Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мартагдсан “Мadness”

Учирсан хосуудын төлөө, Мөнхийн хайрын төлөө Энэ дуугаа би дуулъя, Дурласан хосуудын төлөө, Үүрдийн хайрын төлөө Энэ дуугаа би дуулъя… Ийм дахилттай дууг өөрийн эрхгүй аялаад байх боллоо. Нэр нь “Шүтээн”. Нэг л танил мэдрэмж. Хуучин юм шиг дотно санагдах цоо шинэ ялгуу. Яг л надад үгүйлэгдээд байсан хоосон орон зайг нөхөх шинэхэн “амт”-аар дүүрэн гээч. Энэ мэдрэмжтэй давхцаад “мартагдсан Madness” гэдэг үг толгойд буулаа. Яг мөн. “Madness”- ийн аялгуу цаанаа л нэг яруу байдгийг би мэднэ. Тайз руу шуурцгаах өч төчнөөн жижиг хамтлаг, дуучдын дуунаас “Madness”-ийнх шиг тийм яруу дуу олж сонсоогүй л яваа шүү дээ.


“Madness” мартагдах болоогүй. Мартагдах ч үгүй биз. Тийм дээ, “Нэг өдөр”, “Дурсамж бүсгүй”-гээр шуугиулж явсан залуусыг хэн мартах билээ… Ингэж бодож суухдаа, ерөөсөө л “Madness”-ийн яруу дуучтай уулзмаар санагдав. Гэхдээ тийм ч амар байсангүй ээ. Сүүлийн таван жилийн хугацаанд тэд ямар ч хэвлэлд ярилцлага өгөөгүй. Тэр ч бүү хэл сэтгүүлчидтэй уулзахаас зайгаа барьдаг байсан юм. Удаан “гүйж” байж олж авсан утасны дугаар руу нь залгах тоолондоо “Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна” гэдэг үгтэй “ярина”. Бараг хагас сарын дараа тэр утсаа нээж, бид “тааралдах” боллоо. Болзсон ёсоороо “Доргио” клубт уулзаад, түүний сонголтоор булангийн хар буйдан дээр суув. Амьд хөгжмийн тоглолттой клуб болохоор Оюунсайхан энд их ирдэг гэсэн. Тэр машин барьж яваа болохоор цэвэр ус захиалав. Уг нь би түүнийг шар айраг захиалж, “100 татах” байх гэж бодсон юм. Халамцуухан яриа өрнүүлэх төлөвлөгөө маань ингээд нурлаа. Гэхдээ зүгээр ээ. Надад “Б төлөвлөгөө” байгаа. Хамгийн гол нь тэр одоо миний өөдөөс хараад сууж байна шүү дээ. Шинэхэн уран бүтээлүүдээ “үүцэлж” байгаад, сонсогчидтойгоо нэг мөсөн “учирна” гэж яриад инээж байна.
Оюунсайхан архи уугаад “Madness”-ийг “миаруулсан” гэдэг яриа их л сонсогдож байсан юм. Энэ тухай өөрт нь хэлэхэд “миаруулсан” гэдэг үгийг их л сонирхож байх шиг ээ. Дахин дахин хэлж үзэв. Тэгснээ “Миаруулаад байхдаа яах вэ дээ, би Монгол залуусын л хэмжээнд ууж байгаа. Уух үедээ ууна. Тэрнээс биш хамтлагаа миаруулах дайтай ууж идсэн юм байхгүй ш дээ” гэж хэлээд чанга инээсэн юм. Би ч инээдтэй асуулт асууж дээ. Хэн өөрийгөө “Би архи уудаг” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах билээ. Ингэж бодмогц түүний инээд утгагүй санагдав. “Хүмүүс их худалч болж дээ, таны тухай элдэв юм зохиож яриад л. Тийм ээ” гээд өөрийг нь дуурайж инээв. Бас л утгагүй инээд. Яг энэ үед нүд нь үл ялиг томроод “Үгүй ээ, зохиож яриагүй. Тэгж бодоод байгаа байхгүй юу. Их хэцүү. Ууж байгаад хүнтэй таарлаа. Дараа нь уулаа тэр хүнтэйгээ таарлаа. Тэгэнгүүт чинь л байнга уудаг гэдэг үгтэй яалт ч үгүй холбогдчихоод байдаг юм” гээд инээв.
