Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

И.ОДОНЧИМЭГ: ХАМГИЙН ГОЁ УРАН БҮТЭЭЛ БОЛ ХҮҮХЭД ЮМ БАЙНА

Соёлын төв өргөөний гуравдугаар давхарт “Х Түц” продакшн байрладаг. Товлосон цагтаа очвол Одноо гавьяат залуу жүжигчдийнхээ өмсөх хувцсыг сонгоод сууж байлаа. “Энэ арай биш юм аа. Судалтай нь онцгүй байна. Босоод зогс доо” гэх зэргээр загвар зохион бүтээгч шиг хэдэн талаас нь ажиглан хувцсыг нь дахин дахин солиулна. Тус хамтлагийн залуу жүжигчид түүнийг “Одноо эгч, эгээ, аниа” гэх мэтээр хүндэтгэн дууддаг юм билээ. Нэг их удаан хүлээлгэсэнгүй, гавьяат жүжигчин И.Одончимэг хувцас солих өрөөндөө надтай ярилцахаар боллоо. Залуу жүжигчдийнхээ хувьд “эгээ”, охиндоо хайртай ээж, ард түмэндээ гавьяат жүжигчин, аав ээждээ ухаантай охин нь хэмээн үнэлэгдэж яваа түүнийг “Бямбын ярилцлага”- ынхаа хойморт урилаа.

-Шинэ кино хийж байгаа юм уу?

-Кинондоо нэр өгч амжаагүй л явна. “Миний хөрш чөтгөр”-т ч гэсэн анх ямар нэр өгөхөө мэдэхгүй явж байгаад сүүлд нэр сонгосон. Залуучуудын хайр дурлалын сэдэвтэй инээдмийн кино хийж эхэлсэн. Хамтлагийнхаа залуу жүжигчдийг гол дүрд нь тоглуулж байгаа. Эрэгтэйг нь эмэгтэй, эмэгтэйг нь эрэгтэй хүний дүрд тоглуулна. Ирэх долоо хоногт киноныхоо зургийг авч эхэлнэ. Есдүгээр сард дэлгэцэнд гаргах зорилготой.

-Жүжигчин байхын тулд багагүй зүйлийг золиосолж амжилтад хүрдэг. Таны хувьд?

-Аав минь хавдартай болоод хагалгаанд орох гэж байхад би театрын тайзан дээр “Ромео Жульетта”-д тоглож байлаа. Хагалгаа их удаан үргэлжилж байсан юм. Дараа нь ээжийгээ хэвтэрт орчихоод хэцүү байхад нь шинэ жүжгийн сургуулилалттай гээд явж байсан. Ээж, аав маань ажлыг минь ойлгож, ар талыг бүрэн хариуцдаг байв. Гэр бүлийнхэн нь дэмждэггүй бол урлагийн хүнд амжилт гаргана гэдэг амаргүй.

-Ямар мэргэжилтэй хүмүүс байсан бэ?

-Аав жолооч, ээж багш. Намайг жүжигчин болно гэхэд хоёулаа л дургүй байж билээ. Харин одоо ээж минь “Миний охин ямар азаар энэ мэргэжлийг сонгосон юм бэ, хүн зөв замаа сонгоно гэдэг ямар хэрэгтэй болохыг охиноосоо харж байна” гэж хэлдэг юм. Би ч гэсэн жүжигчин болно гэж бодож байгаагүй. Хувь заяа л намайг хөтөлсөн. Аав ээжийнхээ буянаар ар гэртээ санаа зовохгүй, охиноо тэднээрээ өсгүүлээд ажилдаа анхаарлаа хандуулж ирсэн.


ХҮССЭНЭЭРЭЭ АМЬДРАХ ШИГ ЖАРГАЛ ҮГҮЙ

-Танай охин хэдэн настай вэ?

-18 настай

-Мэргэжлээ сонгочихсон уу?

-СУИС-ийн жүжигчний ангид орсон. Хориглоод дийлсэнгүй. Хүний амьдралд зөвхөн жаргал тохиолддоггүй. Эмэгтэй хүн байгалиасаа туниа муутай, эр хүний нөмөр нөөлөгт амьдардаг жамтай. Охиноо хүчтэй, ухаантай сайхан амьдраасай гэсэндээ бага байхаас нь “Хүн өөрийнхөөрөө байх шиг аз жаргал байхгүй” гээд ойлгуулчихсан чинь СУИС-д орчихлоо. “Чи яагаад энэ мэргэжлийг сонгож байгаа юм бэ. Ээжийнхээ дэргэд насаараа байж, намайг яаж амьдарч байгааг харсаар байж.

