Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ирэх оны төсвийг өнөөдөр батална

Өчигдөр нэгдсэн хуралдаан болсонгүй. Харин УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл цахимаар хуралджээ. Хуралдаанд УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ж.Элбэгзаяа нар цахим хуралдааны бэлтгэл ажлын талаар танилцуулсан байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд өнөөдрийн нэгдсэн хуралдааныг ямар дэгээр, хэрхэн зохион байгуулах талаар санал солилцсон аж. Улмаар 2020 оны хаврын чуулгантай адил, хуралдааны таван танхимд гишүүдийг хуваарилан суулгаж хуралдах, эсвэл цахимаар буюу гишүүд Төрийн ордонд ирэлгүйгээр байгаа газраасаа хуралдаанд оролцох гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгох нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар нийт гишүүний цахим хурал зохион байгуулж, хэлэлцэхээр тохирсон байна.

Уг нь коронавирусийн халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-ын үйл ажиллагаа цахим горимд шилжиж буйг уржигдар албаны эх сурвалж мэдэгдсэн. Өнгөрсөн хавар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэхдээ уг хуулийн зургаа, долдугаар зүйлд онцгой нөхцөлд хэрэглэх болон цахим хуралдааны дэгийг баталсан бөгөөд ингэж хуралддаг туршлага бий. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы хуралдааны үйл ажиллагааг цахимаар явуулах бэлтгэл хангагдаад буй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Тав хоногийн хугацаатай “Нетфликс”-ийн горимд шилжлээ” хэмээн “жиргэсэн” нь нэлээд шүүмжлэл дагуулав. Нийтээрээ битүүхэн айдаст автаж байхад төрийн түшээ нь “Нетфликс”-ээр кино үзэж, хийх юмаа олж ядсан аятай байгаа нь олон хүнд таалагдсангүй. Улмаар цахимаар хуралдах боломж бүрдчихээд байхад чуулганы нэгдсэн хуралдаанаа яагаад хийдэггүй билээ хэмээн бухимдах хүн цөөнгүй байлаа. Өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүд, Шүүхийн болон Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга, ирэх оны төсвийн төслийг хэлэлцэх байв. Шүүхийн болон Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгч энэ оны дөрөвдүгээр сард өргөн барьсан юм.

Мөн ирэх оны төсвийн төслийг хэлэлцэн батлах ёстой. Төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хийгээд буй. УИХ улсын төсвийг арваннэгдүгээр сарын 15 гэхэд баталсан байх хуультай тул гишүүд хүссэн, хүсээгүй өнөөдөр хуралдах биз ээ. Учир нь төсвөө батлахгүй бол тэд хууль зөрчсөн хэрэгт унаж, Үндсэн хуулийн цэцэд дуудагдах үндэслэл бүрдэнэ.

7 дугаар зүйл. Цахим хуралдааны дэг

7.1. Чуулганы хуралдаан (цаашид “хуралдаан” гэх)-ыг цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь УИХ-ын гишүүд, ажлын хэсгийн гишүүд байршлаасаа үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих, санал өгөх боломжтой байна.

7.2. Хуралдааны зарыг албан ёсны цахим шуудан болон холбооны хэрэгсэл ашиглан УИХ-ын гишүүн (цаашид “гишүүн” гэх)-д мэдэгдэнэ.

7.3. Гишүүн товлосон цагт цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол энэ хуулийн 18.1-т заасан хариуцлага хүлээлгэнэ.

7.4. Хэлэлцэх асуудлын материалыг албан ёсны цахим шуудангаар илгээж, УИХ-ын цахим хуудсанд байршуулна.

7.5. Хуралдаанд УИХ-ын тухай хуулийн 14.4-т заасан зөвлөлийн гишүүд биечлэн хуралдааны танхимд, бусад гишүүн хуралдааны танхим, эсхүл албан өрөөнөөсөө, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол тухайн байгаа газраасаа цахим хуралдааныг хэвийн явуулахад саад учруулахгүйгээр оролцоно.

7.6. Хуралдаанд тухайн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсэг, УИХ-ын Тамгын газар (цаашид “Тамгын газар” гэх)-ын холбогдох ажилтан оролцож болно.

7.7. Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд цахим хуралдааны программд бүртгүүлсэн гишүүнийг хүрэлцэн ирснээр тооцож, хуралдааны ирцэд бүртгэнэ.

7.8. Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно.

7.9. Гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт тавихдаа цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томьёоллоор мэдэгдэн дараалалд орж, хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр чанга яригч нээгдэхэд үг хэлнэ.

7.10. Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт тавих хугацаа хоёр минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар нэг удаа нэг минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт тавьж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа гурван минутаас илүүгүй байхаар тогтооно. Нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт тавьж, саналаа илэрхийлж болно.

7.11. Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаан даргалагч санал хураалтын цагийг урьдчилан мэдэгдэнэ.

7.12. Санал хураалтыг цахим хэлбэрээр, эсхүл гар өргөж явуулна. Санал хураалтын дүнг хуралдаан даргалагч нэгтгэн танилцуулна.

7.13. Нууц санал хураалтыг зөвхөн санал хураах хуудсаар явуулна.

7.14. Энэ хуулийн 6.1-т заасан нөхцөлд хаалттай хуралдаан явуулах дэгийг тусгайлан зохицуулна.

7.15. Хуралдааны дэг зөрчсөн болон цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй үг бичих, цахим хуралдааныг хэвийн явуулахад саад учруулсан үйлдэл гаргавал гишүүнд хуралдаан даргалагч сануулах, сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүний тухайн өдрийн хуралдааны туршид, эсхүл тухайн хэлэлцэж байгаа асуудлаар асуулт тавих, үг хэлэх эрхийг нь хасах, цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичих, үг хэлэх эрхийг нь гурван цаг хүртэл хугацаагаар хасаж, энэ тухайгаа мэдэгдэнэ.

7.16. Цахим хуралдаанд энэ хуулийн 11.5, 14.3 дахь хэсгийг баримтлахгүй.

7.17. Хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан энэ хуульд заасны дагуу Тамгын газраас баримтжуулна.

7.18. Энэ хуульд заасны дагуу ирц, санал хураалтад оролцсон УИХ-ын гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг тухайн асуудлыг хэлэлцсэн хувийн хэрэгт хавсаргана.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.