 -Тэгвэл “Madness” уран бүтээл хийхээ больсон шалтгаан байгаа даа?
 -Шалтгаан гээд байх сүртэй юм байхгүй дээ. Тэр үед хамтлагууд цөөхөн байсан. Хүмүүс сонсох юмаар ид дутаж байсан цаг. Бид яахав дээ, хоёр дуу хийчихсэн. Тэр нь хүмүүст таалагдчихсан. Энд тэнд очиж дуулаад л, мөнгө төгрөг захаасаа орж ирээд эхэлдэг байхгүй юу. Тэгээд л бид хэд ууж идээд, назгайрсан юм шиг байгаа юм. Тэрнээс гадна биднийг эрхлүүлдэг хүмүүс их олон байсан. Тэр хүмүүс маань гэнэт бид нарт анхаарал тавьж чадахааргүй болсон л доо. Бид тэр рок попын халуун тогоо могоо гэдэг юманд нь багтаж чадаагүй байсан юм. Тэгээд л уран бүтээл завсардсан. Тэр завсраар нь зүгээр суултай биш дээ. Бүгд ажил төрөл хийгээд явцгаахгүй юу. Тэгээд л тэр… За энэ талаар ч нэг их сүртэй яриад байх юм байхгүй дээ.
 -Та нар тэгээд энэ хугацаанд юу хийж байсан юм бэ?
-Бээжинд дуу бичлэгийн студид продюссер, дууны найруулга хийдэг байлаа. Би л гэхэд дөрвөн жил тэнд ирэн очин амьдарсан. Манай хамтлагийнхан их буянтай юм хийж байсан ш дээ. “Air China”- гийн дөрвөн одтой зочид буудалд монгол дуучдын тоглолт энэ тэрийг зуучилж өгдөг байсан. Тэнд тоглож байсан хамтлагууд байр, хоолны мөнгөнөөс гадна 3000 юань авна. Харин Гэрлээ /хамтлагийн гитарчин/ маань аягүй том студид ажиллаж байсан ш дээ. Нөгөө “Домог” киноны дууг бичсэн студид. Хятаддаа бол томд тооцогддог байхгүй юу.
-Анх байгуулагдаж байхдаа ямархуу орлоготой байсан бэ. 1998 он хавьцаа байх аа?
 “Тэр үед яах вэ дээ, жоохон ч байсан. Жижигхэн газруудад хоёр гурван цаасаар дуулаад. Аягүй инээдтэй”. Ингэж хэлэхээр нь юу тийм инээдтэй байгаа талаар асуулаа. Тэр зогтусаад, надруу нэг том харсанаа “Үгүй яах вэ дээ” гэж хэлээд надаас асуулт асууж эхэлсэн юм. Тэр асуултаас зүгтаж сурсан хүн бололтой. Шинэ дууныхаа талаар үе үе асууна. Тэгснээ Дарханд очиж шинэ дуугаа дуулахад хүмүүс дахилтыг нь дагаж дуулж байсан тухай яриад л, малгайныхаа саравчийг доош нь дарна. Өөрийгөө магтчихлаа даа гэж санаа зовсон байх аа. Тэгээд хэсэг чимээгүй болчихсон. Энэ эвгүйцэм нам гүмийг эвдэх хэрэгтэй байсан тул хуучны уран бүтээлүүдийнх нь талаар яриа өдөх гэж дуу аялав. “Хайрын дуу аялан чамтай зугаалах миний хотын гудамж…”
Оюунсайхан үл ялиг инээвхийллээ. Сэргээд ирэх шиг болов. Энэ дуунд олон дурсамж шингэсэн бололтой. Тэгээд ярьж эхлэв. “Хотын гудамж” дуугаа оюутан байхдаа зохиож байсан. Хөгжимд ид донтож байсан үе гэх үү дээ. Гитараа үүрээд л гарна. Гэр, сургууль, бэлтгэлийн байр гэсэн чиглэлтэй. Зав чөлөө гарвал хөгжимөө нүдээд суучихна шүү дээ. Хоол унд иддэг байсан ч юм уу, үгүй юм уу бүү мэд. Ер нь оюутан байхад юу ч байхгүй хэцүү байлаа. Эхнэртэйгээ хамт байр хөлслөөд л. Автобусанд чимхүүлээд л явж байна шүү дээ.” Оюунсайхан одоо зээлгүй. Тэр үед зээлээр эхлүүлсэн бизнесээрээ одоо болтол өл залгуулж байна даа гэж ярьсан. Гэхдээ тэр ямар бизнес хидэг тухайгаа ярихыг хүсээгүй л дээ.