Битгий гэж хориглож байхад яав даа” гэтэл “Хүн хүссэнээрээ амьдарвал жаргадаг гэж та хэлээ биз дээ” гээд амыг минь таглачихлаа. Жүжигчний ажил үнэхээр хүнд учраас охиноо өрөвдөөд байх юм. Эмэгтэй хүн юм болохоор сайн ханьтай, олон хүүхэдтэй болох хэрэгтэй. Өмнөөс нь халшраад байна. Түүний зэрэгцээ сайн жүжигчин болоосой гэж хүсэх юм. Өөрийнхөө мэдэж, сурсан болгоноо охиндоо зааж өгнө. Гэхдээ авьяас гэдэг төрөлхийнх. Үнэхээр авьяастай бол надаар заалгахгүй учраа олчихно. Авьяас нь дулимагхан бол амжилт гаргана гэж найдалтгүй. Авьяасаас илүү хөдөлмөр байдаг гэж би боддоггүй.

-Сайн хань, олон хүүхэдтэй болох бүсгүй хүний мөрөөдөл Танд ч байсан байх. Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог байсан бэ?

-Би эхээс дөрвүүлээ. Дөрвөн хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байлаа. Тэгээд кино драмын ангид орсон чинь багш маань “Олон хүүхэдтэй болоод дэмий шүү. Тэгвэл урлагийнхаа ажлыг хийж чадахгүй” гэхээр нь мөрөөдлөөсөө хасаад, гурван хүүхэдтэй болъё гэж бодлоо. Жүжигчин болоод ажиллатал “Гурван хүүхэд гаргаад чадварлаг жүжигчин болно гэдэг хэцүү. Сайн ээж байхын зэрэгцээ сайн жүжигчин байх боломжгүй” гээд байхаар нь хоёр хүүхэдтэй болъё гэж бодсон.

Гэтэл амьдрал миний хүссэнээр болсонгүй. Хамгийн үнэтэй баялаг бол хүүхэд юм гэдгийг одоо л ойлгож байна. Их гоё уран бүтээл хийе гэж амьдарч байсан. Гэтэл хамгийн гоё уран бүтээл бол хүүхэд юм байна. Тэр хэзээ ч давтагдахгүй зан араншин, зүс царай, төрхтэй. Урлагийн шилдэг бүтээл хийх гээд яваад байна гэж бодсон чинь жинхэнэ бүтээлээ бүтээгээгүй л яваад байж дээ.

-Та хэр зэрэг сүсэгтэй вэ?

-Нэг их шүтлэггүй. Ер нь аливаа юманд их туйлшрахаас айдаг. Саяхан нэг залууг ах дүү нар нь нийлээд бөө дээр аваачиж байгаад алтан амийг нь егүүтгэчихлээ. Хэт итгэл үнэмшил ийм үр дүнд хүргэж байгаа юм. Туйлшрал аюултай. Аливаад гүнзгий итгэх хэрэггүй. Юмыг тал бүрээс нь харж дүгнэлт хийдэг чадвартай байх нь чухал. Урлагийн бүтээлд ч ижил.

-Нөхөртэй хэрнээ долоовор хуруундаа бөгж зүүчихсэн болохоор чинь л тэгж асуусан юм. Хүмүүс “Долоовор хуруунд бэлэвсэн эмэгтэй бөгж зүүдэг” гэж ярьдаг шүү дээ.

-Тэгж ярьдаг л даа. Гэхдээ цаг үе өөрчлөгдөж байна. Надад долоовор хуруунд бөгж зүүх нь таалагддаг.

-Ажил амьдралыг адилхан зохицуулж, амжилттай байх амаргүй. Та ч бас үүнээс л болоод хүссэнээрээ дөрвөн хүүхэдтэй болоогүй юмаа даа.

-Би дөрвөн сартай жирэмсэн байхдаа Драмын театраас хөөгдөж байлаа. Тавдугаар сард Олон улсын фестивальд явах байсан юм. Бэлдэж байсан жүжиг маань эрэгтэй, эмэгтэй хоёр гол дүртэй. Намайг хүүхдээ авахуул гэсэн. Миний анхны хүүхэд байсан учраас би авахуулахгүй гэтэл тэгвэл чамайг хөөнө гэж хатуурхсан. Тэгэхэд нь “Урлаг миний толгойг түшихгүй, хүүхэд миний толгойг түшнэ” гэж хэлээд хөөгдөж байлаа. Хэрэв охиноо гаргаагүй бол би яана аа. Хүүхэд гэдэг эмэгтэй хүнд хамгийн чухал. Тэглээ гээд дандаа хүүхэд гаргаад гэртээ суугаад байж болохгүй. Аль алиныг нь зохицуулах ухаан амьдралд хэрэгтэй.


ДУРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗОВОХ САЙХАН

-Заримдаа ажлаасаа шантарч, орхиод явчихмаар санагдах уу?

-Үгүй. Шантармаар үе байдаг ч дур сонирхолтой учраас ард нь гарчихдаг. Ард нь гарчихаар тэр бүх зовлонгоо мартчихдаг. Дуртай юмныхаа төлөө зовох сайхан.

-Жүжигчдийнхээ хувцасны сонголтод Та оролцож харагдсан. Бараг л загвар зохион бүтээгч шиг.

-Сэтгэлд нэг л юм таарахгүй бол дутуу санагдаад болдоггүй муу талтай. Тиймдээ ч энэ киноны зураачийн ажилд өөрийн эрхгүй оролцоод, хувцас сонгоод явж байна. Манайд өөрийнхөө ажлыг ян тан хийдэг хүн алга. Ээж минь гэрт, гадаах бүх юмыг хийдэг ажилсаг хүн. Би өөрийгөө ээжийнхээ дэргэд даанч залхуу гэж боддог байлаа. Нас яваад ирсэн чинь ээжтэйгээ адилхан болоод байх шиг. Юм юм руу орчих гээд. Заримдаа ч хүчээр өөрийгөө хориглодог. Хүний ажил руу орж дургүйг нь хүргээд яах вэ. Мэдэхгүй юман дээрээ дуугүй байж, аливаа зүйлийн хэмжээг тааруулах хэрэгтэй. Ээж минь багш хүн учраас энэ бүхнийг толгойд хийж өгч чаджээ.

-Хошин урлагийнхан байнга тоглолт хийж, орлоготой байдаг учраас бусад уран бүтээлчдээ бодвол санхүүгийн хувьд хараат биш байдаг байх.

-Магадгүй.

-Хэзээ нэгэн цагт санхүүгийн байдлаас шалтгаалан урлагаа орхиж, өөр ажил хийх бодол төрж байв уу?

-Намайг Хүүхэд залуучуудын театраас 1991 онд Драмын театрт шилжүүлсэн юм. Тэр бол ид зах зээлийн үе. Тухайн үед театр 17 жүжигчинтэй үлдэж байсан. Биднийг “сэхээн амьдруулахынхан” гээд нэрлэчихсэн. Бид залуу байсан учраас цалин мөнгө гэлгүй хийж бүтээхийн урам зоригоор дүүрэн явсан. Харин бидний дээд талын үеийнхэн гэр бүл, үр хүүхдээ авч явахын тулд гахай үүрэн наймаанд явж, урлагаа орхиж билээ. Одоо ч тэр завсрын үе байдаггүй. Алтан-Өлзий, Төмөрбаатар, Дамдин ахаас хойш манай үе хүртэл жүжигчид байдаггүй байхгүй юу. Арван хэдэн жилийн завсар бий.

Хамгийн бага цалин авдаг хэрнээ нэг сарын цалингаа улсад хандивлаж л явлаа. Жүжигчид үе үеээрээ төрдөг юм шиг байгаа юм. Өлзийхүү, Онон, Энхтуул, Дэмидбаатар, Оюундарь бид нарыг Доржсамбуу багш маань дуудаж байгаад “Би Монголын урлагийг нэгэн үед авч явах хүмүүсийг цуглуулсан гэдэгтээ итгэлтэй байна” гэж хэлж билээ. Багш маань их алсын хараатай байж дээ. Мягмаржав, Ганхуяг гэж гайхалтай жүжигчид байлаа. Дүрээ их нарийн бүтээдэг авьяастнууд. Тухайн үед надад урлагаа орхих бодол төрж байгаагүй. Урлагийн тогоонд амьдрах хэцүү. Хань ижилгүй, амьдрал тааруу хэрнээ их авьяастай хүнийг мэрдэг л тогоо. Атаа жөтөө ихтэй. Асар их авьяастай гэдгийг нь мэдэх л юм бол тал, талаас мэрдэг. Ухаантай, хүлээцтэй, тэвчээртэй, хүчтэй байж л давж гарна. Сэтгэлийн хатгүй бол амархан халирах болно. Заавал энэ олон өргөсний дунд хатгуулж амьдрах хэрэг байна уу гэх үе гардаг л байсан.

