Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кэтрин ба Майкл

Хоёр оддын  тухай хүүрнэсэн гэгээлэг сайхан тууж юу өгүүлдэг вэ гэвэл мэдээж хэрэг хайр дурлалын тухай л байж таараа. Үзэсгэлэн гоо залуу  бүсгүй ба  эрлэг хөгшин эр хоёрын хайр дурлалын харилцаанд олон түмэн эргэлзэх нь аргагүй. Майкл Дуглас Кэтрин Жонс хоёр нэг өдөр төрсөн хүмүүс. 9 дүгээр сарын 25-нд. Майкл 1944   онд харин Кэтрин   1969 онд. Хэдий хорин таван насны зөрүүтэй ч энэ хоёр од Холливудын хамгийн сайхан хосуудад тооцогддог.

Кэтрин

Их Британийн вант улсын Уэллсэд Сванси хэмээх хот байх.  Жилийн дөрвөн улиралд ногооноороо байдаг энэхүү жижигхэн хотхоны оршин суугч талхчин залуу, оёдолчин эмэгтэй хоёрын дундаас нэгэн охин төржээ. Шинэ төрсөн охин  яагаад ч юм бяцхан мэлхийтэй төстэй санагдсан тул ээж аав нь охиноо их царай муутай бүсгүй болох вий гэж санаа зовж  байсан гэдэг. Он цаг урсан Кэтрин охин өсөн торнихын хэрээр  нугасны муухай дэгдээхий үзэсгэлэнт  хун болон хувирсаар байлаа. Багаасаа дуулах бүжиглэх авьяастай байсан Кэтрин  хотынхоо театрт хэд хэдэн жүжигт амжилттай тоглосныхоо дараа өөрийгөө кино урлагт сорихоор Лондон хотыг зорьсон аж. Эцэг эх нь хожмын өдөр “Хэрэв та нар надад саад болоогүй бол би ажилтанд хүрэх байсан юм” гэж хэлүүлэхээсээ   эмээн охиныгоо хориглосонгүй.

            Лондонд Кэтриныг муугүй ирээдүй хүлээж байв. “42-р гудамж” хэмээх Английн нэрт мюзикл жүжгийн  хоёр дугаар бүрэлдэхүүнд тоглох завшаан түүнд олджээ. Уг жүжгийн продюсер Дэвид Меррик   залуу жүжигчин бүсгүйг тоглолтыг хараад маргаашаас нь  нэгдүгээр бүрэлдэхүүнд оруулснаар  Кэтрины нэр алдрын оргил өөд явах эхлэлийг тавьсан гэж  болно.  Харин  “Darling Buds of May” нэртэй телевизийн олон ангит уран сайхны киноны гол дүр Кэтриныг Англи даяар нэрд гаргасан юм. Гэвч эрч хүчээр дүүрэн Кэтринд энэ бүхэн хангалттай санагдсангүй. Түүнийг дэлхийн хэмжээний оддыг үйлдвэрлэгч Холливуд соронзон мэт татаж байлаа. Зарим нэгний  итгэл мөрөөдлийг сүйрүүлэгч, зарим нэгэнд алдар нэрийг хайрлагч   мөрөөдлийн тэр орныг Кэтрин өөртөө их л  итгэлтэйгээр зорьжээ. Түүний намирсан сайхан  хар үс, цагаан царай гэрэлтсэн нүдийг хараад найруулагчид өөрсдөө өмнө нь сөхрөн “Миний кинонд тоглооч” гэж байсан байх гэж бодогдохоор. Харамсартай нь Британид алдар нэр нь түгж байсан Кэтрин бүсгүй  Холливудын найруулагчдын хувьд хэн ч биш байлаа.  Гэвч  энэ бэрхшээл урдаа зорилготой, асар хөдөлмөрч бүсгүйн зорилгыг мохоогоогүй юм. “Би таваас арван таван нас хүртлээ өдөрт зургаан цаг хөгжмийн бас бүжгийн хичээлээр хичээллэдэг байсан. Энэ цаг жил ирэх тусам нэмэгдсээр байсан  юм. Би  арван нэгэн жил тайзан дээр мэргэжлийн түвшинд ажиллачихсан хүн байсан шүү дээ” гэж тэр үеэ Кэтрин дурссан байдаг. 

