Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Киргизийн засгийн газар хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэв

БИШКЕК. /Би-Би-Си/. Өнгөрсөн 7 хоногийн баасан гарагт Жалал-Абад хотод хүний аминд хүрсэн эмх замбараагүй байдал дэгдээсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцно гэж Киргизийн түр Засгийн газрын эрх баригчид мэдэгджээ.
Киргизийн түр Засгийн газар болон албан тушаалаас нь түлхэн унагаасан Киргизийн Ерөнхийлөгч Курманбек Бакиевийн дэмжигчдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр наад зах нь хоёр хүн амь насаа алдан 60 гаруй хүн гэмтэж, бэртсэн байна. “Бакиевийн ойрын хамсаатнууд энэ хэргийг ойроос удирдан явуулсан байж болзошгүй” гэж Киргизийн түр Засгийн газрын Ерөнхий сайдын туслах Азимбек Бекназаров мэдэгджээ. Бекназаров зэвсэглэсэн хамгаалалттай Жалал Абад хотын төв талбайд ирж, хотын захиргааны өмнө цугларсан хүмүүст хандан үг хэлжээ. “Бакиевийн гол холбоотнуудын үйл ажиллагааг түр Засгийн газар ойроос ажиглаж байгаа. Одоогоор 2000 гаруй зэвсэг хүмүүсийн гарт байгаа. Тиймээс ард иргэд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Түр Засгийн газар нөхцөл байдлыг намжаах бүх арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлнэ” гэж Бекназаров мэдэгджээ.
Өнгөрсөн баасан гарагт түр Засгийн газрыг дэмжигчид Жалал-Абад хотын захиргааны төв байрыг хяналтдаа авчээ. Энэ өдрийн өглөө тус барилгыг Бакиевийг дэмжигчид эзлэн авсан байна. Жалал-Абад хотын төвд болсон мөргөлдөөний дараа түр Засгийн газрыг дэмжигчид Бакиевийн төрсөн газрыг зорьж, түүний зарим хамаатны байшинг шатаажээ. Бакиевийн дэмжигчид хаана төвлөрч байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна.


С.Отгонбаяр "Монцамэ"

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.