Бээжинд ажиллаж байхдаа хэдэн төгрөг далд хийсэн юм биш үү гэсэн сониуч асуулт илүүдсэн бололтой тэр дуугарсангүй. Түүний нүүрний хувирлаас хариулт олоход их хэцүү. Тиймдээ ч хэлсэн үг болгоныг нь мушгиж уурлуулах гэсэн оролдого маань инээмсэглэлд нь дарагдаад нэг нэгээрээ нуран унаж байлаа. Тэр санаснаас илүүтайван хүн юм. Аль болох ойлгуулахыг хичээх нь илт. Түүний цоо ширтсэн харц, дуугүй байдал л надад аав хүний зан гаргаад байх шиг санагдсаныг нуух юун. Ингээд бидний яриа уран бүтээлийн тухай үргэлжиллээ. Оюунсахайхан үг бүрээ өнөөх жигтэй инээмсэглэлээрээ хачирлаж, дуугуй байдлаараа халхална. Түүний дуулж байгаа хэв маяг нь “Харанга”ын Лхагваатай тун адилхан. Хоолойны өнгө нь ч гэсэн нэг тиймэрхүү аястай болохоор дуурайж дуулдаг юм шиг санагдаад байдаг юм. Энэ тухай өөрөөс нь асуухад “Үгүй үгүй. Дуурайх нь ч хаашаа юм. Ийм шүү дээ. Лхагваа ахын дууг багадаа их сонсдог байсан. Дагаж дуулсаар байгаад нэг тийм хэмнэл авчихсан юм шиг байгаа юм.
Ер нь ямар нэг юмнаас санаа авах хэрэг гардаг ш дээ. Монголд рок хөгжим анхнаасаа байгаагүй. Бүгд л гаднаас орж ирсэн. Хөөмий, уртын дуутай ард түмэн рок хөгжмийг авчирахын тулд ямар нэг юмнаас санаа авсан байгаа. Үүний нэгэн адилаар хоолойныхоо өнгийг Лхагваа ахаас авчихсан юм шиг байгаа юм” гээд их удаан тайлбарласан. Дуурайдаг гээд бодчих вий гэж санаа нь зовоод байх шиг байна. Гэхдээ л адилхан дуулдаг нь үнэн шүү дээ. Өөрөө ч гэсэн тодорхой өнгө авсан гэдгээ хэллээ. -Танай хамтлаг үгүйлэгдээд байдаг. Та өөр юм хийгээд яваад байдаг. Тэгээд гэнэт гарч ирээд “Шүтээн” гэдэг гоё дуу хийчихээд алга болчихсон. Дахиад шинэ уран бүтээл хийх санаа байна уу? -Долгион ах хэлж байсан юм. Урлагт нэг орчихвол гарна гэж байхгүй ээ гээд. Их үнэн үг. Одоо уран бүтээл хийхгүй гээд яах вэ дээ. Өөрийнхөө дуртай юмыг хийж байж л амьдралаас таашаал авна шүү дээ. Нэг найз маань өрөө гаргаж өгөөд. Бэлтгэлээ хий гэсэн. Намайг дэмжиж байгаа царай нь. Би урмыг нь бодоод бэлтгэлээ хийгээд байж байгаа. Харин хамтлагийн бүрэлдэхүүний асуудал жаахан ярвигтай байна. Хөгжимчид яг тогтож өгөхгүй байгаад.
