Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Иорданы хунтайж Миред Раад Ал-Хуссейн: ТИЙМ ЭЭ, БИ ХУНТАЙЖ. ГЭХДЭЭ ҮҮЛЭН ДЭЭР СУУДАГГҮЙ

 Иорданы Хашимитын вант улсын хунтайж эрхэмсэг ноён Миред Раад Ал-Хуссейн Монгол Улсад анх удаа айлчлаад өчигдөр буцлаа. Иорданы хунтайж Миред Раад Аль-Хуссейн Явган цэрэг эсэргүүцэх мина хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглох, түүнийг устгах тухай Оттавагийн конвенцийг дэлхий нийтээр дагаж мөрдүүлэх тусгай элчээр ажилладаг. Энэ үүргийнхээ дагуу дэлхийгээр хэрэн явах онцгой албатай юм байна. Түүний намтар дахь “1987-1989 онд Иорданы зэвсэгт хүчинд цэргийн алба хаасан. Их Британий хатан хааны нэрэмжит Сандхурстын цэргийн академийн Цэргийн ухаан, офицерийн сургалтыг 1990 онд дүүргэсэн. 1990-1991 онд Иорданы зэвсэгт хүчний Тусгай хүчинд, 1991-1994 онд Цэргийн тагнуулын албанд, 1995-1997 онд Аюулгүй байдал, тагнуулын албанд, 1995-1997 онд Иорданы Аюулгүй байдлын албанд тус тус ажилласан” гэсэн мөрүүд Иорданы хунтайжийн амьдралын хэмнэлийг тодорхойлох болов уу. Хунтайж АНУ-ын Тафтсийн их сургуулийн Олон улсын харилцаа, түүхийн ухааны бакалаврын, Олон улсын харилцаа стратегийн судалгааны мастерийн, Английн Кембриджийн их сургуулийн түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан юм билээ. Манай улсад айлчлах үеэр нь эрхэмсэг хунтайжтай уулзаж ярилцлаа.

-Иорданы ханхүү Монголд анх удаа ирж байгаа нь та юм. Манай улсад ханхүү, гүнжүүд байдаггүй учраас ийм хэргэм зэрэгтэй хүнтэй уулзсандаа олзуурхаж байна. Орчин цагийн нийгэмд ханхүүгийн титэмтэй амьдрах нь ямар хувь тавилан байдаг юм бол. Та өөрийгөө танилцуулахгүй юү?

-(Инээв) Иорданы хааны гэр бүл Ойрхи Дорнодын хаан угсаатнууд дотроо жижигт тооцогддог. Миний бие Мохаммед хааны алтан ургийн 41 дэх үеийн үр сад. Миний эцэг Иорданы одоогийн хаан Абдуллагийн авга учраас би ханхүү хэргэмтэй. Манай улсын хааны гэр бүл бусад хаадаас өөрөөр амьдардаг л даа. Тодорхой хэлбэл, бизнест огт оролцдоггүй. Бид нийгмийн сайн сайхны төлөө түлхүү ажиллаж, Засгийн газар, дипломат корпусын хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг. Би л гэхэд газрын мины эсрэг Оттавагийн конвенцид улс орнуудыг нэгдэн орохыг уриалах, ятгахаар дэлхийг тойроход бэлэн хүн.

-Та Монголд ирсэн зорилгоо хэр биелүүлэв?

-Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Гадаад хэргийн дэд сайд Б.Болор зэрэг албаны хү мүүстэй уулзлаа. Бидний уулзалт үр дүнтэй болсон гэж үзэж байгаа. Монгол Улс хэдийгээр газрын мина хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хо риг лох, түүнийг устгах тухай Оттавагийн конвенцид хараахан элсээгүй ч нэгдэх зорилго бүхий байр суурьтай байгаад нь талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Миний бие явган цэрэг эсэргүүцэх мина хэрэглэх, нөөцлөх, үйлдвэрлэх, шилжүүлэхийг хориглох, түүнийг устгах тухай Оттавагийн конвенцийн Ерөнхийлөгчийн тусгай элчийн хувьд дэлхийн бүх улс орныг уг конвенцид нэгдэн оруулахын төлөө үүрэг хүлээн ажилладаг.

-Монголд хэн нэг явган хүн минад өртсөн тухай мэдээлэл гардаггүй. Ийм тайван байхад Оттавагийн конвенцид нэгдэх шаардлага юу билээ гэж хүмүүс бодож болох юм. Нэгдэн орсон тохиолдолд Монголд ирэх үр ашиг юу вэ?

