүл дагах уу, эсвэл манлайлах уу гэдэг л бидний асуудал. Дарга нар үзэл баримтлал, нэр солих гээд байгаа юм биш, нөхцөл байдал сэтгэлгээний бужигнааныг шаардаж, бидний толгой руу нясалж байна шүү дээ.

Энэ дашрамд улс төрийн онолын сэтгэлгээ төгөлдөржих болов уу. Нам ерөөсөө манлайд нь л явах ёстой. Хэрвээ сүүл баривал улс төрийн тавцнаас даруй арчигдана.

А.Цанжид: -Би 1996- 2000 онд намын дэргэдэх “Прог ноз” төвийн захирлаар ажиллаж байхдаа ардчилсан социалист үзэл баримтлал, гурав дахь замын онолыг судалж байлаа. Гурав дахь зам гэдэг нь ерөнхийдөө социализм, либерализмын дундуур явах санаа. Яагаад гэвэл тэр үеийн Европын хүн амын бүтэц өөрчлөгдөж ахмад настнууд олширсон, хөдөлмөрийн насны залуусын тоо цөөрсөн, тэтгэвэр, нийгмийн халамжийн ачаалал хүндэрсэн.

Түүнчлэн даяарчлалаас улбаатайгаар улс хоорондын өрсөлдөөн ихэссэн нь шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх, инновац хийх зэрэгт асар их хөрөнгө шаардлагатай болж байсан үе л дээ. Тиймээс нийгмийн халамжийг багасгах замаар төрийн ачааг хөнгөлөх боломжийг эрэлхийлсэн хэрэг. Ийнхүү либерал үзлийн зарим хэсгийг социал демократын элементтэй хослуулж гурав дахь зам гэдгийг бий болгосон юм билээ. Манайхан төв, баруун, зүүн төвийн үзэл гэж яриад байгаа боловч утгыг нь сайн ойлгохгүй байх шиг.

Нийгмийн баян чинээлэг хэсгийн ашиг сонирхлыг баримтлахдаа дунд, ядуу хэсгээ хаячихалгүй авч явдаг нь барууныхан. Ядуу дунд хэсгийн ашиг сонирхлыг дөвийлгөж, баян хэсгээ хаячихалгүй авч явдаг нь зүүнийхэн. Тэгэхээр баруун, зүүний ялгаа гэдэг нь нийгэмд байгаа баян, хоосны ялгаа гэж ойлгож болно. Баруун, зүүн хоёр нийлчихлээ гэдэг чинь нийгэмд баян хоосны ялгаа арилсан гэсэнтэй л агаар нэг юм шүү дээ.

Ийм ялгаа Монголд бүү хэл хөгжилтэй, баян оронд ч арилаагүй байгаа учраас намууд нь барууны, зүүний чиглэлээ баримтлан өрсөлдөж л байгаа. Миний хувьд МАХН уугуул нэрээ сэргээх нь зөв гэж үздэг. Ялангуяа гадаад харилцааны үйл ажиллагаанд оролцож явахад манай нам “хувьсгалт” гэсэн нэрээ өөрчлөх хэрэгтэй гэдэг нь илт мэдрэгддэг. Үзэл баримтлалын ту хайд гэвэл манай намд үзэл баримтлал бий.

Түү ний гээ онолын шинжтэй тунхаг лачихаад, бод логоо нарийвчилж, зөв тодор хойлохгүй байна уу гэж санагддаг. Энэ нь яван явсаар үзэл баримтлал болохгүй байна гэсэн санаа төрүүлэхэд хүргэчихэж. Амьдрал дээр жишээ нь, эрх чөлөө гэж яг ямар байхыг хэлсэн ойлголт юм, шударга ёс гэж юу юм гэдгийг бодлогоороо илэрхийлэх, хэрэгжүүлэх явдал дутсан. Бид хий хоосон зарчим, гүн ухаан тунхаглаад бодлогоо нарийвчилж гаргахгүй, ажлаа олигтой хийхгүй ирлээ. Намын шинэчлэл урагшилна гэдэг бол бодитой бодлого боловсруулж хэрэгжүүлэх явдал гэж би боддог.