-Тэгэхээр “Madness” гээд ганцхан Оюунсайхан л байгаад байна гэсэн үг үү?
 -Харин тэгээд л байна. Одоо бүрэлдэхүүнээ цэгцэлчихвэл уран бүтээл хийхэд саадгүй болно. Надад 12 дуу бэлэн байгаа.
 -Орос бөмбөрчин хаачсан бэ. Вадим билүү?
-Орос хүн тэгээд л, оросруугаа л явна шүү дээ.
-Орос дуу дуулаач гэж хэлдэг байсан уу. Ер нь гадаад хэлээр дуулах тухай бодож байна уу. Сүүлийн үед амьд хөгжмийн хамтлагууд англиар дуулаад байгаа.
-Би хэлэндээ их муу. Вадим энд таван жил байхад би оросоор ярих тухай огт бодож байгаагүй. Харин Вадим монголоор ярьдаг болоод явсан шүү дээ. Би англиар дуулчих юмсан гэж хааяа боддог л юм. Гэхдээ одоо ч хэл сурахаасаа өнгөрсөн байлгүй дээ.
-Та нарын дуунууд их аялгуулаг. Ганцхан танаас гардаг аялгуу. Одоо болтол “Madness”-ийн хуулбар хамтлаг гараагүй л байна. Дуунуудын чинь талаар ярья л даа. “Нэг өдөр” гэж их гоё дуу.
-Гэрлээтэйгээ /хамтлагийнхаа гитарчиныг хэлж байна/ сууж байгаад л хийчихсэн дуу. Харин клип нь сайн болсон. Тэр үеийн хоёр сая төгрөгөөр бүтсэн эд дээ. Одоо болтол хуучраагүй гэж хэлж болохоор бүтээл болсон. Ер нь чанартай юм хийчихсэн байхад дараа нь үзэхэд сайхан ш дээ. Чи манай хамтлагийн өөр ямар дууг сонсож байсан бэ?
“Дурсамж бүсгүй”… Би энэ дуунд их дуртай. Болорхон жүнзийг харшуулах Хайраар дүүрэн чиний хурим Согтох эрхгүй миний сэтгэлд Солиорсон дурлал унтарсан.. гэдэг хэсэг дээр нь та уйлаад байгаа юм шиг санагддаг шүү. Тэр хурим гашуун байсан уу?