-Оттавагийн конвенциас Монголын хүртэх үр ашиг асар их шүү дээ. Дэлхий ертөнц улам бүр “хавтгайрч”, улс үндэстнүүд даяаршиж байгаа энэ үед Монгол Улс хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцсоноор олон улсын харилцаанд нэр хүндээ өсгөнө, магтан сайшаагдана. Конвенцийг санхүүжүүлэгч донор орнуудын дэмжлэгийг алдахгүй, сонирхлыг нь бууруулахгүйн тулд аль болох олон орныг шинээр элсүүлэх хэрэгтэй. Монгол орон ч газрын минаг хэрэглэхгүй, худалдаж авахгүй, тээвэрлэхгүй гэсэн амлалт өгөх нь чухал байна. Азийн зарим оронд, тухайлбал Лаос, Камбожид өдөр болгон мина дэлбэрч, түүнд хүмүүс өртөн хохирсоор байгаа. Энэ аюулын эсрэг улс орнууд хамтдаа тэмцвэл үр дүнд хүрнэ.

-Минын аюулгүй дэлхийг бий болгоход тулгардаг хамгийн том бэрхшээл юу вэ?

-Оттавагийн конвенцид үл нэгддэг улс орнуудад өөрсдийн шалтгаан бий л дээ. Газрын минаг хил хязгаараа хамгаалахын тулд хэрэг лэж яагаад болохгүй гэж хэмээсэн байр суурь зарим улсаас ажиглагддаг. Санхүүгийн хүндрэлээс шалтгаалж нэгдэхээс цааргалах нь ч байдаг. Гэвч бид тухайн улс орнуудад Оттавагийн конвенциас түдгэлзэж байгаа шийдвэрээ эргэн харахыг санал болгосоор л байх болно. Зэвсэгт мөргөлдөөн гарсан бүс нутагт газрын мины үзүүлдэг ашиг тус тун бага байдаг.

Мина бол аварч хамгаалахаасаа хамаагүй их хор хөнөөл учруулдаг хэрэгсэл юм шүү дээ. Мөргөлдөөн дуусахад газарт булаатай минад энгийн иргэд өртөж, хор хөнөөл нь өчнөөн жилээр үргэлжилдэг. Хөлгүй болсон хүүхдүүд, гараа алдсан эмэгтэйчүүдийнхээ өмнө хэн буруутай, хэн хариуцлага хүлээх вэ гэдэг бол маш эмзэг асуудал. Танай орны оршин байгаа Азид мины аюул арилаагүй байна. Монгол Улс Оттавагийн конвенцид нэгдэж тив, бүс нутгаа уриалах дуу хоолой нь байж болно шүү дээ.

-Манай хөрш ОХУ, БНХАУ Оттавагийн конвенцид нэгдсэн үү?

-Одоогоор Орос, Хятад улс нэгдээгүй учраас Монголтой хийж буйтай адил яриа хэлэлцээн үүдийг үргэлжлүүлж байна. Оттавагийн конвенцид нэгдээгүй бүх улс оронтой идэвхтэй харилцаа хөгжүүлдэг. Би өнгөрсөн хавар АНУ-д айлчилсан. Америк удахгүй нэгдэн орно гэдэгт найдаж байгаа шүү. Лаос ч мөн адил.

-Ингэхэд яагаад танд энэ албыг даалгасан юм бэ. Ханхүү болохоор тань уу, эсвэл таны чадвар, туршлага нөлөөлөв үү?

-Газрын мины аюулаас хүн төрөлхтөнийг авран хамгаалах боломж олдсонд миний бие хичээнгүйлэн зүтгэдэг. Иордан улсаас газрын мина цөөнгүй илэрдэг. Тиймээс манай улсын хааны гэр бүлээс Оттавагийн конвенцийн тусгай элчийг сонгосон байж болох юм. Минад өртөж тахир дутуу болсон иргэдтэйгээ би өдөр болгон уулздаг. Тэдэнтэй хамгийн ойр харилцаатайн хувьд зовлон шаналгааг нь ч өөрийн юм шиг мэдэрдэг.

-Таны өвөг дээдсээс Чингис хаантай ямар нэгэн байдлаар холбогдсон хаан байдаг эсэх тухай та ямар сонирхолтой түүх өгүүлж чадахсан бол?

-Яг одоо энэ асуултад тань хариулж чадсан ч болоосой гэж хэчнээн их бодож байна гээч. Заавал уншиж судлах хэрэгтэй юм байна шүү.

