Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Лицензийг түр царцаах Ц.Элбэгдоржийн шийдвэрийг гаднын компаниуд дэмжив

Уул уурхайн ашигт малт малын тусгай зөвшөөрлийн олголтыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон төрийн шийдвэрийг гадаадын зарим компани дэмжсэн мэдэгдэл гаргажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний хувиар дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн энэ талаар шинээр хууль гартал тусгай зөвшөөрлийг шинээр олгохгүй, хураан авсныг буцаан олгохгүй байх шийдвэр гаргасан.

Яг үнэндээ Ерөнхийлөгчийн эл шийдвэр цагаа олсон, зөв зүйтэй алхам боллоо хэмээн монголчуудын дийлэнх нь үзэж байгаа юм. Шинээр хууль хэзээ гаргах нь тодорхойгүй байгаа бөгөөд шийдвэрийн биелэлтийг Засгийн газар тавдугаар сард багтаан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах гэнэ. Сүхбаатар, Говь-Алтай ай магт нүүрсний хайгуул эрхэлдэг Австралийн “Хүннү ресорсез” компани мэдэгдэхдээ дээрх шийдвэр урт хугацааны хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад түлхэц болно хэмээн бүрэн дэмжжээ.

Харин Дорнод дах ураны ордын тусгай зөвшөөрлөө хураалгасан Канадын “Хаан ресорсез” компани ямар нэг мэдэгдэл гаргаагүй байна. Одоогоор хүчин төгөлдөр 4706 тусгай зөвшөөрөл байгаагаас хайгуулын 3610, ашиглалтын 1096 байна. Эдгээрийн ихэнх нь эмх замбараагүй хууль зөрчсөн, ямар ч хяналт бодлогогүйгээр гадаад, дотоод нийлсэн хэсэг бүлгийн хөрөнгөжих хэрэгсэл болсон байна гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзсэн юм. Зарим нь улс орны аюулгүй байдлын бодлогод нөлөөлөх шахалт үзүүлэх гэсэн хандлагууд ч сүүлийн үед ажиглагдсан байна.

Цөмийн энергийн газар энэ сард Монголын ураны томоохон ордыг өөрийн Төв Азийн Уран компаниар (58%) дамжуулан эзэмшдэг Хаан ресорсез компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Хариуд нь дөрөвдүгээр сарын 21-нд тус компани Цөмийн энергийн газрыг тусгай зөвшөөрлийг цуцлах эрхгүй хэмээн Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байна. Өмнө нь “Хаан ресорсез” компани Цөмийн энергийн газрын шийдвэрийг буцаан хүчингүй болгуулахыг хүсч Ерөнхий сайд С.Батболдод хандан захидал хүргүүлж байжээ. “Хаан ресорсез” компани бүх хувьцаагаа БНХАУ-ын CNNC компанид худалдах ажлыг “яаравчлах” зөвлөмжийг хувьцаа эзэмшигчдэдээ тараажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уул уурхайн хөрөнгө оруулалтын тухай хууль гарах хүртэл хайгуулын лиценз олгох, шилжүүлэхийг түр зогсоох тухай үүрэг өгсөн байна гэж Ройтерс мэдээлэв. Байгалийн арвин баялаг нөөцтэй Монгол оронд уул уурхайн хөрөнгө оруулалт тойрсон тодорхойгүй нөхцөл байдлыг цэгцлэх зорилгоор гаргасан энэ шийдвэрийн бүрэн эхийг Ерөнхийлөгчийн вэб (http://www.president.mn/mongolian/ node/658) хуудсанд байрлуулсан байна.

Оюутолгойн алт, зэсийн ордыг хамтран ашиглах таван тэрбум долларын гэрээг өнгөрсөн жил “Рио Тинто”, “Айвенхоу майнз” компанитай байгуулснаар гадаад хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт оруулах зам нээгдсэн. Хайгуулын лиценз эзэмшигчид хуулиар хүлээсэн үүргээ үл ойшоож, жил бүрийн тайлангаа гаргаж өгөхгүй байгаа төдийгүй ихэнх нь энэхүү зөвшөөрлөө мөнгө олох хэрэгсэл болгож байгаа болохоос хөрөнгө оруулалт хайх талаар бодитой ажил хийхгүй байна гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэж байгаа юм гэж Ройторс мэдээлжээ. Энэ бүхний дараа “Айвенхоу майнз”, “Khan Resource”, “South- Gobi”, “Entree”, “Ivаnhoe Mines” компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн бирж дээр унажээ.

Ч. Сумъяабазар

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.