Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИРГЭДИЙГ АЙДАСТ АВТУУЛСАН ГАЛДАН ШАТААГЧИД ХЭН БЭ

Сүүлийн хэд хоног иргэдийн автомашин, байшинг галдсан хэрэг Сэлэнгэ аймагт гарлаа. Цагдаагийнхан гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байх зуур Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд хоёр ч машин, нэг айлын хадланг нь шатаачихав. Тус сумын төвд амьдардаг иргэн Б-ийн автомашин, өндөр настан Ц-ын хадланг нэг шөнө, яг нэг цагт зэрэг өрдчихжээ. Түүнээс хойш удалгүй тус суманд цагдаагаар ажилладаг дүүгээ эргэхээр ирсэн ахынх нь машиныг айлын хашаанаас түрж гаргаад шатаасан байна. Галдагчид машины дэргэд архины хоосон хоёр шил үлдээгээд алга болж. Өдгөө сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ажилтнуудад Хэнтий аймгийн Цагдаагийн газраас хүч нэмэгдэн ирж шөнө байнга эргүүл хийх болсон төдийгүй галдан шатаасан хэргийг харсан хүмүүст өндөр шагнал өгөхөө амлажээ.

Өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн төвд хоёр машин, хоёр байшин, гарааш шатаасан хэрэг гарсан. Хууль хяналтын байгууллагынхан эрэн сурвалжилж буй ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа. Тус аймгийн хууль хяналтын байгууллагын ажилтнууд энэ хэргийг сэтгэцийн өөрчлөлттэй нэгэн юм уу, эсвэл адал явдалт кинонд автсан хүүхдүүд үйлдсэн байж магадгүй гэж үзэж байгаа. Эдгээр хэргийн талаар хүмүүсээс 500 мянган төгрөгөөр мэдээлэл худалдаж авахаа ч холбогдох байгууллагаас зарлаад байгаа юм. Хэнтий аймгийн Батширээт суманд одоогоос 15 жилийн өмнө галдан шатаадаг хэрэг гарч байсан. Хэн гал тавьж байсан нь тухайн үедээ тогтоогдоогүй, гал тавьсан хүний талаарх мэдээлэл өгсөн хүнийг сумын удирдлага шагнахаа амлаж байсан. Гэмт хэрэгтний тавьсан галд сумын Соёлын төвөөс авахуулаад төрийн захиргааны хэд хэдэн байгууллага өртсөн. Түүгээр зогсохгүй сумын Засаг дарга өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй хоцорч байсан гэдэг.

Энэ хэргийг шалгахаар тухайн үед тус аймгийн цагдаагийн ажилтнууд очоод хэргийн газрын үзлэг хийж, асууж тодруулах хүнээсээ байцаалт аваад дөнгөж хөдлөн Бархын голын гүүрээр гарч явахад өөр нэгэн байшин шатаж байсан. Нэлээд олон удаагийн үйлдлийн дараа уг хэрэгт холбогдуулан тус сумын харьяат хэдэн залууг саатуулан шалгаад “Гэмт хэрэгтнийг олчихлоо” хэмээн мэдэгдэж, галдан шатаасан ноцтой хэргийг илрүүлсэн хэмээн аймгийн цагдаагийн ажилтнууд “Цагдаагийн гавьяа” цол тэмдэгээр шагнуулж байсан гэдэг. Гэвч шүүхийн шатанд залуус ямар ч холбогдолгүй нь тогтоогдсон юм. Тэдгээр залууг уг хэрэгт шалгаж байхад шинээр барьсан сумын Соёлын төвийг гурав дахь удаагаа 2000 онд нээлтийн ёслол хийгээд дөнгөж тармагц гал тавьжээ.

Хууль хяналтын байгууллагын ажилтнуудаас галдан шатаах хэрэг чухам юунаас үүдэлтэй байж болохыг лавлахад “Өмнө нь манай улсад гарч байсан энэ төрлийн хэргүүдээс үзэхэд ямар нэгэн гэмт хэргээ нуун далдлах зорилготой ийм хэрэг хийдэг байсан” гэж өгүүлэв. Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн хоёрдугаар сард 60 гаруй настай хөгшнийг олон удаа хутгалж хөнөөгөөд, гэрийг нь шатааж, машиныг нь авч зугтсан хэрэг гарсан. Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор галдан шатааж байгаагийн бодит жишээ энэ гэдгийг хууль хяналтын байгууллагынхан тайлбарлаж буй юм. Түүнээс гадна өс хонзонгоос болж галдан шатаах гэмт хэрэг ч гарч байсан тохиолдол бий. Баянзүрх дүүргийн нутаг Дарь-Эхийн гудамжинд одоогоос гурван жилийн өмнө нэг гэр бүлийн олон хүнийг гэрт нь галдаж хөнөөсөн аймшигт хэрэг гарсан.

Уг хэргийг өс хонзонгийн улмаас үйлдсэн гэж үздэг. Учир нь энэ хэргийг үйлдэгчтэй амьдарч байгаад салсан эхнэр нь уг айлын хүү болох цагдаагийн ажилтантай суусан байсан юм. Хэнтийн Өмнөдэлгэрийн цагдаагийн алба хаагчийн ахын машиныг галдсан шалтгаан нь өс хонзонгоос болсон байж болзошгүй. Харин Сэлэнгэ аймагт галдан шатаасан этгээдүүд кинонд гардаг шиг шатахуун цацаж байгаад шүдэнз зурсан нь галын шинжээчдийн дүгнэлтээр батлагдсан гэнэ. Эндээс харахад бага насны хүүхдүүд үүнийг үйлдсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа ч чухам хэн бэ гэдгийг олж тогтоож чадаагүй байна. Иргэдийн орон байр, эд хөрөнгийг үе үе галдах болсноос үүдэн Сэлэнгэ, Хэнтий аймгийн оршин суугчид багагүй түгшүүрт автаад байгаа гэсэн. Иргэдийн айдас хэдий хэр үргэлжлэх нь цагдаагийнхнаас шалтгаалах болчихоод байна.

1990- ээд оны эхээр биеэсээ гал гаргагч Өнөрмаа хэмээх эмэгтэйг Шинжлэх ухааны академийнхан “од” болгож, цагдаагийнхан зальтан байсныг илрүүлж байсан билээ. Дээрх тохиолдлуудыг харахад “од” болох гэсэн нэгний үйлдэл биш гэдэг нь тодорхой. Гал гаргах “шидтэй” Өнөрмаагийн араас ирсэн үү гэлтэй галдан шатаагчдын хэрэг хэдий болтол үргэлжлэх бол.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.