Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зөвхөн эрчүүдтэй бэлтгэл хийдэг “Киборг”

Дэлхийн хамгийн аюултай эмэгтэй Бразилийн Куритиба хотноо амьдардаг. Гандболоор спортын гараагаа эхэлсэн тэрбээр удалгүй Бразилийн үндэсний тулааны урлаг жиу-жицугаар хичээллэсэн нь амжилтад хүрч, тус төрлөөр дэлхийн аварга болжээ. Өдгөө 26 настай, “Киборг” хочит Кристина Сантос хэдхэн хоногийн өмнө АНУ-д болсон Strikeforce тэмцээнд Японы Хироко Яманакиг нэгдүгээр раундад хүнд цохилтоор буулган авчээ. Түүний “Blood & Sweat” сэтгүүлд өгсөн ярилцлагыг толилуулъя.    

Нэрийн хуудас: 1985 оны долдугаар сарын 9-нд төрсөн. Биеийн өндөр 173 см, жин 66 кг. Хоч “Киборг”. ММА-д үзүүлсэн амжилт 12-1. Үүнээс арван тоглолтыг нь нокаутаар дуусгажээ.  2009 оны ADCC тэмцээний хүрэл медальтай. Жиу-жицугийн 2011 оны дэлхийн аварга. Strikeforce тэмцээний 66 кг-ийн аварга.  

-Чиний сонирхлыг спорт яагаад ингэтлээ их татсан юм бэ?    

-Хар багаасаа спорт сонирхсон. Ер нь миний амьдралын салшгүй хэсэг бол биеийн тамирын дасгал хөдөлгөөн.

-MMA-гийн ертөнцөд хэрхэн орж ирснээ яриач?    

-Би 20 нас хүртлээ гандболоор хичээллэж байсан. Азтай тохиолдлоор жиу-жицуд орсон гэх үү дээ. Үнэндээ гандболын дасгалжуулагч Федриго маань надад тулааны урлагаар хол явах авьяас байгааг анх мэдэрч, жиу-жицугээр хичээллэхийг санал болгосон юм.     

-Гандбол, жиу-жицу хоёрт төстэй зүйл бий юу?    

-Өнгөцхөн харвал хоёр тэс өөр спорт. Гэхдээ гандбол тоглож байсны ачаар цохилтоос бултаж сурсан.     

-Энгийн амьдрал дээр тулааны чадвараа ашиглах үе гарч байсан уу?    

-Үгүй ээ, би амьдрал дээр тун энгийн хүн. Гадуур зугаалахад ч, зоогийн газар, сүмд… гээд хаана ч явсан биеэ зөв авч явдаг болохоор тийм зүйл тохиолдож байгаагүй. Гэхдээ хэн нэгэн надтай бүдүүлэг харьцвал хариуг нь барьж дөнгөх л байх.    

-Саяхан Strikeforce-той гэрээгээ сунгасна гэж сонссон…    

-Мэдээж “Zuffa” компани ашигтай санл тавьсан учраас зөвшөөрсөн. Тэдний боссууд Strikeforce тулааныг шинэ түвшинд гаргана гэж амласан.    

-Шүтэн бишрэгчид чинь “Кристинатай өрсөлдөх хүн одоог болтол гарч ирэхгүй учраас тэр хэдэн жилийн дараа зодог тайлна” гэцгээдэг. Үүнд ямар хариулт өгөх вэ?    

-ММА-гийн ертөнцөд хэнд ч хэзээ ч ялагдаж магадгүй байдаг гэдгээрээ хөлбөмбөг, бейсболоос ялгардаг. Тийм ч учраас MMA-гийн аварга болох нь  тулааны бусад тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэй байдаг.              

-Чиний хамгийн алдартай тулаануудын энг бол Жин Караног буулгаж авсан тоглолт…     

-Жин бол сайн тулаанчаас гадна сайхан бүсгүй учраас олон мянган эсрэг хүйсний балиашигтай. Мэдээж шүтээн нь нэгдүгээр раундад хүнд цохилтоор ялагдах хөгжөөн дэмжигч эрчүүдэд нь таатай байгаагүй нь лавтай. Карано тэр ялагдлаасаа хойш хоёр жил гаруй рингэнд гараагүй гэдгийг сонсоод “Тэр үед арай ч хэтрүүлчихэв үү дээ” гэж харамссан шүү.      

-Саяхан Хироко Яманакиг ч хялбархан буулгаж авсан. Энэ тулаанд хэрхэн бэлдсэн бэ?     

-Мэдээж сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн тоглолтуудынх нь бичлэгийг үзсэн. Тэгээд 12 дахь ялалтаа байгуулна гэдэгтээ итгэлтэй болсон.    

-Эрэгтэй хүнтэй хүчээ сорих талаар бодож байсан уу?    

-Хэзээ ч бодож байгаагүй. Гэхдээ би бэлтгэлээ дандаа эрчүүдтэй хийдэг.     

-Тулаанч эхнэртэй байх нөхөрт тань хэцүү байдаг байх даа?    

-Аз болж нөхөр маань миний дасгалжуулагч юм даа. Бид гэртээ ч, дэвжээн дээр ч тулааны тухай л ярьдаг. 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.