Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЛУВР

     Лувр (Францаар Musеe du Louvre) дэлхийн уран сайхны хамгийн том музейн нэг. 160 106 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Энэ үзүүлэлтээрээ дэлхийн музейнүүдээс гуравдугаарт ордог. Энэхүү талбайн 58 470 хавтгай дөрвөлжин метрийг нь үзмэр эзэлдэг. Луврын музей Сена мөрний баруун эрэгт, Парис хотын төвд, нийслэлийн нэгдүгээр бүсийн Риволи гудамжинд оршдог.

     Музейн барилга нь эртний хааны ордон (Palais du Louvre) юм. ХIV Людовиг хааны морьтой хөшөөг Парис хотын түүхэн тэнхлэг эхлэх цэг хэмээн үздэг. Лувр ч тэнд байдаг.

     Капетингуудын династын үеэс авахуулаад өнөөдрийг хүртэлх Францын уран сайхны болон түүхийн үнэт зүйлсийн цуглуулгын асар баялаг түүхтэй энэхүү музей Баруун Европоос эхлүүлээд Грек, Египет болон Ойрхи Дорнодыг дайруулан Ираныг хүртэл, эртний үеэс 1848 оныг хүртэл газар зүй, цаг хугацааны орон зайг өөртөө агуулсан байдаг. 1848 оноос өнөөдрийг хүртэлх нэн шинэ үеийн Европын урлагийн бүтээлийг Орос дахь музей, Жорж Помпидугийн төвд, Азийнхыг Guimet-эд, Африк, Америк болон Далайн орнуудынхыг Сена мөрний эрэг дагуух Бранли музейд дэлгэн тавьсан байдаг.

     Та Луврын музейд зочлох аваас Леонардо да Винчийн Жоконда (Мона лиза) болон бусад сонгодог бүтээлүүд, Рембрандт, Тициан нарын алдарт зургуудыг “амьдаар” нь үзнэ. Лувр бол хамгийн олон хүн зочилдог музей. 2009 онд тус музейг 8.5 сая хүн үзжээ.

ЛУВРЫН ТҮҮХ

      Луврын том цамхаг буюу цайз бэхлэлт дэлхийд алдартай музейн үндэс гэж болно. Энэхүү цайзыг 1190 онд Филипп- Август хаан босгожээ. Цамхгийг гол нь викингүүдийн үед халдлага, дайралтын уламжлалт зам болж байсан Сена мөрний доод урсгалыг алсаас харж байх зорилгоор барьж байгуулжээ. 1317 онд Тамплиерүүдийн эд хөрөнгийг Мальтийн ордонд шилжүүлэн өгөхөд хааны санг Луврт шилжүүлэн байрлуулж, V Карл хаан цайзыг орд өргөөгөө болгосон байна.

     Францын хувьсгалын үед буюу 1793 оны арваннэгдүгээр сарын 8-нд Луврын музей анх үүд хаалгаа нээжээ. Нэгдүгээр Империйн үед музейг Наполеоны хэмээн нэрлэдэг байж.

     Луврын музей эхэн үедээ Нэгдүгээр Франциско болон ХIV Людовиг хааны цуглуулсан бүтээлүүдээр үзмэрээ бүрдүүлж байжээ. Тэдгээр нь 2500-д хүрч байсан гэдэг.

      Наполеоны дайны үед захирал байсан барон Денон музейгээ цэрэг дайны үеийн эд өлгийн зүйлээр, мөн Египет хийгээд Ойрхи Дорнодоос олдсон археологийн ховор нандин үзмэрээр баяжуулжээ.

     Ер нь бол Луврын музейн үзмэрийг янз бүрийн замаар бүрдүүлж баяжуулсан байдаг. Жишээ нь энэ музейн хамгийн үнэ цэнэтэй үзмэрийн нэг болох Леонардо да Винчийн Жоконда, Рафаэлийн “Үзэсгэлэнт цэцэрлэгчин” зэрэг зургийг Нэгдүгээр Франциско хаан музейд өгчээ. Тэрбээр анх 1519 онд “Жокондатай болсон” юм байна. Эл Грекогийн “Цовдлуулсан Христ” зургийг л гэхэд Дорнод Пиринейн Прадес дахь шүүхийн байшингаас 1908 онд “олзолж” музейд бэлэглэжээ.

     Луврын музейг янз бүрийн соёл иргэншил хийгээд өөр өөр цаг үеийн урлаг соёлын бүтээлийн цуглуулга гэж хэлж болно. Уг музей 300.000 үзмэртэй, тэдгээрийн ердөө 35.000-ыг нь нийтэд дэлгэн үзүүлж байдаг. Луврын үзмэр эртний дорно дахин, эртний Египет, эртний Грек, этрури, Ром, лалын урлаг, уран баримал, урлагийн хэрэглэгдэхүүн, дүрслэх урлаг, график урлаг гэсэн ангилалтай.

     Эртний Египетийн тасгийг IХ Карл хааны зарлигаар 1826 оны тавдугаар сарын 15-нд бий болгожээ. Энэ тасгийн үзмэрүүдтэй анхлан танилцсан хүмүүсийн нэг нь эртний миссир үсгийг тайлан уншсан эрдэмтэн Жан-Франсуа Шампольон байжээ.


Б.БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.