-Ханхүүтэй анх удаа уулзсаных сонирхох зүйл олон байгааг нуугаад яах вэ. Их л өөр ертөнцөөс ирсэн хүн шиг төсөөлөгдөөд байна л даа. Иорданы ханхүү та хэдэн эхнэртэй вэ. Ямар ямба эдэлдэг бол, ахуйн хэрэгцээндээ сард дунджаар хэчнээнийг зарцуулдаг бол?

-(Инээв) Арабын ертөнцөд дөрвөн эхнэртэй байж болно л доо. Би ганцхан эхнэртэй. Тийм ээ, би бол ханхүү. Эрх ямба эдэлдэг. Гэхдээ би даруухан амьдрахыг хичээдэг. Хэрвээ ард түмэнтэйгээ ойртохгүй тээр дээр үүлэн дээр суугаад байвал би ханхүүгийн хувьд хүмүүсийн төлөө юу ч хийж чадахгүй. Харин би ард түмэндээ сайн сайхныг хүсэх төдий бус, гар бие оролцон зүтгэж амьдрахыг чухалчилдаг даа. Хүүхдүүдээ хүртэл энгийн иргэдийн хүүхдүүд сурдаг сургуульд явуулж байгаа. Бид гадуур явахдаа бараа бологчидгүйгээр зорчиж л байдаг.

-Иордан газарзүйн хувьд ч, улс төрийн хувьд ч тун амаргүй хөршүүдтэй. Саудын Араб, Сири, Израиль, Палестинтай хил залгана гэдэг Иорданаас маш ухаалаг бодлого шаарддаг болов уу?

-Бид бүх хөрштэйгөө сайн харилцаатай байхыг хичээдэг ч Палестины хямрал намжихгүй цагт түвэгтэй нөхцөлтэй цаашид ч тулсаар байх нь гарцаагүй.

-Танайх фосфатыг эс тооцвол байгалийн баялагг үй, импортоос хараат байдалтай улс. Эдийн засгийн гадаад харилцаагаа хэрхэн хөгжүүлдэг вэ. Иорданы энгийн иргэдийн амьдрал сайн уу?

-Иорданы хувьд фосфат гэхээсээ аялал жуулчлалын салбараа чухалд тооцдог. Саяхан Иорданаас ураны орд илрүүлсэн. Нөөцийнх нь хэмжээ хараахан тодорхой болоогүй байна. Манай орон үзэсгэлэнт байгаль, сөнөсөн тэнгис, эртний хотууд, түүхийн дурсгалт газруудаараа алдартай. Дэлхийн шинэ долоон гайхамшгийн хоёр нь Иорданд байдаг юм шүү дээ. Бид бас дээд боловсролын салбараа сайн хөгжүүлсэн. Иорданаас багш, эмч, инженер авч ажиллуулдаг гадаадын орнууд олширсон. Манай хамгийн том хөрөнгө бол хүний нөөц гэж хэлж чадах байна.

-Монголчууд “Холын хүний үгийг сонс” гэдэг юм. Танай хөрш Саудын Араб шиг баян орон болох байгалийн нөөц баялаг манайд бий. Гэхдээ Саудын Араб тийм үлгэр жишээ хөгжсөн улс гэж үү?

-Уул уурхайг хөгжүүлэхдээ хэд хэдэн орны туршлагыг харьцуулж судлах нь зүйтэй болов уу. Миний хувьд Норвегийн турш лагыг хамгийн сайн жишээ гэж боддог. Тэд газрын тосны орлогоосоо ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтыг шийддэг нь тун ухаалаг бодлого. Саудын Араб бол баян. Гэхдээ хэр сайн жишээ вэ гэдгийг мэдэхгүй юм, Би Монгол Улсыг гайхалтай сайхан ирээдүй хүлээж байна гэж харж байгаа.

Бөх сайхан байшин баръя гэвэл суурийг нь сайн тавих ёстой шиг та бүхэн хамгийн гол нь яг одоо л хөгжлийнхөө төлөвлөгөөг чамбай гаргах хэрэгтэй болов уу. Төр засгаас гаргаж байгаа томоохон шийдвэрүүдэд ард иргэд өөрсдийн санаа бодлоо заавал тусгах нь чухал. Хожим ирэхэд танай нийслэл олон сайхан орд харштай цэмцгэр хот болсон байх биз ээ.

Б.ЭНХЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.