Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

КОВИД Монголын нийгмийн “оркжилтын” түвшинг харуулж байна

Орк гэдэг үгийг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлана. Миний ойлголтоор бол бенз унаж, Харвардын диплом атгасан хүмүүс дунд ч гэр хороололд амьдарч байгаа нэгний дунд ч оркууд бий. Манай улсын хилийн цаана амьдарч буй хүмүүсийн дунд ч “Оркууд” байгаа. Харамсалтай нь КОВИД Монголын нийгэмд оркууд нь хөгжингүй орнуудтай харьцуулахад давамгайлах хувийг эзлэх ба тэдний оркын түвшин, гаргах үйлдэл нь арай л “ангид” гэдгийг харуулах шиг боллоо. 

Дэлхийн дийлэнх улс оронд “КОВИД”-ийн халдвар авсан хүний явсан замыг, гэрийг нь зарлаж болоод байхад манайд нуухаас өөр араггүй байна. Нуугаад байхад хэн нэгнийг коронавирустэй гэж сонсов уу үгүй юу л дэлгэцийн цаанаас, харааж, ялгаварлан гадуурхаж, муулж ташаал аваад байх шиг. Бүр халдвар авсан нэгнээ болон ойрын хавьтлын хүмүүсийг нь ялгаварлан гадуурхаж, орон гэр лүү нь оруулахгүй, цонх руу нь чулуу шидсэн, дэлгэцийн цаанаас “би өнөөдөр тусаагүй юм чинь” гэсэн амин хувиа хичээсэн өчүүхэн бодлоор хандаж бусдыгаа муухай үгээр гутаан доромжлож байгаа нь “Жинхэнэ оркуудын шинж” гэлтэй.

Бодоод үз дээ, хэн КОВИД тусьяа гээд тусах юм бэ. Үүнийг ойлгох чадваргүй хүмүүсийг хэн нэгэнтэй зүйрлэвэл 1690-ээд онд амьдардаг байсан “шуламсаас” айгч нартай л зүйрлэж болох байх. Мэдлэг боловсролтой эмэгтэйчүүдийг шулам гэж айн шатааж, бие биеэ матдаг байсан үеийн хүмүүс шиг. Эсвэл ДОХ-оос айж ижил хүйстнүүдтэй гар барихаас, заваан гэж хар арьстнуудтай нэг цоргоноос ус уухаас татгалзаж байсан хүмүүстэй адил. Түүхийн энэ үеийг бодох юм бол эдгээр “Оркууд” мэдлэг боловсрол, ядуу тарчиг амьдралтай гэхээсээ илүүтэй хүнийг хайрлах, бие биеэ хүндлэх чадваргүй, уужуу сэтгэлийг жижиг сэтгэлгээгээр сольсон гэдэг нэгдсэн чанартай гэлтэй. Дэлхий дахин энэ бүхнээс сургамж авч илүү хүлцэнгүй болж байхад тал нутаг шигээ уужуу сэтгэлтэй гэгддэг байсан Монголчууд бид эсрэгээрээ оркчиж байгаа нь харамсалтай. Хүн ойлгоход хэцүү үйлдэл гаргаж байгаа хүмүүсийг зогсоож чадахгүй ч өөрсдийнхөө үйлдлийг цэгнэж чадна. Хэн нэгний амьдрал, хэн нэгний үйлдлийг бүрэн ойлгож мэдээгүй байж газар доор ортол, үр хүүхдийг чинь алсан өстөн дайсан шиг комьпютерийн араас шүүмжилж суухдаа өөртөө дүгнэлт хийгээрэй. 

Сошиал дээрх энэ уур амьсгал хэн нэгэнд жинхэнэ амьдрал дээр эн адил үйлдэл гаргах “зөвшөөрөл” олгож өдөөн хатгаж ч байгаа юм билүү. “Lord of the rings” кино дээр анх гарч бидний ярианы нэг хэсэг болсон орк гэх зохиомол амьтад өөрийн зан чанарын доголдлыг, шунал, үзэн ядалтаа засаж чадаагүйгээс өөрийн өрөөлийн амьдралыг үгүй хийгчийн бүтээл гэдгийг санах нь зүйтэй байх.

Мөн цар тахал хэнийг ч ялгахгүй гэдгийг ойлгохгүй байгаа нь КОВИД Монголын нийгмийн “Оркжилтын” төвшинг харуулж байна . Өвчин хүнд хэлж ирдэггүй, хийс ч ирдэг гэх үг бий. Өнөөдөр та халдвар аваагүй байж болох ч, маргааш авах эрсдэлтэй хүнд нөхцөл байдалд амьдарч байгаагаа хэн бүхэн ухамсарлах хэрэгтэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.