Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИРГЭН БҮРТ 1,5 САЯ ТӨГРӨГИЙГ ОЛГОХООР ТОГТОВ

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус 20 дахь хуралдаан 2010 оны 4 дүгээр сар 2-ны өдөр болов.
2010-2012 онд Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны эрхийн бичиг олгох, бэлэн мөнгө өгөх гэсэн хэлбэрээр олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв.
    1 сая төгрөгийг тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууц худалдаж авсны төлбөр хэлбэрээр олгож 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг 2011, 2012 онд үе шаттайгаар бэлнээр өгөх боллоо.
Монгол Улсын иргэн бүрт 1,5 сая төгрөг олгох хэлбэр

1.Тэтгэврийн болон эрүүл мэндийн шимтгэлийн төлбөрт :
Тэтгэврийн даатгалд хамрагдаагүй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэд хамрагдах боломжтой. 2006 онд Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсанаар нийт хүн ам заавал даатгалын тогтолцоонд шилжсэн ч даатгалд хамрагдаагүй иргэд байсаар байна. 
Иймээс даатгалд хамрагдаж чадаагүй дээрх иргэдийн шимтгэлийн 4 жилийн төлбөрийг нөхөн төлж, иргэдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон даатгалын сангаас тусламж, үйлчилгээ хүртэх эрхийг нээж өгч байна.

2. Эрүүл мэндийн үйлчилгээнд :
    Энэ хүрээнд иргэд нэг удаа иж бүрэн, нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоо, эмчилгээнд ороход тодорхой хэмжээний төгрөгийн эрхийн бичиг олгох, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулахаар боллоо.

3. Боловсролын үйлчилгээнд :
    Иргэд болон суралцагсдад эрхийн бичиг олгож улмаар төрийн өмчийн их, дээд сургуульд суралцаж байгаа оюутны сургалтын төлбөр, ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн суралцагсдад сурах бичиг, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгоно.
Мэргэжлийн ур чадвараар тэнцээгүй эсвэл мэргэжил нь зах зээлд хэрэгцээгүй болсон ажилгүй иргэдэд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд ур чадвар олгох сургалтад оролцох эрхийн бичгийг олгосноор шинэ мэргэжил эзэмшиж, ажлын байртай болох нөхцөл, бололцоо үүсч ажилгүйдэл багасахад түлхэц болно.

4. Орон сууц худалдаж авсны төлбөрт :
Эрхийн бичгийг орон сууц худалдаж авах урьдчилгаа, зээл болон зээлийн хүүнд тооцож олгоно. Энэ нь иргэдийг орон сууцаар хангах Засгийн газрын бодлоготой нийцэж байгаа бөгөөд “100.000 айлын орон сууц” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.

5. Бэлэн мөнгө :
“Хүний хөгжил сангийн тухай хууль”-д хишиг, хувийг бэлнээр олгохоор заасны дагуу иргэн бүрт эхний ээлжинд 70,0 мянган төгрөгийг 2010 оны 2 дугаар сараас олгож эхэлсэн бөгөөд иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулсны дараа 50,0 мянган төгрөг олгохоор ажиллаж байна. Монгол Улсын иргэн нь “Хүний хөгжил сангийн хууль”-д заасан нөхцөл, журмаар хишиг, хувь хүртэх хэлбэрийг сонгоно. Энэ нь тэдний ирээдүйн нийгмийн баталгааг хангах томоохон ач холбогдолтой.
2010 оны 4 дүгээр сарын 15-наас эхлэн иргэн бүрт хишиг, хувь олгохдоо захиалгын хуудас тарааж саналыг нь нэг бүрчлэн авах, хишиг, хувь олгох хэлбэр бүрээр шаардагдах хөрөнгийн тооцоог гарган 2010 оны 7 дугаар сарын 1-ний дотор Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.