Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их Британи Израилийн дипломатыг хөөн гаргав

“Хамас” бүлгийн тэргүүн Махмуд аль-Мабхухийн амь насыг хөнөөсөн Израилийн харьяат этгээдүүд Их Британийн хуурамч паспорттай байсан нь илэрсэнтэй холбоотойгоор Лондон тус улсын нэгэн дипломатчийг эх орноосоо албадан гаргах шиидвэр гаргасан гэж ВВС мэдээлэв. Энэ хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард Дубай хотод болсон юм. Дипломат ёсны дагуу уг хүний нэрийг олон нийтэд зарласангүй. Лондон дахь Израилийн элчин сайд Рон Просор “Хоёр орны хамтын ажиллагаа харилцан ашигтай байх зарчимд тулгуурласан. Тийм учраас бид энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаа. Гэвч үүнтэй адил хариу арга хэмжээ авахгүй” гэсэн байна.
Дубайд болсон аллагад Израил холбоотой гэдгийг нотлосон баримт байхгүй гэж Тель-Авив мэдэгдсэн. Их Британийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг хуурамч паспорттай холбоотой хэргийг мөрдөн шалгажээ. Хуурамч паспортуудыг жинхэнээс нь ялгаагүй өндөр түвшинд үйлдсэн байгаа нь энэ хэрэгт тусгай албаныхан оролцсон гэж үзэхэд хүргэж байгаа аж. Тийм учраас Их Британи паспорт хуурамчаар үйлдсэн хэрэгт Израиль холбоотой гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм. Энэ явдлыг Лондон тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг нь үл тоомсорлосон доромжлол хэмээн үзэж, ихээхэн эмзэглэж байгаа юм.
Их Британийн улс төрийн зүтгэлтэн Мензис Кэмпбелл “Нэг холбоотон нөгөөгийнхөө паспортыг хуурамчаар үйлдэн, ашиглаж байна гэдэг итгэл эвдсэн байж боломгүй муухай хэрэг” гэсэн байна. Дубайн албаны хүмүүс аллагыг Израилийн цуутай нууц алба Моссад зохион байгуулсан гэдэгт 99 хувийн итгэлтэй байгаагаа мэдэгдсэн.          

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.