Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Махны экспортын хэмжээг өсгөн 92 000 тоннд хүргэнэ

…2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Үүний хүрээнд 18 аж ахуйн нэгж багадаа 20 000 тонн мах бэлтгэх боломжтой болсныг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкны шаардлагаар, хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд одоогоор ажлаа өөрсдийн хөрөнгөөр эхлүүлсэн юм байна…

Улаанбаатарын дийлэнх зах, худалдааны төвд энэ сарын эхний долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 8400, үхрийнх 11 000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь долоо хоногийн хугацаанд махны үнэ кг тутамдаа 250-350 төгрөгөөр хямдарсан дүн болсныг нийслэлийн Статистикийн хороо мэдээллээ. Үхрийн цул мах кг нь дунджаар 13 000, хониных 10 000 төгрөг байсан нь долоо хоногийн өмнөхөөс 6-7 хувиар багассан үзүүлэлт гэнэ. Тэгвэл өнгөрсөн жилийн мөн үеийнхээс үхэр, хонь, ямаа, адууны мах кг нь 1000-2000 төгрөгөөр өссөнийг мах борлуулагчид хэлэв. Тухайлбал, “Хүчит шонхор” захын худалдагч М.Ариунтуяа “Жил бүрийн 11-1 дүгээр сард махны үнэ хамгийн хямд болдог. Гэсэн ч өнгөрсөн жилийнхээс мах үнэтэй буюу бүх төрлийнх нь бөөний үнэ кг тутамдаа 2000 орчим төгрөгөөр ахиу байна. Бид орон нутгаас авчирсан бүтээгдэхүүний кг тус бүрт 300-500 төгрөг нэмж зардаг” гэв. Харин орон нутагт тухайлбал, Говь-Алтай, Ховд, Завханд эр хонь, ямаа 90 000-110 000, эм нь 50 000-70 000, бод 400 000-800 000 төгрөгийн ханштай байгаа аж. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын малчин Ж.Цогоо “Манайд болон ойролцоох 3-4 сумд зуншлага тааруу байсан. Хадлан, тэжээл бэлтгэх боломж бага байснаас шалтгаалан мал, мах нийлүүлэх сонирхолтой иргэд олон байгаа ч авах аж ахуйн нэгж алга. Нас гүйцсэн ямааг дунджаар 70 000, хонийг 110 000 төгрөгөөр үнэлж буй ч худалдан авагч олдохгүй байна. Хонь, ямаанаас 25 кг мах авна гэж тооцвол хонины мах нэг кг нь 4000 төгрөгийн үнэтэй байгаа нь бага дүн бөгөөд малчдын орлого ахихгүй нь” хэмээн ярилаа.

Манай улс өнгөрсөн өвөл 70.4 орчим сая мал тоолуулсан нь тоо толгой нь хамгийн өндөр түвшинд хүрсэн дүн. Нийт малд хонь 45.5, ямаа 41.2 хувь ногдсон бол үлдсэн нь бод юм. Үүнээс жил бүр 25-30 саяыг нь дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулан, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх боломжтой хэмээн тооцдог. Хэрэв 20 сая малын 70 хувьд хонь хэрэгцээлж, нэгээс нь 20 кг мах авна гэвэл жилд 280 орчим сая тонн мах бэлтгэх боломжтой бөгөөд ямаа, бодоос гаргах бүтээгдэхүүнийг нэмбэл илүү их тоо гарна. Гэхдээ манай улс ийм хэмжээний бүү хэл, нэг сая тонн махыг ч стандартын шаардлага хангасан орчинд, олон улсын жишигт хүрсэн түвшинд бэлтгэж чаддаггүй. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг аж. Тодруулбал, “эрүүл бус” мал адгуулдаг хэмээн олон улсад шүүмжлүүлдэг байна. Манайх бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлж, байгалийн аргаар маллан, тарга тэвээрэг авхуулсан мал өсгөн, экологийн цэвэр бүтээгдэхүүн бэлтгэдэг гэдэг ч олон улсын чанарын шаардлага хангахгүй байх нь бий. Тухайлбал, махны экспортын 80 орчим хувь нь ногддог БНХАУ-аас холбогдох байгууллагууд нь мах худалдан авах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд өөрсдийн төлөөллийн шалгалтыг оруулдаг юм байна. Ингэснээр тухайн үйлдвэрийг итгэмжлэн, мах нийлүүлэх боломжтой хэмээн дүгнэдэг аж. Уг үйлдвэр нь махныхаа гарал үүслийг тодорхой байлгах, өвчин эмгэгүйг нь нотолсон мал эмнэлгийн тодорхойлолтыг бэлтгэх хэрэгтэй байдаг. Ийм шалгуурт бүдрэхэд малын шүлхий, бруцеллёз өвчнөөс сэргийлснээ нотлон, эрүүл малтайгаа баталж чаддаггүй нь нөлөөлдөг гэв. Тиймээс Швейцарын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Мал эмнэлгийн ерөнхий газраас шүлхийтэй тэмцэх хяналтын хөтөлбөр боловсруулжээ. Үүний хүрээнд малд вакцин хийсэн, эсэхийг ийлдсийн шинжилгээгээр тогтоох боломж бүрдүүлэн, мэдээллийг нь махны зах зээлд хамтран ажиллагч олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүд рүү илгээж буй юм билээ. Эл ажлын үр дүн сайн байгаа бөгөөд мах нийлүүлэхэд тулгарах саадыг багасгахад нэмэр болж буй аж.

