Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЛИЦЕНЗИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ нууцын зэрэглэлтэйгээр хэлэлцэж эхэллээ

УИХ дахь бүлгүүдийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр нууцын зэрэглэлтэй нэгэн асуудал орж иржээ. Уг хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс өргөн барьсан юм байна. Нууцын зэрэглэлд оруулсан хуулийн төслийн нэр нь Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай. Ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз олгохыг Ерөнхийлөгч өнгөрсөн сарын 20-нд зарлиг гаргаж түр түдгэлзүүлээд буй. Энэ тухайгаа холбогдох албаныханд танилцуулахдаа тэрбээр “Тусгай зөвшөөрлийн тухай бие даасан хуультай болтол лиценз олгохыг зогсооно” гэж байсан юм. Тэгвэл уг төслөө боловсруулаад УИХ-д өргөн барьжээ. Гэхдээ нууцалж хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн аж. Бүлгүүд ч хэлэлцэхийг нь дэмжсэн байна. Лицензийг цэгцлэх төслийг АН, МАХН-ын хэсэг гишүүн өргөн барихаар зэхсэн ч Ерөнхийлөгч “өрсчихсөн” бололтой. Бас бие даасан ийм хуулиас гадна Ашигт малтмалын тухай хуулиа боловсронгуй болгох хэрэгтэй байгаа аж. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очироос тодрууллаа.

-1990-ээд оноос өнөөг хүртэл ашигт малтмалын хайгуулын лицензийг тодорхой шалгуургүй, замбараагүй олгосон. Бөглүү, харанхуй Монгол руу гадныхныг татах нэг шалтгаан нь лиценз байсан гэж тухайн үеийн зарим гишүүн тайлбарладаг. Гэхдээ энэ хугацаанд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 49 хувьд хайгуулын болон ашиглалтын лиценз олгосон байна. Цаана 50 хувь нь үлдсэн мэт харагдах ч ашигт малтмал байж, хайгуул хийж болох нөхцөл бүрдсэн бүх газрыг лицензээр олгочихжээ. Манай улс НҮБ-ын өмнө “Нийт нутаг дэвсгэрийн 30 хүртэлх хувийг улсын тусгай хамгаалалтад авах” үүрэг хүлээсэн. Гэтэл төрийн тусгай хамгаалалтад авч, байгаль экологоо хамгаалах боломжгүй болчихсон байна. Энэ бүхнийг цэгцлэх хэрэгтэй.

-Яагаад уг хуулийн төслийг нууцын зэрэглэлээр хэлэлцэж байгаа юм бол?

– Энэ бол ард түмнээсээ нуугаад, шударга ёс, ардчилал, зах зээлээс ухарч байгаа асуудал биш. Лиценз олголтыг түр хугацаагаар л зогсоох юм. Лицензийн тухай хуулийн төсөл “Хориглосугай” гэсэн нэг л заалттай. Гэхдээ үзэл баримтлал, танилцуулга, тооцоо, судалгаа зэрэгт нь улс хоорондын эв нэгдэл, аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл орсон учраас нууцалсан байх. Дээрх лицензийн ихэнх хувь нь цөөхөн орны иргэн, компанид байгаа.

-Лицензийг хэдий хугацаанд олгохгүй вэ?

-Хууль батлагдчихвал хэдий хугацаанд лицензийн будлианыг цэгцлэх боломжтой нь тодорхой болно. Хайгуулын лицензтэй компани л олборлодог болчихсон байна. Саяхан Дорноговьд хятадууд монгол хүнийг зодож, машинаар хөөж дайрсан хэрэг гарсан. Түүнийг шалгаад үзэхэд хайгуулын лицензээр олборлолт хийж байж. Иймэрхүү замбараагүй байдал газар авчээ.

-Одоогийн байдлаар хайгуулын болон ашиглалтын хэдэн лиценз олгоод байна вэ?

-Одоогийн байдлаар ашиглалтын 1500 орчим, хайгуулын 5000 орчим лиценз олгосон байна.

-Хайгуулын лицензтэй атлаа олборлолт явуулж байсан компани хэдэн хувийг эзэлж байгаа тухай судалгаа хийсэн болов уу?

-Энэ бүхнийг нарийвчлан судлах Ажлын хэсгийг байгуулна. Ер нь төрийн 100 хувь оролцоотой менежмент явдаггүйг л энэ бүхэн харуулж байна. Төрөөс гадна иргэний нийгмийнхний оролцоог хангах учиртай шүү дээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.