Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их аварга АСАШЁОРЮҮ дахин барилдана

Өчигдөр Японы сүмогийн холбооны Банцүкэгийн зөвлөл хуралдлаа. Башё өндөрлөсний дараагийн долоо хоногийн лхагва гаригт энэ зөвлөлийнхөн цуглан, дараагийн тэмцээнд жюүрёо зиндаанд дэвшин барилдах бөхчүүдийн нэрийг зарлаж, озэки, ёкозүна цолны болзол сонсон хүч үзсэн сүмочдын амжилтыг дүгнэдэг уламжлалтай билээ.

Энэ удаагийн хурлаас Харү башёд 14 ялсан Барүтод озэки цол олгох асуудлыг хэлэлцэж, санал нэгтэйгээр арслан цолыг нь хүртээв. Гэхдээ энэ өдрийн хурлын үеэр зөвлөлийн гишүүдийн хэлэлцсэн гол асуудал нь уламжлалт сэдэв биш, нэгдүгээр сарын тэмцээний дараа зодог тайлсан ёкозүна Асашёорюүгийн тухай байв. Ялихгүй зүйлээр шалтаглан их аваргад шахалт үзүүлсээр түүнийг зодог тайлахаас аргагүй байдалд хүргэсэн Японы сүмогийн холбооныхон Осакагийн тэмцээний үеэр ямар чухал хүнээ алдсанаа ойлгосон уу, Асашёорюүг дахин барилдуулах боломж хэр байгааг судалж эхэлсэн байна.

Улмаар өчигдрийн хуралдаанаар үүнийг хэлэлцэж, их аварга өөрөө зөвшөөрвөл их сүмод дахин барилдуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Амнаасаа унагах бараг хоёр үг тутмын нэг нь ёс жаяг, уламжлал гэж байдаг Японы сүмогийн холбооны удирдлагууд Харү башёгийн үеэр ордон дахь нэрийн барааны дэлгүүрүүдийнх нь орлого бууран, кэншё гаргах ивээн тэтгэгч нь ховордож, өөрсдөө ханхай хоосон ордонд дагжин суун байж л ёкозүна Асашёорюү тэдэнд ямар хэрэгтэй хүн бэ гэдгийг ойлгосон бололтой. Ийм дүр зураг Д.Дагвадорж аваргыг хоёр башёд барилдах эрхээ хасуулж, дараа нь гурван тэмцээнд дараалан өнжихөд харагдаж байсан бөгөөд Холбооны санхүү түүнээс шууд хамааралтай гэдэг нь ийнхүү дахин батлагдсан юм. Энэ бүхний эцэст Сүмогийн холбооныхон аваргын Монголдоо хөлбөмбөг тоглосон нь дэвэргээд байх асуу дал биш байсныг, кэншёг зүүн гараар авах нь шүүмжлэх зүйл биш гэдгийг, өрсөлд өгчөөсөө илт илүүгээ харуулан аархдаг нь зүй ёсных болохыг хүлээн зөвшөөрчээ. Японы сүмогийн холбоо их аваргыг дахин барилдахыг нэгэнт зөвшөөрсөн тул бид аатай, омогтой аваргыгаа дэвжээн дээр дахин харах боломж бүрдэж байна.

Гагцхүү ёкозүна Д.Дагвадорж өөрөө ямар шийдвэр гаргахыг хүлээх л үлдлээ. Аварга тавдугаар сарын тэмцээний банцүкэг зарлах дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс өмнө зөвшөөрсөн бичгээ хүргүүлбэл Нацү башёгоос эхлэн барилдах боломжтой аж. Ёкозүна Д.Дагвадоржоос Сүмогийн холбооны шийдвэрийг хэрхэн хүлээн авч буйг нь сонирхохоор холбогдох гэсэн авч өчигдрийн хуралтай холбоотойгоор Японыг зорьсон байлаа.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн байгаад их аварга маань сүмогийн дэвжээнд дахин барилдвал монгол түмэн ихэд баярлах биз ээ. Гэхдээ энэ бол “Таван цагараг”-ийнхны жилдээ ганц удаа уншигчдадаа барьдаг сюрприз байлаа. Уншигч та бүхэнд IV.1-ний мэндийг хүргэе!

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.