Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зээлийн зарим хэсэг “Анод”, “Зоос”-той хамт дампуурчээ

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хооронд байгуулсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” хоёр үе шаттай зээлийн төслийг манайд хэрэгжүүлдэг юм байна. Түүний үр дүнг судлуулахаар Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийг Ц.Сэдванчигаар ахлуулж, Д.Ганхуяг, С.Оюун, Ш.Сайхансамбуу, Б.Чойжилсүрэн нар бүрэлдэхүүнд нь ажиллажээ.

Тэд дүгнэлтээ Байнгын хороонд танилцуулсан байна. Жилийн 0.75 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, үндсэн зээлийн төлбөрөөс эхний 10 жил чөлөөлөгдөх нөхцөлтэй гээд эзнээ олсон бол өгөөжтэй зээл байж. Нийт 25 сая долларын санхүүжилттэй төслөөс манай 139 аж ахуйн нэгжид есөн сая 588 мянган доллар, 27.122.9 сая төгрөгийн зээл өгсөн юм байна. Сайн зүйл гэвэл зээл авсан компаниудын 94.7 хувь нь гэрээний дагуу эргэн төлөлтөө хийж байгаа бол төслийн үр дүнд 865 хүнийг ажлын байраар хангасан мэдээтэй байна. Манайхан л болсон хойно зээлээ төлөхөөс зайлсхийж, бултах үзэгдэл байсаар байгааг Ажлын хэсгийн ахлагч Ц.Сэдванчиг шүүмжлэв.

Тухайлбал, “Дэлгэринтернэшнл”, “Тунгалаг алт”, “”Хүрд оргил”, “Ганшунх” мэтийн компаниуд ийм хөнгөлөлттэй, боломжийн зээлийн төлөх хугацааг хэтрүүлсэн бол “Дэлгэринтернэшнл” ХХК-ийн үндсэн зээлийн хугацаа хэтэрсэн өр болон хуримтлагдсан хүүгийн үлдэгдлийн нийлбэр 459.7 сая төгрөгт хүрч хуулийн байгууллагад шилжсэн гэнэ. “Хүрд оргил”, “Шарын гол энерго” ХХК-ийн зээлсэн 50-300 сая төгрөгийн зээл “Зоос”, “Анод”-ын дампууралтай хамт найдваргүйд тооцогдсон юм байна. Авсан зээлээ санхүүгийн бүртгэлдээ огт тусгаагүй 20 аж ахуйн нэгж байна гэж Ц.Сэдванчиг ярив.

“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” 40 жилийн хугацаатай, 0.75 хувийн хүүтэй зээлийг манай арилжааны банкууд долларынхыг жилийн 5.35-10, төгрөгийнхийг 8.80- 9.70 хувийн хүүтэй дамжуулан олгож мөнгө завшсан байх юм. Төслийн хоёр дахь шат нь 58 сая долларын өртөгтэй юм билээ. Гэтэл эхний шатны зээлийн үр ашиг дөнгөж 46 хувьтай байгаа нь хангалтгүй аж. Зээлийг санхүүжүүлсэн Японы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийнхэн одоогоор төслийн хэрэгжилтийн талаар “юм” яриагүй гэсэн.

Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Ц.Сэдванчигаас цаашид анхаарах зарим зүйлийг тодрууллаа. Төслийн удирдах хороо, Зөвлөх нэгж ажилдаа хайнга хандсан гэж тэрбээр дүгнэж байна. -Зээлийг төрийн бодлогоор тодорхой салбар руу чиглүүлэх, зориулалтын дагуу ашиглуулах, сонгон шалгаруулалтыг шуурхай гүйцэтгэж, УИХ-аас баталсан хууль хөтөлбөр, Засгийн газрын зохих шийдвэрүүдтэй уялдуулах шаардлагатай юм байна.

Зээлийн хүүг бууруулах, хугацааг сунгах боломжийг судлах хэрэгтэй. Зээлд хамрагдах төслийг шалгаруулж, хэрэгжүүлэх явц, түүний үр дүнг ил тод болгох шаардлагатай гэж үзсэн. Эхний шатанд зээл авч, зориулалтын дагуу ашигласан, санхүүгийн тайлан бүртгэлдээ тусгасан, ажлын байр нэмэгдүүлсэн, үр ашиг нь дээшилсэн компаниудыг урамшуулах байдлаар дахин зээлд хамруулж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай.

-Авсан зээлээ төлөхөөс зайлсхийсэн, зарим компанийн зээл “Анод”, “Зоос”-ын дампууралтай хамт найдваргүйд тооцогдож байгаа. Энэ бүхнийг хянах үүрэгтэй “Төслийн удирдах хороо” гэдэг байгууллагатай хариуцлага тооцох уу?

-Тэр хорооны үүрэг, хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай юм билээ. Төслийн зөвлөх нэгжийн үүргийг боломжтой бол Жижиг, дунд үйлдвэрийн газарт хариуцуулах хэрэгтэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.