Олны хэсэг, туслах дүр, хоёр дугаар дүр, нэг дүгээр дүр гээд киноноос кинонд Кэтрин ахиц гаргахын хирээр Холливууд   хэмээх хатуу самар түүнд аажим аажмаар бууж өгч байлаа.  Ингээд алдарт  найруулагч Спилберг жүжигчин бүсгүйг “Зорро” хэмээх өөрийн продюсерлэж байсан кинондоо гол эмэгтэйн дүрд тоглохыг урьжээ. Кэтрин ганцхан Спилбергийн зүрхийг догдлуулаад зогссонгүй уг кинонд тоглож байсан Энтони Хопкинс, Антонио Бандерас нарын ч зүрх сэтгэлийг догдлуулж орхижээ. Уг уран бүтээл дээр ажиллаж байсан хүмүүсийн ярьснаар бол Антонио Бандерас  хайрт эхнэр Мелани Гриффитыг хуурахгүйн тулд биеэ маш ихээр барьж байсан гэдэг. Эцэст нь “Зорро” киноны  Холливудын уран бүтээлчдэд зориулсан нээлтэд Кэтрин Америкийн  алдартай хүүхэмсэг эрчүүдийн нэг Майкл Дугласын зүрх сэтгэлийг хөөргөж орхижээ. Хэдий Майкл иймэрхүү таагүй тодотголтой ч тэрбээр анхны гэргийтэйгээ хорин гурван жил ханилсан нэгэн байв.

Майкл

Майкл Кэтринэс огт өөр амьдралыг туулсан байлаа. Түүний эцэг Кирк Дугласан нь Холливудын алтан үеийн  тод төлөөлөгчдийн нэг  агаад төрсөн гурван хүүгээ өөрийн адил жүжигчин болохыг тас хориглодог байжээ. Тэр байтугай том хүү Майклаа цэргийн дунд сургуульд оруулсан байдаг. Гэсэн хэдий ч  урлагын гайхалтай ертөнц Майклыг мөн л соронз мэт татсаар байжээ. Өсөж томрох тусам чөлөөт байдлыг эрхэмлэх болсон Майкл сургуулиа хаясан гэдэг. Дуртай мэргэжлээ  сонгохыг нь зөвшөөрөөгүй эцэгтээ  Майкл  эсэргүүцэл үзүүлэн  хиппи нартай нийлэн хар тамхи татаж, чөлөөт сексийг эрхэмлэн хэсэг манаргажээ. Иймэрхүү байдлаар  ямар нэгэн ашигтай үр дүнд хүрэхгүйг ойлгосон тэрбээр Калифорнийн их сургуулийн драмын урлагын ангид элсэн ороход энэ удаад эцэг Дуглас хориглоогүй байна. Яаж ч бодсон хар тамхичин байснаас жүжигчин байсан нь дээр байлгүй дээ. Гэхдээ нэгэн болзол тавьжээ. Хорин таван нас хүртлээ Майкл кинонд тоглох ёсгүй байлаа. Болзлыг  хүү  биелүүлсэн аж. Майклын анхны уран бүтээл болох “Streets of San-Francisco” телевизийн олон ангит уран сайхны кино нь түүнийг зөвхөн авьяастай жүжигчин гэдгийг нотлоод зогсохгүй эцгийнхээ адил бүсгүйчүүдийн  сонирхлыг ихээр татсан  дур булаам эрэлхэг нэгэн гэдгийг харуулсан юм.  1975 онд Майкл продюсерын ажлыг сонирхох болжээ. Тэрбээр  аавыгаа   “One Flew Over the Cuckoo’s Nest”   \Хөхөөний үүрэн дээгүүр нисэх нь\   хэмээх романыг дэлгэцийн бүтээл болгох эрхийг өөрт нь өгөхийг ятгаж чадсан байна. Майклын  продюсерлэсэн  уг кино Америкийн төдийгүй дэлхийн кино урлагын нэгэн том сувд болон үлдсэн билээ. “One Flew Over the Cuckoo’s Nest”  кино нь тухайн жилийнхээ “Оскар”-аас авахуулаад  кино урлагийн бүхий л шагналыг хумисан түүхтэй. 