Шинэчлэх үзэл санааг нам гаргах ёстой, гэхдээ олон түмний оролцоогүйгээр байж болохгүй. Одоогийнх шиг энэ олон бүлэглэлтэй, авлига, хүнд суртал газар авсан нөхцөлд олон түмний оролцоогүйгээр шийдэх ямар ч боломжгүй. Улс төрийн намын санаа дээрээсээ ч гарах л байх, дороосоо ч дэвшүүлж болно шүү дээ. Иргэний нийгэм, төр хоёрыг салгаж ойлгоод, нэгтгэж ухаардаг байдлыг гол бодлогодоо тусгах хэрэгтэй.

-МАХН зүүн төвийн буюу нийгмийн ардчилсан үзэл баримтлалыг сонгох нь тодорхой болчихлоо. Тэгэхээр энэ үзэл баримтлалаа амьдралд хэрхэн хэрэгжүүлэх вэ. Ялангуяа зүүн төвийн үзэл баримтлалтай намын хувьд боловсрол, эрүүл мэндийн системд хэрхэн нөлөөлөх вэ?

Б.Мөнхбаатар:

-Зөвхөн МАХН төдийгүй Монгол Улсын улс төрийн систем өөрөө төлөвших асуудал яригдаж байгаа. Энэ систем төлөвших өд улс төрийн намууд онол арга зүй, үзэл баримтлал дээр тулгуурласан мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх учиртай. Монголд одоо байгаа улс төрийн намуудыг харахад нэг хүнийг тойрсон бүлэглэл шинжтэй, популист байдалтай, сонгууль дөхөхөөр идэвхждэг хандлагатай байна. Тиймээс манай нам зөв төлөвшлийг бий болгохын тулд зүүний орон зай дээр өөрийн үзэл баримтлалаа тодотгож байгаа юм.

Зүүний орон зайд нийгэм, нийтийн төлөө боловсрол, эрүүл мэндийн чиглэлийг түлхүү барьсан бодлого явуулдаг. Намууд сонгуульд орохын тулд үзэл баримтлал дээрээ тулгуурласан мөрийн хөтөлбөр боловсруулж оролцох ёстой. Үзэл баримтлал гэдэг ийм үнэ цэнэтэй учраас бид бусад улс төрийн намуудаас илүүтэйгээр орон зайдаа эрэл, хайгуул хийж байна. Энэ нь Монголд улс төрийн систем төлөвшихөд ч хэрэгтэй. Ухамсрын ямар түвшинд байгаагаас үл хамаарч аль ч улс төрийн намуудад популист хандлага ажиглагдаж байна. Бид цаашдаа улс эх орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрөө намынхаа онол арга зүйд үндэслэн боловсруулна. Хөтөлбөрт эрүүл мэнд, боловсролын салбарын бодлого жин дарах нь тодорхой. Ажлын байр нэмэгдүүлэх, эмзэг бүлгийнхнийг асрамж халамжид байлгах нь зүүний орон зайтай намын л хийх ажил шүү дээ.

 

 

 

 

А.Цанжид: -Манай нийгмийн бодлого сүрхий сайн байна уу, аль эсвэл улс төрийн эрх ашгийн үүднээс популист бодлого явуулж байна уу гэдгийг бид ялгах ёстой. Нийгмийн бодлого сайхан цэгцтэй, тууштай байна уу гэвэл би “үгүй” гэж хэлнэ. Ажилгүй олон хүн гудамжинд байна, оройны хоолныхоо гурилыг 100 граммаар нь авч хоол хийж идчихээд маргаашийнхаа 100 гр гурилыг олохын төлөө амьдарч байгаа олон хүн байна. Энэ бүхэн чинь манайд нийгмийн хамгааллын бодлого сайн биш байгааг харуулж байгаа юм. Тиймээс энэ бүхнийг яах бодлогоо нэгд нэгэнгүй боловсруулах хэрэгтэй.

