Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Клипперс”-ийг аврах таван тоглогч

Аварга болох бүрэн боломжтой гэгдэж байсан “Лос-Анжелес клипперс” баг плей-оффын хоёрдугаар шатанд “Денвер наггетс”-ийн эсрэг цувралыг 3:1-ийн харьцаатай хошуучилж байгаад ялагдлаа. Улмаар дасгалжуулагч Д.Риверсийг халж, түүний оронд Т.Люг томилов.

АНУ-ын спортын дөрвөн том лигийн багуудаас бүсийнхээ финалд хагас зууны турш нэг ч удаа шалгараагүй, бүтэлгүй баг гэсэн “хараал”-аас салахын тулд тэд энэ удаа чөлөөт агентуудын зах зээлд тун бодлоготой, ухаалаг ажиллах шаардлагатай. Ингээд тус багийг өндөр амжилтад хүрэхэд нь ирэх улиралд туслах боломжтой таван туршлагатай тоглогчийг танилцуулъя. Багийн лидерийн үүргийг өнгөрсөн улиралд хангалттай биелүүлж чадаагүй К.Леонард, П.Жорж хоёрт чухам доор дурдсан тоглогчид тус болох магадлалтай.

РАЖОН РОНДО

Тэрбээр “Лейкерс”-ийн саналаас татгалзаж, хязгаарлаглагдмал чөлөөт агент болох хүсэлтэй байгаа. Цар тахал, лигийн санхүүгийн нөхцөл байдлыг бодож үзвэл Р.Рондо эрсдэлтэй шийдвэр гаргаж байж болох юм. Гэхдээ Л.Жэймс “Оклахома”- гаас К.Полыг авчрахаар идэвхтэй лоббидож байгаа гэсэн яриа гарсан билээ.

Үүнээс гадна С.Смит, К.Перкинс тэргүүтэй шинжээчид “Клипперс” баг Р.Рондог сонирхож байгаа гэж мэдээлсэн. Т.Лю ч туршлагатай холбогч авахыг хүсэж байгаа гэнэ.

Үнэхээр Р.Рондо “Клипперс”-т хэрэгтэй тоглогч. Удирдагчийн сэтгэл зүй, хөдөлмөрч зан чанар түүнд бий. Баг дотор тэргүүлэгчийн үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байгаа К.Леонард, П.Жоржтой харьцуулбал хувцас солих өрөөнд дэг журам сахиулах тал дээр тэрбээр тун хэрэгтэй. Мөн талбай дээр ч “Клипперс”-т ихээхэн тус хүргэж чадна. Үүнийг нь финалд “Майами”-гийн эсрэг хэрхэн сайн тоглож, Леброн, Э.Дэвис хоёрт чухал үед ихээхэн тус болж байснаас нь харж болно.

ПОЛ МИЛЛСАП

М.Харрелл зөвхөн улирлын тоглолтод сайн “тулалддаг” нь харагдав. Хэрэв плей-оффт хамгийн муу зургаа дахь тоглогчийн шагналыг олгодог байсан бол түүнийг нь М.Харрелл гарцаагүй авна. Тэрбээр М.Моррисийн хамтаар “Денвер”-ийн од Н.Йокичийн эсрэг тун тааруу тоглосон билээ. Тиймээс “Клипперс”-ийн удирдлага М.Моррисийг явуулж, өөр багаас өндөр цалинтай санал авбал М.Харреллийг авч үлдэхийг төдий л хичээхгүй болов уу.

Харин энэ зуур 35 настай П.Миллсап чөлөөт агент болж байна. Тэрбээр урьдынх шиг 30 сая долларын цалингийн хэмжээний тоглогч биш болсон тул тун бага цалингаар тоглох боломжтой. “Денвер”-ийн лидер нь Ж.Маррэй, Н.Йокич боловч залуу оддод сургамж хайрлаж, зааж чиглүүлдэг гол нөлөөлөгч нь П.Миллсап байсан юм. Багийн уур амьсгалыг тогтворжуулж, залуусыг удирдаж чадах тоглогч “Клипперс”-т тун хэрэгтэй байгаа энэ үед П.Миллсап тэрхүү үүргийг хангалттай гүйцэтгэж чадна.

СЕРЖ ИБАКА

Хатуу чанга хамгаалалтаар мэргэшсэн Серж довтолгоонд ч хангалттай тус хүргэж чаддаг тоглогч. Удирдагчийн ур чадварыг нь бусад тоглогч өндрөөр үнэлдэг. “Клипперс” түүнийг маш их сонирхож байгаа төдийгүй гэрээний үнийн дүнг тохирох л үлдсэн гэсэн яриа байна. С.Ибакад өөр нэг давуу тал бий нь К.Леонардтай хамт “Торонто”-г аварга болгосон нь. Канадын багт тэр хоёрыг тун сайн найз байсан гэж ярьдаг. Магадгүй тэд дахин хамтарч, Лос-Анжелесийн багт аваргын анхны цомыг нь авчирч мэдэх юм.

МАРК ГАЗОЛЬ

Марк энэ жил 35 настай. Өөрөөр хэлбэл, түүний оргил үе өнгөрсөн. Гэвч тэрбээр урьдын адил дээд түвшний хамгаалагч хэвээрээ. Үүнийг нь сүүлийн хоёр жилд түүнтэй тулсан Я.Антетокунмпо, Ж.Эмбийд нар “батална”.

NBA-д төдийгүй олон улсын тэмцээнд оролцож байсан баялаг туршлага нь испани тоглогчийн үнэ цэнийг улам нэмж байна. Мөн С.Ибакагийн нэгэн адил Кавайтай хамт “Торонто”-г аварга болгож байсныг нь мартаж болохгүй. М.Газоль шиг туршлагатай тоглогчид “Клипперс” их мөнгө хаялгүйгээр авах боломжийг заавал судалж үзэх биз ээ.

ЖЭЙ КРАУДЕР БА ГОРАН ДРАГИЧ

Энэ жил финалд шалгарч гайхалтай амжилт үзүүлсэн “Майами”- гийн хоёр тоглогчийг “Клипперс” сонирхож буй. Гэхдээ Гораныг авах боломж маш бага гэдгийг санах хэрэгтэй. Тэрбээр багтаа үлдэж, Ж.Батлертай хамт тоглохыг хүсэж буй. Баг нь ч адил бодолтой байгаа. Гэхдээ тэрбээр шинэ гэрээний нөхцөлийг тохирч чадахгүй бол “Клипперс” түүний дараачийн баг болох өндөр магадлалтай гэнэ.

Харин Ж.Краудерыг авах боломж харьцангуй өндөр. Сайн хамгаалдаг, гурван онооны талбайгаар оновчтой шиддэг чанартай тоглогч. Ширүүн тоглолт, хүчирхэг тамирчин. Яг л ийм сэлгээний тоглогч “Клипперс”-т талбайд ч, хувцас солих өрөөнд ч хэрэгтэй байгаа.

Бэлтгэсэн: Н.Энх 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.