Ингээд  1998 оны намар  Майкл “Зорро” уран сайхны киноны  нээлтэд ирэхдээ  Холливудын  “Нэр алдрын зам” дээр  гарын  хээ нь   хэвлэгдэж, “Оскар”-ын шагналыг хоёр удаа хүртчихсэн дэлхийн хэмжээний супер од болсон байлаа. Тэр үед Майкл Дуглас  хорин гурван жил ханилсан анхны гэргийгээсээ салаагүй ч тусдаа амьдраад гурван жил болсон байв. Гэрлэлтээ салгаагүйн гол шалтгаан нь  мөнгө төгрөг дээрээ  тохиролцож чадахгүйд оршиж байжээ. Уэлсийн үзэсгэлэнт бүсгүйд Майкл  анхны харцаараа дурласан гэдэг. Тэрбээр бүсгүйчүүдийн дунд өөртөө  итгэлтэй байдаг  сурсан зангаараа  “Үзэсгэлэнт бүсгүй минь би таны   ирээдүйн хүүхдүүдийн эцэг болохыг ямар ихээр хүсэж байна гээч ” гэж хэдий тоглож хэлсэн ч биелэх  тавилантай байжээ. Алдартай жүжигчин, продюсер гэдгээс  гадна хүүхэмсэг хэмээх тодотгол нь Кэтриныг болгоомжлоход  хүргэсэн гэдэг. Майкл хагас жил Кэтрины араас гүйжээ. Өдөр болгон цэцэг, дуу алдам гэнэтийн бэлгүүд гээд л . . .

Холливудын оддыг сүүдэр мэт дагаж байдаг зурагчдын дуранд  Майкл,  Кэтрин хоёр Майклын хувийн усан онгоцон дээр аялж яваад өртсөнөөр хосуудын харилцаа олонд дэлгэгдсэн  байна. Тэдгээр зургууд Кэтрины ээж аавыг  эгээтэй л зүрхний шигдээст хүргэчихээгүй  гэдэг. Тэд охиноос нь хорин таван насаар ах, эхнэр хүүхдээсээ салсан, хүүхэмсэг гэдгээрээ гайхагдсан энэ эр хайр дурлал, үерхлийн тал дээр их л хатуу үзэлтэй байдаг охиных нь толгойг эргүүлсэн гэдэгт эргэлзээгүй аж.  Охин нь Майклыг эцэг эхдээ албан ёсоор танилцуулсны дараа л эцэг эхийнх нь сэтгэл бага зэрэг тайвширсан гэдэг.     Майкл  энэ хайр дурлал  өөрийнх нь амьдралд хамгийн үнэтэй зүйл нь  гэдгийг ганцхан  Кэтринд   төдийгүй дэлхий дахинд нотлохоор  эргүүлж байсан юм. 

