Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зэвсэглэсэн хулгайч нар цагдаагийнхантай буудалцлаа

Малын хулгайч нарын үйлдэл нарийсч, улам хэрцгий болж байгаа, гэмт этгээдүүд зохион байгуулалтад орж, ченжүүд ч гэмт хэрэгтнүүдийн гар хөл  болдог тухай бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Энэ бүхнийг нотлох нэгэн хэрэг өчигдөр гарлаа.

12.00 цаг. Төв аймгийн Эрдэнэ суманд малын хулгайч нар цагдаагийнхантай буу далцсан тухай мэдээлэл өчигдөр 12.00 цагийн үед бидэнд ирсэн юм. Цагдаагийн ерөнхий газрын ажилтнуудаас энэ талаар тодруулахад “Айлын мал хулгайлж байгаад баригдсан хүмүүс манай ажилтнуудын шаардлагыг эсэргүүцээд зугтсан юм шиг байна лээ. Тодорхой мэдээлэл бидэнд одоогоор алга. Юутай ч ЦЕГ-ын III тусгай тасгийн ажилтнууд хэргийн газар руу явсан” гэв.

Төв аймгийн цагдаагийн газрынхнаас энэ талаар тод руулахад “Гэмт этгээдүүд Баян даваа, Өвөржанчивлан орчимд цагдаа гийнхантай тулгарч зугтсан. Манайхаас ажлын хэсэг өглөө эрт гарч хэргийн газарт ажиллахаар явсан. Гэмт этгээдүүдийг саатуулаагүй байгаа” гэсэн юм. Энэ мэдээллийн дагуу бид Төв аймгийн Эрдэнэ сумыг зорилоо.

13.30 цаг. Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндавааны урд талаас ЦЕГ-ын III тусгай тасгийнхны автомашин бууж ирэв. Тэд замын хойд талын ууланд гарч төвтэйгөө холбоо бариад ирж байгаа нь тэр аж. Тэдэнтэй уулзахад “Одоо ийшээ нэвтэрч болохгүй. Яг одоо хэргийн газрын үзлэг шалгалт хийж байна. Зарим ул мөрийг нь баллачихаж магадгүй учир гаднын хүмүүсийг бид дотогш нэвтрүүлэхгүй” гээд явцгаалаа.


Гэмт хэрэгтнүүдийн унаж явсан          Тусгайгийнхан гэмт хэрэгтнүүдийн бүгсэн
микроавтобус                                           
уулыг  самнахаар явж байгаа нь
     Бид тэдний араас очсон боловч модны захаас цааш явуулсангүй. Ингээд ойр хавьд нь байгаа айлын хүмүүстэй уулзав. Баяндаваанд хүнсний дэлгүүр ажиллуулдаг гэх эзэгтэй:

-Өглөө 08.00 цаг болох гэж байхад ногоон өнгийн микроавтобустай хүмүүс хар хурдаараа даваа өгсөхийг цонхоороо хараад хот руу л явах нь гэж бодтол засмалаас гараад урд уулын арын мод руу орчихсон. Төд удалгүй араас нь цагдаагийн машинтай хүмүүс давхиж ирээд бас л мод руу орсон. Саяхан энэ ууланд байсан цагдаагийнхан манайд ирж хоол халаалгаж идээд гарахдаа “Малын хулгайч нар бидэнтэй эсэргүүцэн буудалцлаа. Ууланд машинаа орхичихоод явганаар зугтсан. Буутай хүмүүс байгаа учир болгоомжтой байгаарай” гэж хэлээд гарцгаасан. Малын хулгайч нарын машин харагдаж байгаа гэв. Түүний заасан зүг рүү харахад модон дунд машины шил гялалзаж байлаа.