Хоёрдугаарт, үүнийгээ хувь хүний үүрэх хариуцлагатай холбох шаардлагатай юм. Жишээ нь, Скандинавын орнуудад ажилгүй хүнийг ажилд оръё гээд хүрээд ирсэн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж өгч байгаа. Гэхдээ тэр нөхөрт бас хариуцлага хүлээлгэдэг. Яагаад гэвэл ажил хийлгүй зүгээр суучихаад тэтгэмжээр амьдарья гэсэн бодолтой байх юм бол ажилгүйдлийн тэтгэмж өгөхгүй. Харин ажлаа идэвхтэй эрж хайж, долоо хоногт хоёр удаа ч юм уу хийх ажил сураглаад, тэр нь олдохгүй байвал тэтгэмж өгөх жишээтэй. Хөдөлмөрийн товчоо тухайн хүнд гурван удаа ажлын санал тавихад ажлыг нь голоод хийгээгүй бол тэтгэмж өгөхгүй гэх мэтээр энэ бүх бодлогыг зүүний орон зайтай намууд, тэдний Засгийн газрууд нарийн боловсруулж ирсэн. Тиймээс бидэнд бодох юм их бий.

Төр мөнгө яаж олох, тэрийгээ юунд зарцуулах, үндэсний үйлдвэрлэгчдээ яаж дэмжих, ядуучуудаа дордуулахгүй хэрхэн авч явах, нийгмийн дунд түвшнийхнийг ямар аргаар нэмэгдүүлж, чинээлэг түвшинд хүртэл өөд нь татах вэ зэрэг бодлогуудыг нарийвчилж боловс руулах шаардлагатай. Одоохондоо манайд ийм бодлого боловсруулж чадаагүй, сон гуулиас сонгуулийн хоорондох дөрвөн жилийн циклээр амьдарч байна. Тиймээс ахин дахин хэлэхэд улс төрийн намууд үзэл баримтлалдаа тулгуурлаж бодлогыг их нарийн боловсруулах ёстой юм.

-Өнгөрсөн 20 жилийн хугацаа шилжилтийн үе байсан гэж У.Хүрэлсүх дарга хэллээ. Одоо ирээдүйн 20 жилийн бодлогоо тодорхойлох гэж байна. Жирийн иргэдийн хувьд МАХН-ын үзэл баримтлалыг та бүхэнтэй адилхан улс төрийн онолын түвшинд ойлгож чадахгүй. С.Баяр дарга МАХН-ын дарга болсныхоо дараахан хэлж байсан. “Өмнөд Солонгос, Сингапурын жишгээр үсрэнгүй хөгжих боломжтой” гэж. Сүүлийн үед эрдэм шинжилгээний бага хурлуудад илтгэл тавьсан хүмүүсийн ярьснаас сонсоход Скандинавын орнууд, Канад, Австралийнхыг сонирхвол ямар вэ гэсэн эрэл хайгуул өрнөж байсан. Тэгэхээр МАХН ойрын 20 жилийн хөгжлийн бодлогыг ямраар төсөөлж байна. Улс орноор жишээ татан хэлж болох уу?

У.Хүрэлсүх: -МАХН-ын ээл жит XXVI их хурлаар яг энэ бодлогыг ярьж, өнгөрсөн 20 жилийн ажил амьдралаа дүгнэн, юун дээр алдаж оносноо ярих юм. Амжилт бүтээл арвинтай он жилүүд байлаа, өнгөрсөн 20 жил. Монголчууд бидний хувьд маш том шилжилт хийж чадсан. Энэ амжилтыг авчрахад МАХНын гүйцэтгэсэн үүрэг асар их. Үүнийгээ үнэлдэг. Нөгөө талаар юу хийж амжуулалгүй орхив, юун дээр анхаарах ёстой байв гэдэг асуулт гарч буй. Өнөөдөр Монгол ардчилсан орон. Ардчилсан нийгэмтэй улс мөн үү, үгүй юү гэдэг дээр маргалддаг цаг өнгөрсөн. Монголыг ардчилсан орон гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрсөн. Одоо бид эдийн засгаа өөд нь татах ёстой. Улсынхаа хөгжлийг түргэтгэх учиртай. Хүмүүсээ сайн сайхан амьдруулах хэрэгтэй.

