Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАНАЙ ЭНХБАЯР, МОСКВАГИЙН ЛУЖКОВ

Аз жаргалын тухай оросуудын ойлголт яг биднийхтэй адил өөрчлөгдсөөр л байна. Эрүүл, элэг бүтэн байхыг жаргалд тооцдоггүй хүмүүс тэнд ч, энд ч тодорсоор. Ах, дүү хөршүүд социализмаас шинэ нийгэм рүү шилжин орсон 20 жилийн дотор улс төр, эдийн засгаар зогсохгүй хүн нь, аз жаргал нь, ерөөс ертөнцийг үзэх үзэл орвонгоороо хувирчээ.

Монгол, Орос хоёрт Энхбаяр, Лужков хоёр шиг жаргалгүй улстөрчид өнөөхөндөө алга боллоо. Цагтаа цалгиж явсан цадиг түүх нь хаачив. Тэдэнд байсан олон зүйлсээс цор ганц эрх мэдэл нь үгүй болоход л аз жаргалгүйчүүдийн эгнээ рүү гулсдаг байгаа. Энгийн бидэнд үл ойлгогдох тийм нэг торгомсог хилээр улстөрчдийн жаргал, зовлон дэнслэгддэг аж.

Орост уг нь Юрий Михайлович шиг жаргалтай хүн баймгүй санагдана. Дугуй малгай жишүүдүүхэн духдуулсан Мээр Москвадаа эгээ л октябрын хувьсгалын үеийн Ленин шиг тахигдсан даа. Манай гаригийн хамгийн үнэтэй нийслэлийг 18 жил тасралтгүй удирдсан 74 настай эрхэмд бүх юм бий. Ю.Лужков Холливудын одоос дутахааргүй алдартай, гэр бүлийнх нь хөрөнгө чансаагаараа дэлхийн дансанд толгой цохидог. Хоёр дахь гэрлэлт, залуу эхнэр, хэнз охид гээд түүнд байхгүйгээсээ байгаа нь олон. Гавьяаны амралтад суулаа гэхэд харамсах зүйлгүй ажилласан баялаг намтартай хүн шиг л харагдана.

Гэвч тэрбээр гэнэт аз жаргалгүй болсон байна. Өчигдөрхөн Москвагийн бахархал байсан хүн гэнэт “лааз өшиглөх” улс төрийн шийдвэр хүлээн авав. Кремлийн эзэн түүнд итгэхээ больсон нь Юрий Лужковыг төрөлх намаасаа гарах, бие даан хөдөлгөөн байгуулах, өөрийгөө шинээр “төрүүлэх” улс төрийн амбийцтай болголоо. Манай энд ч мөн адил хөршийнд болж буйтай агаар нэгэн улс төр өрнөөд байгаа билээ. Олон монголчуудын бодлоор түүнээс илүү жаргал нь дэндсэн хүн үгүй.

Түүнд бүх юм бий. Гэвч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр аз жаргалгүй болчихоод байна. Монголын бахархал болж явсан он жилүүд нь ард хоцорсон гэж бодоход 52 настай түүнд дэндүү гунигтай. “Экс лидер” гэж хэлэгдэх нь доог тохуу шиг сонсогддог болов. Н.Энхбаяр МАХН-ын одоогийн лидерүүдээс насны хувьд хараахан үе мултраагүй болохоор тэтгэвэрт гарна гэхээс гутраад байна.

Өөрийнх нь хүн болно хэмээн найдаж намдаа авчирсан хүмүүс одоо өөрийг нь шахаж байгаад уур нь хүрч байна. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээс хойш жил гаруй өнгөрөөд байгаа ч энэ хугацаа шоокноос гарах аз жаргалын тун болж чадсангүй. МАХН-ын түүхэнд нэг хүнийг тахин шүтдэг систем Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гуайгаар өндөрлөнө гэдэг эргэлзээтэй. Энэ цагийн эхэнд Н.Энхбаяр шиг ухаантай, чадалтай удирдагч МАХН-д байгаагүй. Бидний нүдэн дээр болсон, ердөө саяхны түүх болохоор үүнтэй хэн маргах гэж. Н.Энхбаярын магнайд тоос хүргэдэггүй байсан нь МАХН өөрөө л биз дээ.