     Бид тэндээсээ хөдөлж гэмт этгээдүүдийн машинаа орхисон уулын энгэрт хаваржиж буй айлд очлоо. Гэрт айлын эзэгтэй хүү, бэртэйгээ байв. Тэд “Манайх энд жил бүр л хаварждаг. Сүүлийн үед энэ уулын модыг хүмүүс огтолж авч байгаа. Өнөө өглөө нохой хуцаад байхаар нь гарч хартал уулын хяраар модны хаяа дагаж 2-3 хүн явж байгаа харагдсан. Бид тэднийг нөгөө л мод бэлтгэж буй хүмүүс юм байх гэж бодсон л доо. Дараахан нь цагдаагийнхан ирээд малын хулгайч нар буутай явж байгаа гэж хэлээд биднээс тэднийг харсан уу гэж асуусан. Бид уулын хяраар явж байсан гэдгийг нь хэлсэн. Цагдаагийнхан биднийг мал хунараа ойрхон бэлчээж, болгоомжтой байгаарай” гэж захиад явсан гэлээ.

14.30 цаг. Бид Төв аймгийн Эрдэнэ сумын удирдлага болон цагдаагийнхнаас болсон хэрэг явдлыг тодруулахаар очлоо. Гэвч тус сумын удирдлага нь хуралтай, Тамгын газрын дарга нь хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрчээр оролцож байгаа талаар сумын ЗДТГ-ын жижүүр хэллээ. Цагдаагийн хэсгийн байранд Замын цагдаагийн тасгийн байцаагч, ахлах дэслэгч Н.Батсайханаас өөр хүн байсангүй. Тэрбээр “Хэсгийн төлөөлөгч, цагдаа нар маань гэмт этгээдүүдийн хойноос мөшгиж яваа. Удахгүй тэднийг бариад ирэх байх. Ямар ч гэсэн хэргийн газарт үзлэг хийж дуусах гэж байгаа. Хохирогч нь манай нутгийн хүн биш бололтой байсан” гэлээ.

     Сумын иргэдээс энэ талаар тодруулахад “Нэг айлын бэлчээрээс шөнө адуу хулгайлж, нядлаад постын шалгалт таарахад цагдаа нарт шалгуулалгүй эсэргүүцэж зугтсан” гэж байлаа.

15.30 цаг. Бид гэмт этгээдүүдийн автомашинаа орхисон газарт дахин очлоо. Энэ үед цагдаагийнхан хэргийн газрын үзлэгээ дуусч, автомашиныг нь сумын төв рүү аваачих гэж байсан юм.

     Энэ үеэр Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Б.Ганбаатартай уулзахад “Бид үзлэг шалгалтаа дөнгөж дуусаад байна. Хохирогч нь Улаанбаатар хотын харьяат. Энд мал нь байдаг юм билээ. Тэдний малаас гэмт этгээдүүд 03.00 цагийн үед гурван морийг нь хулгайлж буудаж алаад, микроавтобусанд арьстай нь ачаад зугтсан гэсэн. Хэрэгтнүүд машинаа орхиод цааш явган явцгаажээ. Тэднийг эрэн сурвалжилж байна. Үүнээс илүү мэдээлэл одоогоор алга” гэлээ.

     93-11 УБЯ улсын дугаартай, ногоон өнгийн “Грейс” микроавтобусны арын суудлуудыг авч, ачаа ачих зориулалтай болгосон бөгөөд хулгайч нар бараан зүсмийн гурван адууг алаад ачсан агаад цусанд нь ялаа шавсан харагдаж байлаа. Албаны өөр нэгэн эх сурвалжийн өгүүлснээр гэмт этгээдүүд адууг буудаж алаад зугтаж байгааг мэдээд хойноос нь хөөсөн боловч өөдөөс нь буудсан аж. Хохирогч энэ мэдээллийг тэр даруй сумын төвд мэдэгдсэнээр гэмт этгээдүүд автомашинаа орхин зугтсан байна.

     Өөр нэгэн эх сурвалжаас авсан мэдээллээр уг микроавтобус нь Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэн Б.Ганбаатар гэдэг хүний эзэмшлийнх аж. Налайх дүүрэг, Төв аймгийн цагдаагийн ажилтнууд автомашинуудыг нарийн шалгаж явуулж байсан.

20.30 цагт Төв аймгийн цагдаагийн газрынхантай холбогдоход гэмт этгээдүүдийг баривчлаагүй байв. Шөнө Улаанбаатар руу орж болзошгүй учраас хөдөлгөөнийг илүү нягт хянана гэлээ.


Г.РАВЖАА

 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.