-Таныг хатгасан хамгийн том өргөс юу байв аа?

-Их хэцүү. Янз бүрийн л юм тохиолдож байлаа. Бүр шантраад найруулагч дээр ороод театраас гармаар байна гэж хэлтэл “Ганцхан чи муу ингэж амьдраагүй. Цэрэнпагма, Цэвээнжав гэж сайхан жүжигчин байсан юм. Бүгд энэ амьдралаар амьдарсан юм” гэж загнасан. Найруулагчийг ингэж хэлсний дараа л би өөрөө их хүчтэй байж, хүмүүсийн муу үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж байх нь зөв юм байна гэж ойлгосон. Одоо бол хүсэл зориг нэгтэй хамт олонтой сайхан л байна.

-Та өөрөө хэн нэгэнд атаархаж байв уу?

-Би атаархдаггүй. Шударга хэл бэл хүн дутуугаа мэдрэхээрээ атаархдаг байхгүй юу. Авьяас дутуу хүн авьяастайдаа атаархдаг юм билээ. Авьяастай хүн бусдад атаархдаг юм уу? Манай дээд, доод үед сайн жүжигчин олон бий. Хараад байхад миний авьяастай гэж бодож байсан жүжигчид хэн нэгнийг муулаад атаархаад явахыг нь үзээгүй л юм байна.


МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ

-Та амьдралаас хүссэн бүхнээ авсан уу?

-Би бол авсан. Сайхан мэргэжилтэй болж, хүссэн дүрээ бүтээсэн. Хэнээс ч дутахгүй гэр орон, үр хүүхэдтэй болсон. Очихыг хүссэн орон болгондоо аялсан. Үнэн сэтгэлээсээ мөрөөдөх юм бол мөрөөдөл биелдэг юм билээ. Оюутан байхдаа Чингэлтэйгээс ирж, А.М.Горькийн номын санд суугаад ном уншдаг байлаа. Автобусаар нэг цаг явж байж ирдэг болохоор А.М.Горькийн номын сан байдаг тэр цагаан байранд амьдардаг болохсон гэж мөрөөддөг байв. Дараа нь яг тэр байшинд байртай болсон. Нөхөртэй болчихоод Циркийн тэнд амьдардаг байхдаа нэг шинэ байрны суурь цутгаж байхад нь энд л байртай болох юмсан гэж бодож байсан. Тэндээ байртай болсон. Ажил, уран бүтээлийн хувьд ч гэсэн адилхан.

Сургуулиа төгсөж байхад “Чингис хаан” киног хийсэн. Тэр үед Бөртэд тоглохыг хүсэж байсан ч ийм боломж дахиж олдохгүй байх гэж бодсон. Гэтэл оюутан насны мөрөөдөл нэлээд хэдэн жилийн дараа биелсэн. Би машинд сууж хол явахдаа, эсвэл хүн хүлээж удаан суухдаа Улаанбаатар хотыг бүгдийг нь өөрийнхөөрөө дахин бүтээдэг. Төв талбай, Засгийн газрын ордныхоо хажууд том театр, галерей байгуулна, их сургуулиудыг бүгдийг нь нэг дор аваачаад хотхон байгуулчихна. Тэгж бодож байтал хүлээсэн хүн ирээд нөгөө бодол тасарчихвал маргааш нөгөө бодлоо үргэлжлүүлнэ гэж хорхойсдог.

-Яг нэг тиймэрхүү сайхан залуутай гэрлэнэ гэж мөрөөдөж байв уу?

-Мөрөөдөж байсан. Сонин байгаа биз. Хүний амьдралд тохиолддог л зүйл. Нэг эмэгтэй над руу дайрч, муу үгээр булаад, ямар л олигтойдоо хань ижилгүй явж байхав дээ гээд эмэгтэй хүний минь хувьд намайг аймаар доромжилсон. Гэртээ очоод уйлж, тэр тусам нь сайхан залуу дагуулаад кинон дээр гардаг шиг хажуугаар нь явна даа гэж бодсон. Тухайн үед би насны зөрүүтэй хосын тухай кино үзэж таарсан юм. Эмэгтэй нь эгчмэд учраас тэр хоёр ухаанаараа шийдэж, яагаад ч гэр бүл болж болохгүй гээд салтал хувь заяа яахын аргагүй тэр хоёрыг нийлүүлчихдэг.