Манай нам “Нийгмийн ардчиллын аян”-ыг зохион байгуулан, орон нутгаар явж байхад хүмүүс манай намын ажил, амьдралтай холбоотой асуудал ярихын зэрэгцээ улс орны, өөрийнхөө амьдралтай холбоотой асуудлыг ихээр хөнддөг. Тэр дотроос нэг зүйл анхаарлыг нь онцгой татаж байгаа нь ажиглагдсан. Тэр нь ажлын байртай болгож, ажилгүйдлийг таслан зогсоож өгөөч ээ гэсэн хүсэлт. МАХН Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх даргын үед буюу 1990 оноос өмнө Монголын бүх иргэнийг ажилтай, амьдралтай байлгаж чадсан улс төрийн хүчин. Ийм том улс төрийн хүчин одоо яагаад хүмүүсээ ажилтай болгож чадахгүй байгаа юм бэ.

Үүн рүү намынхаа бодлогыг чиглүүлээч ээ гэж хүмүүс шаардаж байна. Социологийн судалгаа харж байхад Монголын 2.7 сая хүн амын нэг сая 58 мянга нь ядуу, зүдүү амьдарч байна. Харин үлдсэн нь буюу нэг сая долоон зуу мянга орчим нь дундаж буюу дунджаас дээш түвшний амьдралтай байгаа. 1990 оны амьдралыг өнөөдрийнхтэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай болсон. 1990 онд хүмүүс ямар машин унадаг байлаа.

Одоо Улаанбаатарынхан ямар машин унаж байна. Тэр үед ямар хэрэглээтэй байлаа, одоо юу хэрэглэж байна гээд харьцуулахад бидний амьдрал эрс сайжирсан. Нэг үгээр хэлбэл 1.7 сая орчим хүний амьдрал сайжирчээ. Цаана нь үлдсэн нэг сая 58 мянган хүний амьдрал ядуу зүдүү үлдэж. Тэр хүмүүс ажлын байртай, ажилтай болгож өгөхийг шаардаж байгаа. Ажилгүй хүн ядуурна.

Ядуу хүн сэтгэлээр унаж бухимдана. Бухимдсан хүн архи ууна. Архи уусан хүн гэмт хэрэг үйлдэнэ. Ингээд ажилгүйдэл, архидалт, ядуурал, гэмт хэрэг дөрөв яг төрсөн ах дүү шиг холбоотой явдаг. Тиймээс МАХН-ын эдийн засгийн бодлогын нэг зорилт нь ажилгүй хүмүүсийг ажлын байртай болгох явдал. Тиймээс намын XXVI их хурлаар улс орны өмнө тулгамдаад байгаа ядуурлыг яах вэ гэдэг асуудал яригдана. Нэг үгээр хэлбэл ирэх 20 жилд МАХН-аас улс орныхоо хөгжлийн талаар барих бодлого, концепцоо тодорхойлох юм. Аравдугаар сарын 10-ны өдөр эдийн засгийн асуудлаар онол практикийн томоохон бага хурал хийнэ.

Энэ хурлаар өнгөрсөн 20 жилийн ажил, амьдралыг шинжлэх ухаанч байр сууринаас авч үзье, ирээдүйд ямар бодлого явуулах ёстой талаар эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсьё гэж төлөвлөсөн. Үүн дээр тулгуурлан МАХН хөгжлийнхөө бодлогыг тодорхой болгоод намынхаа их хурлаар баталж, олон түмэндээ тунхаглан зарлая гэж бодож байгаа. Ингэснээр улс орны хэмжээнд баримталж авч явах улсын болон намын эдийн засгийн бодлого олон түмэнд тодорхой болох ёстой.

-Намын шинэчлэлийн асуудалд ахмад, дунд үеийнхэн олон ургальч үзлээр хандаж, байр сууриа янз бүрээр илэрхийлж байгаа. Харин намын залуучуудын хувьд ямар бодолтой байгаа бол?

