Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Киргизийн сөрөг хүчин Засгийн газрын ордонг эзлэн авав

Киргизийн Талас хотноо үнийн өсөлт, авлига, сөрөг хүчний удирдагчдыг баривчилж буйг эсэргүүцсэн олон нийтийн жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч, нийслэл Бишкек болон Нарун хотуудад, хүчний байгууллагынхан жагсаалд оролцогсдын эсрэг галт зэвсэг хэрэглэсний улмаас олон арван хүн амь үрэгдлээ хэмээн хэвлэл мэдээллийн томоохн агентлагууд мэдээлж байна.
Киргизийн Эрүүл мэндийн яам “Мөргөлдөөний улмаас 40 гаруй хүн алагдаж, 400 орчим хүн гэмтэж бэртсэн” хэмээн мэдээлсэн бол сөрөг хүчнийхэн энэ тоог худал мэдээлэл гэлээ. Сөрөг хүчний
хэвлэлийн төлөөлөгч Омурбек Текебаев “Жагсагчдаас 100 гаруй хүн алагдсан” гэж өөрсдийн эзлэн авсан теле сувгаар мэдээлэв. Ерөнхийлөгч Курманбек Бакиев хаа байгаа нь мэдэгдэхгүй байгаа ч түүнийг нийслэлийг орхин гарч Ош хотыг зорьсон гэсэн яриа гараад байна. Засгийн эрх ард түмний мэдэлд орж, түр Засгийн газар байгуулагдсан тухай сөрөг хүчний удирдагч Гадаад хэргийн сайд асан хатагтай Роза Отунбаев мэдэгдсэн ч Социал демократ намын дарга Галина Скрипкина “Ерөнхийлөгч албан ёсоор огцрох өргөдлөө парламентад өгөх хүртэл төрийн эрхийг шилжүүлэх тухай боломжгүй юм” гэжээ.
     Сөрөг хүчнийхний мэдээлж байгаагаар Түр Засгийн газрыг хатагтай Р.Отунбаев тэргүүлэх аж. Р.Отунбаев энэ тухай “Түр Засгийн газар парламентийг тарааж, шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулна. Бид ард түмнийг төлөөлөн шинэ Засгийн газрыг байгуулах ажилдаа орсон. Нөхцөл байдлыг хэвийн болгож, дэг журам тогтоох ажил хэдийнэ хэлсэн. Түр Засгийн газар Батлан хамгаалах болон Дотоод яамны сайд нарыг томилсон” гэж ВВС-д өгсөн яриандаа өгүүлжээ. Түр Засгийн газар төрийн эрхийг зургаан сар орчим бариад шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдах Засгийн газарт эрхээ хүлээлгэн өгөх гэнэ.


Бишкек дэх ВВС-ийн сурвалжлагч Райхан Дмитрии “Хотод дээрэм тонуул замбараагаа алдаж, босогчид нэг дэлгүүрээс нөгөөг дамжин гарт тааралдсанаа авч байна” хэмээн мэдээлжээ. Түүний мэдэгдсэнээр гудамж талбай 2005 оны хувьсгалыг санагдуулж, тухайн үед Аскар Акиевийг түлхэн унагасан хүмүүс өнөөдөр түүнийг залгамжлагч К.Бакиевийг авлигач, сөрөг хүчний дуу хоолойг боомлогч хэмээн зарлаж, зайлахыг шаардаж байгаа аж. “Тюлипын хувьсгал”-ын баатар К.Акиевийг тус оронд ардчиллыг авчирч, шударга ёсыг сэргээнэ хэмээн олон хүн найдаж байсан юм. Гэвч К.Бакиев амлалтаа биелүүлж чадаагүйгээр барахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслийг өөрийн дуу хоолой болон хувиргаж, Засгийн газрын гол албан тушаалыг төрөл садангаараа дүүргэж, сөрөг хүчний зүтгэлтнүүдийг баривчилсан юм.


     Үймээн анхлан дэгдсэн Талас хотод дэг журам тогтоохоор томилогдсон Дотоод хэргийн сайд Молдомуса Конгатиуев сураггүй алга болсон байна. Зарим эх сурвалжууд түүнийг босогчдын гарт амь үрэгдсэн гэж мэдэгсэн бол зарим нь хүнд шархтан эмнэлэгт хүргэгдсэн гэлээ. Дээрх мэдээллүүд үнэн эсэх нь тогтоогдоогүй байна. Хяналтаас гарсан босогчид сөрөг хүчний удирдагчдыг суллаж, цагдаагийн хэсгүүд рүү дайрч, эргүүлийн машинуудыг хөмөрч орхисон төдийгүй нулимс асгаруулагч хэрэглэсэн цагдаагийн ажилтнууд руу дайрчээ. Хотод буун дуу тасрахгүй байгаа бөгөөд босогчид Засгийн газрын ордныг эзлэн авчээ.
Стратегийн чухал байрлалтай Киргизстанд АНУ-ын цэргийн бааз байрлаж, Афганистанд байрлаж байгаа цэргийн хүчнийхээ хангалтыг тус баазаар дамжуулан хангадаг. ОХУ-ын цэргийн бааз ч Киргизэд байрладаг.
     Цагаан ордон Бишкект аллага, хүчирхийлэл гарсанд харамслаа илэрхийлээд “Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой” хэмээн уриалжээ. ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин болсон явдлын ард Москва байгаа гэдгийг эрс няцаагаад “Энэ бол Киргизийн дотоод асуудал. Тэд өөрсдөө шийдэх ёстой” гэсэн бол Ерөнхийлөгч Дмитрии Медведев нөхцөл байдлыг “Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид одоо байгаа дэглэмийн эсрэг уураа хилэнгээ гаргаж байна” хэмээн тодорхойлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Киргизстанд болсон явдалд олон хүний амь нас эрсдсэнд сэтгэл эмзэглэж буйгаа мэдэгдээд “Асуудлыг цус урсгалгүй, яриа хэлэлцээний замаар шийдэх ёстой” хэмээн мэдэгдэв.  

О.ТОГОО "Өнөөдөр" Сонин

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.