Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Киргиз ардчилахаар нүүж байна

Төрийн эргэлт болсноос хойш гурван долоо хоног өнгөрч байхад Киргизийн байдал түгшүүртэй хэвээр. Тус улсын түр Засгийн газар төдийгүй, тус улс бүхэлдээ хагаран бутрах аюултай байгааг ажиглагчид тэмдэглэж байна. Гэсэн ч бүрэн ардчилсан улс болох эхний алхмаа хийж эхэллээ.
Киргизийн түр Засгийн газар шинэ Үндсэн хуулийн төслөө боловсруулж, түлхэн унагасан Ерөнхийлөгчийнхөө халдашгүй байх эрхийг хүчингүй болгоод зогссонгүй, одоо орогнож байгаа Беларусиас нь авчирч, шүүхээр болжээ. Түүнийг энэ сарын эхээр үймээн самуун дэгдэж, олон хүний амь үрэгдэхэд хүргэсэн, албан тушаалаа буруугаар ашигласан хэргээр шүүх аж. Энэ дашрамд хэлэхэд, Киргизийн түлхэгдэн унасан Ерөнхийлөгч Курманбек Бакиев нутаг буцах бодолгүй байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдээд, өргөн хэрэглээний ямар нэг сайн бараа, жишээлбэл, тоглоомын үйлдвэртэй болохоо мэдэгджээ. Курманбек Бакиеваас гадна хуучин дэглэмийн дээд тушаалын зургаан түшмэлийг эрэн сурвалжилж байна.
Тэгвэл Оросын эрх баригчид Киргизийн шинэ удирдлагыг дэмжиж буйгаа илэрхийлж, Орос, Киргизийн тусгай албаныхан хамтран баривчилсан ДХЯ-ны сайд байсан Молдомус Конгантиевыг Бишкект шилжүүлэн өглөө. Тэрбээр үймээний үеэр сөрөг хүчний талынханд баригдаж, танихын аргагүй болтлоо зодуулаад, Оросын нутаг дэвсгэрт зугатан гарсан байжээ. Түүнээс гадна Киргизийн Ерөнхий сайдын орлогч асан Акылбек Жапаров сөрөг хүчний талынханд зодуулсан юм. Молдомусыг эмнэлэг хүрч чадалгүй амьсгал хураасан, зодуулсан Талас хотдоо байгаа, Бишкек хүргэгдсэн гэж янз янзаар мэдээлж байлаа. Бас нэг эх сурвалж, сайдын эхнэр 40 мянган доллар төлж байж нөхрөө авч, Казахстан руу гарсан гэж мэдээлж байв.
Молдомус 80 гаруй хүний аминд хүрсэн дөрөвдүгээр сарын үйл явдлын хариуцлагыг хүлээх хуучин дэглэмийн дээд тушаалын төлөөлөгчийн хувиар шинэ Засгийн газарт хэрэгтэй байгаа юм.
Түр Засгийн газрын эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн дотор авлига авсан, дөрөвдүгээр сарын 7-нд хүний амь үрэгдэхэд хүргэсэн хэргээр Бакиевийн бага хүү Максим, буудах тушаал өгсөн хэргээр Бакиевийн ах Жанышийг эрэн сурвалжилж байна. Максим хил давсан бол, хаана байгаа нь тодорхойгүй Жанышийг баривчлах гэж Жалал-Абад хотод тусгай ажиллагаа явуулсан нь амжилтгүй болжээ.
Эрх баригчид гэсгээх гэмтэн хайж байх завсар ДХЯ-ны хуучин сайдын нутгийнхан /өмнөдийнхөн/ сайдаа суллахыг шаардан жагсаж, Бишкекээс Ош хот ордог төв замыг хааж бөглөрөл үүсгэсэн байна.
Үүнээс өмнө хуучин сайдаа өмгөөлж, Бишкек, Жалал-Абад, Ош хотод цагдаа нар жагсаж, Молдомусыг зодсон хүмүүсийг шийтгэхийг шаардаж байв. “Шинэ эрх баригчдын тушаалыг биелүүлбэл бидний аюулгүй байдлыг хэн хамгаалах вэ? Манай сайдыг зэрлэгээр зодсоны хариуцлагыг хэн хүлээх вэ? Тушаал биелүүллээ гэж зодож байна. Бид хэн нэгний гар хөл болмооргүй байна!” гэж цагдаа нар дургүйцлээ илэрхийлжээ.
Киргизийн цагдаа нар бас шинэ сайдаа эсэргүүцэж байна. Талас хотод болсон үймээний үеэр цагдаа нарт эсэргүүцэл үзүүлэх тушаалыг ДХЯ-ны шинэ сайд Болот Шерниязов өгч байжээ.
Тэрчлэн угаасаа түүх болон соёлын хувьд өмнөд, умард хэсэгт хуваагдмал байдаг Киргизэд Курманбек Бакиевийг хамгаалах ард олны уур амьсгал өмнөд нутагт хадгалагдсан хэвээр байна.
Зургадугаар сарын 27-нд Киргизийн Үндсэн хууль болон сонгуулийн хуулийн төслөөр бүх нийтийн санал хураалт болно. Шинэ Үндсэн хуулийн төсөлдөө ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг эрс хязгаарлаж, төрийн түшээ нарын адил зөвхөн цалингаараа амьдарна гэж заажээ. Санал хураалтын дараа 10 дугаар сарын 10-нд тус улсын парламентын сонгууль болно. Шинээр сонгогдсон депутатууд сайд нарын танхимаа эмхлэн байгуулснаар түр Засгийн газар тарах юм. Харин эцэст нь ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгууль парламентын сонгуультай зэрэг болж магадгүй байна.
Түр Засгийн газрын боловсруулсан төлөвлөгөө хэрэгжвэл тус улсын улс төрийн онцлог өөрчлөгдөж магадгүй юм. Түр Засгийн газарт орсон удирдагчдийн дийлэнх нь тухайн үедээ “алтан зул цэцгийн хувьсгал”-ыг /энэ хувьсгалаар Курманбек Бакиев төрийн эрхэнд гарсан юм/ зохион байгуулалцаж явсан ч тэр үеийн Ерөнхийлөгч Аскар Акаевыг түлхэн унагасныхаа дараа төрийн эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлдэж эхэлж байжээ. Энэ удаа ч тэдний дунд өрсөлдөөн тэмцэл болохыг ажиглагчид үгүйсгэхгүй байна.
Курманбек Бакиевийн хувь заяаны талаар ч Киргизийн одоогийн эрх баригчид санал зөрж байгаа ажээ. Ерөнхий прокурор Бекназаров, генерал Атамбаев нар хуучин Ерөнхийлөгчийг хэзээ хэзээгүй баривчилна гэж мэдэгдээд хагас цаг өнгөрөөгүй байхад Ерөнхий сайд Отунбаева, түүний орлогч Атамбаев нар мэдэгдлийг няцааж байх жишээтэй. Киргизийн Манас нисэх буудал дахь Америкийн баазын талаар ч тэд хоёр тал болдог байна. Гэсэн ч түр Засгийн газрын тэргүүн Роза Отунбаева Манас баазыг америкчуудад түрээслэх хугацааг нэг жилээр сунгах болсноо мэдэгджээ.
З.Амгалан"Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.