Л.Оюун-Эрдэнэ: -Манай намын онолын үзэл баримтлалын асуудлаар залуучуудын маань дунд хэлэлцүүлэг явагдаж байгаа. Тэд үзэл баримтал илүү тодорхой, ойлгомжтой байх нь зөв гэсэн бодолтой байна. Жишээлбэл, 1990 он түүнээс хойш төрсөн залуучуудад онолын асуудал тэр бүр ойлгогддоггүй гэж шүүмжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн бүхэнд тэгш боломж олгох ёстой, хүн бол хөгжлийн цөм байх ёстой гэсэн зүүний чиглэлийн үнэт зүйлүүдийг ардчилсан социалист үзэл баримтлал гэхээр төдийлэн сайн бууж өгдөггүй юм байна. Үүнийг нийгмийн ардчилсан үзэл баримтлал гэж томьёолоод нийгмийн чиг баримжаатай, үнэт зүйлсэд тулгуурласан ардчилсан үзэл баримтлалыг хэрэгжүүлнэ гэхээр илүү хялбар ойлгож байгаа.

Тиймээс намынхаа үзэл баримтлалыг Нийгмийн ардчилсан хэмээн тодорхойлж, томьёолбол баяртай хүлээн авахаа илэрхийлсэн. Тийм ч учраас IV их хурлаараа манай төлөөлөгчид холбооныхоо нэрийг Нийгмийн ардчилалМЗХ гэж томъёолсон. МАХН-ын нэрийн асуудал залуусын дунд олон жил яригдаж байгаа. Хувьсгалт гэдэг томьёолол өнөөдрийн цаг үед, ялангуяа гадаад ертөнцөд сонин сонсогддог.

Би 29 настай. Хувьсалт намын гишүүн гэхээр өнөөдөр намайг хувьсгалт намын өнгөрсөн үеийн бүх түүхтэй, хэлмэгдүүлэлттэй хүртэл холбоотой мэтээр хүлээн авдаг. Шинэ коммунист гэсэн нэр хоч зүүх улс төрийн санаархал хүртэл байдаг. Залуучууд бидний хувьд өнгөрснийг гэхээсээ илүүтэй ирээдүйгээ хардаг баймаар байна.

20 жилийн дараа залуучууд бидний амьдрал ямар болох вэ, тэр үед 40 нас гарсан бидний, үр хүүхдийн маань амьдрал ямар байх нь л илүү чухал. Тийм учраас МАН гэдэг уугуул нэрээ сэргээж авахыг залуучууд дэмжиж байгаа. Мөн бидний хувьд олон жил яригдаж, хэлэлцэгдсэн энэ асуудлыг одоогийн намын удирдлагууд зоригтой гаргаж тавьж, олон нийтээр хэлэлцүүлэн, хүмүүсийн санал бодлыг дэлгэрэнгүй байдлаар хүлээн авч, намынхаа ээлжит Их хурлын эрхийнх нь дагуу чөлөөтэй хэлэлцэх боломжийг олгож буйд баяртай байгаа. Түүнээс ч илүү өнгөрсөн 20 жилээ дүгнэж, ирээдүйн 20 жилийн зорилтоо тодорхойлох МАХН-ын XXVI их хурлын үр дүнгээс их зүйл хүсэн хүлээж байна

-Уул уурхайгаас олох орлого цаашид улам нэмэгдэх нь тодорхой. Гэсэн ч ойрын ирээдүйд чинээлэг дунд түвшинд багтаж, нийгмийг хөдөлгөгч гол хүч болно гэдэгтээ итгэлтэй хүн цөөхөн байна. Яг өөр дээрээ ярихад ийм итгэл надад хол л санагддаг. Тэгэхээр та надтай адил ийм бодолтой олон олон жирийн иргэдэд хандаж юу хэлэх вэ?

