Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мансууруулах бодист донтсон залуу гэрийнхнээ дарамталж байна

Хар тамхи, мансууруулах бодисын аюулын эсрэг дэлхий нийт анхаарлаа хандуулж, өмнөд хөрш гэхэд хуулиа чангатгаад байгаа. Манай Эрүүгийн хуульд хар тамхи хэрэглэсэн бол баривчлах ялаар шийтгэх заалт бий. Тиймд уг хэрэгт холбогдсон рок, попын хамтлаг, дуучид бусдад дамжуулан худалдаагүй учраас зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байв. Гэвч хар тамхинд донтогчид Сэтгэцийн эмгэг судлалын төвд хэвтэж эмчлүүлсэн ч мансууруулах бодисоо хэрэглэсэн хэвээр байх нь цөөнгүй аж.

Мансууруулах бодист донтсон залуусаас гэр бүлийнхээ гишүүдийн амь насанд халдах тохиолдол нэг бус удаа гарч байв. Тийм нэгэн залуу өдгөө аавыгаа зодож, эмээгээ айлган ар гэрийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулсаар байдаг юм байна. Аргаа барсан ар гэрийнхэн нь хууль хяналтын байгууллагад хандсанаар өдгөө тэрбээр Цагдан хорих төвд саатуулагдаж буй гэнэ. Сэжигтэн залууг Г.М гэдэг. Найз нөхдийнхөө дунд хочоороо танигддаг нэгэн аж. Хар багаасаа халаасны хулгайч нартай нийлж явсаар “кармачид” Бээжингийн онгоцны буудал руу шилжих үед тэнд очжээ. Түүний ар гэрийнхэн хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ дагуу хууль хяналтын байгууллагад тайлбар гаргахгүй байгаа юм байна.

Эмээ Д нь хүү Г-ийнхээ хамт айлын хашаа хөлслөн амьдардаг гэнэ. Эмээ нь “Уг нь манай хүү их сайн хүн байсан юм. Хэдэн жилийн өмнөөс хар тамхи гэгч балиар юманд донтож, ааш зан нь эрс эвдэрч, хүнтэй эвгүй харьцдаг болчихоод байна” гэхээс илүү зүйл яриагүй гэнэ. Г.М эхнэр хүүхэдтэй байсан ч тэднээсээ салж Бээжинг зорьжээ. Тэрбээр Бээжингээс байнга ирж очдог байсан аж. Буцах бүртээ ар гэрийнхэндээ “Бээжин рүү наймаанд явлаа” гэж хэлдэг байж. Тэнд байхдаа тус хотод биеэ үнэлдэг Ц хэмээх бүсгүйтэй танилцаж дотноссон гэнэ. Улмаар тэнд мансууруулах бодис хэрэглэж эхэлжээ. Бээжингээс ирэхдээ алт, мөнгөн эдлэлтэй ирж, Урт цагааны ченжүүдэд худалдаж байсан аж.

Бээжингээс ирээд 3-4 жил орчим болж байгаа бөгөөд энэ хугацаанд холын хамаатныхаа залуутай нийлж, мансууруулах бодис хэрэглэсээр уджээ. “Садангийнхаа залуугийнд очиж хоноод ирэх бүртээ мансуурч, нүд нь улаанаараа эргэлдээд ирдэг” гэж ар гэрийнхэн нь цагдаагийнханд тайлбарласан байна. Нэг удаа гэрийнхээ зуухны дэргэд суугаад хэрэглэж байгааг нь эмээ нь санаандгүй харжээ. Түүнээс юу хийж байгааг нь лавлахад “Зүгээр ээ. Тайвшруулах эм” хэмээн хариулсан байна. Эмээ нь цагдаагийнханд “Хар тамхи гэхээр нь хар өнгөтэй юм байна гэж бодож байлаа. Гэтэл арвайн гурил шиг бор шаргал өнгөтэй зүйл байсан” гэж хэлжээ.

Г.М-ынд нэгжлэг хийхэд чемоданаас нь хэрэглэж байсан бодис нь гарсан бөгөөд эмээ нь “Гэрт байхгүй л гэж бодож байтал гараад ирлээ. Хэдэн төгрөгөөр, хаанаас авсныг нь мэдэхгүй” хэмээн гайхашрангуй өгүүлжээ. Тэрбээр мансууруулах бодисоо хэрэглэснийхээ дараа 20 минутын дотор нэг хайрцаг тамхи татдаг гэнэ. Энэ тухай сэтгэцийн эмч болон хууль хяналтын байгууллагынхнаас лавлахад “Мансууруулах бодисоо биеэсээ гадагшилж эхлэхээр нь түүнийхээ үйлчилгээг идэвхжүүлэхээр ердийн тамхи их хэмжээгээр хэрэглэдэг” гэж тайлбарласан юм. Г.М ингэж мансуурсныхаа дараа гэрийнхэндээ “агсам” тавьдаг байсан.

Нэг удаа аавыгаа боож унагахыг завдсан бол одоогоос хэдэн сарын өмнө аав руугаа дайрч, эрүүг нь хуга цохисон гэнэ. Гэвч “Үхтэл үр харам” гэгчээр тэрбээр “хүүдээ ямар ч гомдолгүй” гээд цагдаагийнхныг халгаахгүй байгаа сурагтай. Бас эмээ рүүгээ сандал авч дайрсан удаатай юм байна. Эмээ нь “Нүд нь улаанаараа эргэлдүүлэн шүдээ хавираад “Та нарыг ална даа” хэмээн заналхийлээд байдаг. Хамгийн сүүлд эцэг рүүгээ ингэж дайрахаар нь арга буюу цагдаа дуудсан. Хэдийгээр над руу дайрч байсан ч огт гар хүрч байгаагүй. Харин аавдаа бол хэд хэдэн удаа гар хүрсэн. Нэг удаа хамаг аягыг маань авч шидсэн” гэж мэдүүлжээ. Ийм нэгэн хэцүүхэн амьдрал хотын нэгэн гэр хорооллын айлд өрнөж байна.

Хууль хяналтын байгууллагынхан түүнийг баривчилсны дараа тэрбээр Цагдан хорих төвд хар тамхиа эрэн нэлээд хэцүүдсэн гэнэ. Түүний ар гэрийнхэн “Хар тамхи хэрэглэсэн гэдгээрээ хуулийн дагуу шийтгүүлэх байх, түүнд нь нэрмээс болж, гомдол гаргаад яах вэ. Энэ балиар юмаа л хэрэглэхгүй болоод гарч ирвэл боллоо” гэж буй юм. Уг нь түүнийг эмчлүүлэхээр Сэтгэцийн эмгэг судлалын төвд хэвтүүлж, хүчтэй тариа хийлгэсэн ч зүгээр болоогүй гэнэ. Хар тамхины хор хөнөөл ганцхан айлд ийм хэцүү хувь заяа авчирч байна.

Олон айлд ийм хувь заяа учрахаас урьдчилан сэргийлж, цагдаагийн байгууллага арга хэмжээ авч байгаа. Гэвч энэ нь зөвхөн цагдаа, хуулийн байгууллагынхны хийх ёстой ажил биш. Иргэд үүнээс урьдчилан сэргийлж, хууль хяналтын ябайгууллагад мэдээ мэдээллийг өгч хамтран ажиллаж байж, гэр бүл, ойр тойрныхноо, цаашлаад улс орноо хар тамхины аюулаас холдуулж чадна.


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.