Тэр яаж энэ намын удирдлагыг гартаа авсан, бусдыг хэрхэн мурьсан, яг тэр замаараа өөрөө шахагдаж байгаа болохоор эргээд эрх мэдэлд ойртох бүхий л арга саамыг эрэлхийлэх нь мэдээж. МАХНын одоогийн лидерүүдийн өөрийнх нь эсрэг хэлж байгаа, хийж байгаа бүхнээс Н.Энхбаяр өөрийн идэр үеийг тольдон тольдон хорсож байгаа биз ээ.

Н.Энхбаяр Ю.Лужковын адил хөдөлгөөн байгуулав. Гэхдээ энэ шийдвэрээ орос Мээрээс түрүүлж гаргасан. Харин мань өвгөн шиг намаа орхих эсэх нь хараахан тодорхойгүй байна. МАХН-ын XXVI их хурал дээр үг хэлэх эрх нь Н.Энхбаярт нээлттэй. Түүний юу гэхийг олон нийт анхааралтай чагнана. Тэрбээр юуг ч шүүмжиллээ гэсэн эгээ л өөрийнхөө эсрэг тэмцэж байгаа мэт сэтгэгдлийг нийгэм рүү чулуудах болов уу. МАХН тун саяхныг болтол Н.Энхбаярын бүрэн эрх мэдэлд байсан бөгөөд одоогоор хараахан шинэчлэгдээгүй, илүү сайн хүчин байх эрэл хайгуулаа дөнгөж л эхэлж байгаа билээ.

Орост хамгийн жаргалтай байсан дугуй малгайт улсынхаа Ерөнхийлөгч Д.Медведевт таалагдахаа больсон явдал Кремльд урьд хожид огт үзэгдээгүй улс төрийн ээдрээг авчраад байгаа юм. Ю.Лужков төрийн томоохон албан тушаалын, ялангуяа бүс нутгийн засаг захиргааны удирдлагыг томилдог Кремлийн арга барилын эсрэг тэмцэхээ илэрхийлээд байгаа юм. Гэнэтийн халаа сэлгээнд шазуур зуусан өвгөний амыг хамхих нь В.Путиний ч, Д.Медведевийн ч нэр хүндтэй шууд холбоотой.

Д.Медведев Ю.Лужковыг эхнэрийнх нь бизнесээр торгож, авлигын хэргээр шүүвэл хоёр дахь Ходорковский төрөх нь гарцаагүй. Энэ нь шударга үйл гэхээсээ карьерийн төгсгөл рүүгээ шүдэнз зурсантай адил эмзэг явдал болох биз. Монголын улс төрийн нөлөө бүхий хүчинд ч Кремлийнхээс өөрцгүй ээдрээтэй байдал бий болсон. Өндөр албанаас буусныхаа дараа улс төрөөс ангид аз жаргалыг хүлээн зөвшөөрч чадаагүй Н.Энхбаяр шиг дарга МАХН-д ямар өмнө нь тохиож байсан биш.

МАХН болон Энхбаярын сөргөлдөөн юугаар эцэслэхийг таашгүй ч, хэн алиндаа эмзэг цэг нь болж байна. Н.Энхбаяр мөн л үйл явдлын гол дүр болоод буй Ю.Лужковын адил өөрийнхөө бий болголцсон арга барилыг гоочилж байгаа. Экс лидер “МАХН-ын шинэчлэл урагшлах уу, ухрах уу” гэсэн хэлэлцүүлгээр намынхаа XXVI их хурлыг угтлаа. Энэ хэлэлцүүлэг МАХН-ын дотоод ардчилал, ёс зүй, хариуцлагагүй байдлыг шүүмжилсэн уур амьсгалаар дүүрэн байв.

Лидерийн суудлаас энгийн иргэдийн дунд орсон хойно хорвоогийн жаргалыг мэдрэх амаргүй даваа байдаг бололтой. Эрх мэдэл ээлж халаатай. Улс төрөөс явах цагт харих зам бартаатай байдгийг үе үеийн лидерүүд эртнээс бодууштай ажээ.

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.