У.Хүрэлсүх:

-Би түрүүн хэлсэн. 1.7 сая хүн өнөөдөр дундаж, түүнээс дээш чинээлэг амьдралтай болсон байнаа гэж. Тэр хүмүүс улс эх орон маань хурдан хөгжөөсэй, ядуу зүдүү амьдралтай хүмүүсийн амьдрал хурдан дэвжиж дээшлээсэй, бүгдээрээ сайхан орчин нөхцөлд амьдрах юмсан гэж боддог нь ойлгомжтой. Хоёр давхар автозам тавигдаасай хэмээн боддог, мөрөөдөг хүмүүс олон. Хувийн онгоцтой болсон хүмүүс ч бий. Нэг хэсэг нь ингэж амьдарч байна. Гэтэл үнэхээр ядуу зүдүү амьдарч байгаа нэг хэсэг бий. Цалингаас цалингийн хооронд өдөр хоногоо аргацааж байгаа төсвийн байгууллагын албан хаагчид байна. Хамгийн ядуу зүдүү амьдралтай хүмүүс одоо төв, суурин газруудад л байгаа.

Энэ хүмүүсийн ажил, амьдралыг сайжруулахын тулд бодлогоо хамгийн түрүүнд тодорхойлох хэрэгтэй. Мэргэжилгүй, боловсролгүй, мөнгөн хуримтлалгүй хүмүүс ядуу зүдүү амьдрал руу алхаж байна. Тиймээс төрөөс юуны өмнө ийм хүмүүстээ гагнуурчин, токарьчин, будагчин, шаварчин зэрэг мэргэжил эзэмшүүлэх ёстой. Мэргэжлийн сургалт үйлд вэрлэлийн төвүүдийг ол ноор байгуулж ажилгүй, мэр гэ жилгүй хүмүүсийг сургал тад хамруулан мэргэжил эзэмшүүлэх, хувийн хэвш лийнх нийгээ, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь МАХН-ын гол бодлого.

Төр өөрөө томоохон үйлдвэр завод байгуулах тухай ярилгүй яахав. Гэхдээ хувийн хэвшлийнхний хүч боломжийг төрөөс тусгай бодлогоор дэмжиж, тэднээр дамжуулан ажилгүй, амьдрал нь ядуу тэр олон хүнийг ажлын байртай болгож, амьдралыг нь өөд татах асуудлыг ярих ёстой. Бидэнд мөнгөний боломж бас ч гэж гардаг боллоо. Өмнө нь бид мөнгө яаж олох вэ гэж тархиа гашилгадаг байсан бол одоо мөнгөө юунд, яаж зарцуулах вэ гэж ярьдаг болсон. Намайг УИХ-ын гишүүн байх 2000 онд улсын жилийн төсөв 470 тэрбум төгрөгөөр яригддаг байсан бол одоо хэдэн их наядаар хэмжигдэж байна.

Уул уурхайн ордууд эдийн засгийн эргэлтэд орж, 2012, 2013 оноос ашиглаад эхэлбэл манай улсын эдийн засгийн боломж улам нэмэгдэнэ. Олсон мөнгөө зөв хуваарилах, хүмүүсээ сургах, мэргэжилтэй болгох, ядуу амьдралтай хүмүүсээ тэтгэж, дэмжих ажлуудыг хийнэ. Харин нийгмийн хавтгайрсан халамжийг эргэж харах ёстой гэж бид үзэж байгаа. 2008 оны сонгуулиар бид 1.5 сая төгрөгийг хүн бүхэнд олгоно гэж амласан.

Амлалтаа бид хэрэгжүүлнэ. Ард түмэнд олдсон хишиг буяныг Монголын иргэдэд тэгш хуваарилан хүртээх ёстой. Үнэхээр ядуу зүдүү амьдралтай өрх толгойлсон эмэгтэй, өнчин өрөөсөн хүүхдүүд, ахмад настан, хөгжлийн бэрх шээлтэй хүмүүсийг тэтгэж дэмжих, төрийн хайр халамжинд байлгах бодлогыг үргэлжлүүлнэ.

А.Цанжид: -Хоёр зүйлийг ялгаж ойлгох ёстой гэж би бодож байна. Баян орон, хөгжсөн орон гэж байна. Энэ хоёр хоорондоо ялгаатай. Нефтээ олборлож аваад дэлхий даяар зараад баян болсон орон байна. Гэхдээ хөгжилтэй биш.