Тэрбээр энэ асуултад хариулахдаа хөмсгөө үл ялиг зангидав. Тэгээд хариулахыг хүсээгүй бололтой. Дуугаа хураачихсан юм. Би яриа өдөхийг хүссэнгүй ээ. Зүгээр л энэ мөчийг сэтгэлдээ зурж аваад, уншигч танд хэрхэн дүрслэх талаараа бодож суулаа. Оюунсайхан 10 минутад дунджаар гурван тамхи татдаг. Улаан Marlboro. Эхний хайрцгаа дуусгаад дахиад тамхи задлахдаа “Энэ шинэ Marlboro. Хуучнаасаа арай л зөөлөн. Арай ч гэж дээ нэлээд зөөлөн. Kent-ээс ч зөөлөн. Тамхинаас гарах гээд татдаг тамхиа зөөлрүүлж байгаа ухаантай. Нэг ч гэсэн хогноос татгалзъя гэж бодоод байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад ч юм хүүхний тухай асуумаар санагдлаа. Эхлээд жаахан тойруулах зорилгоор “Эхнэр тань тамхи татахыг хорьдог уу?” гэж асуув. Үгүй гэнэ. Тэгэхээр нь шууд л “Хүүхэн хорьж байна уу” гээд асуучихлаа. Тэр инээв. “Юу асуугаад байгаа юм бэ” гээд, асуултыг асуултаар хариуллаа. Энэ бол зүгээр л асуултаас зугтах оролдлого байсан юм. Гэр бүлтэй хүмүүсээс ер нь иймэрхүү юм асуух нь онцгүй байдгийг мэдэх тул өөр байдлаар ярихыг хичээлээ. Өөр төрлийн хор хэр их хэрэглэж байна? Тэр эвгүй асуултаас зугтсандаа баярлаж байгаа бололтой
“Угаасаа гурван хор л байдаг биз дээ, хэрэглэх үе байдаг даа” гээд түргэн хариулав. Дараа нь “Хүүхэн ер нь хор мөн үү гэсэн асуултад зүгээр л чанга инээж, “Мөн байх аа, заримдаа биш ч юм шиг” гээд бөөрөнхийлсөн хариу өгсөн. Хариулт ч яах вэ, зүгээр л янз бүрийн юм яриад нүүрнийх нь хувирлыг харж суух надад сайхан байлаа. Хувирал ч гэж дээ, тэр маш олон янзаар инээмсэглэдэг. Ихэнхдээ нүдээрээ инээнэ. Тэр тоолонд нь нүднийх нь хажуугаар үрчлээс тодорно. Бас нэг шүд нь хугарчихсан болохоор жаахан “тиймэрхүү” харагдана. “Хотын гудамж” дууны клипэд гардаг царайлаг залууг нас дарж байгааг би тодхон харж байлаа. Гэхдээ цаанаа л нэг увдис байх шиг ээ. Тэр намайг нүдээрээ шатааж байлаа… Яг тэр агшинд “Намайг шатаах гэж илгээсэн, богинохон дурсамж бүсгүй” гэдэг дуу нь гэнэт санаанд ороод, тэсэлгүй чангаар инээчихэв. Асуусан харцных нь хариуд “Дуу шигээ гоё хүн юм аа” гээд хэлчихэв. Тэр инээж байна. Бас чих нь үл ялиг улайсныг яана. Ичимхий хүн бололтой.
Хэсэг дуугүй байсны эцэст “Баярлалаа, тэгвэл” гэдэг үг унагасан. Тэгээд дахиад л инээв. Үгүй ээ, инээмсэглэв гэх нь зөв байх. Тэр угийн инээмтгий хүн. Уурламаар асуулт асууж, бүр тэгэхээс тэгэх гэсэн шиг янзыг нь үзээд байхад л нүүрнээс нь тэр инээмсэглэл огт арилаагүй гээд бод доо. Харамсалтай нь бидний яриа энд хүрээд дууссан юм. Хүүгээ цэцэрлэгээс нь авах цаг нь болчихож. Ингээд л дуу шигээ гоё залуу маань хөдөө яваад ирэхдээ шороонд даруулсан, халтар машинаа бариад яаран явсан юм. “Хотын гудамж” дууны клипийг үзэж суухдаа, “Madness”- ийн дуучин залуугийн харцанд уярч суулаа. Уулзахаас өмнөх өдрүүд түүний тухай төсөөллөөр дүүрэн байсан тул “Уугаад ямархуу юм болсон бол” гэж бодож байсан үе олон. Харин өөдөөс нь хараад суухад нэг их сүртэй “миарсан” юм харагдсангүй. Түүний сахал урьдын хэвээрээ. Жаахан сүүмийснийг эс тооцвол нүд нь цоо ширтдэг хэвээрээ. Харин хоолой нь огт өөрчлөгдөөгүй. Сэтгэлд нь эгшиглэдэг ая яруу чигээрээ. Бодол ээдүүлэн дурсана чамайг, богинохон дурсамж залуу…
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.