Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Мөнхтүшиг: Вакцин хийлгээгүй иргэд бусад улс руу зорчих боломжтой

Монгол Улсын Засгийн газар таван сарын 1-нээс хилээ үе шаттайгаар нээх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор ямар улстай харилцсан тохиролцсоны үндсэн дээр хилээ бүрэн нээх боломжтой байна вэ?, гадаадад байгаа иргэдээ хэрхэн вакцинжуулалтад хамруулах талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа.

-Ирэх сараас агаарын хилээ нээхээр төлөвлөж буй. Харилцан тохиролцсоны үндсэн дээр ямар улсуудтай хилээ нээж, нислэг үйлдэхээр болсон бэ?

 -Өнөөдрийн байдлаар 116 улс орон хилээ бүрэн, хэсэгчлэн хаасан байдалтай байна. Харин манай улсын засгийн газраас ирэх сарын 01-нээс хилийг үе шаттай нээхээр шийдвэрлэсэн юм. Энэ хүрээнд манай улсаас шууд нислэг үйлддэг улс орны хилийн хязгаарлалтын горимд судалгааг хийсэн. Харилцан тохиролцсоны үндсэн дээр ОХУ, Казахстан, Турк зэрэг улстай бүрэн хилээ нээх боломжтой. Энэ нь бүрэн хилээ нээхээр болсон гэж ойлгож болохгүй. Харин БНСУ, БНХАУ, Япон зэрэг улс гадаадаас ирэх иргэдэд хязгаарлалт тогтоосон хэвээр байгаа. Эдгээр улсуудад байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэнийг хилээр нэвтрүүлнэ. Богино хугацааны визний олголтыг түр зогсоосон.

Өөрөөр хэлбэл, манай улсаас шууд нислэг үйлддэг улс орны хилийн хязгаарлалтын горимд хийсэн судалгааг УОК-т танилцуулна. Иймд эл судалгааг үндэслэж дээр дурдсан улстай хилээ нээх эсэх нь тодорхой болно. Хэрэв хил нээвэл гадаадаас ирэх иргэд болон тусгаарлах байранд мөрдөгдөж байгаа дүрэм журам хэвээр үйлчилнэ.

-Гадаадад байгаа иргэдээ хэрхэн вакцинжуулалтад хамруулах вэ ?

– Манай улсын 172 мянга орчим иргэн дэлхийн 87 гаруй улс оронд ажиллаж амьдарч байна гэсэн судалгаа өнгөрсөн оны сүүлээр гарсан. Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед гадаадад байгаа иргэддээ анхаарал тавьж ажиллах нь зүй ёсны хэрэг. Улс орнууд иргэдээ хэрхэн вакцинжуулалтад хамруулж байна вэ? Гадаад иргэдийг ямар журмаар хамруулж байна вэ? Мөн визний хугацаа нь дууссан иргэдийг яаж вакцинжуулалтад хамруулах уу гэдэгт бид судалгааг хийж буй. Ихэнх улс орнуудын хувьд өөрийн иргэдийн нэгэн адил зорилтод бүлэгт хуваагаад вакцинжуулалтад хамруулна гэсэн мэдээлэл байна. Дэлхийн олон оронд вакцины эрэл хэрэгцээ их байгаа учраас хугацааны хувьд харилцан адилгүй байгаа юм.

Манай улсын хувьд энэ оны хоёрдугаар хагаст гадаадад байгаа иргэдээ вакцинжуулалтад хамруулна гэсэн төлөвлөгөө бий. Зарим улс оронд төлбөртэй вакцинжуулалт хийж байгаа эсэх талаар бид судалгааг хийж байна. Эхний ээлжинд эдгээр мэдээллийг нэгтгэж авсны дараагаар гадаадад байгаа хэдэн иргэнд Монгол улсын засгийн газар болон гадаад харилцааны яамнаас өндөр анхаарал тавих шаардлагатай вэ гэдэгт тодорхой хариулт гарах байх. Бидний хийсэн судалгаагаар гадаадад байгаа 18-аас дээш насны 130 мянга гаруй иргэд вакцинжуулалтад хамрагдах шаардалагтай гэж үзсэн.

-Ямар нэгэн шалтгааны улмаас вакцин хийлгээгүй бол хилээр зорчиж болох уу ? Үүн дээр ямар зохицуулалт хийх вэ?

-Вакцин хийлгэсэн хүмүүсийг л зөвхөн хилээр нэвтрүүлнэ гэх шаардлагыг одоогоор аль ч улс албан ёсоор тавиагүй байна. Өөрөөр хэлбэл, вакцин хийлгээгүй иргэд бусад улс руу зорчих боломжтой. Зарим улсын зүгээс вакцин хийлгэсэн хүнд паспорт олгож хилээр нэвтрүүлэхэд тусгаарлахгүй байх зэрэг зохицуулалт хийх хэрэгтэй гэсэн санал гарсан. Гэвч дэлхий нийтийг хамарсан олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн коронавирусийн вакцинжуулалтын паспорт олгох талаар тодорхой шийдвэр гараагүй. Энэ нь манай улсын хувьд хилээ нээхэд шууд холбогдож байгаа учраас тодорхой шийдвэр гарсны дараагаар нэгдэж орох, мэдээллээ харилцан солилцох, иргэдэд гадаад улс руу зорчих боломжийг нээх, ялангуяа аялал жуучлалын салбарыг дэмжих зорилгоор дээр дурдсан асуудлыг судалж буй.  

1
Зөв, гоёЗөв, гоё
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.