2020-2021 онд манайх 92 000 орчим тонн махыг БНХАУ, ОХУ, Иран зэрэг орон руу гаргах боломж бүрдүүлсэн нь 2019 оныхоос өссөн дүн гэдгийг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш дурдав. Тэрбээр “Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээс олох орлогыг өсгөх зорилгоор махны экспортын хэмжээг жил бүр нэмэх бодлого баримтлах нь зүй. Нэг үеэ бодвол мал эрүүлжин, зарим орны мал эмнэлэг, халдваргүйжүүлэлтийн стандартад нийцэх хэмжээ нь өссөн. Мах авах сонирхлоо цөөнгүй орон ирүүлж байгаа” гэлээ. Харин нэг малаас авах махны хэмжээ төдийлөн нэмэгдэхгүй байгааг тэрбээр онцлов. Тодруулбал, махны чиглэлийн сайн үүлдрийн нэг хониноос 50-60 кг мах авах боломжтой ч манайд 25 кг-аас дээш бараг гарахгүй байгаа аж. Иймээс тэжээлээр борддог, эрчимжсэн, эсвэл холимог мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд илүүтэй анхаарах учиртай. Ийм санаачилгын нэг нь “Чинээлэг малчин” юм. Ховд, Хөвсгөл, Баян-Өлгий зэрэг аймагт хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд хурганы мах бэлтгэж эхэлсэн. Хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн хорголжин тэжээлээр хургыг бордсоноор 6-10 сарын хугацаанд хүнсэнд нийлүүлэх боломж бүрддэг гэнэ. Малаа гуравдугаар сараас хэтрүүлэхгүйгээр төллүүлж чадвал нэг төлөөс дунджаар 15 кг мах бэлтгэх юм байна. Эл бүтээгдэхүүнийг кг-ыг нь 13 000 төгрөгөөр борлуулж буй нь нас гүйцсэн буюу 3-4 жил малласан хониныхтой дүйцэх үнэлгээ болжээ. Гэхдээ энэ нь төл малын мах хүнсэндээ хэрэглэдэггүй уламжлалтай монголчуудад зориулсан гэхээсээ илүүтэй манай улсад суугаа гадаадын иргэд, экспортод чиглэсэн бизнес гэдгийг төслийг хэрэгжүүлэгчид нь онцоллоо.

Нийслэлийн хүн амын 2020-2021 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Үүний хүрээнд 18 аж ахуйн нэгж багадаа 20 000 тонн мах бэлтгэх боломжтой болсныг Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Аж ахуйн нэгжүүдэд арилжааны банкны шаардлагаар, хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд одоогоор ажлаа өөрсдийн хөрөнгөөр эхлүүлсэн юм байна. Нийт хэдэн төгрөгийн санхүүжилт олгох нь шийдэгдээгүй байгаа гэнэ. 20 000 тонноос багагүй мах бэлтгэх бөгөөд 13 000 тонныг нь ирэх он гарахаас өмнө нөөцлөх бүрэн боломжтой, үнийг нь өнгөрсөн жилийнхээс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөснийг Л.Чой-Иш дурдсан.

Малчид малаа өндөр үнээр борлуулах, нөгөөтээгүүр хот суурин газрынхан хямд үнэтэй бүтээгдэхүүн худалдан авах сонирхолтой нь мэдээж. Гэхдээ тээвэрлэлт, мах бэлтгэл зэргээс шалтгаалан нэг кг махны үнэ 2-3 дахин нэмэгдэн, нийслэлд “ирснээр” хоёр талын ашиг сонирхол зөрчигдсөн хэвээр байна. Улсаас зээлийн хөрөнгөөр мах бэлтгүүлэн, хямд үнэтэй махаар иргэдийг хангах бодлого баримталж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ложистикийн төв байгуулж, ченжүүдийн оролцоог хална гэж буй ч үр дүн муутай хэвээр. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, нэг малаас авах ашиг шимээ дээшлүүлж чадвал малчдын орлого өсөх боломж нэмэгдэх нь.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.