Хүн болгон л тэднийг харилцааг урт насгүй гэж бодож байсан юм.  Майклын  хууль ёсны эхнэр Диандра ч мөн адил бодолтой байжээ. Гэтэл дурлалт хосууд   сүй тавьснаа мэдэгдсэнээр  олны  амыг  ангайлгаж орхисон байна.   Диандра гэрлэлтээ  цуцлуулахад нэхэж байсан мөнгөө хоёр дахин нэмэв. Кэтринд чин сэтгэлээсээ дурласан Майкл хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд хуучин эхнэрийнхээ нэхсэн мөнгийг өгөөд,  гэрлэлтээ арай  гэж нэг юм цуцлуулсан аж. Майкл шүүхийн танхимаас гарангуутаа, үнэт эдлэлийн дэлгүүр орон,  маш үнэтэй  алмазан шигтгээтэй  бөгж  худалдаж аваад   Кэтрины хуруунд зүүсэн гэдэг. 2000 оны арван нэгдүгээр сарын 18-нд болсон Майкл Кэтрин хоёрын хурим  Холивудын түүхэнд  хамгийн тансаг хуримын нэг болсон юм. Энэ хуримын зургийг авах эрхийг “ОК” сэтгүүл  1,6 сая доллараар  худалж авч байдаг. Гэрлэсэн ч энэ харилцаа удахгүй гэж байсан хүмүүсийг Майклын гэр бүл өдий болтол гонсойлгосоор л байна. Кэтрин хоёр дах хүүхдээ хэвлийдээ байхад “Чикаго” кинонд тоглон төрөхөөсөө долоохон хоногийн өмнө энэ киноныхоо дүрээр “Оскар”-ын шагналыг хүртсэн юм. Халамжит нөхөр нь  Оскарын шагнал гардуулах ёслолын бүхий л хугацаанд түргэн тусламжийн тэргийг гадаа сойлттой байлгасан гэлцдэг.  2010 онд Майкл  улаан хоолойн хорт хавдар тусжээ. Эмч нар түүнд гурван жилийн нас өгчээ. Кэтрин эр нөхрийнхөө амь, эрүүл мэндийн төлөө ёстой  бар мэт тэмцэж эхэлжээ. Майкл өөрөө шантарч эхэлэхэд ч Кэтрин бууж өгөөгүй байна.  “Аав нь энэ өвчнийг даван туулна. Бид түүнтэй хамт тэмцэх ёстой. Түүнээс ч илүү тэмцэх хэрэгтэй гэж Кат хүүхдүүддээ ч  урам зориг өгч байгааг Майкл хаалганы цаанаас сонссод бууж өгч болохгүйг ойлгосон гэдэг. “Би эхнэрийнхээ дэм, халамж, гайхалтай   хайранд энэ аймшигт өвчнийг давсан” гэж  2013 онд өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг.

Аймшигт өвчинтэй хийсэн тэмцэлд  Майклын гэр бүл ялжээ. Гэхдээ энэ тэмцлийн үр дүнд Майкл бүрэн эдгэрсэн бол Кэтрин олон талт сэтгэцийн эмгэгтэй болсон аж. Эл эмгэгтэй хүмүүс  хэдэн цаг битгий хэл хэдхэн хормын дотор амиа хорлох түвшинд хүртэл гутарч   байснаа  энэ дэлхий дээр түүнээс илүү аз жаргалтай хүн байхгүй мэт хөөрч баярладаг байна. Энэ хоёр туйл нь хэдэн сараар үргэлжлэх явдал ч байдаг аж. Энэ өвчнийхөө  тухай Кэтрин 2013 онд Life  сэтгүүлд  өгсөн ярилцлагадаа дэлгэжээ.   Ийм өвчтэй хүмүүсийн ойр дотнынхон нь хамгийн ихээр зовдог гэнэ. Өвчтөн тэдний төлөө амиа өгөхөд бэлэн байснаа гэнэт алж ч чадахаар болдог.  Гэсэн ч  Майклын гэр бүл үүнийг  ч мөн даван  туулжээ.  “Хоёр туйлт   эмгэгтэй хүмүүс амьдралынхаа багагүй хугацааг  сэтгэцийн эмнэлэгт өнгөрөөдөг. “Харин Майклын хайр  энэ өвчинтэй хэрхэн   бүрэн дүүрэн, идэвхтэй, сэтгэл хангалуун амьдарч болохыг надад ойлгуулсан” гэж жүжигчин бүсгүй ярьжээ. Ийнхүү үзэсгэлэн гоо залуу  бүсгүй ба  эмэгтэйчүүдийн эрлэг хөгшин эр хоёрын хайр дурлал Холливудын кинонд гардаг аз жаргалтай төгсгөлийг бодит амьдрал дээр өнөөдрийг хүртэл харуулсаар байна.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.