Баялаг багатай ч хөгжлийн загвар болж чадсан улс орнууд бас байна. Бид сайхан амьдрах тухай бүгдээрээ яриад байгаа хэрнээ хөгжилтэй орны замналаар биш, харин тэр баян орны замаар явчих гээд байх шиг надад ажиглагдаад байгаа юм. Алс ирээдүйд мэргэжлийн сургууль төгссөн өнөө мэргэжилтэй ажилчид маань ухаж онгичоод нүхлээд хаячихсан нүхнийхээ амсар дээр суугаад “яах гэж амьдарваа” гэж хэлэх нөхцөл байдалд орохгүй юмсан. Тийм учраас одоо энэ уул уурхайгаас олж байгаа их мөнгөө яаж зарцуулахаа нарийн тодорхойлох ёстой. Үүний тулд шинжлэх ухаан технологийн дэвшлийг дэмжих ёстой. Тэгэхгүй бол Япон, Солонгос, Хятадад хэрэглээд дууссан хуучин техник, технологийг Монголд зөөж авчраад байх юм бол бид хэзээ ч өндөр хөгжилтэй орон болохгүй. Мөн хэзээ ч баян болохгүй. Тийм учраас жижиг улс гэж бид өөрсдийгөө голохгүйгээр шинжлэх ухааны дэвшлийг маш сайн дэмжих ёстой.

-Монголд төрөөс төрсөн тэрбумтан, олигархиуд олон болсон гэж ярьдаг. Цаашдаа ийм хүмүүсийн тоо улам өсөхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс МАХН эрх баригч намын хувьд олигархиудын асуудалд яаж хандах вэ? Уул уурхайгаас орж ирэх орлого жирийн иргэдэд биш, тэдэнд илүү ногдох юм биш биз гэсэн болгоомжлол бий. Үүнд ямар хариулт өгөх вэ?

Ц.Сүхбаатар: -МАХН-тай холбоотой өрнөж байгаа асуудлын эцсийн дүгнэлтийг XXVI их хурал хийнэ. Хурлаар тулгамдаж буй бүх асуудлаа ярих учраас энэ сарын 1-3-ны өдрүүдэд улсын хэмжээн дэх намын бүх үүрийнхээ хурлыг хийх гэж байгаа. Энэ хурлуудаар их хурлаар хэлэлцэх асуудлуудыг хөндөж ярилцана. МАХН олон мянган гишүүнтэй учраас хүмүүс янз бүр л хандаж байгаа байх. Гэхдээ хэлэлцүүлэг хийж байгаа нэрийн дор намынхаа нэр хүнд, үйл ажиллагаа, гишүүдийнхээ нэр хүндэд халдаж болохгүй гэсэн чиглэл өгч байгаа. Яагаад гэвэл ажлаа зөвхөн урагшаа харсан замаар явуулъя. Ухрах уу гээд байгаа хүмүүс юу хэлээд байгааг ойлгохгүй байгаа. Зарим хүний нэр хүндэд халдаж, гүтгэж байна.

Жишээ нь Дуурийн театрт хийсэн хэлэлцүүлэгт би бүтэн суусан. Тэнд олигархиуд гэсэн нэр томъёо гаргаж ирж байна лээ. Цэвэр хэлэлцүүлгийн чанартай асуудалд ингэж хандаж болохгүй. Ямар зорилгоор ийм үйл ажиллагаа зохион байгуулаад байгаа нь аяндаа харагдана даа. Монголд өнөөдөр баян хүн байна уу гэвэл байна. Бизнес хийж байгаа хүмүүст олигархи гэсэн нэр томъёо зүүх нь харьцангүй асуудал. Тэд бизнесээ эрхлээд, улсад татвараа төлөөд, үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Өнөөдрийн байдлаар МАХН-ын Хяналтын ерөнхий хороон дээр танай намын ийм олигархи Монгол Улсын тийм хууль дүрэм зөрчиж байна гэсэн мэдээлэл, гомдол ирээгүй. Их хурал дээр намын нэрээр төрийн алба хашиж буй хүмүүсийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, сахилгажуулах, ер нь Монголын төрийн албыг хэн хаших ёстой, хэн үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулж чиглэл өгч байх ёстой юм бэ гэдэг асуудлыг тодруулна. Энэ талаар нарийн бодлого боловсруулна. Ийм асуудлыг зоригтой гаргаж тавиад ажиллаж байгаа нь МАХН-ын хувьд нэр төрийн хэрэг юм. Бид их урам зоригтой байгаа.

