Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН-ын Удирдах зөвлөл шинэ сайд нарын томилгоог хэлэлцэв

Ардчилсан намын зургаан сайд, мөн тооны дэд сайд барьж байсан тамгаа өгөөд өчигдөр орон тоогоо суллацгаав. Гэхдээ тэр даруй Засгийн газарт ор хамааралгүй хүмүүс болон хувирахгүй. МАН-ын хоёрдугаар ээлж “хоолондоо” орох хүртэл эдгээр 11 эрхэм урьд нь юу хийж байсан, түүнийгээ залгуулах үүрэг хүлээнэ. АН-ын сайд нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ нэг өргөдлөөр гаргаж, дор нь зургуулаа гарын үсгээ эрийлгэн Ерөнхий сайд С.Батболдод өргөн барьжээ. Үүний дараа МАН-ын дарга Удирдах зөвлөлийн гишүүдээ 18 цагт Төрийн ордонд дуудлаа.

Манай сонины дугаар шилжих 20.30 цагт Удирдах зөвлөл хуралдаж дуусаагүй байв. Удирдах зөвлөл дэх эх сурвалж “Бензин шатахууны үнийн өсөлт, ам.долларын ханш гэхчлэн энэ өдрүүдэд иргэдийн ахуй амьдралд хүндрэл учруулсан асуудлуудаар хуралдах биз” гэсэн таамаг хэлж байлаа. Гэвч улс төрийн амьдралын хамгийн том үйл явдал болоод буй хамтарсан Засгийн газрын задрал, АН-ын сайдуудын өргөдөл, сайд нарын танхимыг нөхөн бүрдүүлэх томилгооны талаар Удирдах зөвлөлийн хурлаар нухацтай хэлэлцжээ. Тэнд сайдаар томилогдохоор яригдсан нэрс өнөөдрөөс олон нийтэд тодорхой болж магадгүй. МАН-д яг одоо сайд нарын танхимаа нэн даруй нөхөн бүрдүүлэх шаардлага тулгарч байгаа юм. Удирдах зөвлөл юуны өмнө Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн хүрээнд ярилцсан байж таарна. Уг хуульд зааснаар Засгийн газрын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь УИХ тэдгээрийг томилсноор эхэлж, тухайн гишүүнийг шинээр томилсноор дуусгавар болдог.

Дэд сайдын бүрэн эрхийн хугацаа нь түүнийг Засгийн газар томилсноор эхэлж, тухайн дэд сайдыг шинээр томилсноор дуусгавар болно. Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох ёстой. Түүнчлэн орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Засгийн газрын нэг буюу хэд хэдэн гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж ч болохыг хуулиар зөвшөөрдөг юм байна. АН-ын сайд нар Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хуралд, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно” гэсэн “бөөрөнхий” заалтын дагуу чөлөөлөгдөх хүсэлт гаргасан.

Үүнээс үзвэл тэд хэдийгээр сөрөг хүчний талбарт шилжиж байгаа ч уг хуулийн 22.3-т заасан “Засгийн газрын гишүүн өөрийн эрхэлсэн асуудлын хүрээний бодлогын асуудлаар Ерөнхий сайдтай, эсхүл гишүүдийн олонхитой санал зөрсөн зэргээс бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон, түүнчлэн хуульд заасан бусад үндэслэл байна гэж үзвэл албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад хэдийд ч гаргаж болно…” хэмээх “сүрхий” үндэслэлийг өргөдөлдөө дурдсангүй. АН МАН-тай хамтарч ажилласан 3.4 жилийн түншлэлдээ хүндэтгэлтэй хандаж буйгаа үүгээр илэрхийлсэн хэрэг болов уу. МАН ч бас тэдний шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, АН-ын сайд нарыг үүрэг гүйцэтгэгчийн статусаар уяад байх хэрэггүй юм.

МАН-ын Удирдах зөвлөл орон гарсан сайд, дэд сайдын суудлуудад хийх томилгоог хэлэлцэхдээ Шадар сайд М.Энхболд, намын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн байр суурийг харах нь ойлгомжтой. Тэд энэ томилгоонд ямар бодлогоор хандах нь сонин байна. Удирдах зөвлөлийн шийдвэр гарахаас өмнө сайд нарын томилгооны талаар улс төрийн хүрээнд дэгдээд байсан сураг ажигаас дуулгая. Засгийн газарт хамтарсан АН-ын даргад зориулан Тэргүүн шадар сайд хэмээх албан тушаалыг бий болгосныг шинэ бүрэлдэхүүнд хэрэглэхгүй болов уу. Тэгэхээр одоо таван сайдын албан тушаалд томилгоо хийх гэнэ.

Сангийн сайдад одоо тус яамны дэд сайдаар ажиллаж буй Ч.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ч.Улааны нэрс дуулдаж байна. ЗТБХБын сайдад УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Р.Буд, өнгөрсөн сард төрийн албаа хүлээлгэн өгсөн Б.Цэнгэл, Батлан хамгаалахын сайдад УИХын гишүүн Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайдад УИХ-ын гишүүн Д.Очирбат магадлалтай гэлцэнэ. БОАЖ-ын сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Ц.Шийрэвдамба, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Гантулга нарын нэрс яригдаж байгаа аж.

Б.ЭНХЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.