Намайг ч гэсэн дүү залуус эргүүлж, утсаар ярьдаг байсан болохоор тэр үед “Яагаад болохгүй” гэж бодсон. Гэхдээ тухайн үед ийм амьдрал сонгоно гэж бодож байгаагүй. Мөрөөдөл биелдэг юм. Мөрөөдвөл хүнд энерги өгөөд тэр хүчтэй бодлоор хүссэн зүйл нь татагддаг юм шиг ээ. Би азтай гэхээсээ илүү хувь заяатай хүн. Манайхан амны хишигтэй гэж хэлдэг шүү дээ. Ээж минь хөгшин хүн юмаа унагаавал авч өгч бай, хог байвал аваад хогийн саванд хийчих, хүн рүү зөөлөн нүдээр инээж харж бай гэж захидаг байсан. Үргэлж зөв зүйл хийж амьдарвал тэнгэр чамайг харж, муу юм хүргэлгүй хамгаална гэдэг юм. Одоо би тэр үгийг охиндоо хэлдэг болсон байна. Хүнтэй муудалцсан ч энэ хүн ингээд л тэгж хэлсэн байх гэж түүнийг өмгөөлж боддог.

-Та хоёр амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Бид хоёрын амралт инээдтэй. Их оройтож харьдаг учраас аль болох чимээгүй хэвтэх дуртай. Зав гарвал голын эрэг дээр очиж жаахан сууна. Ерөнхийдөө бидний байх орчин, аливааг үнэлэх үнэлэмж, хандлага ойролцоо учраас зөрчилдөөд байдаггүй. Ажил, гэр гээд үргэлж л хамт байдаг. Өглөө бүр 09.30 цагт гэр бүлийн радиогийн нэвтрүүлэг сонсох дуртай. Их сайхан зүйл ярьдаг юм билээ. Надаас өмнө манай хүн сонсдог байсан юм. Өнөө өглөө “Та хананы цаана эрүүл мэнд, гоо сайхнаа авслаад байгаа юм биш биз” гэсэн ишлэл сонссон.

 -Та хоёр хэдэн насны зөрүүтэй вэ?

-14

-Та хоёрын гэрлэлтийг ээж тань хэрхэн хүлээж авсан бэ?

– Миний охин тэгж шийдсэн бол яах вэ гэсэн.

-Та олны хэл амнаас айгаагүй юу?

 -Хэзээ ч байж боломгүй зүйл гэж бодож байсан. Харин манай хүн зоримог, шулуун, дайчин зантай учраас намайг зоригжуулж, бодлыг минь өөрчилсөн. Няцамхай биш, түс тас зантай хүн дээ.

 -Хурим, найр хийсэн үү?

-Хурим хийе гэж боддоггүй. Хийсэн хийгээгүй хувь заяа нэгтгэхээр зурсан бол түүгээр л болно.

-Одоо бүх зүйл цэгцэрчихсэн юм чинь нэг хүүхэд төрүүлбэл яасан юм бэ?

-Маш их хүсэж байна. Болохгүй юм. Ажил мэргэжлээс ч шалтгаалдаг юм уу.

-Таны царай, төрх, байгаа байдал их овор багатай харагддаг. Залуу байгаагийн нууц юу вэ?

 -Эмээгээ дуурайсан юм болов уу. Эмээ маань 80 гарсан хэрнээ бараг буурал үсгүй ануухан хүн байсан. Намхан нуруутай хүмүүс овор багатай харагддаг ч юм уу гэж би боддог. Муухай харж уурлахгүй, хөмсөг зангидахгүй байвал нүүр үрчийхгүй гэж ээж хэлдэг нь нөлөөлсөн байх. Түүнээс биш надад гоо сайханд үргэлж ороод, өөртөө анхаараад байх зав тэр бүр олддоггүй ээ.

-Гаднын алдартнууд нийгэмд хандсан хандив цуглуулж, буяны ажил хийдэг, харин таны хувьд?

 -Хошин урлагийнхныг муу хэлээд байхаас сайнаар харахгүй юм. “UB Палас”-т хийж байгаа хамтарсан тоглолт бүхэн хандивынх шүү дээ. Нэгэн үе өвдөж зовбол хошин урлагийнханд хандаж хандивын тоглолт хийлгэдэг моод байлаа. Түүнийг нь сурталчилдаггүй учраас хүмүүс мэддэггүй байх. Түүнээс гадна хошин урлагийнхан энэ нийгэмд байгаа асар их бухимдлыг дарж, тайвшруулахад их үүрэг гүйцэтгэж яваа улс шүү.

Ярилцсан Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.