Гэхдээ бүх юм өндөг шиг өөгүй сайхан байна гэж юу байхав. Бидний урам зоригийг мохоосон, даанч яав даа гэсэн зүйлүүд мэр сэр гарч байгаа. Намын нэрээр, гишүүд олон түмний дэмжлэгээр төрийн өндөр алба хашиж байхдаа өнөөдрийн яриад байгаа энэ ажилгүйдэл, ядуурлыг шийдэх ёстой байсан зарим хүмүүс улс орныхоо, ард түмнийхээ төлөө юм хийх гэж бодож, зорьж байгаа хүмүүсээ яллах арга хэмжээ зохион байгуулж байгаа нь үнэхээр харамсалтай.

-Намын удирдлагын зүгээс үзэл бодол нэгдэхгүй байгаа тэр хүмүүстэй уулзаж ярилцаж, ойлголцож болоогүй юм уу. Тэдний талаар та бүхэн ямар байр суурьтай байна.

У.Хүрэлсүх: -Манайх ардчи лалтай нам шүү дээ. Хэлэлц үүлгийг өргөн хэмжээнд хийх нь МАХН-д ач холбогдолтой гэж би ойлгож байгаа. Манай нам сайн, муу, алдаа, оноогоо ард түмнээрээ хэлэлцүүлж засахад чухал тустай гэж намын удирдлагууд үзэж байгаа. Би намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд нэг зүйлийг хэлдэг. “Өөрийнхөө намыг төгс төгөлдөр улс төрийн хүчин гэж хэлэхгүй ээ” гэж.

Манай намд амьд хүмүүс байдаг учраас алдаа, оноо гардаг. МАХН юун дээр алдаж, онож байгаагаа олон түмний яриа хэлэлцүүлгийн дундаас өөрсдөө мэдэж, таньж, шүүн тунгааж, засаж залруулах нь бидний хувьд хамгийн чухал. Намын ажил бол захиргааны ажил биш.

Дарга үүрэг, тушаал өгч, түүнийг нь хэрэгжүүлдэг тэр цаг үе өнгөрсөн. Тиймээс олон нийтийн санаа, оноог тандан судалж, ийм хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу манай намын зарим нөхөд санаа оноогоо нэмэрлэж, онол практикийн бага хурал зохион байгуулж байгааг би буруу зүйл гэж ойлгохгүй байна. Хамгийн гол нь цаанаа өөр зорилготой, улс төрийн ашиг хонжоо хайсан биш байх ёстой л гэж үзэж байгаа. Шинэчлэл гэдэг бол амьдрал юм. Тухайн үеийн нийгэм, улс төрийн нөхцөл байдал, хүмүүсийн сэтгэл санааны байдлаас шалтгаалж шинэчлэл тасралтгүй явагддаг.

Н.Энхбаяр даргын үед л МАХН-ын шинэчлэл хийгдээд дуусчихсан юм биш шүү дээ. Хүрэлсүх, Батболдын үед ч дуусчихгүй. Хожим бидний хойч үе бас л шинэчилж, өөрчлөөд нийгэмдээ зохицуулаад аваад явна. Шинэчлэл бол айж эмээгээд юм уу, дургүйцэж бултаад байх аргагүй, хэн нэгэн этгээд өмчлөхийг санаархаж болдоггүй мөнх үргэлжилдэг үйл явц юм.

-Бидний урилгыг хүлээн авч манай Редакцид саатсан Та бүхэнд баярлалаа. Зорьсон үйлс тань бүтэж, МАХНын шинэчлэлийн үйл хэрэг Монголын ард түмний тусын тулд хөгжил дэвшлийг дагуулах болтугай. Ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа.

Тэмдэглэсэн Б.ЭНХЦЭЦЭГ, Д.ОЮУН-ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.